Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 101/2020/01047/И |
Дугаар | 001/ХТ2021/00616 |
Огноо | 2021-06-02 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2021/00616
Т.Энхбатын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Ундрах, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/01754 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1440 дугаар магадлалтай,
Т.Энхбатын нэхэмжлэлтэй,
Дэлхийн зөн олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт холбогдох,
Тушаал хүчингүй болгуулан, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгч Т.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дэлхийн зөн олон улсын байгууллагын Говь-Алтай Орон нутгийн хөтөлбөрийн жолоочоор 2008 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс ажиллаж байхад суурин төлөөлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Т19/04/20 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар дуусгавар болгосон. Дэлхийн зөн олон улсын байгууллагын Говь-Алтай Орон нутгийн хөтөлбөрийн жолооч Т.Энхбатыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 6.3 дахь хэсгийн заалтыг үндэслэн ноцтой зөрчил гаргасан гэж үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Дэлхийн зөн олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Т19/04/20 дугаар тушаал үндэслэлгүй болохыг тогтоож хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Энхбатыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулж нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дэлхийн зөн олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Энхбат нь Дэлхийн зөн олон улсын байгууллагын Говь-Алтай Орон нутгийн хөтөлбөрийн жолоочоор ажиллаж байхдаа гэрээлэгч сонгон шалгаруулах процесст оролцож, өөрийн хувийн ашиг сонирхлын үүднээс шийдвэр гаргасан болно. Хувийн ашиг сонирхлын зөрчлийг мэдүүлэх маягтыг худал бөглөсөн, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарч байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнээс гадна нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлжээ. Т.Энхбат нь урьд энэхүү асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШЗ2019/13967 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Иймээс нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/01754 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Энхбатыг хариуцагч Дэлхийн зөн олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын Говь-Алтай Орон нутгийн хөтөлбөрийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Дэлхийн зөн олон улсын байгууллагын төлөөлөгчийн газраас 9,351,582 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Энхбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч.Энхбатын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Дэлхийн зөн олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар тус нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч хариуцагч Дэлхийн зөн олон улсын байгууллагын төлөөлөгчийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 304,976 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1440 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/01754 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 164 575 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Т.Энхбатын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1440 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний бие Дэлхийн зөн олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Т/19/04/20 дугаар тушаалтай холбоотой гомдлыг анх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гаргаснаар иргэний хэрэг үүсгэж, зохих ажиллагаа хийгдсэн бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тус хэргийг хянан шийдвэрлэгдэхээр товыг зарласан байгаа. Гэтэл нэхэмжлэгч надад болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид маань 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны товыг огт мэдэгдээгүй бөгөөд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй атлаа шүүхээс хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэлийг 13967 дугаартай шүүгчийн захирамжаар буцааж шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 13967 дугаартай шүүгчийн захирамжийг надад болон миний итгэмжлэгдсэн төлөөлөгчид огт гардуулалгүй байж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шууданд хийснийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн аваад маргааш нь буцаан нэхэмжлэлээ, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийн хамт шүүхэд дахин гаргасныг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэлд хүлээн авч 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01805 дугаартай захирамжаар хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх нэхэмжлэл ирүүлсэн байна гэж буруу тайлбарлаж үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд түүнийг хүлээн авч 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дахин нэхэмжлэлээ гаргасан байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид маань 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны товыг огт мэдэгдээгүй бөгөөд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй атлаа шүүхээс хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэлийг 13967 дугаартай шүүгчийн захирамжаар буцааж шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн нь гардан авч гомдол гаргасныг буцааж шийдвэрлэсэн албан тоот бичиг хэргийн материалд бэхжигдсэн, авагдсан байхад уг бичгийг байхгүй гэж шийдвэрлэсэн нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй, давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг дутуу үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байх тул тус магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/01754 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Т.Энхбат нь Дэлхийн зөн олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт холбогдуулан тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...сахилгын ноцтой зөрчил гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн... гэсэн тайлбар гаргаж, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан Дэлхийн зөн олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн 2019.04.22-ны өдрийн Т19/04/20 дугаар тушаалаар Т.Энхбатыг Говь-Алтай орон нутгийн хөтөлбөрийн жолоочийн ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 6.3 дахь заалтыг үндэслэл болгожээ.
Нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн, 2019.05.21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүгчийн 2019.09.12-ны өдрийн захирамжаар нэхэмжлэлийг буцааж, холбогдох материалыг 2020.01.03-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэд шуудангаар хүргүүлжээ.
Нэхэмжлэгч 2020.01.07-ны өдөр нэхэмжлэлээ дахин гаргасныг шүүгчийн 2020.01.20-ны өдрийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж, 2020.01.24-ний өдөр шуудангаар хүргүүлсэн ба дахин гаргасан нэхэмжлэлийг шүүх 2020.02.17-ны өдөр хүлээн авч, 2020.02.21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ /хэргийн 1, 8, 107-114 дүгээр тал/.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах учиртай.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хуульд заасан хугацаанд гаргасан, хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-г зөрчөөгүй, хэргийн баримтад үндэслэсэн байна.
Хугацааг тоолоход нэхэмжлэгч ажил олгогчийн тушаалыг хэзээ гардаж авсан, мөн нэхэмжлэлийг буцаасан болон хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хэдийд хүлээн авсан, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан эсэх, хугацааг дахин шинээр тоолох зэрэг асуудлаар шүүх эрх зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.
Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо ...нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүний шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хэзээ, хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасантай нийцээгүй байна.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байхад хуульд заагаагүй үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн тул магадлалыг хүчингүй болгоно.
Нэхэмжлэлээс татгалзахдаа хариуцагч ...өөрийн ашиг сонирхол бүхий байгууллагыг сонгоход оролцож, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан, ашиг сонирхлын зөрчлөө урьдчилан мэдүүлээгүй, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан нь 2019.04.16-ны өдрийн шалгалтаар тогтоогдсон гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч нь ханган нийлүүлэгч сонгох ажиллагаанд оролцохдоо ашиг сонирхолтой байсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна ажил олгогч 2015 онд явагдсан үйл ажиллагаатай холбогдуулан 2019 оны 04 дүгээр сард сахилгын арга хэмжээ авсан нь хуульд нийцээгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулж болох тул ажил олгогчийг хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх үндэслэлтэй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт байгаа баримтын хэмжээнд Т.Энхбатыг ажилд эгүүлэн тогтоосон нь зөв боловч нэхэмжлэгч 2019.09.12-ний өдрөөс 2020.02.17-ны өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэлээ дэмжиж шүүхэд ирээгүй гэх үндэслэлээр мөн хугацааны олговор шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.
Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр хуульд нийцээгүй, энэ тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг төлөх үүрэгтэй.
Иймд ажлаас халсан 2019.04.22-ны өдрөөс шийдвэр гарсан 2020.05.15-ны өдөр хүртэл хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалингийн дунджаар буюу сарын цалинг 1,241,104 төгрөгөөр тооцож, нийт 14,893,248 /ажлын 257 хоног/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1440 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/01754 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Дэлхийн зөн олон улсын байгууллагын төлөөлөгчийн газраас 14,893,248 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Энхбатад олгосугай гэж, 4 дэх заалтын ...304,976... гэснийг ...232,416... гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.УНДРАХ
Б.МӨНХТУЯА
Г.ЦАГААНЦООЖ