Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2021/0233

 

       

 

 

 

2021         03           29                                    128/ШШ2021/0233         

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

       Нэхэмжлэгч: З.Г

       Хариуцагч: ЧДЗДТГ

       Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн ЧДЗД-ын Тамгын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/297 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Ахуйн үйлчилгээ, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилуулах гэсэн шаардлагаас татгалзаж, 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулж, Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт 2020 оны 10,11 дүгээр сарын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн захиргааны  хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э  нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. нэхэмжлэгч З.Г нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2010 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны иргэний бүртгэлийн ажилтан, зохион байгуулагч зэрэг ажилд томилогдон ажиллаж байгаад 2017 онд ЧДЗД Тамгын газарт Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Ахуйн үйлчилгээ, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн, 2018 онд ахлах мэргэжилтэн албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Ажил, албан үүргээ бүрэн биелүүлж 2018 оны хөдөлмөрийн аварга ажилтнаар шалгарч байсан. 2020 оны 02 дугаар сард Чингэлтэй дүүргийн удирдлагууд солигдсоноос шалтгаалж хуучин ажиллаж байсан албан хаагчдыг өөр ажил, албан тушаалд дэвшүүлэх байдлаар зарим хүмүүстэй амаар тохиролцон, хуурч ажлаас маш олон хүнийг чөлөөлж, өөрчилсөн байдаг. 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга н.Б намайг Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт ажиллах уу, чамайг дэвшүүлэн ажиллуулах боломж байна гэж хэлсэн. Хариуцагч хариу тайлбартаа намайг өөрөө ажлаа олоод өөрөө өргөдлөө өгсөн гэсэн учир миний бие Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга н.Б*******тай харилцсан мессенжерийн хуулбарыг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Намайг шилжин ажиллах уу, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Д.Р-тай ярилцаж, тохиролцсон байгаа гэж хэлсэн. Ингээд Д.Р нь надад ирэх даваа гарагаас өмнө ажлаас чөлөөлөгдөх тушаалаа гаргуулаад өргөдлөө бичээд хүрээд ир гэж хэлсэн. Би 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт өргөдөл гаргасан бөгөөд энэ өдөр миний шилжин ажиллах тушаалыг гаргасан. Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга н.Б******* нь Тамгын газрын дарга н.Ц*******гээр дээрх тушаалыг гаргуулсан. Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас чиний өргөдлийг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ гэсэн хариуг өгсөн. Гэвч 30 хоног хүлээсэн боловч намайг ажилд аваагүй. 30 хоногийн хугацаа дуусахаас 2 хоногийн өмнө “намайг шилжүүлэн ажиллуулна гэж тушаал гаргасан боловч нөгөө байгууллага нь ажилд авсангүй” гэсэн агуулгаар Төрийн албаны зөвлөлд хандсан. Төрийн албаны зөвлөлөөс ЧДЗ болон Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт албан бичгээр хандсан. Улмаар З.Г-ыг шилжүүлсэн тушаал ор үндэслэлгүй байна, энэ хүнийг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор буцаан ажилд нь ав гэсэн албан бичгийг ЧДЗД Тамгын газарт явуулсан байдаг. Би 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүлээхэд ЧДЗД Тамгын газраас ямар нэгэн хариу өгөөгүй. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Энэ хугацаанд би ажилгүй байсан учир бусад байгууллагад ажилд орох хүсэлт өгсөн байсны дагуу өөр ажилд орсон. Өөр ажилд орсон тул урьдчилсан хэлэлцүүлэг дээр албан тушаалд эргүүлэн томилуулах  шаардлагаас татгалзсан байгаа...” гэв.

Хоёр. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 3.Г нь 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ЧДЗД Тамгын газрын даргад “Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт шилжин ажиллах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу шилжүүлсэн байдаг. Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Д.Р нь ажилд авахгүй гэж хэлээгүй юм байна. Манай зүгээс шилжүүлэх тушаал гарсан. Харин Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар ажилд авах тушаалаа гаргахгүй байгаа нь манай байгууллага хариуцлага хүлээх үндэслэл биш юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

                                                            ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа: Нийслэлийн ЧДЗД Тамгын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б297 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Ахуйн үйлчилгээ, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тогтоолгон ажилгүй байсан хугацааны  цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах гэж байгаад Нийслэлийн ЧДЗД Тамгын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/297 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Ахуйн үйлчилгээ, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилуулах гэсэн шаардлагаас татгалзаж, 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулж, Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт 2020 оны 10,11 дүгээр сарын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах гэж өөрчилжээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараахь байдлаар дүгнэж, шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч З.Г нь 2009 оноос хойш ЧДЗД Тамгын газрын Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэст дадлагажигч ажилтнаар орж, 2010 оноос Чингэлтэй дүүргийн Иргэний бүртгэлийн ажилтан, 2011 оноос 26 дугаар хорооны зохион байгуулагч, 2017 оноос тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн Ахуйн үйлчилгээ, хөдөө аж ахуй хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байжээ.

ЧДЗД Тамгын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/297 дугаар тушаалаар Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн Ахуйн үйлчилгээ, хөдөө аж ахуй хариуцсан ахлах мэргэжилтэн З.Г-ыг 2020 оны 9 дүгээр 04-ний өдрөөс нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын мэдэлд шилжүүлсэн байна.

Хариуцагчаас “…Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож шилжүүлж болно гэж заасны дагуу З.Гын хүсэлтийг үндэслэн шийдвэрлэсэн” гэж. Харин нэхэмжлэгчээс “…Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Б******* 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр буюу тушаал гаргахаас өмнө мессенжер хаягаар, дараа нь 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр биечлэн уулзаж нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Ү-тай ярьж тохирсон, орон тоо байгаа гэж санал тавьсан гэсэн тул өргөдөл өгсөн” гэж маргаж байгаа болно.

Мөн хавтаст хэрэгт авагдсан З.Г-ын ЧДЗД Тамгын газарт 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан хүсэлтээс үзвэл …Төрийн албаны хуулийн дагуу нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт шилжин ажиллах хүсэлтээ илэрхийлсэн байна.

Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж заажээ.

 Уг хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “...заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгох”-оор хуульд тусгайлан тайлбарласан байна.

Төрийн албаны тухай 44 дүгээр зүйлийн 44.2-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно” гэжээ.

Дээрх хуулийн заалтуудаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн  байгууллага хооронд сэлгэн ажиллуулахдаа  түүний зөвшөөрлийг авахаас гадна тухайн төрийн байгууллагуудын удирдлагуудын харилцан тохиролцоог авах хуулийн урьдчилсан нөхцөлийг заажээ.

Энэхүү хуулийн заалтыг тухайн тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага хэрэглэхдээ төрийн жинхэнэ албан хаагчийн зөвшөөрлийг авсан боловч тухайн төрийн байгууллагын удирдлагын харилцан тохиролцсон бичгийг авах хуулийн урьдчилсан нөхцөлийг хангаагүй байна.

Мөн Төрийн албаны зөвлөлөөс ЧДЗД Тамгын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/297 дугаар  тушаалаар З.Г-ыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт шилжүүлснийг ...Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 2.1-т “...Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцсон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл Чингэлтэй  дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын  дарга нарын хооронд төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах талаар харилцан тохиролцоогүй, бичгээр үйлдэж баталгаажуулаагүй байна гэж үзэж, ЧДЗД Тамгын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/297 дугаар  тушаалыг  хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажилд нь 2020 оны 11 дүгээр сарын 20-ны дотор буцаан томилохыг үүрэг болгосон боловч маргааныг урьдчилан шийдвэрлэх чиг үүрэг бүхий дээд шатны байгууллага болох Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй байна.

Хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нь албан тушаалаас чөлөөлөгдсөн байна. Хэрэв хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн бол нэхэмжлэгч цалин хөлс авах боломжтой байсан тул 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх ажилгүй байсан 6 сар 25 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх 6,403,049.68 /зургаан сая дөрвөн зуун гурван мянга дөчин есөн төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийн нөхөх олговрыг хариуцагчаас гаргуулах нь Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд үүний дагуу нэхэмжлэгчээс  мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-ийн  дагуу  хохирлоо шаардах,  уг шаардлагын дагуу  шүүхээс  мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7 дахь хэсэгт зааснаар  шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг баримтлан  нэхэмжлэгч З.Гын  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 29-ний  өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөх олговор болох 6,403,049.68 /зургаан сая дөрвөн зуун гурван мянга дөчин есөн төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг хариуцагч ЧДЗДТГ-с гаргуулж нэхэмжлэгчид олгож, 2020 оны 10,11 дүгээр сарын Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийн тавин хувь болох 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ШҮҮГЧ                             Д.ЧАНЦАЛНЯМ