Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
Хэргийн индекс | 106/2016/0144/э |
Дугаар | 144 |
Огноо | 2016-10-20 |
Зүйл хэсэг | 099.1., |
Улсын яллагч | Д.Мөнхтуяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 144
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,
улсын яллагч Д.Мөнхтуяа,
шүүгдэгч Д.Амартүвшин түүний өмгөөлөгч Амартогос,
хохирогч Ц.Цэнддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхон овгийн Дашзэвгийн Амартүвшинд холбогдох эрүүгийн 201626021082 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Олхон овгийн Дашзэвгийн Амартүвшин,/РД:ДИ87080410/ 1987 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, 0-3 насны 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 13-149 тоотод оршин суух,
Урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 454 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 34 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 21 хоногийн хорих ялыг хугацаааас өмнө тэнсэн сулласан,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолоох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ялаар шийтгүүлсэн.
Шүүгдэгч Д.Амартүвшин нь урьд бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байдал арилаагүй байхдаа давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 13 дугаар гудамжны 149 тоотод буюу гэртээ үерхэж байсан иргэн Ц.Цэнддоржийг “зээлсэн мөнгө нэхлээ” гэх шалтгаанаар зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Амартүвшин мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өндөр настай аав, 3 хүүхдийг минь харгалзан шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Цэнддорж мэдүүлэхдээ: “Би тухайн үед Амартүвшинд зээлдүүлсэн мөнгөө авах гэж гэрт нь очиход намайг хэл амаар доромжилж зодсон. Намайг үсдэж, цохиж унагаагаад дээр гарч суугаад эрүү ам руу цохиод, хазаад, хоолойг минь шахаад “танай гэрийнхэн гуйлгачин” гээд намайг хуруугүй, хүний хагас гэх зэргээр доромжлоод байсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Би гомдолтой байна” гэв.
Шүүгдэгч Д.Амартүвшин нь 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 13 дугаар гудамжны 149 тоотод буюу гэртээ үерхэж байсан иргэн Ц.Цэнддоржийг “зээлсэн мөнгө нэхлээ” гэх шалтгаанаар зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:
Хохирогч Ц.Цэнддоржийн “2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр би Амартүвшингээс мөнгөө авах гээд гэрт нь очиход намайг хэл амаар доромжлоод, танайх гуйлгачин гээд миний дээр гарч хэвтчихээд, хоолой ам шахаад, намайг хүлээд, миний үс гэзэгийг скочоор битүү ороогоод, зодоод, намайг гаргахгүй гээд хүлээд, би уяагаа суллаад, зугатаад гараад явсан. Би тэр үед хүүхэдтэйгээ очсон. ... Урд би Амартүвшинд 200.000 төгрөг зээлүүлсэн байсан. Мөнгөө авъя гээд утсаар ярих гэхээр утсаа авахгүй, гэрт нь очихоор зодож нүдээд, цагдаа надад үйлчлэхгүй гээд танайх гуйлгачин, чи хуруугүй хүний хагас гээд доромжлоод байсан. ...Гараараа нүүр рүү 2-3 удаа цохиод хацарнаас хазаад байсан. Бас үсдээд дээр дарж хэвтчихээд хүлээд байсан. ...Бид 2 урьд өмнө үерхэж байсан. Би мөнгөө авах гэж очиход намайг зодсон. Амартүвшин мөнгөний хэрэг яаралтай болоод байна гээд зээлсэн. Би группын мөнгөө Төрийн банкнаас 2015 оны 12 дугаар сард авч байсан. ...Би хэл амаар доромжлуулсандаа гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13-14 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4708 дугаартай:
1. Ц.Цэнддоржийн биед хацар, доод эрүү, бугалга, гуяны цус хуралт, зулайн хэсгийн халцарсан зэрэг гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 23 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.Амартүвшингийн яллагдагчаар өгсөн “... Цэнддорж гэрт байж байсан. Тэгээд бас над руу юм авч шидээд нулимаад байхаар нь би амыг дараад хана руу шахсан юм өөр зодсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.
Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Амартүвшинг 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлж ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 13 дугаар гудамжны 149 тоотод буюу гэртээ үерхэж байсан иргэн Ц.Цэнддоржийг “зээлсэн мөнгө нэхлээ” гэх шалтгаанаар зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч Д.Амартүвшингийн урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ялаар шийтгүүлсэн эрүүгийн хэргийн ялтай байдлын хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт хамрагдаж байх тул уг ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Баянгол дүргийн прокурорын газраас Д.Амартүвшинд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж түүнд сонсгосон ялыг хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэлээ.
Нөгөөтэйгүүр шүүгдэгч Д.Амартүвшингийн 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хугацаа дууссан тул түүнийг эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрч, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдал бий болсон байна.
Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Д.Амартүвшинд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хохирогч Ц.Цэнддорж нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан Д.Амартүвшингийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 454 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолоох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар баривчлах ялаар шийтгүүлсэн эрүүгийн хэргийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Баянгол дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн Олхон овгийн Дашзэвгийн Амартүвшинд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч Олхон овгийн Дашзэвгийн Амартүвшинг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт зааснаар Д.Амартүвшинд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Д.Амартүвшинг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2 дах хэсэгт зааснаар Д.Амартүвшин нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар Д.Амартүвшинд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Амартүвшинд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ