Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2021/0154

 

 

 

 

 

 

 

2021           03            04                                    128/ШШ2021/0154         

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

        Нэхэмжлэгч: “БУ” ХХК

          Хариуцагч: АМГТГКХД

        Нэхэмжлэлийн шаардлага: АМГТГКХД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 157 тоот шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ВШЛ /WXL/, түүний өмгөөлөгч Д.М, орчуулагч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Д.Э нар оролцов.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “БУ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ВШЛ /WXL/, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 онд манай компани тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан. Шилжүүлэн аваад 2010 он хүртэл баяжмалын үйлдвэр, тоног төхөөрөмжөө байршуулж, дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Тог цахилгаангүй байсан тул Багануур дүүргээс цахилгаан татсан. Үүнд 10,000,000 орчим юань зарцуулсан. Нийгмийн хариуцлагын хүрээнд сум, орон нутагт эрчим хүч татсан, сумын өрхүүдийн 80-90 хувьд байшингийн дээврийг нь шинээр сольж өгсөн, хур хогийг зайлуулсан. 2010 онд олборлолтын ажил эхлэхэд бэлэн болох үед Монгол улсад урт нэртэй хууль хэрэгжиж эхэлсэн тул манай уурхай өнөөдрийг хүртэл ашиглалтын үйл ажиллагаа нэг ч явуулаагүй. Урт нэртэй хуульд нийцүүлэн ашиглалтын үйл ажиллагаа явуулахын тулд 2018 оныг хүртэл судалгаа хийсэн. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаас хойш 100,000,000 орчим юанийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ тусгай зөвшөөрлийг цуцалсан маргаантай холбогдуулан уурхай дээр Монгол хүмүүс очиж баяжмалын үйлдвэр болон тоног төхөөрөмжийг минийх гэж ярьсан сураг сонсогдсон. Бидний хөрөнгийг өөрийн мэтээр ярьж байгаа нь хуульд нийцээгүй үйл ажиллагаа юм. Монгол улс эрх зүйт нийгэмд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг гэж боддог. 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр очиход жижүүр нь оруулаагүй. Бидэнд ажилтнаас өөр хүнийг оруулахгүй гэж хэлсэн. 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр би орчуулагчтайгаа очсон. Орчуулагч ямар хүнтэй уулзсан гэдгийг мэдэхгүй. Орчуулагч маань мэргэжилтэнтэй уулзаад төлбөрийг тодорхой болгоод төлбөрөө төлөөд баримтаа аваачиж өгсөн. 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хариуцагч байгууллагын суурин утас руу удаа дараа залгахад утсаа авахгүй байсан. 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ажиллахгүй гэдгийг жижүүрээс мэдсэний дараа хариуцагч байгууллагад ажилладаг хүнээс асуухад ажилтнууд ажиллахгүй байгаа. Удирдлагаас яаралтай ажил байгаа хүмүүс ирж ажиллах, бусад ажилтнууд гэрээсээ ажиллах шийдвэр гарсан гэж хэлж байсан” гэв.

Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БУ” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх ёстой байсан. Энэ хугацаа дуусахаас өмнө буюу 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр тусгай зөвшөөрлийн төлбөр хэд гарсан бэ гэдгийг бодуулахаар очсон. Өмнө нь 19 жил газрын төлбөр төлөхдөө жил бүр Ашигт малтмал, газрын тосны газарт очиж газрыг төлбөрийг бодуулдаг байсан. Ийнхүү газрын төлбөрөө бодуулахаар очиход “Франц улсын иргэнээс ковид-19 вирусийн халдвар илэрсний улмаас манайх хүн хүлээн авахгүй, оруулахгүй, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажиллахгүй” гэсэн бичиг наасан байсан тул явсан. Тус байгууллага ажиллаж эхэлсэн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөд сунгуулах хүсэлт болон төлбөр төлсөн бичгийг Кадастрын хэлтэст хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгөөд 4 хоногийн алданги манай компаниас шалтгаалаагүй, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 4 хоногийн хугацаа хэтэрчихлээ үүнийг шийдвэрлэж өгөөч гэх албан бичгийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тус байгууллагад гаргасан. Хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг мэдэж байсан учраас 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрийг тодорхойлж өгсөн гэж ойлгож байгаа. 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш тус хүсэлтийг шийдвэрлээгүй. Шийдвэрлээгүй байж байгаад 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр алданги төл гэсэн хариуг өгсөн учраас 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 4 хоногийн алдангийг төлсөн. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гарсан гэдгийг мэдэгдсэн. Энэхүү шийдвэр хууль бус болсон. Учир нь тусгай зөвшөөрлийн төлбөр болон алдангийг төлсөн байхад 2020 оны 5 дугаар сарын 05-ны шийдвэр гарсан нь бодит үндэслэлгүй, төлбөр төлөгдсөн хойно гарсан байгаа. Иймд тус шийдвэрийн “БУ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Өмнөх шүүх хуралдаан дээр хариу тайлбараа тодорхой хэлсэн. Төрийн захиргааны байгууллага 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажиллахгүй гэсэн зар тавьсан байсан гэж байна. Ийм зарыг манай зүгээс гаргаагүй. Агентлагийн даргын 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Б/38 дугаар тушаалаар зөвхөн 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй ажилчдыг л ажиллуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Мөн тусгай зөвшөөрлийн төлбөр хариуцсан мэргэжилтэн маань эрэгтэй хүн байдаг. Хэрэгт тухайн хүний ажлын байрны тодорхойлолтыг өгсөн. Жил бүр төлбөрийг бодуулдаг уламжлал байгаа гэж тайлбарлаж байна. Тийм уламжлал байхгүй. Тусгай зөвшөөрлийн төлбөрийг доллараар төлөхгүй, 1 га тутамд 21.700 төгрөгөөр тооцож төлөхөөр хуульчилсан. 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ирэхэд манай байгууллагыг ажиллаагүй гэж байна. Энэ өдөр манай байгууллага ажилласан. Уг асуудлыг хариуцсан н.С*******нь тус өдөр бүтэн ажилласан нь баримтаар нотлогдоно. Иймд тусгай зөвшөөрлийг төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар төлөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                       ҮНДЭСЛЭХ нь:     

Нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн  2020 оны 5 дүгээр сарын 05-ны өдрийн 157 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах гэж тодорхойлж байгаад тус шийдвэрийн “БУ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодруулжээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар дүгнэлээ.

АМГТГКХ даргын 2001 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 118 дугаар шийдвэрээр Хэнтий аймгийн ******* сумын нутаг БМ нэртэй 767 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 3059А дугаартай тусгай зөвшөөрлийг “БУ” ХК-д олгож, 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 645 дугаар шийдвэрээр “БУ” ХХК-д шилжүүлжээ.

Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “БУ” ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлсөн тухай баримтаа ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг шуудангаар хүргүүлжээ.

 “БУ” ХХК нь 2020 оны 4 дүгээр  сарын 20-ны өдрийн  25 дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт “... манай компани тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр болох 2020 оны 3 дугаар сарын 12-оос  2021 оны 03 дугаар сарын 12 хүртэлх төлбөрөө энэ оны 03 дугаар сарын 12-оос өмнө төлөх ёстой байсан. Манай компанийн төлөөлөл 2020 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн 10 цаг 40 минутанд Ашигт малтмалын газарт очсон боловч  цар тахалын улмаас ажлын  7 хоног ажиллахгүй гэдэг мэдээллийг авч 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тусгай зөвшөөрлийг төлсөн тул алданги үүссэн мэдэгдлийн 4 дүгээр сарын 20-нд авсан, цар тахал үүссэн онцгой нөхцөл шалтгааныг ойлгож алданги төлбөрийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг сунгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг ирүүлж, хариуцагч захиргааны байгууллагаас боломжгүй гэсэн хариуг хүргүүлжээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 157 дугаар шийдвэрээр хуулийн хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэсэн үндэслэлээр “БУ” ХХК-ийн MV-003059 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлөхийг үүрэг болгосон, тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх журмыг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөхөөр, 34.6 дахь хэсэгт “... заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулахаар, 34.7дахь хэсэгт ... хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахаар тусгайлан журамлажээ.

 Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “...тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахаар, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй гэж хуульчилсан. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч компани нь хайгуулын MV-003059 дугаар тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрхийг хадгалахын тулд 2020 оны 03 дугаар сарын 12ы өдрөөс өмнө уг тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх үүрэгтэй байсан, уг хугацаанд аливаа шалтгаанаар төлж амжаагүй бол 30 хүртэл хоног буюу 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцсон алдангийг, тусгай зөвшөөрлийн үндсэн төлбөрийн хамт төлснөөр тусгай зөвшөөрлийн эрхийг хадгалах боломжтой байсан гэж үзнэ.

 Тусгай зөвшөөрөл эзэмшигч “БУ” ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хуулиар тусгайлан заасан журмын дагуу тусгай зөвшөөрлийн төлбөр болон алдангийг төлөөгүй нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгч компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын MV-003059 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан маргаан бүхий захиргааны акт Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд, хуульд нийцсэн байна.

Мөн нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй шалтгаанаа ...Ашигт малтмал, газрын тосны газар нь 2020 оны 3 дугаар сарын 09-12 өдрүүдэд хэвийн ажиллаж, коронавирусын халдварын онцгой нөхцөл байдалд тохиолдоогүй бол  байсан бол тусгай зөвшөөрлийн төлбөр хугацаандаа багтаж төлөгдөх байсан, хүндэтгэн үзэх шалтгааныг мэдсээр байж тусгай зөвшөөрлийг цуцалж, биднийг хохироосон, ...тусгай зөвшөөрлийн төлбөр валютын ханшнаас шалтгаалан жил бүр өөрчлөгддөг тул яг хэдэн төгрөг төлөхөө тодруулж байж төлдөг... гэж тайлбарлаж байгаа хэдий ч Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20 дахь хэсэгт “тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг хэлэх бөгөөд хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөхөөр, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт  Ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон уурхайн талбайн гектар тутамд 21750 төгрөг байх бөгөөд харин шохойн чулуу, нүүрс, дотоодын үйлдвэрлэлийн зориулалттай ашигт малтмалын хувьд гектар тутамд 7250 төгрөг байхаар, 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт Тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг төлбөрийг хийх үед тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэгдсэн талбайн хэмжээг үндэслэх бөгөөд тухайн жилд төлбөрийн хэмжээг өөрчлөхгүй, 34.4 дахь хэсэгт  Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцохоор заасан байх тул дээрх тайлбарыг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох боломжгүй байна.

Учир нь эзэмшигчээс ашиглалтын талбайн гектар тутамд хуульд заасан хэмжээгээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр урьдчилан төлөх үүрэгтэй, харин тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг уг төлбөрийг хийх үеийн  тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэгдсэн талбайн хэмжээг үндэслэн тогтоохоор заасан ба нэхэмжлэгч компаний тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх сүүлийн өдөр хүртэл MV-003059 тоот тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд өөрчлөлт ороогүй, жил бүр ижил хэмжээгээр тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдөж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудаар тогтоогдож байна.

“БУ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр болон алдангийг  хуульд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй нь  болох нь  хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн төлбөр төлсөн, 2020 оны 05 дугаар сарын 4-ний өдрийн алданги төлсөн мөнгөн гүйлгээний журналаар нотлогдож байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн гэж буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн “...АМГТГ нь 2020 оны 3 дугаар сарын 09-12 өдрүүдэд хэвийн ажилласан бол тусгай зөвшөөрлийн төлбөр хугацаандаа багтаж төлөгдөх байсан...” гэсэн тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан АМГТГ-ын даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн жирэмсэн болон  0-12 насны хүүхэдтэй эмэгтэй албан хаагчдыг гэрээс нь ажиллуулах тухай Б/38 дугаар тушаал, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн онлайнаар ажиллах болсон тухай мэдэгдэл, тус байгууллагын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийн төлбөр, үйлчилгээний хөлс  хариуцсан мэргэжилтэн 2020 оны 03 дугаар сарын 9, 10 өдрүүдэд ажиллаж байсан тухай  цагийн бүртгэл зэрэг баримтуудаар няцаагдаж байна.

Мөн “БУ” ХХК нь алданги төлсөний маргааш нь манай компаний тусгай зөвшөөрлийг цуцалсан гэж тайлбарлаж байгаа боловч тусгай зөвшөөрлийг цуцлах үйл ажиллагааны дотоод хяналтын хуудсаар 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр алданги төлөгдөөгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийн төсөл боловсруулах  ажиллагаа явагдсан байсан байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр АМГТГКХД-ын 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай  157 дугаар шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2,  106.3.14 дэх заалтыг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

            1.Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 34 дүгээр зүйлийн 34.3, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан  “БУ” ХХК-ийн  нэхэмжлэлээр АМГТГКХД-д холбогдуулан гаргасан АМГТГКХД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн  2020 оны 5 дүгээр сарын 05-ны өдрийн 157 тоот шийдвэрийн “БУ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                  ШҮҮГЧ                            Д.ЧАНЦАЛНЯМ