Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 1051

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2018/01051

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 14 дүгээр гудамжны 527 тоотод оршин суух Соёолон бор овогт Лхагвасүрэнгийн Б /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, өөрийн байранд байрлах Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудал /РД: /-д холбогдох,

           ажилгүй байсан хугацааны олговор 14.181.859 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн иргэний хэргийг 2018 оны 03 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Энхмандах, хариуцагчийн төлөөлөгч Б.Алтаншагай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Л.Болд-Эрдэнийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Л.Б нь Чингис хаан олон улсын нисэх буудалд аюулгүй байдал, хамгаалалтын албаны харуул хамгаалалтын албаны ажилтнаар ажиллаж байгаад нисэх буудлын захирлын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/133 дугаар тушаалаар ажлаас халагдсан. Ажлаас буруу халагдсан тул гомдол гаргаж шүүхэд хандаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01287 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1855 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2017/01581 дүгээр тогтоолоор урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон. Гурван шатны шүүхийн шийдвэрээр ажлаас халсан тушаал гаргасан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, хөлсөд 3.779.659 төгрөгийг ажил олгогчоос  гаргуулж Б.Бд олгохоор шийдвэрлэж, дээрх ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө авсан. Харин 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс хойш ажилдаа эргэн орсон өдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийт 245 хоног ажилгүй байсан. Үүнээс 166 өдөр нь ажлын өдөр  байх тул дээрх хугацааны ажилгүй байсан хугацааны олговорт 14.181.859 төгрөгийг хариуцагч Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудлаас гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Нэхэмжлэгч Л.Б ажилдаа эргэн ороод ажилгүй байсан хугацааны цалин хөлснийхөө талаар асуухад чамд ямар ч цалин олгохгүй гэж хэлсэн байдаг. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацааг эрхээ зөрчигдсөнийг мэдсэн үеэс тоолох нь зүйтэй. Иймд 2018 оны 02 дугаар сард эрхээ зөрчигдсөн гэж үзэж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Алтаншагай шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Л.Б нь нэхэмжлэлд дурдсан хугацаанд буюу 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд тухайнг байгууллагад ажил хөдөлмөр эрхлээгүй бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн  49 дүгээр зүйлийн 49.1-д заасны дагуу ажилтны цалин хөлсийг  хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэх заалтын дагуу нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгөн дүнг олгох боломжгүй бөгөөд Л.Болд-Эрдэнийн  оронд өөр ажилтан ажиллаж байсан. Энэ нь дээд удирдах байгууллагаас батлагдсан цалингийн төсвийн хувьд болон холбогдох хуулийн дагуу цалин давхардуулан олгосон болно. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой  байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан бөгөөд Л.Б нь Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол гарсан өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тодорхой хугацааны цалинг  шийдвэрлээгүйг мэдсэн. Гэтэл тухайн хугацаанаас хойш буюу 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр буюу 3 сарын 13 хоногийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

       Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор  14.181.859 төгрөг шаардаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүсчээ.

     Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 8.438.256 төгрөгийн шаардлагыг хангаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн ба үлдсэн 5.743.603 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01287 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1855 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2017/01581 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Л.Болд-Эрдэнийг Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/133 тоот тушаалаар ажлаас халсан нь хууль зөрчсөн гэж үзээд түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажил байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.779.659 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр урьд эрхэлж байсан Аюулгүй байдал, хамгаалалтын албаны харуул хамгаалалтын ажилтнаар ажилд эргүүлэн авсан байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй юм.          

        Зохигчдоос нэхэмжлэгчийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ажилд авсан тушаалыг гаргаж өгөөгүй боловч уг өдрөөс эхлэн ажиллаж байгаа талаар хэн аль нь маргахгүй байх учир зохигчдын тайлбарыг үнэн зөвд тооцсон болно. 

        Нэхэмжлэгч Л.Болд-Эрдэнийн дундаж цалин хөлсийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн магадлалаар нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сарын нийлбэрийн дунджаар тооцон 1.259.886 төгрөгөөр тогтоосныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан дахин нотлох шаардлагагүй үйл баримт гэж үзэх үндэслэлтэй.

      Гэтэл нэхэмжлэгч нь дундаж цалин хөлсийг буруу тооцсон байх тул шүүх зөвтгөж тооцсон ба нэхэмжлэгч Л.Болд-Эрдэнийн 1 сарын дундаж цалин 1.259.886 төгрөгийг 1 сарын ажлын дундаж хоног 21.5-т хувааж нэг өдрийн дундаж цалинг 58.599 төгрөгөөр тогтоов.

      Дээрх нэг өдрийн дундаж цалин болох 58.599 төгрөгийг ажилгүй байсан 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх ажлын 144  хоногоор тооцоход 8.438.256 төгрөгийг нэхэмжлэгчид олгох үндэстэй ба үлдсэн 5.743.603 төгрөгийн шаардлагыг хуульд заасан үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгов.

      Нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгож байгаатай холбогдуулан нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах нь зүйтэй юм.

      Хариуцагчийн төлөөлөгчөөс нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар эрхээ зөрчигдсөн гэж үзвэл  үүнээс хойш 3 сарын дотор  энэ тухайгаа хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгуулагад мэдэгдэх ёстой байсан. Улсын Дээд шүүхийн тогтоол гарсанаас хойш 3 сар 14 хоног өнгөрсөн байгаа учир  хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж мэтгэлцсэн боловч хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг 2018 оны 02 дугаар  сарын 05-ны өдөр ажилд нь эгүүлэн авсанаар шүүхийн шийдвэр гарсанаас хойш ажилд эгүүлэн авах хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрх үүссэн байх ба ийнхүү шаардах эрх үүссэнээс хойш гомдол гаргах 3 сарын хугацаа дуусаагүй байна.

        Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан 3 сарын дотор маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй, хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзнэ.

         Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор 8.438.256 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 228.870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн илүү төлсөн 11 төгрөгийг улсын орлогоос, нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа хэмжээнд ноогдох тэмдэгтийн хураамж 149.962 төгрөгийг хариуцагч байгууллагаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн  тухай  хуулийн  69  дүгээр  зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас 8.438.256 /найман сая дөрвөн зуун гучин найман мянга хоёр зуун тавин зургаа/ төгрөг гаргуулж  нэхэмжлэгч Л.Бд олгож, үлдсэн 5.743.603 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Болд-Эрдэнийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.

          3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228.870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 149.962 төгрөг, улсын орлогоос 11 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид  олгосугай.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

        5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХБАЯР