Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 1009

 

 

 

 

 

      2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2018/01009

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооо, Нарны зам-87, НСКБ барилгын 2, 4 давхарт байрлах “М”ХХК /РД: 5473489/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 29 дүгээр байрны 39 тоотод оршин суух Монгол орон овогт Чойжоогийн М /РД: ЧГ82052273/-т холбогдох

            тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний үүрэгт 243.100 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Оюунсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ   нь:

          Нэхэмжлэгч “М”ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Ч.М болон “М”ХХК нар нь Иргэний хуулийн 431.1-т заасныг үндэслэн 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 1 жилийн хугацаатайгаар тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, даатгуулагч Ч.М нь 265.000 төгрөгийн даатгалын хураамжийг даатгагчид төлөхөөр тохиролцож, эрсдэлээ даатгуулсан. Гэтэл 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр даатгалын хураамжид 21900 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 243.100 төгрөгийн даатгалын хураамжийг төлөхгүй байна. Манай компнийн зүгээс даатгуулагч Ч.Мтай удаа дараа холбогдож даатгалын хураамжийн үлдэгдэлийг төлж барагдуулахыг хүссэн. Гэвч Ч.Маас гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно. Иймд Ч.Маас Иргэний хуулийн 431.1-т даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т даатгуулагч даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлөх үүргийг хүлээнэ гэж заасны дагуу даатгалын гэрээний хураамжийн үлдэгдэл 243.100 төгрөгийг “М”ХХК-нд гаргуулж өгнө үү гэв.

      Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

         Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Ч.Мт мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

           Нэхэмжлэгч “М”ХХК нь хариуцагч Ч.Мт холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 243.100 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            Хариуцагч Ч.М, “Мандал женерал даатгал”ХХК нарын хооронд 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулагдаж, хариуцагч Ч.М нь Тоёота приус маркийн 44-62 УНЧ маркийн автомашиныг 10.000.000 төгрөгөөр үнэлж, 1 жилийн хугацаатайгаар нэхэмжлэгч “М”ХХК-нд даатгуулсан байна. /хх-5/

Энэхүү даатгалын гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

            Даатгагч “Мандал женерал даатгал”ХХК нь оноосон нэрээ “М”ХХК болгон өөрчилсөн байх бөгөөд ийнхүү өөрчлөгдсөн нэрийн дагуу даатгуулагчаас даатгалын хураамжийн үлдэгдэл төлбөрийг шаардсан нь үндэслэлтэй байна. /хх-6/

           Даатгуулагч нь даатгалын хураамжид 265.000 төгрөг төлөхөөр тохиролцсоноос 21.900 төгрөгийг төлж, үлдсэн 243.100 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, авлага дансны хуулгаар нотлогдож байна.

            Хариуцагч Ч.М нь Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасан даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч “М”ХХК-иас даатгалын хураамжийн үлдэгдэл төлбөр 243.100 төгрөгийг шаардсан нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт нийцэж байх тул хариуцагч Ч.Маас даатгалын хураамжийн үлдэгдэл 243.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М”ХХК-нд олгох үндэслэлтэй байна.

            Нөгөөтэйгүүр  хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй.     

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7943 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 7943 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.     

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                

      

ТОГТООХ нь:

         1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Маас 243.100 /хоёр зуун дөчин гурван мянга нэг зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М”ХХК-нд олгосугай. 

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 7943  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Маас улсын тэмдэгтийн хураамжинд 7943 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М”ХХК-нд олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

                   

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР