Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар  2022/ШЦТ/761

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,  

улсын яллагч Н.Улсболд,

хохирогч Ж.Ж,

иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, Ж.Г,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Ц холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000000679 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 6 дугаар сарын 05ы өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоноглолын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** байр, ** тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Саруул хороолол, ** дугаар байр, ** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б-ы Ц (РД:*************).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Цнь 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, **дугаар байрны гадна “И” ХХК-ийн барьцаанд байсан Toyota Prius-30 маркын ***УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохирогч Ж.Жд 17,000,000 төгрөгөөр зарахаар тохирч улмаар “Маргааш банк бус санхүүгийн байгууллагад очиж нэрээ шилжүүлнэ” хэмээн хуурч өөрийн ...дугаар дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Цшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Өрөө дарах зорилготой байсан. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Хохирлыг төлнө. Ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хохирогч Ж.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр зар оруулсан. Ц “машин байна” гэхээр нь зургийг харсан. Үзээд 17 сая төгрөгөөр авахаар болж, мөнгийг шилжүүлсэн. Маргааш нэр шилжүүлье гээд алга болсон. 18,370,000 төгрөг нэхэмжилж байна. Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгааг мэдэж байсан. Хохирлоо хурдан гаргуулж авмаар байна” гэв.

Иргэний нэхэмжлэгч “И” ХХК-ийн төлөөлөгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 4 дүгээр сарын 06-нд машин худалдаж авахдаа манайхаас зээл авсан. Эхнэр Б хамтран зээлдэгчээр оролцсон. Сард 750,000 төгрөг өгөхөөр байсан. 2022 оны 3 дугаар сарын 11-нд тээврийн хэрэгслийн гэрчилгээг Ж барьчихсан, нэрээ шилжүүлнэ гээд ирсэн. 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөр тооцож 13,495,527 төгрөгийг нэхэмжилж байсан. Барьцаа хөрөнгөө авах хүсэлтэй байна. 16,204284 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Гшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр “И” ХХК өмчлөгчөөр бүртгэгдсэн байгаа. Шүүгдэгч, хохирогч нарын хооронд хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн. Шударга эзэмшигчид тээврийн хэрэгслийг олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.  

 

Эрүүгийн 2208000000679 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ж.Жын: “...2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 16 цаг 10 минутад “Приус-30 эзэмшигчдийн групп руу өөрийн хаягаас “хувь хүнээс бэлнээр 17,000,000 төгрөгт багтаан Монгол Улсад 2021 онд орж ирсэн 3 салаа гэрэлтэй “Приус-30 маркын автомашин худалдан авна” гэсэн пост оруулсан. Тэр өдөр 16 цаг 44 минутад Б Ц гэх хаягаас 11, 21 онтой эс тоуринг байна, гурван ширхэг батарей муудсан, урд гуфер жаахан асуудалтай гэсэн чат бичихээр нь зураг байна уу гэж хариу явуулахад удалгүй уг тээврийн хэрэгслийн 4 ширхэг зураг ирсэн. Улмаар Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 22 дугаар байрны гадна хүрээд ир, үзэж хараад авъя гээд өөрийн утсаа үлдээхэд 20 цаг 30 минутын үед байрны гадна ирсэн. Уг тээврийн хэрэгслийг үзэж хараад ярилцахад уг эрэгтэй энэ машин банк бус дээр лизингтэй байгаа, үнэ хөлс тохирох юм бол банк бусын өрийг барагдуулаад өөрийн чинь нэр дээр шилжүүлээд өгнө гэсэн. Уг тээврийн хэрэгслийн урд гуфер бага зэргийн хугарч хагарсан сэвтэй, жолоочийн эсрэг талын хойд хаалга 30 орчим см зурагдалтын сэвтэй, хойд жижиг шилний дээд хэсэгт төмөр нь хонхойж хумсны лакаар будсан байсан. Машиныхаа 3 ширхэг батарей муу гэж хэлээд 17,000,000 төгрөгт авахаар харилцан тохиролцож улмаар өөрийн интернэт банкнаас Ц гэх хүний дансанд “машины төлбөр” гэж бичээд 17,000,000 төгрөгийг шилжүүлэн, тээврийн хэрэгслийг авч үлдэн маргааш нэр шилжүүлэхээр болж салсан. Маргааш өглөө уг эрэгтэйн утас руу бэр эгч И.Наранцэцэг залгахад “утсаа авахгүй байна” гэж хэлэхээр нь би залгахад утсаа авахгүй байж байгаад авсан. Ингээд “Би танай бэр эгч гэх хүнтэй сая холбогдсон, Чулуун овоонд байрлах “И” банк бус дээр уулзахаар болсон” гэж хэлэхээр нь “за за” гээд утсаа таслаад эгчтэйгээ банк бус руу очоод дахин залгахад утсаа унтраачихсан байсан. Ингээд тээврийн хэрэгслийн нэр шилжих боломжгүй алга болчихсон болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан.

Хурдан хугацаанд дээрх сэв, болон засвар үйлчилгээг хийлгэж зарах гэж яарсан учраас Гэмтлийн эмнэлгийн баруун талд байрлах Вьетнам засварын газрын монгол ажилтан О гэх хүнтэй уулзаж гадна хэрэглээний сэвүүдийг 700,000 төгрөгөөр, 5 ширхэг батарейг 300,000 төгрөгөөр, под карлан 2 ширхгийг 280,000 төгрөгөөр, моторын доод ангийн хаалт болох элгэвч 1 ширхгийг 90,000 төгрөгөөр бодож засвар үйлчилгээг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хийлгүүлсэн. Би 18,370,000 төгрөгийн хохирол учирсан тул нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дэх тал),

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.04.18-ны өдрийн Ц-658 дугаар тайланд: “...**** УАС улсын дугаартай “Приус-30” автомашины үнэлгээ 21,900,000 төгрөг” гэжээ  (хавтаст хэргийн 72-74 дэх тал),

Иргэний нэхэмжлэгч С.Б-гийн: “...Тухайн ***УАС улсын дугаартай Тоёота приус-30 маркын тээврийн хэрэгслийг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Б.Цнь “Эко кар центр” ХХК-аас 18,590.000 төгрөгөөр худалдан авахдаа 2,000,000 төгрөгийн урьдчилгаа төлж үлдэгдэл 16,590,000 төгрөгийн зээлийг манай байгууллагаас гаргуулж, уг тээврийн хэрэгсэл манай өмчлөлд шилжсэн. 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөр үндсэн зээлийн үлдэгдэл 12,585,894 төгрөг байгаа. Дээрх дүнгээс дараагийн хуваарьт төлбөрийн өдөр болох 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хүү 352,405 төгрөг, тухайн тээврийн хэрэгслийн торгууль бэлэн бусаар 220,000 төгрөг, албан журмын татвар 43,128 төгрөг, зам ашиглалтын татвар 20,000 төгрөг, албан журмын даатгал 89,100 төгрөг, тээврийн хэрэгслийн даатгал 185,000 төгрөг зэрэг төлбөрүүд нэмэгдэн нийт 13,495,527 төгрөгийг Б.ЦогЖаас нэхэмжилж байна. Барьцааны болон зээлийн гэрээний дагуу манай компанийн нэр дээр өмчлөлтэй байгаа тул ***УАС улсын дугаартай “Тоёота приус-30” маркын тээврийн хэрэгслийг худалдан авахаар мөнгө шилжүүлсэн гэх хүнээс авч өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

Гэрч И.Н-ийн: “...Би дүү Жаас тухайн машин зарсан хүний утасны дугаарыг аваад 2022 оны 3 дугаар сарын 10-ны өглөө 10 цаг 35 минутад залгаад ярьсан. Тухайн хүн “Эгчээ би Налайхад ажилладаг, өдрийн цайны цагаар тантай Чулуун овооны тэнд байдаг банк бус санхүүгийн байгууллагын гадна уулзаад машины нэрийг шилжүүлээд өгье” гэж хэлсэн. 12 цаг 40 минутад нөгөөх хүн рүү залгахад “Би ажлаасаа гараагүй байна. Та нөгөө газраа хүлээж байгаач” гэхээр нь би банк бусын гадна хүлээгээд байсан боловч ирээгүй. 14 цаг 50 минутад залгахад дугаар нь холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд би ажилтай байсан тул жаахан хүлээж байгаад явчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал),

Гэрч Б.О-ийн: “2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр санагдаж байна. Ж.Ж гэх манайхаар байнгын машин засуулдаг зүс таних залуу манай авто засварын газарт ирээд ***УАС улсын дугаартай “Тоёота приус 30” маркын тээврийн хэрэгсэл засвар үйлчилгээнд оруулах гэсэн юм гэхээр нь би вьетнам ажилчинтай хамт үнэлгээ гаргахад урд гуфер бага зэргийн хугарч хагарсан сэвтэй, жолоочийн эсрэг талын хойд хаалга 30 орчим см зурагдалтын сэвтэй, хойд жижиг шилний дээд хэсэгт төмөр нь хонхойж хумсны лакаар будсан зэрэг засвар үйлчилгээ хийлгэх шаардлагатай байсан тул 700,000 төгрөгөөр тохирч хүлээн авсан. Манайд засварын ажил хийлгүүлж байхдаа уг эрэгтэй тухайн тээврийн хэрэгсэлд батарей, машины урд, хойд элгэвч зэрэг зүйлийг сольж байхыг нь би харсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал),

Гэрч Г.Э-гийн: “ЦогЖ гэдэг залуу 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн миний 2 өрөө орон сууцыг нэг сарын 1,300,000 төгрөгөөр түрээслэн сууж байгаа. Ц гэдэг залуутай түрээсийн гэрээ байгуулж 3 сарын түрээс болон 1 сарын барьцаа мөнгө гэж миний данс руу нийт 5,200,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дахь тал),

Шүүгдэгч Б.-ын яллдагчаар өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “Приус эзэмшигчдийн групп” хаягт “Монгол Улсад 2021 онд орж ирсэн, 3 салаа гэрэлтэй, “Приус 30” маркын автомашин 17,000,000 төгрөгт багтаан авна” гэсэн пост оруулсан байхаар нь өөрийн Б-ы Ц гэх хаягнаас “11, 21 онтой 3 ширхэг батарей муудсан, Приус 30 машин байна” гээд явуултал зураг явуул гэж хэлсэн. Машиныхаа зургийг явуултал Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, *** дугаар байрны гадна ирээд үзүүлчих гээд өөрийн дугаараа үлдээсэн байхаар нь тэр өдрийн 21 цагийн орчим явж очиход Ж гэх эрэгтэй гарч ирээд машиныг үзэж харж байгаад “17,000,000 төгрөгөөр зарвал одоо шилжүүллээ, эгчдээ авч өгч байгаа юм” гээд хэлэхээр нь тохирч 17,000,000 төгрөгийг өөрийн тоот дансаар тэр даруй шилжүүлэн авсан. Тэгээд уг залууд машинаа үлдээгээд “маргааш надтай утсаар холбогдоод тээврийн хэрэгслийн нэрээ шилжүүлээд аваарай, би банк бусад үлдэгдэл тооцоогоо барагдуулна” гэж хэлчихээд явсан. Гэр лүүгээ харьж явахдаа их хэмжээний мөнгө ороод ирсэн учраас уг эрэгтэйн утсыг авахгүй гэж шийдээд авсан мөнгөөрөө түрээслэн амьдарч байгаа байрны 3 сарын төлбөр, барьцаа нэг сарын төлбөрийн хамт 5,200,000 төгрөгийг байрны эзэн Э-гийн данс руу шилжүүлсэн. Дээрх мөнгөнөөс 5,000,000 төгрөгийг мөрийтэй тоглоом тоглоод зээлээр авсан байсан Г гэх хүнд бэлнээр авч өгсөн. 5,000,000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр данснаасаа авч “Эс эм” гэх эрэгтэйчүүдийн эмнэлэгт нарийвчилсан цусны шинжилгээ өгч 120,000 төгрөгийг бэлнээр өгсөн, “Гарьд манлай” эмнэлэгт бэлэг эрхтнээ үзүүлж эмчилгээний зөвлөгөө авч 40,000 төгрөг төлсөн. Зүс таних хүнээр бэлэг эрхтэн томруулах эмчилгээг 1,500,000 төгрөг өгч хийлгүүлсэн. Такси, хоол унд, эм тариа зэрэг зүйл хэрэглээд Ж.Жаас авсан 17,000,000 төгрөгийг үрж барагдуулсан. Уг тээврийн хэрэгслийг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “Их тэгш” банк бус санхүүгийн газарт зээлийн гэрээ байгуулж 2,000,000 төгрөгийн урьдчилгаа мөнгийг өгч үлдэгдэл 16,950,000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаас гаргуулан тухайн “Приус-30” маркын тээврийн хэрэгслийг нэр дээр шилжүүлж авсан. Сар болгон төлбөр тооцоогоо төлж байгаад 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш огт төлөөгүй байгаа нь үнэн. Миний хувьд уг тээврийн хэрэгслийг бусдад зарчихаад банк бусынхаа өрийг дараад өргүй үлдэнэ гэж бодож байгаад буруу зүйл хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо түргэн хугацаанд барагдуулна гэж бодож байна. Өөрийн шуналаас болж бусдад хохирол учруулсандаа гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93-94 дэх тал),

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-1), цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (хх-2), “Хөрөнгийн шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах тухай” прокурорын тогтоол (хх-5), шүүгдэгчийн эзэмшлийн дансны орлого, зарлагын гүйлгээний шилжилт, хөдөлгөөнийг хязгаарласан тухай албан бичиг (хх-6), “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол (хх-8-9), эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-10-11), хохирогчийн дансны хуулга (хх-22), иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол (хх-23), “И” ХХК, Б.Цнарын хооронд хийсэн барьцаат зээлийн гэрээ (хх-30-33), жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт (хх-39), шүүгдэгчийн дансны хуулга (хх-44-47), Б.Ц-ын орон сууц хөлслөх гэрээний хуулбар (хх-66-69), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний хөлсний баримт (хх-71), гэрч Б.Б-гийн мэдүүлэг (хх-101-102),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-103), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-97), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-104-105), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-106), жолоодох эрхийн лавлагаа (хх-107), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-108) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн 1 хуудас “И” ХХК-ийн мэдэгдэх хуудас, хохирол төлсөн баримт 1 хуудас,

иргэний нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн ***УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн 03173167 дугаар гэрчилгээг тус тус уншиж шинжлэн судлав.

Харин шүүгдэгч Б.Цын гэрчээр өгсөн мэдүүлэг (хх-42-43)-ийг шүүх үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Цнь 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны гадна “И” ХХК-ийн барьцаанд байсан Тоёота Приус-30 маркын ***УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ж.Жд 17,000,000 төгрөгөөр зарахаар тохирч улмаар “Маргааш банк бус санхүүгийн байгууллагад очиж нэрээ шилжүүлнэ” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн дансаар шилжүүлэн авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдох байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч Б.Цнь автомашины нэрийг зохих ёсоор буюу маргааш нь шилжүүлнэ гэсэндээ шилжүүлээгүй. Хохирогч Ж.Жд 18,370,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Б-д 13,495,527 төгрөг, шинжилгээний хөлс 120,000 төгрөг тус тус гаргуулж, тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгчид олгуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэрээний эрх зүй, Эрүүгийн эрх зүйн ялгааг тогтоох ёстой. Зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэдэг нь эргэлзээтэй. Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсныг хохирогч мэдэж байсан. Тээврийн хэрэгслийг хохирогчийн эзэмшилд шилжүүлсэн байгаа. Цын хөрөнгө байсан, үүнийг барьцаалсан. Иргэний нэхэмжлэгчийн хөрөнгө 100% биш, шүүгдэгч, хохирогч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 заасан харилцаа үүссэн...” гэж,

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч “Банк бус санхүүгийн байгууллагын эд хөрөнгөд хохирол учирсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр “И” ХХК өмчлөгчөөр байгаа. Шүүгдэгч хохирогч нарын хооронд хийгдсэн аман гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байсан. Нэхэмжлэлийг шийдэж өгнө үү...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Цнь 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 22 дугаар байрны гадна “И” ХХК-ийн барьцаанд байсан Toyota Prius-30 маркын ***УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохирогч Ж.Жд 17,000,000 төгрөгөөр зарахаар тохирч улмаар “Маргааш банк бус санхүүгийн байгууллагад очиж нэрээ шилжүүлнэ” хэмээн хуурч өөрийн тоот дансаар 17,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Ж.Жын “...2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 16 цаг 10 минутад “Хувь хүнээс бэлнээр 17,000,000 төгрөгт багтаан ...автомашин худалдан авна” гэсэн пост оруулсан. Б Ц гэх хаягаас хариу ирсэн.  ...уг тээврийн хэрэгслийг 17,000,000 төгрөгт авахаар тохиролцож өөрийн данснаас ЦогЖ гэх хүний дансанд 17,000,000 төгрөг шилжүүлэн, маргааш тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэхээр болж салсан. ...Утсаа унтраачихсан байсан, нэр шилжих боломжгүй алга болчихсон...” гэх мэдүүлэг (хх-19-20), иргэний нэхэмжлэгч С.Бгийн “...Б.Цнь уг тээврийн хэрэгслийг худалдан авахдаа 2,000,000 төгрөгийн урьдчилгаа төлж үлдэгдэл 16,590,000 төгрөгийн зээлийг манай байгууллагаас гаргуулж, уг тээврийн хэрэгсэл манай өмчлөлд шилжсэн...” гэх мэдүүлэг (хх-26-27), гэрч И.Нийн “...дүү Жаас тухайн машин зарсан хүний утасны дугаарыг аваад 2022 оны 3 дугаар сарын 10-ны өглөө 10 цаг 35 минутад ярьсан. Тухайн хүн “Эгчээ би Налайхад ажилладаг юм. Өдрийн цайны цагаар тантай Чулуун овооны тэнд байдаг банк бус санхүүгийн байгууллагын гадна уулзаад машины нэрийг шилжүүлээд өгье” гэж хэлсэн. Хүлээж байгаад 14 цаг 50 минутад залгахад тухайн хүний дугаар холбогдох боломжгүй болсон байсан...” гэх мэдүүлэг (хх-50-51), гэрч Б.Огийн “...Ж ...***УАС улсын дугаартай “Тоёота приус 30” маркын тээврийн хэрэгслийг ...700,000 төгрөгөөр тохирч засвар болон будгийн ажил хийхээр хүлээн авсан...” гэх мэдүүлэг (хх-59-60), шүүгдэгч Б.Цын “...17,000,000 төгрөгийг өөрийн тоот дансаар тэр даруй шилжүүлэн авсан. Уг залууд машинаа үлдээгээд “маргааш утсаар холбогдоод тээврийн хэрэгслийн нэрээ шилжүүлээд аваарай, би банк бусад үлдэгдэл тооцоогоо барагдуулна” гэж хэлчихээд явсан. Гэр лүүгээ харьж явахдаа их хэмжээний мөнгө ороод ирсэн учраас уг эрэгтэйн утсыг авахгүй гэж шийдсэн. ...Буруу зүйл хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-93-94) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Цын “Toyota Prius-30” маркын, ***УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг 17,000,000 төгрөгөөр зарахаар тохирч, тээврийн хэрэгслийг хохирогч Ж.Жд шилжүүлсэн атлаа “маргааш банк бус санхүүгийн байгууллага дээр очиж нэрээ шилжүүлнэ” гэж хохирогч Ж.Жыг хуурч 17,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохиомол байдлыг зориудаар бий болгосон” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн шинж нь хэрэгт авагдсан нотлох баримт, шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, шүүхээс тогтоогдсон дээрх үйл баримтын хүрээнд нотлогдон тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдлийг хуурамч мэдээллээр болон хуурамч бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх зэрэг аргаар үйлдэгдээгүй байна гэж дүгнээд зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзснийг тэмдэглэж байна.

Иргэний эрх зүйн харилцаанд эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа буюу эд хөрөнгө худалдаж байгаа этгээд нь тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй байдаг. Харин шүүгдэгч Б.Цэд хөрөнгийн доголдлын талаар буюу “банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа, маргааш өмчлөгчийн нэрийг нь шилжүүлье” гэж хэлсэн атлаа үүргээ биелүүлэлгүй утсаа салган, алга болсон, зээлээр худалдан авсан зүйлээ бусдад зарж борлуулаад үнийг нь зохих этгээдэд төлөөгүй, төлөх боломжтой байхад бусдын эд хөрөнгийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд худалдан авалт хийж байгаа хохирогчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхэлсэн, итгэл эвдсэн санаатай үйлдэл болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Жд 17,000,000 төгрөг, автомашинд засвар үйлчилгээ хийсэн 1,370,000 төгрөг буюу нийтдээ 18,370,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт 8,000,000 төгрөг төлж барагдуулсан тул шүүгдэгч Б.Цаас нийт 10,490,000 төгрөг гаргуулж, 10,370,000 төгрөгийг хохирогч Ж.Ж (Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, **** тоотод оршин суух, РД:*****, утас:9566***)-д, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох тээврийн хэрэгслийн хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 120,000 төгрөгийг “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбар (РД:567****)-т тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний нэхэмжлэгч “И” ХХК-д 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 12,585,894 төгрөг, 352,405 төгрөг, тээврийн хэрэгслийн торгууль бэлэн бусаар 220,000 төгрөг, албан журмын татвар 43,128 төгрөг, зам ашиглалтын татвар 20,000 төгрөг, албан журмын даатгал 89,100 төгрөг, тээврийн хэрэгслийн даатгал 185,000 төгрөг, нийтдээ 13,495,527 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Б.Цо-аас 13,495,527 төгрөгийг гаргуулж, “И” ХХК (Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, **, 39 тоот, РД:****), хууль ёсны төлөөлөгч С.Болормаад олгохоор шийдвэрлэж, бусад хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж байна.

Түүнчлэн “Toyota Prius-30” маркын ***УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь энэ хэргийн иргэний нэхэмжлэгч “И” ХХК болох нь зээлийн болон барьцааны гэрээ (хавтаст хэргийн 30-33 дахь тал), тээврийн хэрэгслийн 0317**** дугаар гэрчилгээгээр тогтоогдож байх тул тухайн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2 дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, прокурорын 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” 9 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож, ***УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэрчилгээний хамт шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны өмчлөгч “И” ХХК, хууль ёсны төлөөлөгч С.Б*д олгох, шүүгдэгч Б.Цын Хаан банк дахь 5749**** тоот дансны орлого, зарлагын гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг цуцлах ажиллагааг хийхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлөх боломжтой байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлж байгаа, тодорхой хэмжээгээр төлж байгааг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг багасгаж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж болно. 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (өөрийн зээлээр худалдан авсан тээврийн хэрэгслийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж бусдад 17,000,000 төгрөгөөр зарахаар тохирсон атлаа “маргааш банк бус санхүүгийн байгууллагад очиж нэрээ шилжүүлнэ” хэмээн хохирогчийг хуурч, бусдын эд хөрөнгийн эрхэд халдан мөнгийг шилжүүлэн авсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 18,370,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, хохиролд 8,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 10,370,000 төгрөг төлөгдөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 120,000 төлөгдөөгүй, хохирогч “Хохирлоо авбал гомдол саналгүй” гэх, иргэний нэхэмжлэгч “И” ХХК-д 13,495,527 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, хохирол төлөгдсөн зүйлгүй), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын шүүгдэгчийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлөх, 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, тухайн зүйл, хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр оногдуулах тухай” эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Тухайлбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялаас чөлөөлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ авах хуулийн зохицуулалт нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улмаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хэрэглэхээр заасан төдийгүй шүүхэд үүрэг болгосон заалт биш, эрх олгосон заалт болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасныг болон шүүхээс тогтоосон гэмт хэрэг үйлдэгдсэн үйл баримт, нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.     

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ццагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Х овогт Б-ы Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц 500 (таван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цнийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ЦогЖаас 23,865,527 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Ж (Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, *** тоотод оршин суух, РД:****, утас:956**)-д 10,370,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “И” ХХК (Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ** дүгээр хороолол, *** тоот, РД:64**), хууль ёсны төлөөлөгч С.Б*д 13,495,527 төгрөгийг тус тус олгосугай.

5. Хэрэгт “Toyota Prius-30” маркын ***УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн” прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2 дугаар тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг гэрчилгээний хамт хууль ёсны өмчлөгч “И” ХХК (төлөөлөгч С.Болормаа)-д олгож, прокурорын 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” 9 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Цын Хаан банк дахь 5749**** тоот дансны орлого, зарлагын гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг хэрэгжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цаас тээврийн хэрэгслийн үнэлгээний хөлс болох 120,000 төгрөгийг гаргуулж, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбар (РД:567***)-т олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Ццагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Б.ЦогЖд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР