Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/281

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2019/0384/Э/001/2020/0287

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч Б.Батсүх, Т.Дэлгэрсайхан,

Хохирогч “Д-” ХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,

Шүүгдэгч Р.Э-ын өмгөөлөгч З.Энхтуяа,

Шүүгдэгч Э.У-ын өмгөөлөгч Б.Чинбаатар, Ж.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч П.Батжаргал,

Шүүгдэгч Т.Э-ийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Ч.Булган,

Шүүгдэгч Р.Э-, Э.У-, Б.Б-, Т.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас О- овогт Р-гийн Э-т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар, Б- овогт Э-ийн У-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар, Д- овогт Б-ын Б-, Ц- овогт Т-ын Э- нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000748 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, ... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, О- овогт Р-гийн Э- /РД: /,

2. Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 13-нд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, ... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б- овогт Э-ийн У- /РД:/,

3. Монгол Улсын иргэн, 1982 оны 6 дугаар сарын 04-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, .... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Д- овогт Б-ын Б- /РД: /,

4. Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүгийн хамт Улаанбаатар хот, ...тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Ц- овогт Т-ын Э- /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Олхонууд овогт Р-гийн Э-т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар, Б- овогт Э-ийн У-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар, Д- овогт Б-ын Б-, Ц- овогт Т-ын Э- нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Р.Э-ын өгсөн: ... Миний бие энэхүү яллах дүгнэлтэд дурдсанаар Д-ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа тухайн үед тус компанийн кассын нярваар ажиллаж байсан Э.У-тай бүлэглэн, өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу тус байгууллагын бэлэн мөнгөний кассаас 144,020,373 /нэг зуун дөчин дөрвөн сая хорин мянга гурван зуун далан гурван/ төгрөгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэмээн 2015 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 т зааснаар тус тус зүйлчлэгдээд байна. Миний хувьд тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа кассын нярав Э.У-тай бүлэглэн энэхүү яллах дүгнэлтэд заасан ийм их хэмжээний мөнгийг кассаас хувьдаа авч завшаагүй, бусадтай нийлж завшсан тохиолдол огт байхгүй бөгөөд энэ тухайгаа мөрдөн байцаалтын шатанд болон өмнөх шүүх хурлууд дээр би болон Э.У- нь байнга хэлж байсан нь Э.У-ын гэрчийн мэдүүлэг /хавтаст хэрэг-4, 168-р тал, 168-ын ар талд тусгагдсан байгаа/, Э.У-ын сэжигтнээр дахин байцаасан байцаалтын мэдүүлэг /хавтаст хэрэг-173-р тал, 173-ын ар тал, 174-р тал тусгагдсан байгаа/, /5 дугаар хавтаст хэрэгт 136-137 дугаар тал/ байгаа. Мөн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 125 дугаартай дүгнэлтэд “Дахин шинжилгээгээр хэн, ямар албан тушаалтан хэчнээн төгрөгийг хариуцах эсэх, мөн хамтран хариуцах талаарх үндэслэлийг тогтоох боломжгүй” гэсэн /7 дугаар хавтаст хэргийн 250, 8 дугаар хавтас хэргийн 01 дүгээр тал/ зэргээс Р.Э- миний бие энэхүү яллах дүгнэлтэд заасан энэ их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү хэргийн эхний шүүх хурал дээр хавтаст хэрэгт шинжээчдийн дүгнэлтээр тогтоосон миний шууд дангаараа хариуцах гэсэн 12,357,653 /арван хоёр сая гурван зуун тавин долоон мянга зургаан зуун тавин гурван/ төгрөгийг /8 дугаар хавтаст хэргийн 183 дугаар тал/ тухайн үед зарим хэсгийг нь миний бие хүлээн зөвшөөрөхгүй байсан хэдий ч тухайн үедээ нотлох баримтуудаа бүрдүүлж чадаагүйн улмаас эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу 100 хувь бүрэн төлсөн. Үүний дараа давж заалдах шатны шүүхийн гаргасан шийдвэрийн дагуу уг хэргийг шүүхийн анхан шатны хэлэлцүүлэг рүү буцаасны дараа дахин анхан шатны шүүхээр хэлэлцэх явцад энэхүү 12,357,653 төгрөгийн зарим хэсэг болох иргэн Н.О- рүү Э.У-аас 3,500,000 /гурван сая таван зуун мянган/ төгрөг шилжүүлсэн /3 дугаар хавтаст хэрэг 156 дугаар тал/, кассын нярав Э.У- руу буцааж О- шилжүүлсэн 3,500,000 төгрөгийн банкны хуулга /10 дугаар хавтаст хэргийн 29-30 дугаар тал/, Д-ХК-ийн санхүүгээс гаргаж өгсөн тайланд тусгагдсан зарлагадах ёстой байсан залруулсан 3,083,700 төгрөгийг хасах тухай хохирогч Б-оос гаргаж өгсөн тайлан /10 дугаар хавтаст хэргийн 26-27 дугаар тал/, гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа цалин, томилолтын урьдчилгаа байдлаар авсан кассын нярав Э.У-д буцааж төлсөн 1,700,000 төгрөгийн баримтуудыг гаргаж өгсөн /5 дугаар хавтаст хэргийн 211-213 дугаар тал/ байгаа тул энэхүү мөнгөн дүнг өөрийн дангаараа хариуцах 12,357,653 төгрөгөөс хасуулах хүсэлтэй байна.

Миний бие энэхүү яллах дүгнэлтээр намайг хувьдаа завшсан гэх 144,020,373 /нэг зуун дөчин дөрвөн сая хорин мянга гурван зуун далан гурван/ төгрөгийн мөнгөн дутагдал нь тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан миний бие энэ санхүүгийн үйл ажиллагаанд  тавих хараа хяналтаа сулруулсан захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үүссэн зөрчил дутагдал гэж үзэж байгаагаас гадна Дархан-Уул аймгийн Үндэсний аудитын газраас Д-ХК-ийн 2013-2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд гүйцэтгэлийн аудит хийхэд бэлэн мөнгө кассын дутагдалтай холбоотой ямар нэгэн зөрчил. дутагдал илрүүлээгүй /4 дүгээр хавтаст хэргийн 19-28 дугаар хуудас/-т байна. Үүнээс гадна Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 17/02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр дүгнэлт хэсэгт нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт тусгагдсан эд хариуцагчийн эрх, үүргийн дүрмийн 1 дүгээр зүйлийн 16 дахь заалтыг зөрчсөний улмаас Д-ХК-д ноцтой хохирол учруулсан бэлэн мөнгөний няраваар ажиллаж байсан Э.У-аар кассаас дутагдуулсан 160.3 сая төгрөгийг төлүүлэх үндэслэлтэй байна гэжээ /5-р хавтаст хэргийн 23-р тал/, Монгол Улсын компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84 1 дэх “компанийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн гүйцэтгэх захирал. санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн. ТУЗ-ийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ хэлцэл хийхэд шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэх заалт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18-р зүйлийн 18.1 дэх “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуй нэгж байгууллагын гүйцэтгэх удирдлага хариуцна” гэх заалтыг зөрчин байгууллагад их хэмжээний хохирол учруулсан байхад хяналт тавьж ажиллаагүй Д-ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан захирал Р Э-, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Б- нарт хариуцлага тооцох үндэслэлтэй болно гэжээ /хавтаст хэрэг-5, 23-р талд тусгагдсан байгаа/, Мөн Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны шинжээч Л.О-ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэрэг-5, 27-32-р талд тусгагдсан байгаа/. Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.О- нь Мөрдөн байцаагч Б.Е--д өгсөн байцаалтдаа: “...шалгалтаар Д-ХК-ийн кассын мөнгөний үлдэгдэл нь байх ёстой хэмжээнээсээ 142,2 сая төгрөгөөр зөрсөн. Энэ дутагдлыг нарийвчлан шалгасан боловч санхүүгийн холбогдох баримтууд дутуу, хөтөлбөл зохих ёстой бүртгэл тайланг хөтлөөгүй гэх мэт байснаа энэ хохирлыг дутагдал, ашиглалт уу, эсхүл санхүүгийн зөрчлөөс үүссэн зөрүү гэдгийг бүрэн тогтоох боломжгүй байсан. Мөн программ нь устсан байсан учраас программаас шүүх, хохирлыг нарийвчлан тогтоох боломжгүй байсан. Дээрх 142.2 сая төгрөгийн хохирлоос санхүүгийн баримт дутуу хангалтгүй 21.4 сая төгрөгийн хохирол шалгалтаар тогтоосон ба энэ хохирлыг хэн ямар байдлаар хариуцвал зохих дүгнэлтийг хавсралт-3-р дэлгэрүүлэн тусгаж өгсөн байгаа. Тухайлбал Хаданцахиур томилолт, урьдчилгаа зардал, дараа тайлангийн мөнгө хүлээн авалт, материалын үнэ гэх мэт хохирлыг хариуцах эзэнтэй эдгээр хүмүүсээс олгосон баримт зарцуулалтыг санхүүгийн анхан шатны баримт бүрдлийн шаардлагыг хангаагүй хохирол тогтоогдсон. Энэ хохирлын санхүүгийн анхан шатны баримтыг зохих ёсоор бүрдүүлбэл энэ нь өөрөө хохирол биш зөрчил болоод явна. Яагаад би дээрх 21.4 сая төгрөгийг хохирол гэж дүгнэлтдээ тусгаж өгсөн бэ гэхээр зарцуулалтын утга байгаад байгаа хэдий ч холбогдох баримтгүй, баримттай байгаа ч санхүүгийн шаардлага бүрэн хангаагүй зарцуулалт хийсэн байсан тул ингэж тусгаж өгсөн. Уг шалгалтаар Д-ХК-ийн холбогдох ажилчид албан тушаалтнуудаас ямар нэгэн байдлаар байгууллагын хөрөнгө мөнгийг хувьдаа ашиглаж шамшигдуулсан үйлдэл тогтоогдоогүй, тогтоох боломжгүй байдлыг дээр би хариулсан. Тус байгууллагын хөрөнгө мөнгө захиран зарцуулах, дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэн ажиллах эрх үүрэг бүхий албан тушаалтан буюу гүйцэтгэх захирал Р.Э-, мөн байгууллагын ерөнхий нягтлан бодогч Б Б- нар нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль мөн нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн зарим хэсгийг тус тус зөрчин ажил албан тушаалдаа хайнга хандсанаас дээрх зөрчил гарсан байдал нь тогтоогдсон болохыг би дүгнэлтдээ тусгаж өгсөн байгаа” гэжээ /хавтаст хэрэг-4, 161-162-р талд тусгагдсан байгаа/. Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.О-ийг цагдаагийн Мөрдөн байцаагч Б.Е- нь дахин байцаахад 142,2 сая төгрөгийн хохирол нь хэзээ хэзээ хэдэн төгрөг дутсаныг дутсан он сар өдрөөр нь тодорхой тогтоох боломжтой эсэх тухай асуухад энэ хохирол нь анх хэдэн оноос ийм дутагдал хохирол гараад кассад байвал зохих үлдэгдэл бэлэн байгаа үлдэгдэл 2 хоорондоо зөрснийг огт тогтоох боломжгүй байсан. Учир нь энэ байгууллагад санхүүгийн сахилга бат огт байхгүй, үүнд тавих дотоод хяналт шалгалт огт байхгүй, касстаа тодорхой хугацаанд тооллого хийдэггүй, кассын дэвтэр огт хөтөлдөггүй, кассын орлого зарлагын гүйлгээг нярав биш нягтлан хийдэг зэргээс шалтгаалж хохирлыг хэн ямар хэмжээгээр, хэзээ учруулсныг тогтоох боломжгүй байсан. Мөн тухайн байгууллагын санхүүгийн тайлан гаргадаг программ бүхий компьютерийнн хард шатсан, энэ сэргээх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан зэрэг нөлөөлсөн гэж хариулжээ. Дүгнэлтээр тогтоогдсон нотлох баримтгүй гэх 120,8 төгрөг яг “Д-ХК"-д учирсан бодит хохирол дутагдал уу, эсхүл энэ мөнгө нь тухайн байгууллагын өөрийн үйл ажиллагаанд зарцуулагдсан боловч холбогдох баримтгүй санхүүгийн зөрчил бүхий үйлдэл гэж үзэх үү гэсэн асуултад нь үүнийг мөн тогтоох боломжгүй байна. Учир нь энэ байгууллагын санхүүгийн ажилтнууд буюу нярав нягтлан бусад санхүүгийн ажилтнууд кассаас бэлнээр гарч байгаа бэлэн мөнгө болон бусад санхүүгийн бүртгэл журнал зэргийг хөтөлдөггүй учраас үүнийг тогтоох боломжгүй байсан гэжээ /хавтаст хэрэг-4, 163 дугаар хуудаст тусгагдсан байгаа/. Мөн энэхүү кассын мөнгөн дутагдал нь яллах дүгнэлт болон хавтас хэрэгт байгаа материалуудад Дархан-Уул аймгийн Санхүү аудитын хэлтсийн шинжээч Б.Б-ын өгсөн мэдүүлэгт “энэ мөнгөнөөс хэрхэн яаж зарцуулсан зарцуулалтын баримтуудыг үзэхэд өдөр тутмын орлогын үлдэгдлийг кассын нярав Э.У- нь бүртгээгүй, кассын тайлангаа өөрөө гаргах ёстой байтал өөрөө огт гаргаж байгаагүй, үүнийг ерөнхий нягтлан бодогч Б- кассын үлдэгдлийн тайланг гаргадаг гэх зөрчил илэрсэн” гэх /хавтас хэрэг-5, 33 дугаар тал/. Мөн Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба аудиторын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №16/02 дугаартай дүгнэлтийн 8-д бид шинжилгээ хийж кассаас дутагдсан мөнгөний хэмжээг тодорхойлохын тулд санхүүгийн программаас хэвлэн авсан кассын товчоо тайланг кассын кассын зарлагын анхан шатны баримттай нэг бүрчлэн тулган шалгасан ба 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр кассын товчоо тайланд зарлагаар тусгагдсан урьдчилж төлсөн тооцоо дансанд бичилт хийсэн 48.9 сая төгрөгийн анхан шатны баримт олдоогүй ба уг гүйлгээг 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр санхүүгийн программаас устгасан болох нь программын устгасан гүйлгээний жагсаалтаас харагдаж байна. /2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нь ерөнхий нягтлан бодогч Б- ажлаас халагдсаны өмнөх өдөр болно/. Үүнээс үзэхэд ерөнхий нягтлан бодогч Б- нь кассын тайлан гаргах ажил үүргийн хуваарь, эрхгүй мөртлөө кассын нярвын ажил үүргийн хуваарьт хамаарах ажлыг өөрийн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ажиглаж өөртөө төвлөрүүлэн хийхдээ энэ мэтчилэн анхан шатны баримтуудыг устгасан үрэгдүүлсэн байх магадлалтай байна. Мөн Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба аудиторын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №16/02 дүгнэлтийн 4-р бүлэгт Санхүүгийн хяналт шалгалтын Улсын байцаагч Ц.О-, Б.Л- нар нь нийт дутагдал 142.2 сая төгрөгөөс 21.4 сая төгрөгийг хавсралтад дурдсан хүмүүст хариуцуулах ба үлдэж буй 120.8 сая төгрөгийн анхан шатны нотлох баримт огт байхгүй, нярав нь кассын дэвтрийг бүрэн хөтөлж байгаагүй тул өдөр тутмын орлого, зарлагыг программаар гаргасан кассын тайлантай тулган шалгаж дутагдсан гэх хөрөнгийг хэрхэн зарцуулсан, хэн хэн хариуцах болохыг тогтоох боломжгүй гэжээ /хавтас хэрэг-4, 101 дүгээр хуудаст тусгагдсан байгаа/.

Иймд миний бие улсын яллагчийн яллах дүгнэлтийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Монгол Улсын эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хүлээн зөвшөөрч байна. Би Э.У-тай бүлэглэн “Д” ХК-ний мөнгийг завшсан, хувьдаа зарцуулсан үйлдэл хийгээгүй” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Б-ийн өгсөн: ... намайг ажилдаа хариуцлагагүй хайнга хандсан гэж яллаж байна. Би кассын нярав Э.У-тай байнга тулгалт хийдэг байсан нь хавтас хэрэгт нотлох баримтуудаар авагдсан байгаа. Намайг ажилд орох үед ерөнхий нягтлан бодогч нь ажлаасаа гарсан учраас санхүү эрхэлсэн дэд захирал Б- гэдэг хүн 2 дугаар гарын үсгийг зурдаг байсан. Тэгээд программаас кассын үлдэгдлээ хэвлээд бэлэн мөнгөө тоолж, тулгахад 70 гаруй сая төгрөгийн зөрүү гарсан. Энэ зөрүү ямар учиртай юм бэ? гэж нярав Э.У-аас асуухад өмнөх ерөнхий нягтлан бодогч ажлаасаа гарсантай холбоотой байх гэсэн тайлбарыг хэлдэг байсан. Мөн энэ тухай тооцооны нягтлан Г.Б-оос асуухад манай байгууллагын онцлог байдаг, дараа тайлангаар хаадаг гэсэн тайлбар өгсөн. Тухайн үед нь би дараа тайлангаа хаах тухай үүрэг өгсөн байдаг. Кассын үлдэгдэл болон кассын бэлэн мөнгө зөрөх ёсгүй учраас миний бие тухайн үед нь санхүү эрхэлсэн дэд захирал Б-ид танай байгууллагын программаас хэвлэсэн кассын үлдэгдэл бэлэн мөнгө нь хоорондоо 75, 76 сая төгрөгийн зөрүүтэй байна гэж асуухад “Энэ аж ахуй нэгж нь өвөрмөц онцлогтой байгууллага юм” гэсэн утгатай тайлбар өгсөн.

Би өмнө энэ байгууллага шиг бүтэц зохион байгуулалтай байгууллагад ажиллаж байгаагүй ч хувийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Тийм учраас Ус сувгийн 5 алба нэгжтэй танилцах журмаар судалгааг хийх хугацаанд Б- гэдэг хүн 2 дугаар гарын үсгийг зурж байсан. Тэгээд 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр надад албан ёсоор 2 дугаар гарын үсэг зурах эрхийг шилжүүлж байсан. Надад хамгийн эхэнд бодлогын баримт бичиг боловсруулах ажил үүрэг оногдсон учраас би судалгаа, дүгнэлт хийснээр энэ баримт бичгийг боловсруулсан. Энэ хугацаанд нөгөө кассын үлдэгдэл нь огт өөрчлөгдөөгүй заримдаа 100 сая гаруй төгрөг өсөж, хэлбэлзэж байсан. Энэ байгууллага санхүүгийн анхан шатны баримтуудаар хөтлөгдөөд ирсэн.

Миний хувьд жилийн эцсийн тайлан гарахад ч нөгөө дутагдал нь гарч ирээд байгаа нь эргэлзээ төрүүлсэн учраас энэ бол том асуудал шүү гэдгийг кассын няравт өдөр болгон сануулдаг байсан. Мөн байгууллагын хурал зөвлөгөөн дээр удаа дараа хэлсэн. Энэ байгууллага нь санхүүгийн албаны даргатай, 3 тооцооны нягтлантай, кассын няравтай байж жилийн эцэст 100 сая гаруй төгрөгийн зөрүү гарсан нь надад үнэхээр ойлгомжгүй санагдсан. Тэгээд би энэ эргэлзээг тайлах гэж хичээсэн. Байгууллагын 3 дугаар улирлын баланс 10 дугаар сарын 20-ны дотор гардаг. Би анх 10 дугаар сард ажилд орсон. Программ дээр өмнөх хагас жилийн баланс нь устгагдсан байсан. Энэ баланс нь устгагдсан болохоор дараагийн баланстай тэнцэх боломжгүй. Тэгээд устгагдсан гүйлгээний жагсаалтаас олж, хасалт хийгээд программ дээр автоматаар баланс нь тэнцсэн. Энэ үед миний мэдэхгүй бичилт шивэгдээгүйн улмаас балансыг өсгөж байна гэсэн бодол надад төрсөн. Дараа нь би кассын нярваас анх ажилд орсон хугацаанаас хойших анхан шатны баримтуудыг нь авч байгаад excel программ дээр файл үүсгээд орлого зарлагыг нь ангилаад өдөр шөнөгүй шивэх ажил хийсэн. Энэ ажилд би нэлээд хугацааг зарцуулсан байдаг. Мөн энэ хугацаанд би программын компани руу холбогдож томьёоны алдаа байгаа эсэхийг шалгуулахад хэвийн байна гэж дүгнэсэн. Би энэ их мөнгөний зөрүү, дутагдлын талаар гүйцэтгэх захирал Р.Э- болон санхүү эрхэлсэн дэд захирал Б- нарт байнга мэдэгдэж байсан. Тэгээд аймгийн аудитын газраас Д-ХК-ийн санхүүгийн албанд хяналт шалгалт хийсэн. Энэ шалгалтын гүйцэтгэлийн үр дүнг би хүлээсний эцэст дутагдал байхгүй гэсэн дүгнэлт гарсан. Миний хувьд энэ дүгнэлтэд эргэлзсэний үүднээс авлигатай тэмцэх газарт мэдэгдсэнээр энэ хэрэг анх илэрсэн байдаг. Дараа нь авлигатай тэмцэх газраас 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ байгууллагын санхүүгийн албаны бүх баримт бичгийг битүүмжилж гүйцэтгэх ажлыг 10 дугаар сард эхлүүлсэн байдаг. Миний санаж байгаагаар 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Э- дарга намайг өрөөндөө дуудаад уулзахдаа “чи энэ хэргийн хариуцлагыг хүлээгээрэй” гэж хэлэхэд нь би чадахгүй гээд бид хоёрын дунд маргаан үүссэн. Тэгээд Э- захирал намайг энэ байгууллагаас зайл гэхэд нь би жилийн эцсийн балансаа гаргасны дараа ажлаасаа гаръя гэсэн чинь чамаар жилийн эцсийн баланс гаргуулахгүй гээд намайг өрөөнөөсөө хөөж гаргасан. Тэгээд би ажлынхаа өрөө рүүгээ орсон чинь байгууллагын сүлжээний инженер бүх дотоод сүлжээг захирлын тушаалаар салгаж байсан. Дараа нь би өмгөөлөгчтэй уулзаж зөвлөгөө авахад намайг ажлаасаа халагдсан тушаал шаардлагатай гэж хэлсэн. Маргааш өглөө нь манай гэрийн хаягаар ажлаас халагдсан тушаал ирсэн.

Би үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тухай анхан шатны шүүхэд өргөдөл гаргасан хэдий ч Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас энэ хүн шалгагдаж байгаа гэсэн албан тоот ирүүлж байсан. Үүний улмаас би үндэслэлгүйгээр ажлаас халагдсан талаар гаргасан гомдлоо шүүхээс буцаагаад авч байсан. ...Өнөөдөр намайг ажил үүрэгтээ хариуцлагагүй, хайнга хандсаны улмаас байгууллагад хохирол учруулсан гэж яллаж байна. Би энэ яллах дүгнэлтийг үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний хувьд кассын нярав Э.У-тай өдөр болгон тулгалт хийдэг байсан. Мөн тухайн кассын зөрүү, дутагдал байгаа гэдгийг удаа дараа Э.У- болон Р.Э- захирал, санхүү хариуцсан дэд захирал Б- нар бүх л хүмүүст тайлбарлаж, дараа тайлан байгаа бол хааж зөрүүг арилгуулах талаар хэлдэг байсан. Энэ асуудалд хяналт тавих, арга хэмжээ авах нь гүйцэтгэх захирал болон санхүүгийн албаны дарга гэх албан тушаалтнууд шүү дээ. Би хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь гүйцэтгэж байсан. Намайг үнэхээр худлаа яриад байна гэж байгаа бол хохирогч талаас нотлох баримтаа гаргаж өгнө үү. Намайг тухайн байгууллагад ажиллаж байх үедээ ямар их цаг зарцуулдаг байсныг өдөр болгон диспетчерийн хөтөлдөг цагийн бүртгэл нотлох болно. Би шөнө болсны дараа л гэртээ харьдаг байсан. Гэтэл ажлаасаа гарснаас хойш 8 жилийн хугацаанд нягтлан бодох мэргэжлээрээ ажиллах боломжгүй болгосонд үнэхээр гомдолтой байна” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Т.Э-ийн өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч, хошууч Е- гэдэг хүн надтай холбогдон уулзаж, би анх энэ хэрэгт яллагдагчаар татагдсан гэдгээ мэдсэн. Би 2013 оны 09 дүгээр сард Д-ХК-д ажилд ороод 2014 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд ажилласан байдаг. Үүнээс 2014 оны 2 дугаар сар хүртэл тасралтгүй ерөнхий нягтлан бодогч албан тушаал дээр хэвийн үйл ажиллагаа явуулсан. Түүнчлэн эдийн засгийн төлөвлөгөөгөө гаргаж, ТУЗ-даа танилцуулан батлуулж дууссаны дараа санхүү эрхэлсэн дэд захирал гэх албан тушаал нэмэгдсэн. Энэ албан тушаал дээр Б- гэдэг хүн томилогдон байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг болсон. Энэ хүн бэлэн, бэлэн бус орлого зарлагад бүрэн хяналт тавьж, гүйлгээ хийдэг хэдий ч 2 дугаар гарын үсгийг зурдаггүй байсан. 2014 оны 5 дугаар сар хүртэл байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд асуудал үүссээр байсан. Улмаар надтай хамт ажиллаж байсан кассын няраваас бэлэн мөнгө авах үед нярав ерөнхий нягтлангийн зөвшөөрөл болон баримтаар зарлага гаргана гэсний төлөө Б- өмнөх кассын нярвыг ажлаа хийж чадахгүй гэх шалтгаанаар халаад түүний оронд Э.У- гэдэг хүнийг ажилд оруулж байсан юм.

Энэ үйл явдлаас хойш намайг ажил хийх нөхцөл боломжоор бүрэн хангадаггүй байсан бөгөөд үргэлж намайг зайлаад өг, яваад өг гэж хөөх болсон. Би 2014 оны 7 дугаар сард хагас жилийн балансаа гаргаж дууссаныхаа дараа өргөдлөө өгөөд ажлаасаа гарч байсан. Тэгээд ажлаас халагдсан тушаал авах гээд хүний нөөцийн ажилтнаас асуухад таны тушаал гараагүй, гарын үсэг зурагдаагүй байгаа гэсэн тайлбарыг өгч байсан. Улмаар 2014 оны 10 дугаар сард намайг ажлаас халсан тушаал гарсан нь энэ хэрэгт яллагдагчаар татсан үндэслэл болж байна. Би энэ яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Б-ын өгсөн: “...Би Д-ХК-д 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцооны нягтлан бодогч албан тушаал дээр томилогдсон. Одоогоор орлогын нягтлан бодогч албан тушаал дээр ажиллаж байна. Манай байгууллагын орлогын гүйлгээ нь бэлэн, бэлэн бус болон харилцах хэлбэрээр хийгддэг. Бэлэн мөнгийг байцаагч нар хэрэглэгчдээс аваад кассын няравт тушаагаад тухайн мөнгө нь кассын сейфт хадгалагддаг. Даймонд программ нь 2009 онд үйлдвэрлэгдсэн. Одоогоор ямар нэгэн доголдолгүй хэвийн ажиллаж байна. Манай байгууллагад 2015 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийтдээ 148,142,957 төгрөгийн дутагдал гарсан байдаг. Энэ дутагдлыг тухайн үед кассын нярав Э.У- хариуцаж байсан тул түүнд авлага үүсгэсэн байгаа. Энэ тухайн дутагдлыг тухайн үед ажиллаж байсан кассын нярав Э.У-, гүйцэтгэх захирал Р.Э-, ерөнхий нягтлан бодогч Б.Б- нараас тэнцүү хуваагаад нэхэмжилж байна. Харин Т.Э- нягтлан нь Зулзага няравтай ажиллаж байх үедээ ямар нэгэн дутагдал гаргаж байгаагүй тул нэхэмжлэх шаардлагагүй гэж үзэж байна” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Б-ы өгсөн: ...манай нөхөр Хишигжаргал нь 2014 онд кассын нярав У-аас найз нөхдийн хувиар 1.7 сая төгрөг зээлсэн. Зээлсэн мөнгөнөөс 1.0 сая төгрөгийг У-д эргүүлж төлсөн. Харин 700,000 төгрөгийг У- ажлаасаа гарчихсан, байгууллагад нь төлье гэхээр Хишигжаргал байгууллагаасаа баримт үйлдэж аваагүй тул хаана яаж төлөхөө мэдэхгүй байгаагаас төлөөгүй байгаа... гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 188-189/,

 

Гэрч Д.Ц-ийн өгсөн: ...ерөнхий нягтлан бодогч Б.Б-ийн албанд ашиглаж байсан компьютерын хатуу диск шатсан нь Б.Б-ийн өөрийнх нь компьютер дээрээ хийж байсан хувийн файлууд устаж арилахаас төв серверт хадгалагдаж байгаа санхүүгийн мэдээ, мэдээлэлд ямар ч хамааралгүй. Б.Б-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа санхүүгийн программ хангамж руу оруулсан бүх мэдээ, мэдээллүүд нь төв толгой компьютер буюу сервер дээр хадгалагдаж үлдсэн” гэх мэдүүлэг /7-р хавтаст хэргийн 105-107/,

Шинжээч Ц.О-ын өгсөн: ...Д-ХК-ийн санхүүгийн баримтуудын бүрдэл нь Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн хууль, дүрэм, журам, стандартын шаардлагыг хангаагүй, хаана юу байгаа нь мэдэгдэхгүй байснаас шинжилгээний хугацаа маш их алдсан. Мөн гол дутагдлыг гаргах илрүүлэх ач холбогдол бүхий кассын зарлагыг гүйлгээг нотлох баримт болох санхүүгийн анхан шатны баримтууд дутуу байснаас дутагдлыг илрүүлж тогтоох боломжгүй байлаа... гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 157-160/,

Шинжээч Ц.О-ийн өгсөн: Д-ХК-ийн 2013-2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Шалгалтаар Д-ХК-ийн кассын үлдэгдэл нь байх ёстой хэмжээнээсээ 142.2 сая төгрөгөөр зөрсөн. Санхүүгийн баримтууд дутуу, хөтөлбөл зохих бүртгэл тайланг хөтлөөгүй гэх мэтээс энэ хохирлыг дутагдал уу санхүүгийн зөрчлөөс үүссэн зөрүү юу гэдгийг бүрэн тогтоох боломжгүй байсан. Энэ 142.2 сая төгрөгийн хохирлоос 21.4 сая төгрөг нь зарцуулалтын утга байгаа хэдий ч холбогдох баримтгүй, баримт байгаа ч санхүүгийн шаардлага бүрэн хангаагүй зарцуулалт хийсэн тул дүгнэлтдээ тусгаж өгсөн. Энэ 21.4 сая төгрөгийн хохирлыг тухайн байгууллага нягтлан бодох бүртгэлдээ авлагаар тусгаад холбогдох баримтуудыг үндэслэн бүрэн гүйцээж бүрдүүлж барагдуулж авбал шинжилгээгээр тогтоогдсон хохирлын дүнгээс хасаж болно... гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 161-162/,

Шинжээч Л.О-ийн өгсөн: ...Д-ХК-ийн 2014 оны 5 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарыг дуусталх хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 17/02 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Шалгалтаар Д-ХК-нд 160.3 сая төгрөгийн хохирол учирсан. Иргэдээс ус хэрэглэсний төлбөр тушаасан орлогын баримтууд, тухайн орлогын мөнгийг орлогын байцаагч нар өглөө бүр кассын нярав Э.У-д бэлнээр тушаасан мөнгө хүлээлцсэн санхүүгийн баримтууд, Д-ХК-ийн кассын тайлан, кассын үлдэгдэл тоолсон баримт болон бусад санхүүгийн анхан шатны баримтуудаар дээрх 160.3 сая төгрөгийн дутагдал нотлогдоно. Энэ мөнгө нь цэвэр кассын нярав Э.У-аас дутсан мөнгө юм. Касст ийм их мөнгө дутагдахад юу нөлөөлж байна вэ гэхээр кассын няравт холбогдох хууль тогтоомж, дүрэм журмаар хяналт тавьж ажиллах ёстой байсан гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Э-, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Б- нарын хариуцлагагүй, ажилдаа хяналтгүй байдал нөлөөлсөн” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 27-32/,

Шинжээч Л.О-ийн дахин өгсөн: ...16/02 дугаартай шинжээчийн дүгнэлтийг манай албаны шинжээч нар болох О-, Л- нар гаргасан. Энэ шалгалт нь хугацааны хувьд 2014 оны 5 сараас 2015 оны 5 сарыг дуустал хугацааны санхүүгийн баримтад хийгдсэн шалгалтаар тогтоогдсон дутагдал нь 142.2 сая төгрөг байсан. Гэтэл 17/02 дугаартай шинжээчийн дүгнэлтийг миний бие нь улсын байцаагч Энхбаяр, улсын ахлах байцаагч Б- нартай хамтарч гаргасан ба Д-ХК-ний 2014 оны 5 сараас 2016 оны 6 дугаар сарыг дуусталх хугацааны санхүүгийн баримтыг хамарч хийсэн шалгалтын дүн учраас мөнгөн дүн нь урьд гаргасан 142.2 сая төгрөгийн хохирлоос нэмэгдэж 186.6 сая төгрөгийн хохирол гарсан болно. 2014 оны 6 дугаар сараас 2016 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд 44.4 сая төгрөгийн хохирол дутагдал нэмэгдсэн. Үүнээс 26.3 сая төгрөг нь тодорхой үйл ажиллагаанд зарцуулагдсан баримттай учраас 186.6 сая төгрөгийн хохирлоос хасаж дутагдлын эцсийн дүн 160.3 сая болсон болно” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 131-132/,    

Шинжээч Б.Б-ын өгсөн: ...Д-ХК-ийн 2014 оны 5 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарыг дуусталх хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 17/02 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Манай шалгалтаар Э.У-аас анхан шатны баримтгүй 160.3 сая төгрөгийн дутагдал тогтоогдсон” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн  33-38/,

Шинжээч Б.Ж-ы өгсөн: ...тухайн шинжилгээгээр 188,736,245.34 төгрөгийн дутагдал илэрсэн. Тухайн дутагдал нь зарцуулалтын анхан шатны ямар ч нотлох баримт байхгүй учраас бэлэн мөнгөний дутагдал гэж үзэж болно. Энэ дутагдлаас Д-ХК-ийн гүйцэтгэх захирал Арвиндалайн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 136/А тоот тушаалаар кассын няраваар ажиллаж байсан У-ын өгсөн зарлагын баримтыг үндэслэн 22,034,869 төгрөгийг, Э.У-ыг кассын нярваар ажилд ороход кассын тайлангаар байх ёстой үлдэгдэл нь 10,926,516.16 төгрөг байхаас тоолж авсан мөнгө 5,609,070 төгрөг байсан, үүний зөрүү 5,537,446.16 төгрөгийг тус тус хасаж, нийт дутагдлын дүн 161,383,930.18 төгрөг болсон. Д-ХК-ийн касс дахь бэлэн мөнгийг 11 удаа тоолсон байдаг. Тооллогоос тооллогын хооронд дутагдал өссөөр байсан нь тухайн компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Э-, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Б-, кассын няраваар ажиллаж байсан Э.У- нарын ажилдаа хариуцлагагүй хандаж байсан, санхүүгийн дотоод хяналт сул, бүртгэлээр тавих хяналтгүй байсан зэргээс үүссэн байна” гэх мэдүүлэг /7-р хавтаст хэргийн 103-104/,

2015 оны 10 дугаар сарын 22-нд Авлигатай тэмцэх газраас Д-орон нутгийн өмчит хувьцаат компанийн 2014 оны 1-12 сар, 2015 оны 1-9 сарын ерөнхий журнал, өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл, кассын дансны хуулга, 2015 оны 10 сарын 1-20-ны өдрийн байдлаарх ерөнхий журнал, 2015 оны 7-9 сарын кассын нярвын тайлан зэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 208-с 3-р хавтаст хэргийн 8/,

Кассын нярав Э.У-аас гаргаж өгсөн түүний хувийн ногоон өнгийн хавтастай “Internet” гэсэн бичиглэл бүхий дөрвөлжин шугамтай дэвтэр, “Notebook” гэсэн бичиглэл бүхий бор өнгийн хавтастай дөрвөлжин шугамтай дэвтэр, “Кассны бэлнээр орсон орлого, зарлагын дэвтэр 1” хаягтай ягаан өнгийн дэвтэр, өнгөгүй гялгар хавтастай 1-94 хүртэл дугаартай санхүүгийн задгай баримт, өнгөгүй гялгар хавтастай 1-15 хүртэл дугаартай санхүүгийн задгай баримт, өнгөгүй гялгар хавтастай 1-18 хүртэл дугаартай санхүүгийн задгай баримтуудыг эд мөрийн баримтаар хураан авсан тухай мөрдөгчийн тогтоол /3-р хавтаст хэргийн 118/,

Э.У-ын хувийн тэмдэглэлийн дэвтэр, задгай санхүүгийн баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 119-124/,

Р.Э-ыг гүйцэтгэх захирлаас томилсон тухай Д-ХК-ийн ТУЗ-ийн 2013 оны 85 дугаартай тогтоол /3-р хавтаст хэргийн 191/,

Д-ХК-ийн Санхүү, эдийн засгийн хэлтсийн кассын нярав, ерөнхий нягтлан бодогч нарын ажлын байрны тодорхойлолт /3-р хавтаст хэргийн 204-208/,

Ерөнхий нягтлан бодогч Б.Б-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Д-ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаартай тушаал /4-р хавтаст хэргийн 87/,

Б.Б-ийг ерөнхий нягтлан бодогчоор ажилд томилох тухай Д-ХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 1/267 дугаартай тушаал /4-р хавтаст хэргийн 88/,

Э.У-ыг кассын няраваар сэлгэн ажиллуулах тухай Д-ХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 1/123 дугаартай тушаал /4-р хавтаст хэргийн 89/,

Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16/02 дугаартай “...Д-” ХК-ийн эд хариуцагч, эрх бүхий албан тушаалтнууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтууд, эд хариуцагчийн эрх үүргийн дүрмийг зөрчсөн зөрчил гаргаснаас шалтгаалж тус компанид 142.2 сая төгрөгийн хохирол учирсан байна” гэх дүгнэлт /4-р хавтаст хэргийн 96-110/,

Шүүгдэгч Э.У-аас эдийн засгийн нэмэлт шинжилгээнд зориулан гаргаж өгсөн ягаан өнгийн хавтастай “Кассны бэлнээр орсон орлого, зарлагын дэвтэр 1” гэх хаягтай дэвтэр, ягаан өнгийн хавтастай “Кассны бэлнээр орсон орлого, зарлагын дэвтэр 2” гэх хаягтай дэвтэр, бор өнгийн хавтастай “Кассын орлого зарлагын баримт 3” гэх хаягтай гараар үдсэн баримт, Э.У-ын өөрөө нааж дугаарласан санхүүгийн 86 ширхэг баримт зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, дээрх баримтад үзлэг хийсэн тухай Д-ХК-аас эдийн засгийн нэмэлт шинжилгээнд зориулан гаргуулан авсан санхүүгийн баримтуудыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5-р хавтаст хэргийн 153-157/,

Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 17/02 дугаартай “...Д-” ХК-ийн эд хариуцагч, эрх бүхий албан тушаалтнууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтууд, эд хариуцагчийн эрх үүргийн дүрмийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаснаас шалтгаалан тус компанид 160.3 сая төгрөгийн хохирол учирсан байна” гэх дүгнэлт /5-р хх-ийн 12-23/,  уг дүгнэлтэд нэмэлт шинжилгээ хийсэн Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 18/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /5-р хавтаст хэргийн 160-176/,

Гүйцэтгэх захирал Р.Э-ыг ажлаас чөлөөлөх тухай Д-ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 127 дугаартай тогтоол /5-р хавтаст хэргийн 177/

Кассын нярав Э.У-д 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс жирэмсний амралт олгох тухай Д-ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 192 дугаартай тушаал /5-р хавтаст хэргийн 178/,

“Пийк ом аудит” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 144 дугаартай “...2013 оны 7 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Д-ХК-д учирсан хохирол 161,383,930.17 төгрөг байна. Үүнээс ажил хүлээлгэж өгөх явцад баталгаажсан дутагдал 3,829,114.85 төгрөгийг кассын нярав Э.У-, хувийн шинжтэй албан бус зардалд зарцуулагдсан 12,357,653 төгрөгийг гүйцэтгэх захирал Р.Э- нар дангаар хариуцна” гэх дүгнэлт /6-р хавтаст хэргийн 173-191/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 125 дугаартай: “... “Пийк ом аудит” ХХК нь 2013 оны 7 сарын 01-нээс 2016 оны 4 сарын 30-ны дуусталх хугацааны санхүүгийн баримтыг хамруулж хохирлыг тооцохдоо 2013 оны 7 сарын 01-ний санхүүгийн тайланд тусгасан бэлэн мөнгөний эхний үлдэгдэл 11,727,639.38 төгрөг дээр орлого 5,263,191,278.77 төгрөгийг нэмж, баримтаар нотлогдсон 5,062,655,027.81 төгрөгийн зарлагыг хасаж байвал зохих үлдэгдэл нь 2016 оны 4 сарын 30-наар 212,263,890.34 төгрөг байна. Үүнээс 2016 он 4 дүгээр сарын 30-ны өдрөөрх кассын тайлангаарх үлдэгдэл 23,527,645.00 төгрөгийг хасаж тооцоход учирсан хохирол дутагдлын дүн 161,383,930.17 төгрөг байна гэж 2019 оны 3 сарын 29-ний 144 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгасан. Дахин шинжилгээгээр тус дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Хохирол дутагдлыг тооцохдоо касс дахь бэлэн мөнгөний тооллогын баталгаажуулсан хуудсыг үндэслээгүй, нярвыг ажлаас гарснаас хойших 20 хоногийн орлого зарлагын тооцоог оруулж тооцсон, бэлэн мөнгөний эхний үлдэгдлийг Э.У-ын ажилд ороогүй хугацаа буюу 2013.07.01-нээс эхлэн тооцсон зэрэг зөрчилтэй байна.

 

Дээрх 2 шинжилгээгээр хохирол дутагдлыг тооцохдоо санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нар 2015 оны 12 сарын 31-ний өдрөөр тоолсон бэлэн мөнгөний тооллогын баримтыг, “Пийк ом аудит” ХХК нь 2016 оны 01 сарын 30-ныг дуусталх хугацааны санхүүгийн тайлан дахь кассын бэлэн мөнгөний үлдэгдлийг үндэслэсэн байна. Иймд хохирол дутагдлыг тооцсон цаг хугацаа нь өөр хоорондоо харилцан адилгүй байгаа тул хохирол дутагдал нь зөрүүтэй гарсан байна.

 

Өмнөх шинжээчид нь 2013 оны 7 сарын 01-нээс 2016 оны 4 сарын 30-ныг дуусталх хугацаагаар касс дахь бэлэн мөнгөний тооцоог хийж хохирол дутагдлыг тооцсон байна. Дахин шинжилгээг хийхдээ 2014 оны 5 сарын 08-ны өдөр Э.У-ын нярвын ажил хүлээн авсан өдрөөс 2016 оны 4 сарын 11-нд бэлэн мөнгө тоолж хүлээлгэн өгсөн өдрийг хүртэлх хугацааны орлого зарлагын тооцоог хийлээ. Дээрх хугацаанд нийт 3,812,826,361.26 төгрөгийн орлого олж 3,643,691,239.26 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн бөгөөд касс дахь бэлэн мөнгөний байвал зохих үлдэгдэл нь 169,135,122.00 төгрөг байхаар байна. Э.У- нь 2016 оны 04 сарын 11-нд ажлаа хүлээлгэн өгөхөөр касс дахь бэлэн мөнгөө тоолуулахад 3,079,880.00 төгрөг байсан байна. Мөн Д-ХК-ийн захирлын 2017 оны 11 сарын 13-ны 136/А тушаалаар Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны шалгалтаар баримтаар нотлогдон хасагдсан 22,034,869.00 төгрөгийг хасаж тооцоход нийт хохирол дутагдал нь 144,020,373.00 төгрөг байна. Э.У-ыг ажил хүлээн авахаас хүлээлгэн өгөх хооронд гүйцэтгэх захирлаар Р.Э-, ерөнхий нягтлан бодогчоор Т.Э-, Б.Б- Д.У- нар ажиллаж байсан байна. Нягтлан бодох бүртгэлийн хуулийн 7, 11, 17, 18, 19, 20 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчин ажилласан байна. Дээрх кассын дутагдал гарсан тухай бүр нь хохирлыг барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ авч байгаагүй байна. Дахин шинжилгээгээр хэн, ямар албан тушаалтан хичнээн төгрөгийг хариуцах эсэх, мөн хамтран хариуцах талаарх үндэслэлийг тогтоох боломжгүй.

 

Бэлэн мөнгөний дутагдал, илэрсэн зөрчил нь Д-ХК-ийн кассын орлого зарлагын баримтууд, кассын нярвын тайлан, санхүүгийн тайлан, бэлэн мөнгөний тооллогын баталгааны хуудас баримтуудаар тогтоогдож байна.

 

Д-ХК-ийн 50 жилийн ойн баярт кассаас бэлнээр 63,974,500 төгрөгийг зарцуулсан нь үндэслэлтэй байна. Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас Д-ХК-ийн санхүү, аж ахуйн үйл ажиллагааны баримтад төлөвлөгөөт шалгалтыг хийж санхүүгийн улсын байцаагчаас 120,238,290.00 төгрөгийн дүнтэй акт нь хэдэн оны хэдэн сарын хэдэн тоот болох, энэ акт нь шинжилгээнд ирээгүй тул тогтоох боломжгүй байна. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ирүүлсэн шинжилгээнд ирүүлсэн 2016.03.17-ны 16/02 тоот аудиторын дүгнэлт, 2017.07.16-ны өдрийн 17/02 тоот шинжээчийн дүгнэлт, 2018.11.05-ны өдрийн 18/01 тоот шинжээчийн дүгнэлт, 2016.05.10-ны өдрийн 68 тоот шинжээчийн дүгнэлт, 2016.10.27-ны өдрийн 23-06-16/127 тоот Монгол Улсын Сангийн яамны улсын ахлах байцаагчийн акт, 2019.03.29-ний өдрийн 144 тоот шинжээчийн дүгнэлт зэргийг хуулбарлан ирүүлсэн бөгөөд дээрх дүгнэлтүүдийн хавсралт тооцооллыг дүгнэлт гарах өдөр хүртэл ирүүлээгүй болно.

 

Э.У-ыг кассын нярваар ажиллаж байх хугацаанд /2014.05.08-2016.04.11-ний хооронд/ нийт нь 144,020,373.00 төгрөг кассаас дутагдсан байна.

 

Д-ХК-ийн даргаар ажиллаж байсан Р.Э-, нягтлан бодогч Б.Б-, кассын нярав Э.У- нар нь компанийн буюу байгууллагын мөнгийг хоорондоо шилжүүлж байсан эсэхийг тогтоох хувийн харилцах дансны мэдээлэл шинжилгээнд ирээгүй болно” гэх дүгнэлт /7-р хавтаст хэргийн 246-250, 8-р хавтаст хэргийн 1-3/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 161 дугаартай: “...Хэрэгт холбогдох баримт материалд шинжилгээ хийсний үндсэн дээр хуулийн байгууллагаас тавьсан асуултад дараах хариултыг өгч байна. Үүнд:

Шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтад авагдсан кассын орлого зарлагын анхан шатны болон дэмжих баримтууд, кассын нярвын тайлан, санхүүгийн тайлан, бэлэн мөнгөний тооллогын хуудас зэргийг үндэслэн хохирол дутагдлын хэмжээг тооцлоо. Даймонд программын 2013-2016 онуудын цахим мэдээлэл устгагдсан эсэхийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй, санхүүгийн мэдээлэл устсан эсэх талаар мэргэжлийн байгууллагын гаргасан акт дүгнэлт шинжилгээнд ирээгүй.

Шинжилгээгээр мөнгөн хөрөнгийн дутагдлын хэмжээг Э.У-ыг кассын нярваар ажиллаж байх хугацааг /2014.05.08-2016.04.11-ний хоорондох/ хамруулсан. Ойн арга хэмжээнд зориулан зарцуулагдсан мөнгөн хөрөнгө нь кассын зарлага талд тусгагдан мөнгөн хөрөнгийн үлдэгдлээс хасагдаж тооцогдсон.

 

Д- ХК-ийн 50 жилийн ойн баярт кассаас бэлнээр 63,974,500 төгрөгийг зарцуулсан нь үндэслэлтэй байна. Өмнөх шинжээчийн дүгнэлтээр гүйцэтгэх захирал Р.Э-ын хувийн шинжтэй албан бус зардалд 12,357,653.00 төгрөг зарцуулагдсан байна гэснийг дахин шинжилгээгээр тогтоох боломжгүй байна. Учир нь Д-ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол шийдвэр, 3-р хавтаст хэрэг 52, 53-р хуудсанд авагдсан баримтууд шинжилгээнд ирээгүй тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна.

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 46 дугаартай шийдвэрээр хүчингүй болсон улсын байцаагчийн актууд нь өмнө гаргасан шинжээчийн дүгнэлт, өөрөөр хэлбэл мөнгөн хөрөнгийн дутагдалд нөлөөгүй болно.

 

Э.У-ын гаргаж өгсөн анхан шатны 49 ширхэг баримт нь анхан шатны болон дэмжих баримтгүй, кассын тайланд тусгагдаагүй байна.

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 27.2-д заасны дагуу эдийн засгийн шинжээч нь баримтын шалгалт дахин хийх буюу тооллого явуулах эрх эдлэхгүй болно” гэх нэмэлт шинжилгээ хийссэн дүгнэлт /8-р хавтаст хэргийн 29-33/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Р.Э-, Э.У- нарыг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т, шүүгдэгч Б.Б-, Т.Э- нарыг 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэм бураатайд тооцох дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүнд танилцуулъя. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Д-төрийн өмчит хувьцаат компанийн санхүүгийн үйл баримтад хийсэн шалгалт болон авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажлын үр дүнд баримтжуулсан материалаар тус компанийн санхүүгийн үйл ажиллагаанд доголдол илэрсэн. Эрх бүхий албан тушаалтнууд нь тухайн байгууллагын хөрөнгийг завшиж, бэлэн мөнгөний кассад их хэмжээний дутагдал үүсэж, байгууллагад хохирол учирсан нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд нийтдээ 7 удаагийн санхүүгийн шинжээчийн дүгнэлт тогтоогдсон байдаг. Тухайн санхүүгийн шинжээчийн дүгнэлтүүд нь агуулгын хувьд зөрүү байхгүй бөгөөд дүгнэлт тус бүр дээр Д-ХК-ний санхүүгийн үйл ажиллагаанд зөрчил илэрч, их хэмжээний мөнгөн дүнгийн дутагдал гарсан. Энэ дутагдал илрээд байгаа шалтгаан нь тус компанийн санхүүгийн ажилтан, албан тушаалтан, гүйцэтгэх захирлын хууль зөрчсөн буруутай үйлдлийн улмаас учирсан болохыг санхүүгийн шинжээчийн дүгнэлт бүр дээр тусгасан байдаг.

Шинжээчийн дүгнэлтүүд нь цаг хугацааны болон нэмэлт нотлох баримт гаргаж өгсөн гэх нөхцөл байдлын улмаас хоорондоо 10 сая орчим төгрөгийн зөрүүтэй байдаг. Үүнээс болоод шинжээчийн дүгнэлтийг бодит биш гэж дүгнэх боломжгүй юм. Улсын яллагчийн хувьд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэхдээ 2019 оны 07 дугаар сарын  16-ны өдрийн 125 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн санхүүгийн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримт үндэслэсэн байдаг. Энэ дүгнэлтийн үндэслэл нь тус компанийн кассын нярав Э.У- нь 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байх үедээ компанийн эд хөрөнгө буюу бэлэн мөнгөнөөс 144,020,373 төгрөгийн дутагдал үүсгэсэн. Өөрөөр хэлбэл уг мөнгөн дүн нь тухайн компанид орлогоор орсон боловч санхүүгийн зарлагын ямар нэгэн баримтгүй дутсан үйл баримт нотлогдон тогтоогдсон юм.

Энэ үйл баримтын тухайд хууль зүйн дүгнэлт хийсний үр дүнд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Нэгдүгээрт: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан бусдын итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Тухайлбал: Д-ХК-д 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд тус компанийн гүйцэтгэх захирлын үүргийг Р.Э- гүйцэтгэж санхүүгийн баримтад 1 дүгээр гарын үсгийг зурах эрхтэй албан тушаалтан, кассын нярав буюу бэлэн мөнгөтэй харилцах ажилтнаар Э.У- ажиллаж байсан. Мөн уг хугацааны хооронд Т.Э-, Б.Б- нар нь хэсэгчилсэн байдлаар ерөнхий нягтлан бодогч албан тушаал дээр ажиллаж байсан болох нь тогтоогдсон. Өнөөдөр шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч Э.У-, Р.Э- нар нь энэ их хэмжээний бэлэн мөнгөний дутагдлын талаар мэдэх юм алга гэж мэдүүлж байгаа нь үнэхээр хийсвэр шинжтэй байна. Хүний өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн объектив шинж нь хууль бус үйлдлийн улмаас иргэн, аж ахуй нэгжийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус өмчид хохирол учруулсан байхыг шаарддаг. Гэтэл тухайн байгууллагын кассад бэлэн мөнгөөр цугларч байсан 144 сая төгрөгийн орлого нь анхан шатны бичиг баримтгүй, зардалгүйгээр дутсан нөхцөл байдал үүссэн байна. Мөн шүүгдэгч Э.У-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тухайн үед гүйцэтгэх Р.Э- нь хувийн хэрэгцээндээ байгууллагын мөнгөнөөс тодорхой хэмжээг хэрэглэж байсан болох нь тогтоогддог. Э.У- нь кассаас зориулалтын бус байдлаар хувийн хэрэгцээнд болон бусдад шилжүүлэн, зарцуулах үйл ажиллагаа нь ямар ч хараа хяналтгүйгээр үйлдэгддэг нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байна. Гүйцэтгэх захирал Р.Э-, кассын нярав Э.У- нар нь санхүүгийн анхан шатны баримтгүйгээр байгууллагын кассаас мөнгө гаргаж, хувьдаа зарцуулж, их хэмжээний буюу 144,020,373 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Хоёрдугаарт: Шүүгдэгч Т.Э-, Б.Б- нарыг Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалтан хайнга хандах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн юм. Монгол Улсын дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн 381 дугаартай тогтоолд албан тушаалтан хайнга хандах гэдгийг хууль захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон, чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлэх үүргийн зохих хувийг биелүүлээгүй буюу авбал зохимжтой арга хэмжээг аваагүй байх, мөн өөрийн үүрэгт үйл ажиллагаагаа явуулсан боловч тэр нь зохих шаардлага хангаагүй байх тохиолдолд цаг хугацаа алдаж, хохирол, хор уршиг учруулахыг ойлгоно гэж тайлбарласан байна.

 

Шүүгдэгч Б.Б- Д-ХК-ний ерөнхий нягтлангаар ажиллаж байх үедээ дутагдал үүссэн байгаа талаар 6 сарын хугацаанд өдөр болгон мэдэгдэж байсан гэж мэдүүлдэг. Гэхдээ Б.Б- нь тухайн үедээ ажил үүргийнхээ хувьд хийх ёстой зүйлээ хийгээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл түүнийг ажлаа хүлээж авах үед 73,187,301 төгрөг байсан. Энэ кассын тайланг шинжээчийн дүгнэлтээр авч үзэхэд тогтмол өсөлттэй байсан ба түүнийг ажлаасаа гарах үед нь кассын үлдэгдэл 171,867,000 төгрөг дутагдсан нөхцөл байдал байгаа. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 125 дугаартай шинжээчийн дүгнэлтэд шүүгдэгч Э.У-ыг кассын нярваар ажиллаж байх үедээ нийтдээ 12 удаа кассад тооллого хийсэн баримт байдаг. Тухайн баримтуудаас 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр кассад 22,570,000 төгрөгийн үлдэгдэлтэй байх ёстой байхад 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр тооллого хийхэд кассад 5,609,070 төгрөгийн үлдэгдэлтэй байсан гэх нотлох баримт нь шүүгдэгч Т.Э-ийн 2 удаагийн тооллого хийхэд кассын үлдэгдэл зарлагын баримттай үлдэгдэлгүй таарч байсан гэх мэдүүлгийг нь үгүйсгэж байна. Мөн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тооллогын үед шүүгдэгч Б.Б- ажиллаж байсан байх. Энэ тооллогоор 171,867,000 төгрөг бэлэн мөнгөний кассын үлдэгдэлтэй байх ёстой байсан ч 8,157,000 төгрөг бэлэн мөнгөний үлдэгдэлтэй байсан. Тэгэхээр тухайн үед Б.Б- нь ажил үүргийн хувьд зөрчил, дутагдал байгаа талаар хэлж байсныг үгүйсгэхгүй ч түүний авсан арга хэмжээ нь оновчгүй, үр дүнгүй байсны улмаас өнөөдрийн байдлаар Д-ХК-д их хэмжээний хохирол нэмэгдэх шалтгаан тогтоогдсон. Энэ хүн тухайн үед албан тушаалынхаа хувьд хяналт тавих ёстой байсан бөгөөд өөр арга хэмжээ авах боломж байсан. Шүүгдэгч Т.Э-ийн хувьд мөн адил нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар кассын тооллогоо цаг тухайд нь хийсэн бол түүнийг ажиллаж байх хугацаанд Д-ХК-ний кассын дутагдал нь 70 сая төгрөг болтол өсөхгүй байсан.

 

Иймд шүүгдэгч Р.Э-ыг 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2, Э.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т, шүүгдэгч Т.Э-, Б.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох саналыг шүүхэд гаргаж байна, Гэмт хэрэг үйлдсэний улмаас учирсан хохирлын тухайд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Р.Э-, Э.У- нарыг төрийн өмчит байгууллагын эд хөрөнгийг завшсаны улмаас 144,020,373 төгрөгийн хохирол учирсан тул шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн 72.010.186 төгрөгийг тус тус гаргуулж, Д-ХК-д олгох саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Р.Э- нь 12,657,653 төгрөгийн хохирол байгууллагад төлсөн байх тул түүнд ноогдох хохирлын дүнгээс хасах саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна” гэв.

 

Өмгөөлөгч Н.Баттунсаг саналдаа: Д-ХК-д их хэмжээний хохирол учруулахад тухайн хугацаанд ажиллаж байсан гүйцэтгэх захирал, кассын нярав, ерөнхий нягтлан нарыг буруутай үйл ажиллагаа гэж үзэн 144,020,373 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Б-ээс 17,982,101 төгрөг, Э.У-аас 59,228,839 төгрөг, Р.Э-аас 42,347,868 төгрөг, Т.Э-ээс 24,395,767 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэв.

Шүүгдэгч Э.У-ын өмгөөлөгч Б.Чинбаатар: “Шүүхийн хэлэлцүүлгийн үед нотлох баримт шинжлэн судалж талууд тус бүр байр сууриа илэрхийлсэн байдаг. Тухайн байгууллагад их хэмжээний хохирол учирсан санхүүгийн сахилга баттай шууд холбоотой. Гэхдээ хэдэн төгрөгийг хувьдаа ашиглаж, зарцуулсан болох нь хангалттай нотлогдоогүй гэж үзэж байна. Иймд иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг нэхэмжлэхийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Мөн шүүгдэгчийг гэм буруутайд тооцоход эргэлзээ төрүүлж байх учир шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх буюу цагаатгах хүсэлтэй байна” гэв

Шүүгдэгчийн Т.Э-ийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Ч.Булган нар: “...Т.Э-, Б.Б- нар тухайн компанийн эрх бүхий албан тушаалтан мөн эсэхэд улсын яллагч нар дүгнэлт хийх ёстой. Улсын яллагчийн зүгээс улсын дээд шүүхийн тогтоолоос зохих ёсоор гүйцэтгээгүй гэж дурдсан. Яг ямар байдлаар зохих ёсоор гүйцэтгэх ёстой гэдгээ улсын яллагч нарын зүгээс тайлбарлан тусгаж байж яллах дүгнэлт үйлдэх ёстой юм. Шинжээчийн дүгнэлтэд энэ талаар тусгасан нэг ч зүйл байхгүй юм. Би шинжээчийн дүгнэлтүүд нь агуулгын тухайд хоорондоо зөрүүгүй байгаа гэх улсын яллагч нарын нэг л дүгнэлттэй санал нэг байна. Ерөнхий нягтлан бодогч албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг Б.Б-ийн өмгөөлөгчийн зүгээс шинжлэн судлахад ерөнхий нягтлан бодогч нь тайлан тооцоо гаргах, санхүүгийн болон тооцооны нягтлан бодогчийн тайлан тооцоог хянах гэх мэтчилэн ерөнхий агуулгын хүрээнд хяналт тавих үүрэгтэй. Тэрнээс биш кассын нярвын ажлыг өдөр болгон хянаж, өдөр бүр тооллого хийх талаар тусгаж өгөөгүй. Иймд ажлын байрны тодорхойлолтод заагаагүй үүргийг гүйцэтгэх ёстой байсан гэж буруутгах үндэслэл байхгүй юм. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт болон шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч нарын мэдүүлэгт шүүгдэгч Т.Э- нь энэ гэмт хэрэгт гэм буруутай болох тухай нэг ч дүгнэлт байхгүй байна. Т.Э- нь би кассын няравтай 2 удаа тооллого хийсэн гэж мэдүүлдэг. Энэ нь улсын яллагчийн хэлсэн 2 удаагийн тооллого мөн гэж бодоод дутагдсан мөнгийг Т.Э- аваагүй эсхүл аваад хувьдаа зарцуулаарай гэж хэлээгүй. Тэгэхээр шүүгдэгч Р.Э-, У- нарын эд хөрөнгө завших гэмт хэрэгтэй нөгөө хоёр шүүгдэгч нар ямар шалтгаан холбоотой гэдгийг сайн тодорхойлж өгөх хэрэгтэй юм. ...Хэргийн бодит байдлыг тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдалтай шууд хамааралтай юм. Тэгэхээр хайнга, хайхрамжгүй хандах гэдгийг ямар үйлдэл хийгээгүй гэж буруутгаж байгаагаа улсын яллагч нар тайлбарлах нь зүйтэй. Та бүхний дүгнэлт ойлгомжтой байсны үр дүнд шүүхийн шийдвэр хууль ёсны байх нэг шинж нь хангагдах ёстой. Нөгөө талаараа би мөрдөгч, хяналтын прокурорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг ноцтой зөрчсөн гэж ойлгож байна. Учир нь энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тодорхойлох шаардлагатай. Өнөөдөр шүүгдэгч Т.Э-ийг 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхэлж үйлдэгдсэн гэмт хэрэгт яллагдагчаар татсан байдаг. Үүн дээр хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой бөгөөд шүүгдэгч Т.Э-ийг яллагдагчаар татах үед хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсан юм. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 1 жил байсан. Энэ хугацаа өнгөрсөн тохиолдолд мөрдөгч, прокурор энэ хүнийг яллагдагчаар татах үндэслэл байхгүй юм.

144.2 сая төгрөгийн хохиролд шүүгдэгч Т.Э- нь ямар буруутай эс үйлдэхүй байгаа нь тогтоогдоогүй байна. Шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүд дээр ямар цаг хугацаанд хэн, хэний буруутай үйлдэл байгаа гэдгийг хангалттай тогтоогдсон байна. Тэгэхээр шүүгдэгч Т.Э- нь өөртөө ноогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гүйцэтгэх ёстой үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж дүгнэж байна.  Албан ёсоор ажил, албан үүргээсээ чөлөөлөгдсөн байна. Энэ хүний тодорхой эс үйлдэхүйн улмаас Д-ХК-д хохирол учраагүй байна. Дээрээс нь энэ хэрэгт Б- гэдэг хүний талаар оролцогч бүхэн ярьсан. Д-ХК-д санхүү эрхэлсэн дэд захирал Б- гэдэг хүн ерөнхий нягтлан бодогчийн чиг үүргийг нь ерөнхийд нь хэрэгжүүлдэг байсан гэж дүгнэгдэж байна. Прокурор, мөрдөгч энэ хүнийг шаардлагатай байсан юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Энэ агуулгаар шүүгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр шүүгдэгч Т.Э-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шүүхэд гаргаж байна” гэв

Шүүгдэгч Р.Э-ын өмгөөлөгч З.Энхтуяа: Яллах дүгнэлтэд Р.Э-ыг “хуулийн этгээдийн итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгийг бусадтай бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, завшиж их хэмжээний хохирол учруулсан гэж дурдсан байдаг. Энэ хүн Д-ХК-ний хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд биш юм. Өөрөөр хэлбэл Р.Э- нь тодорхой эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах гэрээг байгуулаагүй. Харин хяналт тавих үүрэгтэй удирдах албан тушаалтан тул улсын яллагчийн яллах дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж байна. Улсын дээд шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 280 дугаартай тогтоолоор гэмт хэргийн зүйлчлэлийн талаар тусгасан байдаг. Үүнд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө нь гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа болж хэрэгждэг бөгөөд энэ эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжсэн гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчид хариуцуулахаар үүрэг хүлээсэн эсхүл хууль буюу гэрээ, зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрх үүсдэг бөгөөд бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгоно” гэжээ. Тэгэхээр завших гэмт хэргийн зүйлчлэлийн гол шалгуур нь энэ эд хөрөнгийг буруутай этгээд ямар хэмжээгээр авч, ашиглах, бусдад өгөх, үрэгдүүлсэн болохыг тогтоосон байх шаардлагатай юм. Энэ хүний үйлдэлд байгууллагын эд хөрөнгө завшсан гэмт үйлдэл тогтоогдохгүй байна. Иргэний нэхэмжлэлийн тухайд эд хөрөнгө завшсан талаар хангалттай нотлох баримт байхгүй байхад ямар үндэслэлээр шүүгдэгч Р.Э-аас 42,347,868 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Энэ гэмт хэрэгт шүүгдэгч нарын гэм бурууг хангалттай нотлох баримт байхгүй гэж үзэж байна.

Иймд миний хувьд Р.Э-ыг байгууллагын гүйцэтгэх захирлын хяналт, шаардлага дутмаг, өөрийн ажилдаа хайнга хандсан Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн гэж тооцох үндэслэлтэй байх тул Р.Э-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч П.Батжаргал нь саналдаа: ... Б.Б- нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн гэдгийг тодорхойлох хэрэгтэй байсан ч ямар ч дүгнэлтгүйгээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй, ямар захиргааны хэм хэмжээний акт, журам зөрчсөн талаар тодорхойлоогүй. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан ажлын байрны тодорхойлолт нь захиргааны хэм хэмжээний актад тооцогдох бөгөөд энэ тодорхойлолтод заасан ямар үүргийг биелүүлээгүй талаар дүгнэлт байхгүй байж, хуульд зааснаар зохих ёсоор биелүүлээгүй гэж байгаа нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Энэ гэмт хэрэг анх үйлдэгдсэн болон дууссан цаг хугацааны тухайд нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Б-ийн тухайд 2014 оны 10 дугаар сард Д-ХК-ний ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдсон байдаг. Гэхдээ энэ хүн 2015 оны нэгдүгээр сард санхүү эрхэлсэн дэд захирал Б- гэдэг хүнээс санхүүгийн хоёрдугаар гарын үсэг зурах эрхийг хүлээж авсан нь шүүхийн хэлэлцүүлгийн шат болон нотлох баримт шинжлэн судлахад хангалттай тогтоогдсон. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзэж байна, ...Шүүгдэгч Э.У-ын гэрчээр өгсөн мэдүүлгийг би шинжлэн судалсан. Тухайн мэдүүлэгт зарим эрх бүхий албан тушаалтнуудын даалгавраар кассаас мөнгө гаргаж байсан гэдэг. Үүнд миний үйлчлүүлэгч Б.Б-ийн нэр огт дурдагддаггүй. Энэ мөнгө завшсан, байгууллагыг хохироосон асуудал дээр Б.Б-ийн оролцоо байхгүй юм. Харин ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын үүрэг гүйцэтгэх хугацаандаа хяналтаа тавьдаг, тооллого хийсэн талаар баримт хэрэгт авагдсан. Үүнийг шүүгдэгч нар үгүйсгэдэггүй. Мөн дээд албан тушаалтан болох Р.Э- захиралдаа дутагдал зөрчлийн талаар мэдэгдэхэд өөрсдөө учраа ол гэдэг чиглэл өгчихдөг байсан. Улмаар гүйцэтгэлийн аудитын газрын шалгалт хийхэд кассын дутагдал гарч ирээгүй болохоор аргаа ядан үүргийнхээ дагуу авлигатай тэмцэх газар мэдэгдсэнээр Б.Б- энэ хэргийг илрүүлэх үндсийг нь тавьсан байдаг. Хэрвээ Б.Б- нь гүйцэтгэлийн аудитын хяналт шалгалтын кассын дутагдалгүй гэх дүгнэлтэд эргэлзээгүй хэвээр үргэлжлүүлсэн бол өдийг хүртэл энэ хэрэг үргэлжлэх аюултай байсан. Тухайн байгууллагын хохирол төлбөрийг барагдуулахын төлөө өөрийн бүх боломжийг дайчлан ажилласан. Харин ч зохих ёстой үүргээ давуулан биелүүлсэн хэдий ч яллагдагчаар татаж байгаад үнэхээр санал байхгүй байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Б.Б-т ноогдуулан нэхэмжилсэн төлбөр үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй тогтоогдсон тул Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шүүхэд гаргаж байна” гэжээ.

Дархан-Уул прокурорын газраас шүүгдэгч Р.Э-ыг 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Д-ХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, Д-ХК-ийн кассын няраваар ажиллаж байсан Э.У-тай бүлэглэн, өөрт нь итгэмжпэн хариуцуулсан эд хөрөнгө буюу тус байгууллагын бэлэн мөнгөний кассаас 144,020,373 төгрөг завшиж их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Э.У-ыг 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд няраваар ажиллаж байхдаа Р.Э-тай бүлэглэн өөрт нь итгэмжпэн хариуцуулсан эд хөрөнгө буюу тус байгууллагын бэлэн мөнгөний кассаас 144,020,373 төгрөгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Т.Э-ийг 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Д-ХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа хууль болон захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон буюу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, “Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар" зэрэг хууль тогтоомжид заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас “Дархан- Ус суваг” хувьцаат компанид 73,187,301.24 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Б.Б-ийг 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд Д-ХК-ийн ерөнхий -ягтлан бодогчоор ажиллаж байхдаа хууль болон захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон буюу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, “Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар" зэрэг хууль тогтоомжид заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Д-хувьцаат компанид 114,383,999.65 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Д-ХК-ийн бэлэн мөнгөний касст 2014 оны 5 сарын 08-ны өдөр буюу Э.У- няравын ажил хүлээн авсан өдрөөс 2016 оны 4 сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд нийт 3,812,826,361.26 төгрөгийн орлого орж 3,643,691,239.26 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 125 дугаартай дүгнэлтээр хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Касс дахь бэлэн мөнгөний байвал зохих үлдэгдэл нь 169,135,122 төгрөг боловч Э.У-ын 2016 оны 04 сарын 11-нд ажлаа хүлээлгэн өгөхөд байсан касс дахь бэлэн мөнгө 3,079,880.00 төгрөг, Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны шалгалтаар баримтаар нотлогдож хасагдсан 22,034,869.00 төгрөгийг хасаж тооцоход нийт 144,020,373.00 төгрөг дутагдсан байна.

Шүүгдэгч Э.У- нь гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогчийн зөвшөөрлөөр, 1, 2-р гарын үсэг зурсан баримтын дагуу кассаас зарлага гаргах ёстой боловч бэлэн мөнгөний орлогоос ерөнхий нягтлан бодогчийн зөвшөөрөлгүйгээр “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу, дараа тайлангаар хаах нөхцлөөр, яаралтай ажил гардаг байсан учраас” гэх шалтгаанаар Р.Э-ын болон өөрийн хэрэгцээнд, бусад шалтгаанаар санхүүгийн анхан шатны ямар нэгэн баримтгүйгээр бэлнээр болон бэлэн бус шилжүүлэг хийдэг байсан, захирлаар ажиллаж байсан Р.Э- нь амаар болон утсаар заавар өгөх замаар мөнгөн гүйлгээ хийлгэж байсан болох нь шүүгдэгч Р.Э-, Э.У- нарын мэдүүлэг, “Пийк ом аудит” ХХК-ийн Д-ХК-ийн бэлэн мөнгөний кассаас шүүгдэгч Р.Э- нь 12,357,653 төгрөгийг, шүүгдэгч Э.У- нь 3,829,114.85 төгрөгийг тус тус авч хувийн хэрэгцээнд зарцуулсан талаарх дүгнэлт, гэрч Б.Б-ы өгсөн: ...манай нөхөр Хишигжаргал нь 2014 онд кассын нярав У-аас найз нөхдийн хувиар 1.7 сая төгрөг зээлсэн. Зээлсэн мөнгөнөөс 1.0 сая төгрөгийг У-д эргүүлж төлсөн. Харин 700,000 төгрөгийг У- ажлаасаа гарчихсан, байгууллагад нь төлье гэхээр Хишигжаргал байгууллагаасаа баримт үйлдэж аваагүй тул хаана яаж төлөхөө мэдэхгүй байгаагаас төлөөгүй байгаа... гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан Э.У-ын хувийн тэмдэглэлийн дэвтэр, задгай санхүүгийн баримтуудад үзлэг хийсэн “...Р.Э- захирлын өрөөнд хоол унд авсан 435,000, М-ын байрны усны төлбөр 2,000,000, Р.Э- А- руу шилжүүл гэсэн 100,000, Р.Э- К- зочид буудалд хоолны тооцоо 290,600, 53,500, Д.Б- 1,650,000, ...хүснэгт 4. Болор архи, аяга 38,800, Техас ресторан 91,400, А.П- гэдэг хүний зочид буудлын тооцоо 80,000” гэх мэт 118 гүйлгээний талаарх тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 119-124/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Э.У-ын өөрөө нааж дугаарласан санхүүгийн 86 ширхэг баримт, шүүгдэгч Э.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “нягтлан бодогч, захирлын гарын үсэгтэй зарлага гаргахыг зөвшөөрсөн баримт нь ороод мөнгийг олгодог. Баримтгүйгээр мөнгө гаргах ёсгүй, ... захирал Э- ямар нэгэн баримт бичиггүйгээр над руу яриад, тэр хүн лүү мөнгө шилжүүл гэх мэт утсаар ярьж дараах мөнгийг авсан... Р.Э- захирлын аман шийдвэрээр төлбөрийн даалгавар болон холбогдох баримтгүйгээр 19,667,242 төгрөгийг кассаас авсан байна... нийтдээ 2014 оноос хойш кассаас баримтгүйгээр 40,519,529 төгрөг гарсан байна“ гэх мэдүүлэг, /3-р хх-133-137/ “... Захирал ерөнхий нягтлан, санхүү эрхэлсэн дэд захирал нарын 2 хүнийх нь цохолтоор бол мөнгө гаргахыг зөвшөөрдөг. Дээрх дутсан гэж үзээд байгаа 163,323,144 төгрөг бол цохолтгүйгээр гарсан мөнгө, ... Өөрөөр мөнгө төгрөг авсан хүн байхгүй” гэх мэдүүлгүүд /3-р хавтаст хэргийн 133-138, 147/ зэргээр нотлогдож байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар анхан шатны баримт гэж “ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоо”-г ойлгох бөгөөд бэлэн мөнгөний нярав Э.У- нь анхан шатны ямар нэгэн баримтгүйгээр, зардал, гүйлгээг хянах боломжгүйгээр, аман зааврын дагуу, нягтлан бодох бүртгэлийн хуульд заасан наад захын шаардлагыг хангахгүйгээр “хар” дэвтэрт бичилт хийх замаар бэлэн мөнгийг захиран зарцуулж байсан байдал нь ихээхэн хэмжээний дутагдал гарахад хүргэжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 125 дугаартай дүгнэлтийг шүүх үнийн дүнгийн хувьд хамгийн бага хэмжээгээр тогтоогдсон, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг бүрэн хамарсан, шүүгдэгч Э.У-ыг кассын няраваар ажиллаж байсан хугацаанд орсон нийт орлого, зарлагын баримтууд дээр үндэслэж гарсан, шүүгдэгч нарт хамгийн ашигтай гэж дүгнэсэн ба уг дүгнэлтээр тогтоогдсон үнийн дүнгийн хэмжээгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

“Пийк ом аудит” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтээр Д-ХК-д учирсан хохирол 161,383,930.17 төгрөг, Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 17/02 дугаартай дүгнэлтээр 160.3 сая төгрөгийн хохирол учирсан байна гэж дүгнэсэн ба энэ хэрэгт удаа дараа хийгдсэн дүгнэлтийг гаргасан шинжээч нар Д-ХК-д учирсан хохирлын хэмжээний талаар зөрүүтэй дүгнэлт гаргасан боловч ямар алдаа дутагдлаас болж кассын орлогоос мөнгө дутсан талаар ижил агуулга бүхий дүгнэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Р.Э- нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэгтэй боловч анхан шатны ямар нэгэн баримтгүйгээр бэлэн мөнгө гаргах үүрэг өгч байжээ.

Шүүгдэгч Р.Э- нь 2013 оны 7 дугаар сарын 17-ноос 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл гүйцэтгэх захирлаар, шүүгдэгч Э.У- нь 2014 оны 5 дугаар сарын 07-ноос 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл кассын няраваар, шүүгдэгч Б.Б- нь 2014 оны 10 дугаар сарын 02-ноос 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл, шүүгдэгч Т.Э- 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сар хүртэл ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байжээ.

“Хөрөнгө завших” гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн болон бусдын өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, шилжүүлэх, захиран зарцуулах, үрэгдүүлэхийг ойлгох ба кассын орлогоос дутагдсан 144,020,373.00 төгрөгийг кассын няраваар ажиллаж байсан нярав Э.У-, нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэгтэй боловч анхан шатны ямар нэгэн баримтгүйгээр бэлэн мөнгө гаргах үүрэг өгч байсан Р.Э- нар хамтран завшсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Р.Э- нь 12,357,653 төгрөгийг, шүүгдэгч Э.У- нь 3,829,114.85 төгрөгийг хувийн болон бусад хэрэгцээнд авснаа хүлээн зөвшөөрч байх боловч үлдэх хэсгийг хэрхэн дутагдсан болохыг мэдэхгүй, уг хөрөнгийг завшаагүй гэж мэдүүлжээ.

Кассын орлогод орсон дүнгээс кассаас баримтын дагуу гарсан дүнг хасахад кассын үлдэгдэл гарах ба сар бүр байх ёстой үлдэгдэл өссөөр нийт 144,020,373 дутагдсаныг няравын хувьд Э.У- хариуцан төлөх ёстой.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт дутагдлыг хэзээ хэрхэн үүссэн талаар хангалттай ажиллагаа явуулсан байх ба тухайн цаг хугацаанд кассын няраваар ажиллаж байсан Э.У- уг мөнгийг хэрхэн зарцуулснаа өөрөө мэдүүлэхээс өөрөөр ямар байдлаар дутагдал үүссэнийг тогтоох боломжгүй ба нийт дутагдлыг хариуцан төлөх үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл нийт дутагдлын хэмжээ тогтоогдсон, бэлнээр байх ёстой мөнгө байхгүй тохиолдолд уг мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан, бусдад шилжүүлээд авч чадаагүй, дараа тайлан гэх шалтгаанаар бусдад шилжүүлээд баримтжуулж авч чадаагүй, үрэгдүүлсэн эсэхээс үл хамааран хариуцан ажиллаж байсан этгээд завшсан гэж үзнэ.

Иймд Э.У-ыг бүлэглэж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний буюу 144,020,373 төгрөгийн хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Р.Э-ыг бүлэглэж, албан тушаалын байдлаа ашиглаж; бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Эрүүгийн хуулийн 23.5 дугаар 1 дэх хэсэгт Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол “хайнга хандах” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Т.Э-, Б.Б- нар нь Д-ХК-д ажиллаж байхдаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан үүргээ биелүүлж, алдаа дутагдлыг илрүүлж, холбогдох удирдлагууддаа мэдэгдэж байсан болох нь энэ хэрэгт шинжээчээр ажилласан Б.Ж-ы өгсөн: ... Д-ХК-ийн касс дахь бэлэн мөнгийг 11 удаа тоолсон байдаг”  /7-р хавтаст хэрийн 103-104/ гэх мэдүүлэг, Санхүүгийн албаны дарга, нягтлан, нярав нарын гарын үсэг бүхий бэлэн мөнгөний тооллогын баримт /7-р хавтаст хэргийн 14-р хуудасны ард гараар бичсэн/, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Т.Э-, Б.Б- нар gнхан шатны баримтгүйгээр кассаас мөнгө дутагдсан тухай бүр компанийн гүйцэтгэх удирдлагад мэдэгдэхээс өөрөөр ямар үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар нягтлан бодогч нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад баримт бичиг, мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд шаардан гаргуулах; нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах; аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах; хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх эрхтэй бөгөөд нярав Э.У-д анхан шатны баримтгүй, ямар нэгэн зөвшөөрөл гарын үсэггүйгээр гүйлгээ хийх нөхцлийг тухайн компанийн захирлаар ажиллаж байсан Р.Э-, мөн санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Д.Б- нар бүрдүүлж, тухайн цаг хугацаанд ажиллаж байсан нягтлан бодогч нарыг ажлаа зохих хууль тогтоомжийн дагуу хийж гүйцэтгэх нөхцөлгүй болгожээ.

Бэлэн мөнгөний нярав нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан анхан шатны баримтгүйгээр кассын орлогоос бэлэн мөнгө зарлагадсан тохиолдолд кассын үлдэгдлийг тоолохоос өөрөөр хяналт тавих боломжгүй болох ба кассын орлогоос дутагдал илэрсэн тухай бүр удирдлагадаа мэдэгдэж байсан талаарх Т.Э-, Б.Б- нарын мэдүүлгийг шүүгдэгч Р.Э- үгүйсгээгүй байна.

Шүүгдэгч Э.У- кассын орлогын дутагдлыг дараа тайлангаас үүссэн дутагдал гэж тайлбарлаж байжээ.

Компанийн гүйцэтгэх удирдлага уг дутагдлыг хэрхэн үүссэнийг тодруулж ТУЗ-д танилцуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл хуулийн байгууллагад мэдэгдсэн бол уг дутагдлын хэмжээ өсөхгүй байх боломжтой байсан байна.

Д-ХК-ийн кассын орлогоос 144,020,373 төгрөг дутагдахад Т.Э-, Б.Б- нар оролцоогүй, амаар болон бичгээр хууль бус даалгавар өгч байгаагүй, хариуцсан ажлаа зохих ёсоор гүйцэтгэж байсан, кассын орлогоос дутагдсан талаар удаа дараа мэдэгдэж байсан, кассын няраваас дутагдал яагаад гарсан талаар тайлбар шаардаж байсан, ямар нэгэн тайлбар өгөөгүй учраас удаа дараа шалгалт явуулж эцэст нь аргагүйн эрхэнд хуулийн байгууллагад хандсан, Т.Э-, Б.Б- нарын үйлдэлд “албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй”, хайнга хандах гэмт хэргийн шинжгүй, кассаас бэлэн мөнгө дутагдахад нягтлан бодогч нар оролцоогүй байх тул шүүгдэгч Т.Э-, Б.Б- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан ялаас 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд  1 дэх хэсэгт заасан нь оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгч Р.Э-, Э.У- нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул шүүгдэгч Р.Э-, Э.У- нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон зөв байна.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор тухайн этгээдийг яллагдагчаар татсан бол хөөн хэлэлцэх хугацаа зогсох ба энэхүү процессын хэм хэмжээний мөн чанарыг агуулсан зохицуулалт нь хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлснээсээ хойш үйлчлэх бөгөөд уг заалт өөрчлөгдөхөөс өмнө мөрдөж байсан зохицуулалтыг буцааж хэрэглэхгүй, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт болон шүүхийн шатанд хянагдаж буй хэрэгт "гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох" зохицуулалтыг хэрэглэнэ” гэж тайлбарласан бөгөөд шүүгдэгч Р.Э-, Э.У- нарыг хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан, шүүгдэгч нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

  1. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Хохирогч байгууллагын төлөөлөгч Г.Б- Д-ХК-д их хэмжээний хохирол учруулахад тухайн хугацаанд ажиллаж байсан гүйцэтгэх захирал, кассын нярав, ерөнхий нягтлан нарыг буруутай үйл ажиллагаа гэж үзэн 144,020,373 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Б-ээс 17,982,101 төгрөг, Э.У-аас 59,228,839 төгрөг, Р.Э-аас 42,347,868 төгрөг, Т.Э-ээс 24,395,767 төгрөгийг тус тус нэхэмжилж байна” гэжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх ёстой.

Бэлэн мөнгөний кассаас дутагдал гарсан хугацаа буюу 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд тухайн байгууллагад шүүгдэгч Р.Э-, Э.У- нар нь бүтэн ажиллаж байсан байна.

Кассын нийт орлогын зарцуулалтыг нярав Э.У- хариуцаж байсан боловч шүүгдэгч Р.Э- нь их хэмжээний дутагдал гарахад хамтран оролцсон болох нь тогтоогдсон тул нийт хохирлыг гэм хэрэг үйлдэхэд хамтран оролцсон оролцоог харгалзан, нийт 144,020,373 төгрөгийн хохирлыг 100 хувь гэж үзэн, шүүгдэгч Э.У-аас 70 хувь буюу 100,814,261 төгрөг, шүүгдэгч Р.Э-аас 30 хувь буюу 43,206,112 төгрөг гаргуулж хохирогч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Р.Э- мөрдөн байцаалтын шатанд 12,357,653 төгрөг, ял эрүүгийн хариуцлагын хуралдааны өмнө завсарлага авсан хугацаанд 18,000,000 төгрөгийг Д-ХК-ийн дансанд төлсөн байх тул үлдэгдэл 12,848,458 төгрөгийг шүүгдэгч Р.Э-аас гаргуулан Д-ХК-д олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Р.Э- нь үлдэгдэл 12,848,458 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 08 дугаар сарыг дуусах хүртэлх хугацаанд сар тутам 1.070.704 төгрөгөөр төлж барагдуулахаар Д-ХК-тай хэлцэл хийсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.У-ын төлвөл зохих хохирлоос түүний нэрийн өмнөөс Хишигжаргалын Д-ХК-д төлсөн гэх 700,000 төгрөг, ял эрүүгийн хариуцлагын хуралдааны өмнө завсарлага авсан хугацаанд төлсөн 2,600,000 төгрөгийг тус тус хасаж, 97,514,261 төгрөгийг шүүгдэгч Э.У-аас гаргуулж Д-ХК-д олгохоор шийдвэрлэв.

  1. Ял эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Р.Э-, Э.У- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийг “бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх, учруулсан хохирлын тодорхой хувийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон ял эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гэмт хэргийн улмаас учирсан, шүүхийн шийтгэх тогтоолоор гаргуулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулах ялын төрлөөс торгох ялын доод хэмжээгээр ял шийтгэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөх үүрэг хүлээлгэж, торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Энэ хэрэгт шүүгдэгч Р.Э-, Э.У- нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн хавтастай “Кассны бэлнээр орсон орлого, зарлагын дэвтэр 1” гэх хаягтай дэвтэр, ягаан өнгийн хавтастай “Кассны бэлнээр орсон орлого, зарлагын дэвтэр 2” гэх хаягтай дэвтэр, бор өнгийн хавтастай “Кассын орлого зарлагын баримт 3” гэх хаягтай гараар үдсэн баримт, Э.У-ын өөрөө нааж дугаарласан санхүүгийн 86 ширхэг баримт зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн болон “Пийк ом аудит” ХХК-аар шинжилгээ хийлгэж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан зардлыг хэлэлцэхгүй орхиж, жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Э-, Э.У-, Б.Б-, Т.Э- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Б-, Т.Э- нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д- овогт Б-ын Б-, Ц- овогт Т-ын Э- нарт холбогдох эрүүгийн 201509000748 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, О- овогт Р-гийн Э-ыг бүлэглэн, бусдын итгэмжлэгдсэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглан завшиж, их хэмжээний хохирол учруулсан; 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б- овогт Э-ийн У-ыг бүлэглэж, бусдын итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан; 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар Р.Э-т 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Э.У-д 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,000,000 /арван сая / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э-, Э.У- нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд сар бүр 277,778 /хоёр зуун далан долоон мянга долоон зуун далан найман/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э-ыг хохирогчтой тохиролцсон хугацаанд хохирлыг төлөх, шүүгдэгч Э.У-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хохирлыг нөхөн төлөх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э-аас 12,848,458 /арван хоёр сая найман зуун дөчин найман мянга дөрвөн зуун тавин найман/ төгрөг, шүүгдэгч Э.У-аас 97,514,261 /ерөн долоон сая таван зуун арван дөрвөн мянга хоёр зуун жаран нэгэн/ төгрөг тус тус гаргуулж Д-ХК /РД:/-д олгосугай.

 

7. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн болон “Пийк ом аудит” ХХК шинжээчийн зардалтай холбоотой нэхэмжлэлийг хэлэлцээгүй бөгөөд жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн хавтастай “Кассны бэлнээр орсон орлого, зарлагын дэвтэр 1” гэх хаягтай дэвтэр, ягаан өнгийн хавтастай “Кассын бэлнээр орсон орлого, зарлагын дэвтэр 2” гэх хаягтай дэвтэр, бор өнгийн хавтастай “Кассын орлого зарлагын баримт 3” гэх хаягтай гараар үдсэн баримт, Э.У-ын өөрөө нааж дугаарласан санхүүгийн 86 ширхэг баримт зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Э-, Э.У-, Б.Б-, Т.Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Б-, Т.Э- нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.ГЭРЭЛТ-ОД