| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 187/2019/0248/Э |
| Дугаар | 685 |
| Огноо | 2019-07-09 |
| Зүйл хэсэг | 17.5.2., |
| Улсын яллагч | Д.Туяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 685
Б.Г-од холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Туяа,
цагаатгагдсан этгээд Б.Г-ын өмгөөлөгч Б.Зулбаяр,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 295 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ш.Алтанцэцэгийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 23 дугаартай прокурорын эсэргүүцэл болон хохирогч Ч.О-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Г-од холбогдох эрүүгийн 1810018750872 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Б.Г-, 19.. оны ... дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Айти инженер мэргэжилтэй, ........... ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт.......... дүүргийн ....... дугаар хороо, .... дүгээр байрны ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............/;
Б.Г- нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр вилла” хотхоны 116-03 тоот байрыг иргэн Ч.О худалдан авахдаа түүний данс руу байрны төлбөрийн мөнгийг шилжүүлэхдээ төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж 100.000.000 төгрөг илүү шилжүүлснийг мэдсээр байж авч завшин их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Г-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнийг цагаатгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Г-од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж, хохирогч Ч.О- нь 100.000.000 төгрөгийн нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Г-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Б.Г-од холбогдох эрүүгийн 1810018750872 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, цагаатгах тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд Б.Г-од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Прокурор Ш.Алтанцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна. Үүнд:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ" гэснийг зөрчиж мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан зохих журмын дагуу авсан гэрч , хохирогч нарын мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүйгээр шүүх хуралдаанд шүүгч өөрөө тулгаж хөтөлж эсууж, хариулт болгон авсан мэдүүлгүүд, шүүгдэгчийн илтэд худал мэдүүлэг, хэрэгт огт хамааралгүй Банкны тухай хуулийн заалтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хуулийг ноцтой зөрчсөн байна.
2. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт "Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан бол”, мөн зүйлийн 1.3 дахь хэсэгт "Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол" гэж заасныг зөрчсөн дүгнэлт хийсэн байна. Үүнд:
Прокуророос Б.Г-ыг гэм буруутай гэж үзэж яллах талын нотлох баримтаар үнэлсэн баримтууд болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүнийг хохирогч гэнэ", мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зэасан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ" гэж заасан бөгөөд гэрч, хохирогч алин ч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх" үүрэг хүлээсэн байдаг бөгөөд хэрэв худал мэдүүлэг өгсөн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хууль сануулж мэдүүлэг байцаалт авсан байдаг тул тэдний мэдүүлэг хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан Б.Г-ын гэм буруутай болохыг нотлох гол баримт мөн болно.
Гэтэл шүүх хэрэгт авагдсан: Хохирогч Ч.О-ы "...2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр анх Гэрэлт-Одоос байр худалдан авахдаа намайг анх Түрээсийн гэрээ хийчхээ та худалдан авахаар бол авна биз харин 10 сая төгрөг тооцоонд нь өгчих та худалдан авахаар болвол үндсэн мөнгөнөөсөө хасчихна биз гэж тохирч гэрээн дээр 2017 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр бэлэн 10 сая
төгрөгийг өгч өөрөө гэрээн дээр гарын үсэг зурсан байгаа. ...би 04 дүгээр сарын 13 өдрийн 100 сая төгрөгийг л илүү шилжүүлчихсэн байна лээ, би тухайн үедээ байнга ашигладаггүй данс болох Голомт банкны харилцах данснаас 1 удаа шилжүүлчихсэн байсан. Энэ дансыг ашигладаггүй байсан болхоор нөгөө данснуудынхаа хуулгыг хараад дараа дараагийн мөнгийг шилжүүлээд байсан юм байна лээ. Миний дансны хуулгыг харах юм бол Голомт банкны харилцах данснаас би 1 удаа л шилжүүлсэн байгаа. Би Г-с нийт 100.000.000 төгрөгийг нэхэмжилж байна, мөнгөө авъя гэж ярихад эвтэйхэн байж байгаад мөнгөө авбал ав үгүй бол 5 жилийн дараа аваарай гэж байсан” гэх мэдүүлэг /хх 9-15, 160-161/;
Гэрч О.Мөнх-Очийн "...1 тэр бум 800 сая төгрөгөөр хувь лизинг хийж авья гэхээр би Г энэ байдлыг хэлхэд за тэгье гээд зөвшөөрсөн. Тэгээд энэ Оюунчулуун гэх хүнд байрыг үзүүлсний маргааш нь Г, О 2 уулзаад эхний удаад 10 сая төгрөг өгч байя эхний ээлжинд түрээсийн гэрээ хийе 11 дүгээр сард 500 сая төгрөгийг өгье гээд худалдах, худалдан авах гэрээгээ хийе гэж хоорондоо тохиролцоод салцгаасан. ...10 дугаар сарын эхээр Оюунчулуун байрандаа орсон Г 1 том хөргөгч, бурханы эд зүйл, 5 ширхэг том хивс зэргийг авна шүү гэж хэлж байсан. Эдгээр эд зүйлүүдээ Г нь авчихсан байгаа. ...О нь 2018 оны 8 дугаар сард надруу залгаад манайх засвар хийх гэж байна амралтын өдөр ирээд бүх тавилгаа аваарай гэж залгахаар нь би Г хэлж байгаад шийдье гэж хэлээд утсаа салгасан. Г,О 2 нь 2 уулаа л надруу залгаад тавилга ав гээд байсан би хүний тавилгыг аваад хаана хадгалах юм бэ дээ дараа нь өөрөө өрөнд орчих байх гээд энэ асуудлыг орхисон " гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/, яллагдагч Б.Г-ын мэдүүлгүүдийг хэрхэн үгүйсгэж байгаа үндэслэлийг заагаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг "мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй", мөн зүйлийн 9 дэх хэсэгт "Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ" гэснийг ноцтой зөрчсөн байна.
3. Цагаатгах тогтоолын ТОГТООХ нь: хэсгийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Г-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж түүнийг цагаатгасугай" гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх дараахь үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно" гэснийг зөрчиж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.
Б.Г- нь "... Ч.О- нь байр худалдан авахдаа түүний данс руу байрны төлбөрийн мөнгийг шилжүүлэхдээ төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж 100 сая төгрөг илүү шилжүүлснийг мэдсээр байж авч завшин их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрчийн мэдүүлгээр хангалттай нотлогдсон байхад хэт нэг талыг барьсан, хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн байна.
Иймд Хан-Уул эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 295 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хзрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу хүчингүй болгуулахаар мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Хохирогч Ч.О- гаргасан давж заалдах гомдолдоо: “... Цагаатгах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Алдаатай гүйлгээ хийсэн гэж үзээгүй тухайд:
Цагаатгах тогтоолд “Хохирогч Ч.О- нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 100.000.000 төгрөгийг орон сууцны төлбөрт өөрөө шилжүүлснийг алдаатай гүйлгээ гэж үзэх үндэслэлгүй. Учир нь тухайн цаг хугацаанд хохирогч Ч.О- нь 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 1.800.000.000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу орон сууцны төлбөрийн нэг хэсэг болгон төлж байсан. 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гэрээнд заасан орон сууцны үнэ бүрэн төлөгдөөгүй байсан тул илүү төлөлт гэж үзэхгүй” гэсэн. Дээрхээс үзэхэд шүүхээс дүгнэхдээ алдаатай гэж үзэж буй гүйлгээ хийгдэх цаг хугацаа нь талуудын хоорондын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж буй үйл явдал үргэлжилж байгаатай холбон тайлбарласан байна. Хэдийгээр хохирогч болон шүүгдэгч нарын хооронд 100.000.000 төгрөгийн гүйлгээ хийгдэх үед үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг гүйцэтгэгдсэн хэвээр байсан боловч тус гүйлгээний дараа талууд тооцоо нийлсэн үйл баримт байдаг.
Тухайлбал: 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Голомт банкнаас хохирогч Ч.О-д зээл олгох шийдвэр гарч тус өдрөө талууд гэрээний үлдэгдэл төлбөрөө тооцсон. Өөрөөр хэлбэл, хохирогчийн зүгээс шүүгдэгчид төлбөл зохих төлбөрийн үлдэгдлийг мэдсэний үндсэн дээр Голомт банкнаас үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх байсан. Гэтэл шүүгдэгчийн зүгээс 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хохирогчоос шилжиж орж ирсэн 100.000.000 төгрөгийг төлбөрийн үлдэгдлээс хасаж тооцооогүй. Ийнхүү тооцоо нийлсэн явдал нь 100.000.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээс хойш 1 сар гаруй хугацааны дараа болсон үйл явдал бөгөөд шүүгдэгч нь их хэмжээний мөнгө дансанд нь шилжиж орж ирсэн байхад хохирогчоос асууж тодруулах, ийнхүү асууж тодруулаагүй тохиолдолд 5 дугаар сарын 17-нд тооцоо нийлэхдээ гэрээний төлбөрөөс хасаж тооцох ёстой байсан.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Г-ыг цагаатгаж шийдвэрлэхдээ 5 дугаар сарын 17-ны өдрийн тооцоо нийлсэн үйл баримт ач холбогдол өгөлгүйгээр дүгнэлт хийсэн нь мөн хохирогч гэрээний төлбөрийг төлөхдөө алдаатай буюу андуурсан гүйлгээ хийсэн гэдгийг анхаарч үзээгүй, зөвхөн 4 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн төлбөр нь алдаатай гүйлгээ байсан уу гэдгийг анхаарсан нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.
Мөн шүүхийн цагаатгах тогтоолд “Алдаатай гүйлгээ” гэх ойлголтыг тайлбарлахдаа Банкны тухай хуулийн холбогдох хэсгийг иш татан банкны гүйлгээний зөвхөн гадаад илэрхийлэл буюу техникийн шинжтэй нөхцөл байдал талаас нь дүгнэлт хийсэн.
Алдаатай гүйлгээ гэх ойлголт нь холбогдох хууль тогтоомжид заасан ойлголтуудаар илэрхийлэгдэхээс гадна тухайн гүйлгээ бүрийн онцлог шинжээс шалтгаалан гүйлгээний утга агуулга, зориулалт зэрэг бусад агуулгын талаараа алдаатай байж болно гэж үзэж байна. Шүүхээс цагаатгах тогтоол гаргахдаа “Алдаатай гүйлгээ” гэсэн ойлголтыг хэт нэг талыг барин тайлбарлан дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Шүүгдэгчийг алдаатай гүйлгээний талаар мэдээгүй гэж үзсэн тухайд:
Мөн цагаатгах тогтоолд “...2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр өөрөө илүү төлөлт хийснийг мэдсэн даруй Б.Г-од хэлэхэд “Үгүй. Тийм байх ёсгүй” гэсэн ба “чи дансаа шалгаад үзээдэх” гэхэд “би завгүй байна. Америк явах гэж байна” гэж хэлсэн... гэж мэдүүлэх ба Ч.О- нь 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан зэргээр Б.Г- 100.000.000 төгрөг илүү төлөгдсөн гэх асуудлыг мэдсэн байх боломжгүй...” гэсэн байна.
Дээрхээс үзвэл шүүгдэгч Б.Г-ыг тус гүйлгээг алдаатай гүйлгээ гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэн шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх гэмт хэрэг байдаг. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч буюу гэмт этгээд нь тухайн зүйлийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсанаас тус гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагддаг.
Хохирогчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаас үзэхэд 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 100.000.000 төгрөгийн гүйлгээ хийгдэж, улмаар хохирогч нь 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр шүүгдэгчид хандсан байдаг.
1 сар 20 орчим хоногийн дараа хохирогч нь шүүгдэгчид хандсан. Энэ хугацаанд шүүгдэгчийн зүгээс өөрийн дансанд 100.000.000 төгрөг орж ирсэн гүйлгээг мэдээгүй байсан гэж үзэх нь үндэслэлгүй юм. Тус мөнгө нь хэмжээний хувьд бага хэмжээний мөнгө биш бөгөөд дансанд мөнгөний хэмжээ 100.000.000 төгрөгөөс нэмэгдсэн гэдгийг даруй биш юм аа гэхэд богино хугацааны дотор мэдэх боломжтой гэж үзэж байна.
Мөн шүүгдэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр өгсөн мэдүүлэгтээ “... надад Ч.О-аас байрны төлбөрт илүү 70.000.000 төгрөг шилжиж орж ирсэн. Энэ мөнгөнөөс би 50.000.000 төгрөг нь тавилгын мөнгө юм байх гэж бодсон...” гэсэн.
Дээрх мэдүүлгээс үзэхэд хохирогчийн зүгээс шүүгдэгчид илүү мөнгө шилжиж орж ирсэн гэдгийг шүүгдэгч мэдэж байсан гэдэг нь илэрхий байна.
Иймд шүүхээс Б.Г-ыг 100.000.000 төгрөг шилжиж орж ирсэн гэдгийг мэдээгүй байсан гэж үзэн Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэрийг үгүйсгэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн Б.Г- хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад надтай холбогдож 100.000.000 төгрөгөнд тохирох хэд хэдэн орон сууцыг авахыг санал болгож байсан нь түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг илтгэнэ.
Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг өөрчлөн шийдвэрлэж, намайг хохиролгүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Цагаатгагдсан этгээд Б.Г-ын өмгөөлөгч Б.Зулбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хууль хэрэглээний талаар гаргасан шийдвэр байгаа. Ямар нэгэн байдлаар харилцан зөрүүтэй үйл баримтыг үгүйсгэж үйл баримтын талаар дүгнэлт гаргаагүй. Иймд давж заалдах гомдлууд үндэслэлгүй гэж үзэж байна. 100.000.000 төгрөгийн хохирол гэж яриад байдаг. Энэ нь хавтас хэргийн 93 дугаар хуудсанд байх нэмэлт гэрээг үндэслээд 4 дүгээр сарын 13-ны өдөр илүү шилжүүлсэн мөнгө гэж прокурорын зүгээс үзэж яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Илүү мөнгө шилжүүлсэн болохыг нотлож байгаа гэх нэмэлт гэрээг хоёр тал хуурамчаар дүр эсгэж хийсэн байдаг. Үүнийг Голомт банкинд үзүүлж зээл авах зорилготой байсан байдаг. Үндсэн гэрээ бол 1 тэрбум 800.000.000 төгрөгийн үнэтэй гэрээ байдаг. 1 тэрбум 800.000.000 төгрөгийн гэрээ эцсийн үнэ гэдэг нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой харагддаг. Нийт шилжсэн гүйлгээний үнэ 1 тэрбум 870.000.000 төгрөг байдаг. Прокурор яагаад 100.000.000 төгрөг гэсний гол учир нь хавтас хэргийн 93 дугаар талд авагдсан үл хөдлөх хөрөнгө худалдан авах дүр эсгэж хийсэн гэрээг үндэслэж худалдах, худалдан авах гэрээний үнэ бүрэн шилжиж дуусаагүй байхад буюу 4 дүгээр сарын 13-нд шилжсэн 100.000.000 төгрөгийн гүйлгээг бүхэлд нь илүү шилжсэн мөнгө гэж дүгнээд байдаг. Хохирогч тал их хугацаа алдаж уг гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүйгээр төлбөрөө шилжүүлсэн тул алданги тооцох эрх нээгдсэн байдаг. Мөн хавтас хэргийн 133 дугаар хуудсанд орон сууц хөлслөх хоёр талт гэрээ гээд байдаг. Хэрвээ уг орон сууцыг худалдаж авч чадахгүй бол орон сууц хөлслөх гэрээ маань үргэлжилнэ гэсэн байдаг. Худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болсон эцсийн өдөр энэ гэрээ зогсоно гэсэн заалтуудыг хааж, өөрөөр хэлбэл иргэний эрх зүйн дагуу үүссэн өөрт үүссэн үүргээ хаацайлах зорилгоор гаргасан гомдол байгаа. Иймд давж заалдах гомдлыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Прокурор Д.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь дэмжиж байна. Хохирогч давж заалдах гомдлоо тодорхой бичсэн байна. Үндэслэлээ сайн гаргасан гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Прокуророос Б.Г-ыг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тэнгэр вилла хотхоны 116-03 тоот байрыг иргэн Ч.О- худалдан авахдаа түүний данс руу байрны төлбөрийн мөнгийг шилжүүлэхдээ төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж 100.000.000 төгрөг илүү шилжүүлснийг мэдсээр байж авч завшин их хэмжээний хохирол учруулсан гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Г-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул “цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын бичсэн эсэргүүцэл, “цагаатгах тогтоолыг өөрчилж хохиролгүй болгуулах” тухай хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь;
Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг “төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэг талаас цагаатгагдсан этгээд Б.Г-, нөгөө талаас хохирогч Ч.О- нар харилцан тохиролцож, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үүрэг гүйцэтгэгчээс гэрээний үүргийг биелүүлэхдээ 100,0 сая төгрөгийн илүү төлөлт хийсэн эсэх талаар маргаан үүссэн бөгөөд шилжүүлсэн мөнгөний үнийн дүнгийн талаар талууд маргаагүй байна.
Талууд /цагаатгагдсан этгээд, хохирогч/-ын хооронд үүссэн дээрх маргаан нь иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүсэн шинжтэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүх “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг үг, үсэг, тоо, техникийн шинжтэй бусад алдааг ойлгох ба бэлэн болон бэлэн бусаар төлбөр тооцоог хийхдээ дансны дугаар, банкны нэр, харилцагчийн нэр, мөнгөн дүнгийн тоо хэмжээ, дүн зэргийг алдаатай бичилтээр гүйлгээг хийхийг ойлгоно” гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлтэй болжээ.
Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй. Харин анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан атлаа Б.Г-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, мөн тухайн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь тус тус үндэслэлгүй байх тул энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, ...” гэсэн хэсгийг болон тогтоох хэсгийн 5 заалтыг тус тус хүчингүй болгосугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Ш.Алтанцэцэгийн бичсэн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 23 дугаартай эсэргүүцэл, хохирогч Ч.О-ы гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ