| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2018/00155/и |
| Дугаар | 1099 |
| Огноо | 2018-05-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 1099
|
|
|
|
| 2018 оны 05 сарын 04 өдөр | Дугаар 183/ШШ2018/01099 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил, Махатма ганди, 19 дүгээр байрны 78 тоотод оршин суух Бөндгөөн овогт Дэлэгдоржийн А /РД: ВЮ71101918/,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Оргил гарден, 85а байрны 203 тоотод оршин суух Дархад овогт Володягийн О /РД: ХК77033106/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-45 тоотод байрлах “Монголын иргэний агаарын тээвэр”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-45 тоотод байрлах “Монголын иргэний агаарын тээвэр”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Даваасүрэн,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-16, Засгийн газрын 9 дүгээр байранд байрлах Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тус тус холбогдох
Зам тээврийн салбарын Төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх тухай 01 дүгээр тогтоолын Д.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажлаагүй хугацааны цалин хөлс гаргуулах, Зам тээврийн салбарын Төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг сонгох тухай 02 дугаар тогтоолын 2 дахь заалтын “МИАТ”ТӨХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Зам тээврийн салбарын Төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг сонгох тухай 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш гарсан шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Аын төлөөлөгч Э.Энх-Эрдэнэ, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Мөнхзул, хариуцагч “Монголын иргэний агаарын тээвэр”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн төлөөлөгч Б.Даваадорж, хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төлөөлөгч Д.Дэлгэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.О, Д.А нар шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: В.О, Д.А бид компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж гэрчилгээжсэн бөгөөд Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж, “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр Төрийн өмчийн хорооны 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 135 дугаар тогтоолоор томилогдсон. Томилогдсоноос хойш хуулиар олгогдсон эрх хэмжээ, үүргийн хүрээнд төлөөлөн удирдах зөвлөлийн ажил үүргийг гүйцэтгэж байсан. Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 01 дүгээр тогтоолд удирдлага болгосон Монгол улсын Засгийн газрын 2016 оны 68 дугаар тогтоолоор Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүдийг өөрчлөх талаар тусгасан ба хараат бус гишүүдийг чөлөөлөх талаар дурдаагүй. Мөн “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь байнгын ажиллагаатай биш тогтмол хуралддаггүй, сүүлийн нэг жилийн хугацаанд хуралдаагүй бөгөөд чөлөөлөгдсөнөө мэдээгүй болно. 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 01 дүгээр тогтоолоор чөлөөлсөн байх бөгөөд энэхүү тогтоолыг өнөөдрийг хүртэл танилцуулж гардуулж өгөөгүй болно. Энэ асуудлаар бид Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно. Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4-д “хувьцаат компани болон төрийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь ес буюу түүнээс дээш гишүүнтэй байх ба тэдгээрийн гуравны нэгээс доошгүй нь хараат бус гишүүн байна”, 75.6-д “хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас энэ хуулийн 75.4т заасан тооны хараат бус гишүүнийг төлөөлөн удирдах зөвлөлд сонгож чадаагүй тохиолдолд тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцогдоно” гэж тус тус заасан. “МИАТ”ТӨХК нь хараат бус гишүүний сонгон шалгаруулалт хийлгүйгээр биднийг чөлөөлсөн бөгөөд хуулийн дээрх заалтын дагуу одоогийн “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гарсан шийдвэрүүд илт хууль бус болно. Иймд “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш гарсан шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. Мөн Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 01 дүгээр тогтоол нь Компанийн тухай хуулийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтыг тус тус зөрчсөн тул уг тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 04 дүгээр тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх нэр дэвшүүлэх хороогоор сонгон шалгаруулалт хийлгүйгээр нэр бүхий хүмүүсийг томилсон нь дээрх хууль, тогтоомжийг зөрчиж байх тул уг тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Дээрх 04 дүгээр тогтоол гарах болсон үндэслэл нь Зам, тээврийн салбарын хувьцаа эзэмшигчдийн дэргэдэх нэр дэвшүүлэх хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт байна. Хувьцаа эзэмшигчдийн хурал Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлэхийн дотор нэр дэвшүүлэх хороо байгуулах чиг үүрэг байдаггүй, энэ чиг үүрэг нь Төлөөлөн удирдах зөвлөлд байдаг тул уг дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Даваадорж шүүхэд урьд гаргасан тайлбартаа: “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж байсан В.О, Д.А нарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд 2015 оны 11 дүгээр сарын 26-нд өөрчлөлт орж Төрийн өмчийн хорооны эрхэлж байсан чиг үүрэг санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллгад шилжсэн. Үүнтэй холбогдуулан “МИАТ”ТӨХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөж, Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 68 дугаар “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын дагуу “МИАТ”ТӨХК-ийн төрийн төлөөллийг Сангийн яам 30 хувь, Зам тээврийн яам 70 хувийг тус тус хэрэгжүүлэхээр тогтоосон. “МИАТ”ХК бол 100 хувь төрийн өмчит компани ба дээрх тогтоолын дагуу компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурал хэрэгжүүлж эхэлсэн. Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурал Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь бүрэн эрхийн дагуу “...төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох...” 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлсөн ба мөн өдрийн 02 дугаар тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн төрийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг томилсон ба тогтоолын 2 дахь заалтаар Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг сонгон шалгаруулах түр хороог байгуулж, сонгон шалгаруулах, дүгнэлт гаргаж хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлуулахыг үүрэг болгосон ба түр хороонд төрийн төлөөлөл хэрэгжүүлэгч гишүүн Ж.Бат-Эрдэнэ, В.Дарханбаатар, А.Мөнхбаясгалан нар ажиллаж, хараат бус гишүүдийн сонгон шалгаруулалтыг явуулсан. Уг сонгонх шалгаруулалтын дагуу Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хараат бус гишүүдийг томилжээ. Иймд нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох хараат бус гишүүний сонгон шалгаруулалт хийхгүйгээрВ.О, Д.А нарыг чөлөөлөөгүй болно. “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг томилсон шийдвэр одоо ч хүчинтэй ба Төлөөлөн удирдах зөвлөл бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэн чадвартай, эрх бүхий хараат бус гишүүд байгаа тул “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш гарсан шийдвэрүүдийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй болно. Мөн В.О, Д.А нартай байгуулсан хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах ямар нэг гэрээ байхгүй тул чөлөөлсөн шийдвэрийг заавал танилцуулах, гардуулах үүрэг байхгүй. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд 2015 оны 11 дүгээр сарын 26-нд өөрчлөлт орж Төрийн өмчийн хорооны эрхэлж байсан чиг үүрэг санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад шилжсэн, 2016 оны 7 дугаар сарын 21-нд өөрчлөлт орж төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар байгуулагдсантай холбоотой “МИАТ”ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа 2016 онд түдгэлзээтэй байсан болно. Мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлсөн Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоол нь хувьцаа эзэмшигчдийн шийдвэр тул “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд хамааралгүй болно. Гэвч Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхэд хамаарах асуудал байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг сонгон шалгаруулах түр хороонд Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Бат-Эрдэнэ, В.Дарханбаатар, А.Мөнхбаясгалан нар ажиллаж, хараат бус гишүүдийн сонгон шалгаруулалтыг явуулсан. Уг сонгон шалгаруулалтын дагуу Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хараат бус гишүүдийг томилжээ. Уг шийдвэр нь хуулийн дагуу тул хүчингүй болгох үндэслэлгүй болно. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг сонгонх шалгаруулсан нэр дэвшүүлэх түр хорооны дүгнэлт нь Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын дэргэдэх нэр дэвшүүлэх хорооны дүгнэль биш ба түр хороонд “МИАТ”ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Бат-Эрдэнэ, В.Дарханбаатар, А.Мөнхбаясгалан нар ажиллаж, дүгнэлт гарсан тул уг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болно. Иймд “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуулийн дагуу томилогдсон төрийн төлөөлөл хэрэгжүүлэгч болон хараат бус гишүүдтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа, мөн хараат бус гишүүдийг сонгон шалгаруулсан үйл явц хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Аын төлөөлөгч Э.Энх-Эрдэнэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлснээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгчээс үндсэн 4 төрлийн шаардлага гаргаж байгаа. Нэгдүгээрт, Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолын Д.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шаардаж байна. Учир нь энэхүү тогтоолоор Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь хэсэг мөн Засгийн газрын 2016 оны 68 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт зааснаар төрийн болон орон нутгийн өмчид өөрчлөлт орж татан буугдсан Төрийн өмчийн хорооны эрх хэмжээний чиг үүрэг санхүү төсвийн асуудал хариуцсан төв байгууллага руу шилжсэнтэй холбогдуулан төрийн өмчит хувьцаат компанийн төрийн төлөөллийг 1 дүгээр хавсралтаар тогтоосугай гэж хэрэгжүүлэхийг заасан. Засгийн газрын 68 дугаар тогтоолоор ямар нэгэн байдлаар хараат бус гишүүдийг чөлөөлнө гэсэн зохицуулалт байгаагүй, зөвхөн төрийн төлөөллийг 1 дүгээр хавсралт ёсоор хэрэгжүүлэхийг зааж өгсөн. Өөрөөр хэлбэл Төрийн өмчийн хороо нь татан буугдаж, чиг үүрэг нь төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага руу шилжсэнтэй холбогдуулан төрийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүдийг өөрчлөх тухай шийдвэр гарснаас биш хараат бус гишүүн Д.Аыг чөлөөлж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь хэсэгт зааснаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлж байгаа тохиолдолд зөвхөн хуульд заасан үндэслэл байх ёстой, гэтэл тийм үндэслэл байгаагүй тул хараат бус гишүүн Д.Аыг чөлөөлсөн нь хууль бус гэж үзэж байна. Хоёрдугаарт, Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай” 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг нэрлэж заасан. Гишүүдийг сонгох болон томилох эрх нь хувьцаа эзэмшигчдийн хуралд байхгүй. Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг хуульчилсан. Энэхүү бүрэн эрхэд хараат бус гишүүд болон нэр дэвшүүлэх хороо байгуулах эрх нь Төлөөлөн удирдах зөвлөлд хадгалагдаж байгаа. Гэтэл хувьцаа эзэмшигчдийн хурлын 04 дүгээр тогтоолоор хараат бус гишүүдийг сонгох болон нэр дэвшүүлэх хороог байгуулсан. Д.Аыг чөлөөлөөд түүний оронд хараат бус гишүүний сонгон шалгаруулалт явуулахад хууль бусаар байгуулагдсан хорооны дүгнэлтийг үндэслээд өөрөөр хэлбэл хороо байгуулах эрхгүй этгээдийн дүгнэлтийг үндэслээд “МИАТ”ТӨХК нь хараат бус гишүүдийг сонгосон ажиллагаа байдаг. Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэгт зааснаар хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь аудитын, цадин, урамшууллын, нэр дэвшүүлэх хороодтой байх бөгөөд эдгээр хороодын гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдээс бүрдэнэ гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд хараат бус гишүүний эрх дуусгавар болж байгаа тохиолдолд өөрөө дараагийн гишүүнийг сонгох ажлын хэсэг хороонд орох ёстой. Гэтэл Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг сонгохдоо огт өөрийг нь оролцуулаагүй шууд хувьцаа эзэмшигчдийн хурлаас нь зохион байгуулаад шинээр хараат бус гишүүдийг сонгосон. Энэ талаар “МИАТ”ТӨХК-ийн дүрмийн 7.14-т тодорхой заасан байна. Иймд хараат бус гишүүдийг сонгосон зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаа компаниудын хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 04 дүгээр тогтоол нь хуульд нийцэх үндэслэлгүй тул хүчингүй болгож өгнө үү. Гуравдугаарт, “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш гарсан шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Нэгэнт Д.Аыг хараат бус гишүүнээс хууль бусаар чөлөөлсөн, дараагийн сонгогдсон хараат бус гишүүд нь хүртэл хууль бусаар сонгогдсон учир Төлөөлөн удирдах зөвлөл нь хууль бусаар байгуулагдсан. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Төлөөлөн удирдах шийднэ. Санхүүгийн жил дууссанаас 4 сарын дотор зарлан хуралдуулна гэж заасан байдаг. Сүүлийн хугацаа 4 дүгээр сарын 30-ны өдөр дууссан байхад хуралдаагүй атлаа 5 дугаар сарын 06-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор Д.Аыг чөлөөлсөн. Сүүлийн хугацаа буюу 4 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаагүй учир автоматаар сунгагдсан гэж харагдахаар байна. Ийм учир Д.Аыг хууль бусаар чөлөөлсөн гэдэг нь давхар нотлогдож байх тул МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш гарсан шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв. Дөрөвдүгээрт, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг сонгох тухай” 02 дугаар тогтоолын 2 дахь заалтын “МИАТ”ТӨХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шаардлага гаргасан. Уг 02 дугаар тогтоолын 2 дахь заалт нь зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдээс сонгох, нэр дэвшүүлэх түр хороог холбогдох хууль журмын дагуу сонгон шалгаруулж дүгнэлт гаргуулан хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлж батлуулахыг Төлөөлөн удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг хэрэгжүүлж буй гишүүдэд үүрэг болгосон. Хувьцаа эзэмшигчдийн хурал нь хороо байгуулах эрхгүй, хороо байгуулаад үйл ажиллагаа явуулахыг Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгох эрх байхгүй. Энэ бол Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийн асуудал. Ийм учраас 02 дугаар тогтоолын хоёр дахь хэсэг нь өөрөө хууль тогтоомж зөрчиж байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн төлөөлөгч Б.Даваадорж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: “МИАТ”ТӨХК нь 100 хувь төрийн өмчит компани бөгөөд хувьцаа эзэмшигчийн эрхийг Засгийн газраас эрх олгосны дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Сангийн яам гүйцэтгэж байсан. Энэ утгаараа Д.Атай ямар нэгэн байдлаар хөлсөөр ажиллах хөдөлмөрийн гэрээ, контракт байхгүй. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7-д зааснаар түүнийг хувьцаа эзэмшигч нь эрхийнхээ хүрээнд чөлөөлсөн. Тухайн үед мөрдөгдөж байсан хувьцаа эзэмшигчдийн хурлаас Төлөөлөн удирдах зөвлөлийг томилж чөлөөлсөн. Тухайн үед гарч байсан шийдвэрүүд нь компанийн тухай хуульд заасан дэг журмын дагуу гарсан шийдвэр учраас Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. МИАТ ТӨХК-ийн дүрэмд зааснаар аливаа хорооны гуравны хоёр нь хараат бус гишүүдээс бүрддэг. Энэ утгаар ойлгох юм бол Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг сонгон шалгаруулахын тулд хоёр хараат бус гишүүн нь өөрсдөө оролцох болчих учир энэ нь утгагүй юм. Хараат бус гишүүн нь хуралд сууснаараа урамшуулал авдаг болохоос хараат бус гишүүнд цалин гэж байдаггүй онцлогтой тул цалин, хөдөлмөрийн гэрээ контракттай холбон ойлгож болохгүй гэв.
Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төлөөлөгч Д.Дэлгэрмаа шүүхэд урьд гаргасан тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Д.А нь Төрийн өмчийн хорооны 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдрийнн 135 дугаар тогтоолоор “МИАТ”ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдож, Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралтаар чөлөөлөгдсөн байна. Төрийн өмчийн хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд болон Компанийн тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлж Төлөлөөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилж, чөлөөлдөг байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд орсон 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн өөрчлөлтөөр Төрийн өмчийн хороог татан буулгаж, чиг үүргийг нь Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлсэн юм. Төрийн өмчийн хорооны чиг үүрэг шилжиж байгаатай холбогдуулж төрийн өмчит хувьцаат компаниудад төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх этгээдийг Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 68 дугаар тогтоолоор тогтоож өгсөн юм. Уг тогтоолын 1 дүгээр хавсралтын 21 дүгээрт “МИАТ”ТӨХК-ийг 100 хувьт төрийн өмчит хувьцаат компани гээд Сангийн яам 30%, Зам, тээврийн яам 70%-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байхаар заасан. Түүнчлэн 68 дугаар тогтоолын 8 дахь заалтаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хувьцаат компанийн хараат бус гишүүн болон төрийн өмчийн төлөөлөгч, төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Сангийн яаманд үүрэг болгосон юм. Үүний дагуу Зам, тээврийн салбарын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоох бүх гишүүдийг нь чөлөөлөөд 2 дугаар тогтоолоор нь төрийн төлөөлөл хэрэгжүүлж байгаа гишүүдээ томилсон байдаг. Төрийн төлөөлөл хэрэгжүүлж байгаа гишүүдээсээ нэр дэвшүүлэх түр хороог байгуулаад хараат бус гишүүдийг сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулахыг даалгасан. Сонгон шалгаруулалтад оролцоогүй этгээд компанийн хараат бус төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдох боломжгүй юм. Сангийн яамнаас бүх төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн томилох, хараат бус гишүүнийг хуулийн дагуу сонгон шалгаруулах ажиллагааг явуулахаар нэгдсэн журмаар зохион байгуулалтын арга хэмжээ авсан. Тодруулбал, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сангийн яамны www.mof.gov.mn вэб сайт болон Зууны мэдээ сонины 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 80, Өнөөдөр сонины 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 092/5785/ дугаарт төрийн өмчит 35 компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар гаргасан бөгөөд зарын дагуу нийт 500 гаруй иргэн материал ирүүлсэн байна. Үүнээс “МИАТ”ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус 3 гишүүнд өрсөлдөхөөр нийт 37 хүн материалаа ирүүлсэн. Сангийн яам битүүмжилж ирсэн нэр дэвшигчдийн материалыг задлалгүйгээр, холбогдох компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хороонд хүргүүлж, тус хороо нь Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5-д заасны дагуу хараат бус гишүүдийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг явуулсан юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийг төлөөлж оролцох гишүүдэд тавигдах болзол шалгуурыг зааж өгсөн байдаг бөгөөд төрийн захиргааны албан хаагч байхыг чухалчилсан байдаг. Нэхэмжлэгч Д.А төрийн байгууллагада ажилладаггүй бөгөөд төрийн захиргааны албан хаагч биш, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа байгууллагын буюу Сангийн яам, Зам, тээврийн яамны ажилтан биш тул түүнийг төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэхээр томилох боломжгүй юм. Харин Д.А нь хараат бус гишүүний сонгон шалгаруулалтанд оролцох боломжтой байсан боловч алт ч компанийн сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа ирүүлээгүй юм. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7-д заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох нь компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын онцгой бүрэн эрх байдаг. Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугаца дараа жилийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах өдрөөр дуусгавар болох бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг улирлуулан сонгож болно гэж заасан байдаг. Иймд Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг хувьцаа эзэмшигч өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд чөлөөлсөн. Хурал болох үед улирлуулан сонгох асуудал яригдаагүй. Төлөөлөн удирдах зөвлөл нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар цалин хөлс авдаггүй, тусгайлан зохицуулсан зохицуулалтаар цалин, хөлсөө авдаг журамтай. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.О, Д.А нар нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш гарсан шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг, Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр тогтоол, Зам тээврийн салбарын хувьцаа эзэмшигчдийн дэргэдэх нэр дэвшүүлэх хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулахаар шаардаж, хамтран хариуцагчаар “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Даваасүрэнг оролцуулжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч В.О нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Д.А нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн нэмэгдүүлж, Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх тухай” 01 дүгээр тогтоолын Д.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажлаагүй хугацааны цалин хөлс гаргуулах, Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг сонгох тухай” 02 дугаар тогтоолын 2 дахь заалтын “МИАТ”ТӨХК-д холбогдох хэсгийг, Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай” 04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш гарсан шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж, хариуцагч “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Даваасүрэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хамтран хариуцагчаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг оролцуулжээ.
Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэсгүй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч В.О, Д.А нар нь Төрийн өмчийн хорооны 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 135 дугаар тогтоолоор “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр томилогдон ажиллаж байгаад Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх тухай” 01 дүгээр тогтоолын Д.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажлаагүй хугацааны цалин хөлс гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Д.А нь Засгийн газрын 68 дугаар тогтоолоор Төрийн болон орон нутгийн тухай хуульд өөрчлөлт орж татан буугдсан Төрийн өмчийн хорооны эрхэлж байсан чиг үүрэг санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад шилжсэнтэй холбогдуулан төрийн өмчит компанийн төрийн төлөөллийг 1 дүгээр хавсралт тогтоосноос бус хараат бус гишүүдийг чөлөөлөөгүй байхад Д.Аыг “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээс чөлөөлсөн нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7-д нийцээгүй тул хууль бус гэж үзэн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажлаагүй хугацааны цалин гаргуулах, хууль бусаар байгуулагдсан хорооны дүгнэлтийг үндэслэн “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг сонгосон нь хууль бус, хууль бусаар томилогдсон компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг оролцуулж гаргасан “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш гарсан шийдвэрүүд нь хууль бус, Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурал нь хороо байгуулах эрхгүй, хороо байгуулаад үйл ажиллагаа явуулахыг Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгох бөгөөд энэ бол Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийн асуудал учир Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг сонгох тухай 02 дугаар тогтоолын 2 дахь заалтын “МИАТ”ТӨХК-д холбогдох хэсэг нь хууль бус тул тус тус хүчингүй болгуулахаар шаардсан бол хариуцагч нараас Компанийн тухай хуулийн 62 дугар зүйлийн 62.1.7-д зааснаар “МИАТ”ТӨХК-ийн хувьцаа эзэмшигч нь бүрэн эрхийнхээ хүрээнд Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, томилсон нь Компанийн тухай хууль болон “МИАТ”ТӨХК-ийн дүрэмд нийцсэн бөгөөд “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирлан зөвлөлийн хараат бус гишүүн Д.Аын бүрэн эрх Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар дуусгавар болсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Хариуцагч нарын татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.
Учир нь “МИАТ”ХК нь 100 хувь төрийн өмчит компани тул Төрийн өмчийн хороо тус компанийн хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг эдэлдэг байсан боловч Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол улсын 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар Төрийн өмчийн хороо нь татан буугдаж, чиг үүрэг нь Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжжээ.
Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай 68 дугаар тогтоол гарч төрийн өмчит хувьцаат компанийн төрийн төлөөллийг тогтоосон байна.
Энэхүү тогтоолын 1 дүгээр хавсралтад “МИАТ”ТӨХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигчийн төрийн төлөөллийг Сангийн яам, 70 хувийн хувьцаа эзэмшигчийн төрийн төлөөллийг Зам, тээврийн яам тус тус хэрэгжүүлэхээр заажээ.
Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, “МИАТ”ТӨХК-ийн дүрмийн 6.2-т зааснаар “МИАТ”ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг компанийн Төлөөлөн удирдах зөвлөл санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор хуралдуулахаар заасан боловч “МИАТ”ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчийн төрийн төлөөлөл Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 68 дугаар тогтоолоор өөрчлөгдсөнтэй холбогдуулан Сангийн яамнаас төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын төрийн төлөөллийг хэрэгжүүлэх асуудал шийдвэрлэгдэх хүртэл Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг хуралдуулахыг түр хойшлуулсэн байна. /хх-57/
Улмаар Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурал 2016 оны 05 дугаар сарын 06-ны болж, тус хурлын 01 дүгээр тогтоолоор зам, тээвриийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн төлөөлөл хэрэгжүүлж буй гишүүд болон хараат бус гишүүдийг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлөхөөр заасны дагуу “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн төрийн төлөөлөл хэрэгжүүлж буй болон хараат бус нийт 9 гишүүд чөлөөлөгдсөний дотор нэхэмжлэгч Д.А, В.О нар багтжээ. /хх-31-34/
“МИАТ”ТӨХК-ийн дүрэмд өөрөөр заагаагүй тул ийнхүү зам, тээвриийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаж, нэхэмжлэгч Д.А, В.О нарыг “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр чөлөөлсөнөөр тэдний бүрэн эрх Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар дуусгавар болсон бөгөөд тэднийг улируулан сонгоогүй байна. /хх-42-56/
“МИАТ”ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, МИАТ”ТӨХК-ийн дүрмийн 6.2-т заасан буюу санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор хуралдаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байх бөгөөд ийнхүү хуралдаагүйгээс Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрх шууд сунгагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 олны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх тухай” 01 дүгээр тогтоол нь хуульд нийцсэн байх тул хүчингүй болгох үндэслэлгүй байна.
МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.2-т заасан ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажилтан биш тул ажлаагүй хугацааны цалин хөлс шаардсан нь үндэслэлгүй бөгөөд харин Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцсоны төлөө урамшуулал авдаг болох нь зохигчдын тайлбар, “МИАТ”ТӨХК-ийн дүрмээр тогтоогдож байна.
Гэвч тэрээр 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн хурлаар “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдсөн тул урамшуулал шаардах эрхгүй юм.
Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг сонгох тухай” 02 дугаар тогтоолын 2 дахь заалтын “МИАТ”ТӨХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Мөн Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс сонгож, батлагдсаны дагуу “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн төрийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдээр Ж.Бат-Эрдэнэ, Ц.Бат, Г.Батхүрэл, А.Мөнхбаясгалан, В.Дарханбаатар, Н.Нарангэрэл нар томилогджээ. /хх-26-28/
Дээрх гишүүд нь Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолын 2 дахь заалтад заасны дагуу заалтаар Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг сонгох, нэр дэвшүүлэх түр хороог холбогдох хууль, журмын дагуу сонгон шалгаруулж, дүгнэлт гарган, Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлж, батлуулах үүрэг хүлээлгэсэн нь Компанийн тухай хуулийн 81 дүгээр нийцсэн байх бөгөөд тус хурлаас нэр дэвшүүлэх хороог байгуулахыг Төлөөлөн удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг хэрэгжүүлж буй гишүүдэд даалгаснаас бус байгуулаагүй байна.
Нэхэмжлэгч талаас нь Компанийн тухай хуулийн 81.2-т зааснаар тус нэр дэвшүүлэх хорооны гуравны хоёроос доошгүйг төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдээс бүрдүүлнэ гэснийг зөрчиж, дараагийн хараат бус гишүүнийг сонгох нэр дэвшүүлэх хороонд оруулалгүй хараат бус гишүүдийг сонгосон нь хууль бус гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгч Д.Аын “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний бүрэн эрх Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаж, түүнийг чөлөөлсөн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс дуугасвар болсон тул тэрээр Төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хорооны хараат бус гишүүний сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй бөгөөд Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5-д заасан эрхийг зөвхөн томилогдон ажиллаж байгаа Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн эдлэхээр байна.
Иймд Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 олны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг сонгох тухай” 02 дугаар тогтоолын 2 дахь заалтын “МИАТ”ТӨХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай” 04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
“МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс хараат бус гишүүн сонгон шалгаруулах нэр дэвшүүлэх түр хороог байгуулж, хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зарыг Сангийн яамны mof.gov.mn вэй сайт болон “Зууны мэдээ” сонин, “Өнөөдөр” сонины 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дугаарууд тус тус нийтэлсэний дагуу “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд нэр дэвшигчийн материалыг хүлээн авчээ.
“МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нэр дэвшүүлэх түр хорооноос хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах ажиллагааг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулж, МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд нийт 37 нэр дэвшигч материалаа ирүүлснээс 17 нэр дэвшигчийг шаардлага хангасан гэж үзэж, үүнээс 8 нэр бүхий хүмүүсийг харуут бус гишүүнээр сонгон шалгаруулснаас нэр дэвшигч О.Банзрагч, Б.Цогтгэрэл, Б.Хангай нарыг хараат бус гишүүнээр сонгох саналыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж №01 тоот дүгнэлт гаргажээ. /хх-19-25/
Улмаар Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр дээрх дүгнэлтэд дурдагдсан О.Банзрагч, Б.Цогтгэрэл, Б.Хангай нарыг сонгож баталсан байна. /хх-29-30/
Дээрх “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилсон үйл ажиллагаа нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.3-т нийцсэн, “МИАТ”ТӨХК-ийн дүрмийг зөрчөөгүй байна.
Иймд Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 олны 07 дугаар сарын 05-ны өдрийн “МИАТ” ТӨХК-ийн хараат бус гишүүдийг сонгох тухай 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
“МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш гарсан шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01, 02, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоолуудаар “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, Төлөөлөн удирдах зөвлөлийн төрийн төлөөлөл хэрэгжүүлэх болон хараат бус гишүүдийг томилсон нь хууль зөрчөөгүй байх тул “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш гарсан шийдвэрүүдийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч талаас Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 68 дугаар тогтоол болон түүний хавсралтыг нотлох баримтаар гаргаж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй боловч Засгийн газраас Төрийн өмчийн хувьцаат компаниудын төрийн өмчийн төлөөллийг тогтоосон нь legalinfo.mn цахим сайтад тавигдсан тавигдсан нийтэд илэрхий үйл баримт тул дахин нотлох шаардлагагүй гэж үзсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шийдвэрлэсэн болно.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Д.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч Д.А нь хариуцагч “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Даваасүрэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас, нэхэмжлэгч В.О нь хариуцагч “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Даваасүрэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзсан байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 210.600 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Аын Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 олны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх тухай” 01 дүгээр тогтоолын Д.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажлаагүй хугацааны цалин хөлс гаргуулах, Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг сонгох тухай” 02 дугаар тогтоолын 2 дахь заалтын “МИАТ”ТӨХК-д холбогдох хэсгийг, Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай” 04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш гарсан шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг болон бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Даваасүрэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас, нэхэмжлэгч В.О нь хариуцагч “МИАТ”ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Даваасүрэн нарт холбогдох “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш гарсан шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг, Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр тогтоол, Зам тээврийн салбарын хувьцаа эзэмшигчдийн дэргэдэх нэр дэвшүүлэх хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1,60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 210.600 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР