Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 657

 

.

 

 

 

 

 

2019             7            2                                             2019/ДШМ/657

 

                                                Г.У-, Д.Г- нарт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнгөнсүх,

яллагдагч Г.У-,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 850 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Солонгын бичсэн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцлийн үндэслэн Г.У-, Д.Г- нарт холбогдох эрүүгийн 1905007560191 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Батжаргал овгийн Г.У-, 19... оны .. дугаар сарын ........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт .......... дүүргийн ..... дугаар хороо, ............... дугаар гудамжны ........ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ........../;

Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, түүний цагдан хоригдсон хоногтой нь тэнцүүлж, 1 сарын баривчлах ялыг эдэлсэнд тооцсон,

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай магадлалаар 6 сарын хугацаагаар баривчлах ял болгон өөрчилсөн, Улмаар шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 107 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 17 хоногийн баривчлах ялаас чөлөөлсөн,  

2. Боржигон овгийн Д.Г, 19.. оны... дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...... дүүргийн ....... дүгээр хороо, .......... дугаар гудамжны ....... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .............. дүүргийн ....... дугаар ........... дугаар гудамжны ........ тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......../;

Г.У-, Д.Г- нар нь бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс-2” худалдааны төвийн махны лангуун дороос иргэн П.М-ын гар цүнхтэй биет 9.778.000 төгрөг, “Samsung S6-Edge” загварын гар утас, хэтэвч, тэмдэглэлийн дэвтэр зэрэг нийт 10.236.160 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.У-, Д.Г- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар дараах нөхцөл байдал тогтоогдов. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г нотлоно гэж хуульчилжээ. Иймд Г.У-, Д.Г- нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийж хохирогчид учирсан хохирлын хэр, хэмжээг тогтоох шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, хохирогч П.М нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд түүнд хэдий хэмжээний мах байсан үүнийг хэнээс, хэдэн килограмм мах өгсөн талаар мэдүүлэг авч бэхжүүлэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад зааснаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийх шалгах шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж, Г.У-, Д.Г- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.  

Прокурор Б.Солонго бичсэн эсэргүүцэлдээ: “...Тус прокурорын газраас Г.У-, Д.Г- нар нь бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс-2” худалдааны төвийн махны лангуун дороос иргэн П.М-н гар цүнхтэй биет 9.778.000 төгрөг, “Samsung S6-Edge” загварын гар утас, хэтэвч, тэмдэглэлийн дэвтэр зэрэг нийт 10.236.160 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй байдлаар тогтоохоор заасны дагуу яллагдагч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоох ажиллагааг явуулсан. Үүнд: хохирогч П.М нь мөрдөн байцаалтын явцад махны лангуу түрээслэн ажиллуулдаг болох нь тогтоогдсон бөгөөд гэмт хэрэг гарсан цаг хугацаанд 2 өдрийн орлогын 9.778.000 төгрөг гар цүнхэнд байсан гэж мэдүүлснийг магадлах зорилгоор:

-Гэрч М.Б “...2019 оны 2 дугаар сарын 1-нээс 2-ны өдрүүдэд ойролцоогоор 8-аас 9.000.000 төгрөгийн мах зарагдсан. Ээж махны мөнгөө цүнхэндээ хийж бэлнээр авч явсан. 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн орой манай аав Мөнхбат, ээж бид 3 хоёр өдрийн орлогоо тоолж үзэхэд нийт 8.000.000 төгрөг байсан... мөн түрийвчэнд 1.000.000 гаруй төгрөг байсан...” гэх мэдүүлэг,

-Гэрч Л.-н “... өмнөх орой цүнхэнд байсан 8.478.000 төгрөгийг тоолж, эхнэр М-д цэгцлээд өгсөн, ...манай махны лангууны 2 өдрийн орлого байсан. ...2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр “Хүчит шонхор” захаас таньдаг байнгын түншээсээ 210 кг, 217 кг жинтэй 2 үхэр, нийт 259 кг жинтэй 10 ширхэг хонины гулууз мах авч эхнэртээ авчирч өгсөн. Тэдгээрийг зарсан мөнгө байсан, мөн манайд өөрсдийн хашаанд мах нөөцлөх зориулалттай контейнер байдаг тэрнээс 1 дүгээр сарын 31-ний орой нэг бүтэн үхэр 230 кг тал үхрийн мах 120 кг, 10 хонь, 10 ямаа ачаад аваажич өгсөн. Энэ бүгдийг зарсан мөнгөө эхнэр бэлнээр авч яваад хулгайд алдсан байна...” гэх мэдүүлэг,

-Гэрч Л.М-ын “... 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хоёр үхэр, 15 бог мал орж ирж би шулж эвдэж янзлаад Мөөжий эгчид өгч цааш нь зардаг, өдөртөө оруулсан махаа бүгдийг нь Мөөжиг эгч зарж дуусгасан. Маргааш нь буюу 2 дугаар сарын 1-ний өдөр дахиад хоёр үхрийн бүтэн мах, 15 бог мал шулж эвдэж оруулсан, тэр өдрөө бас зарж дуусгаад орой 19 цагт тарсан...” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтаар давхар нотолжээ.

Гэрч М.Б, Л.М, Л.М нарын мэдүүлгийг гэрч Т.Ц-н “...1 дүгээр сарын 31-ний өдөр Мөөгий ганцаараа ирж 2 үхэр 427 кг 2.989.000 төгрөг, 10 ширхэг хонины гулууз мах 259 кг 1.424.000 төгрөгийн мах зээлээр авсан, үхэр 1 кг нь 7000 төгрөг, хонь 1кг нь 5500 төгрөгөөр тус тус зарсан...” гэх мэдүүлэг, хар дэвтэрийн хуулбар хувь зэргээр баталсан байна.

Мөрдөн байцаалтын явцад хохирогч П.М-ын хажуу лангууны түрээслэгч хүмүүсээс 1 өдрийн орлого хэдэн төгрөг байдгийг тодруулахад ойролцоогоор 4.000.000 төгрөгөөс 5.000.000 төгрөгийн орлоготой талаар мэдүүлжээ.

Мөн П.М-ын гэмт хэрэг гарсан цаг хуга  цаанд хэн гэж хүнээс, хэдэн кг мах,хэдэн төгрөгөөр худалдаж авсныг нотлох боломжгүй бөгөөд энэ талаар П.М нь танихгүй явуулын хүнээс мах худалдаж авсан гэж мэдүүлснээр нотлогдож байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэлгүйгээр яллагдагч Г.У-, Д.Г- нарын мэдүүлгийг үнэлж, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн байна. Гэтэл Г.У- нь мөрдөн байцаалтад яг хэдэн төгрөг байсныг тоолж үзээгүй, цүнхэнд 2 боодолтой, бүхэл, задгай хоёр мөнгө байсан бөгөөд тоолоогүй гэж мэдүүлснийг хохирогч П.М-ын мэдүүлэг нотолж байгаа зэргээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон байна.

Дээрх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” гэх зарчимтай нийцэхгүй байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.У- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчид өмгөөлөгчөөрөө дамжуулаад 1.500.000 төгрөг өгсөн байгаа. Үлдсэн хохирлоо ажил хийж байгаад төлнө. ...” гэв.

Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд томилолтоор оролцож байна. Хяналтын прокурор Б.Солонгын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид хохирогчид учирсан хохирлыг тогтоох, тогтоохдоо хэнээс хэдэн төгрөгийн мах худалдан авсан, үүнийгээ хэн хэнд хэрхэн яаж зарсан болохыг тогтоох гэсэн байдаг. Хавтас хэргийн материал болон эсэргүүцэлтэй танилцахад шүүгчийн уг захирамж биелэгдэх боломжгүй байна гэж үзсэн тул прокурор Б.Солонго эсэргүүцэл бичсэн байна гэж харсан. Хохирогч Мөнхжаргал нь хэн хэнээс хэдэн төгрөгийн мах худалдаж авсан талаараа маш тодорхой мэдүүлэг өгдөг. Үүний дагуу түүний түнш буюу Цэрэндоржоос мэдүүлэг авсан байдаг. Зарим мах авсан хүмүүсээ мэдэхгүй байна гэдэг. Мэдэж байгаагаас Цэрэндорж байна гэдэг. Цэрэндорж нь хэдэн төгрөгөөр хичнээн хэмжээний мах худалдаж авсан болохоо тодорхой мэдүүлдэг. Шүүгчийн захирамжид хэн хэнд хэдэн төгрөгийн мах зарсан болохыг тогтоох гэдэг. Үүнийг тогтоох боломжгүй. Мах худалдаж авсан хүмүүсийн утасны дугаар болон биеийн байцаалтыг тухайн үед авах боломжгүй. Гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгээр хохирогчид тодорхой хэмжээний мөнгө буюу 9.700.000 төгрөг байсан байна гэдэг нь нотлогддог. Мөн Барс зах дээр хамт лангуу түрээслэдэг хүмүүсээс өдрийн орлого хэд байдаг талаар асууж тодруулсан байгаа. Өдрийн орлого нь 4-5 сая төгрөгийн орлого байдаг гэдгийг хэлсэн байдаг. Иймд эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

           

Давж заалдах шатны шүүх яллагдагч Г.У-, Д.Г- нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэлэлцэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос яллагдагч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд “хохирогч П.М-д хэрэг гарсан гэх цаг хугацаанд түүнд хэдий хэмжээний мах байсан, үүнийг хэнээс, хэзээ, хэдэн килограмм мах хэдэн төгрөгөөр худалдаж авсан болон тухайн үеийн орлого хэдий хэмжээний байсан талаар шалгаж тогтоох, тухайн үед хэн, хэнд хэдэн килограмм мах өгсөн талаар мэдүүлэг авч бэхжүүлэх нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Учир нь, хохирогч П.М- нийт 9.778.000 төгрөг бэлнээр байснаа алдсан тухайгаа мэдүүлсэн /2 хх 18/, үүнийг нь гэрч нарын бусад мэдүүлгээр давхар нотолсон байхад энэ талаар дахин ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүйгээс гадна чухам ямар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь тодорхойгүй байна. 

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, яллагдагч Г.У-, Д.Г- нарт холбогдох хэргийг яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 850 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Г.У-, Д.Г- нарт холбогдох хэргийг яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ 

 

ШҮҮГЧ                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ