Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2016/0436

 


Б.Гантүшиг, Д.Доржпүрэв нарын нэр бүхий

19 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргалын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал, нэхэмжлэгч Д.Доржпүрэвийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр, гуравдагч этгээд Д.Чулуунбатын өмгөөлөгч Д.Отгонбаяр, гуравдагч этгээд Ц.Ойдовын өмгөөлөгч М.Мөнхбаатар, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч М.Ганзориг нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч болон гуравдагч этгээдүүд, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Гантүшиг, Д.Доржпүрэв нарын нэр бүхий 19 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргалын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Орхон аймгийн Ардчилсан нам 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д зааснаар Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд 33 хүний нэрийг дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Ингээд Орхон аймгийн Ардчилсан нам 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 47 минутад 33 нэр дэвшигчийн материалыг албан ёсоор баталгаажуулан аймгийн Сонгуулийн хороонд биечлэн хүргүүлсэн. Гэтэл аймгийн Ардчилсан намын С.Сувдаа, Н.Жаргалсайхан, И.Баасанжав, Ц.Батхуяг тэргүүтэй хэсэг гишүүд 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хууль бусаар хурал зохион байгуулж мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 33 нэр дэвшигчийг тодруулсан. Ингэж тодруулахдаа уг хуралд оролцоогүй намын хорооны гишүүдийн нэрсийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр давхардуулж нэр дэвшигчдийн бүртгэлд оруулсан. Сонгуулийн тухай хууль, Ардчилсан намын журамд зааснаар нэр дэвшигчдийг тухайн орон нутгийн намын дарга гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байх ёстой боловч гарын үсэг зураагүй, тамга дараагүй байдаг. Ардчилсан намын дарга З.Энхболдоос Орхон аймгийн Ардчилсан намын дэд дарга С.Сувдаад итгэмжлэл олгосон гэх боловч уг итгэмжлэлээр олгогдсон Сонгуулийн тухай хууль, Ардчилсан намын үндсэн дүрэм болон журамд заасан үйл ажиллагааг явуулаагүй. Мөн итгэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр олгосон байна. Энэ нь нэр дэвшүүлэх ажиллагааг явуулах эрхгүй этгээд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулсан гэх үндэслэл болно. Мөн эдгээр хүмүүсийн өгсөн материал нь хуулийн шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй, Сонгуулийн хороонд бүртгүүлэхдээ хуульд заасан хугацааг хожимдуулсан, биечлэн өгөөгүй нь баримтаар нотлогдож байгаа болно. Орхон аймгийн Ардчилсан намын зүгээс хуулийн шаардлага хангасан нэр дэвшигчдийн материалыг хуулийн хугацаанд сонгуулийн хороонд хүлээлгэн өгсөн. Аймгийн Сонгуулийн хороо нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг материал хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор шийдвэрлэж мэдэгдэх үүрэгтэй байтал одоо хүртэл намын нэр дэвшигчдийг бүртгэсэн эсэх талаар тогтоол гараагүй байна. Энэ хугацаанд аймгийн Сонгуулийн хорооноос 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр №14 тоот Орхон аймгийн Ардчилсан намын дарга Г.Батмөнх танаа “ Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т “Нам нэр дэвшүүлэхдээ тухайн орон нутгийн хурлын сонгуулийн тойрог тус бүрт ногдсон мандатын тоотой адил тооны хүнийг нэр зааж нэр дэвшүүлэн, нийт нэр дэвшигчдийн тойргийн дугаарын дагуу дугаарласан байна” гэсэн хуулийн шаардлагад нийцүүлэн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө тодруулга өгнө үү.” гэсэн албан бичиг ирүүлсэн. Аймгийн Ардчилсан нам 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №53 тоот албан бичгээр сонгуулийн мандатын тоотой адил тооны нэр дэвшигчдийн нэрсийг холбогдох баримтын хамт хүлээлгэн өгснөө баталгаажуулж тодруулга өгсөн. Орхон аймгийн Сонгуулийн хороо нэр бүхий гишүүдийн биечлэн хүлээлгэж өгөөгүй, хуулийн хугацаанаас хожимдуулж цонхон дээр тавьсан материалыг өөрсдөө авсан. Сонгуулийн хорооны дарга Г.Батдэлгэр нь 2016 оны 5 дугаар сарын 12 болон 13-ны өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон олон нийтэд хандаж мэдэгдэхдээ “цонхоор өгсөн материалыг хүлээн авах боломжгүй юм. Учир нь хуулийн хугацаа дууссан байсан” гэж тайлбарлаж байсан. Гэтэл 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаартай тогтоолын 6 дугаар хавсралтаар цонхоор өгсөн нэр бүхий гишүүдийн нэрсийг Сонгуульд нэр дэвшигчээр баталгаажуулсан байна. Дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэснээр Сонгуулийн хороо болон С.Сувдаа, Н.Жаргалсайхан тэргүүтэй хүмүүс Ардчилсан намын хууль ёсны нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг хууль бус үйлдлээрээ хязгаарлаж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах оролдлого гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т “Нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ” гэсэн заалтыг ноцтой зөрчин С.Сувдаа, Н.Жаргалсайхан тэргүүтэй гишүүд 17 цаг 03 минутад материалыг Орхон аймгийн Сонгуулийн хорооны цонхон дээр тавьсан. Ийнхүү тавьсан материалыг Орхон аймгийн Сонгуулийн хорооны гишүүн авч дарга Г.Батдэлгэрт өгсөн. Энэ үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.10-д заасан “хуулиар хориглосон бусад аливаа үйлдэл гаргах, зохион байгуулах, оролцох”-ыг хориглоно гэснийг зөрчсөн. Орхон аймгийн Ардчилсан нам Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д “Сонгуульд оролцох нам нэр дэвшүүлэх ажиллагааг санал өгөх өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана” гэж заасны дагуу 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нэр дэвшигчдээ тодруулсан. Үүнтэй зэрэгцэн намын хорооны хурал зарлах эрхгүй нэр бүхий гишүүд мөн өдөр хууль бусаар 33 хүнийг нэр дэвшигчээр тодруулсан байдаг. Улс төрийн намын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Намын дотоод зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог намын дүрмээр зохицуулна” гэж зааснаар Ардчилсан нам Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулж баталгаажуулна. Тиймээс хууль бусаар нэр дэвшүүлсэн гишүүдийн нэрсийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 04 тоот тогтоолын “Орхон аймгийн Ардчилсан намын нэр дэвшигчдийг 6 дугаар хавсралтын баталсугай” гэсэн хэсэг болон 6 дугаар хавсралтыг бүхэлд нь хүчингүй болгох, Орхон аймгийн Ардчилсан намын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор бүртгүүлсэн нэр бүхий 33 гишүүний материалыг бүртгэж өгөхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах тухай нэхэмжлэлээ дэмжиж байна.” гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Сонгуулийн хорооны дарга Г.Батдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Сонгуулийн хороо шийдвэрээ хуулийн дагуу гаргасан. 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгуулийн Ерөнхий хорооноос албан тоот ирүүлсэн. 6 дугаар сарын 12-ны өдрөөс сонгуулийн саналын хуудас хэвлэгдэх гэж байгааг анхаарч асуудлыг хурдан шийдвэрлүүлэх хэрэгтэй байна.” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би С.Дангаасүрэн, Батбаяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Нэхэмжлэгч нарын зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ардчилсан нам гишүүдээсээ нэр дэвшүүлсэн. Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д заасны дагуу намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Нам гишүүдээсээ сонгуульд оролцох нэрсийг шийдвэрлэдэг. Иймээс шүүх Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д заасны дагуу үнэлэлт өгөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагад 33 хүнийг нэр дэвшигчээр бүртгүүлэхийг даалгаж байгаа боловч 10 гаран хүн нэхэмжлэл гаргасан байна. Онолын хувьд популяр нэхэмжлэл гаргах эрх гэж байдаг. Энэ нь өндөр хөгжилтэй улс оронд зөвшөөрөгддөг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг зааснаас гадна Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т тодорхой шаардлагуудыг заасан байдаг ба энэхүү шаардлагуудыг хангаагүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахыг заасан. Гэтэл нэхэмжлэлд дээрх хуулийн 113.2.2-т заасан шуудангийн хаягийг тусгаагүй байна. Мөн холбоо барих 2-оос доошгүй хүний утас, мөн хуулийн 113.2.5-д заасан бүрдүүлбэрийг хангаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэлд дурдсан намын дотоод асуудал болон хэргийн бүрдүүлбэр хангаагүй учраас шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.” гэжээ.

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2, 157 дугаар зүйлийн 157.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаартай тогтоолын “Орхон аймгийн Ардчилсан намын нэр дэвшигчдийг 6 дугаар хавсралтаар баталсугай” гэсэн хэсэг болон 6 дугаар хавсралт”-ыг бүхэлд нь хүчингүй болгож, Орхон аймгийн Ардчилсан намын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэр дэвшүүлсэн 33 нэр дэвшигчийг бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Д.Чулуунбат давж заалдах гомдолдоо: “Д.Доржпүрэв нарын нэр бүхий 15 иргэний нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Сонгуулийн хороонд хариуцагдах захиргааны хэрэгт миний бие Дариймаагийн Чулуунбат нь гуравдагч этгээдээр оролцож байгаа юм. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06-р сарын 13-ны өдрийн 10 дугаартай шийдвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Миний бие Д.Чулуунбат нь энэхүү захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд хэргийн оролцогчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан юм. Гэтэл Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь миний энэхүү хүсэлтийг хүлээн авсан атлаа 2016 оны 06-р сарын 13-ны өдөр шүүх хурал товлосоноо надад огт мэдэгдэлгүйгээр шүүх хуралдаан хийж шийдвэр гаргасан болохыг шүүхийн шийдвэр гарсан хойно буюу 2016 оны 06-р сарын 15-ны өдөр мэдлээ. Энэ нь миний Үндсэн хууль болон бусад хуулиудаар хамгаалагдсан шударга шүүхээр шүүлгэх, шүүх ажиллагаанд биеэр оролцох, хууль зүйн туслалцаа авах зэрэг эрхүүдэд халдсан шүүхийн үйл ажиллагаа боллоо. Ийнхүү миний эрхийг болон холбогдох хуулиудыг зөрчиж гаргасан Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06-р сарын 13-ны өдрийн 10 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.”гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Ойдов давж заалдах гомдолдоо: Э.Золжаргалын нэхэмжлэлтэй Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэрэгт иргэн Цэвээний Ойдов миний бие гуравдагч этгээдээр оролцсон бөгөөд миний бие өөрийн Үндсэн хуулиар олгогдсон "сонгогдох эрх"-ийг зөрчигдсөн гэж үзэж Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016-06-13-ны өдрийн 10 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал нь нэхэмжлэлийн 2 шаардлага гаргасан бөгөөд нэгдүгээрт, Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2016-05-17-ны өдрийн 4 тоот тогтоолын хавсралт 6 болон Орхон аймгийн Ардчилсан намыг бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах, хоёрдугаарт, нэр дэвшигч гэх бүртгэх хууль зүйн үндэслэлгүй 33 хүнийг бүртгэхийг Сонгуулийн хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэхүү 2 шаардлагыг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь миний төдийгүй Ардчилсан намын эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироосон шийдвэр боллоо. Иймээс дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ маш олон хуулийн заалтыг зөрчиж шийдвэрлэсэн бөгөөд үүний нэг нь миний бие 2016-06-13-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авч өмгөөлүүлэх хүсэлтэй байсан ба энэхүү хүсэлтээ шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргатал шүүгч Б.Болормаа нь намайг өмгөөлөгч авах шаардлагагүй гэж хэлээд өмнө нь авах хэрэгтэй байсан талаар загнаж байгаад шүүх хуралдаанаа үргэлжлүүлсэн. Миний бие шүүхээс ямар шийдвэр гарах талаар мэдэхгүй, хэргийн материал ч танилцаагүй байсан ба Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 14 дүгээр зүйлд /Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэрвээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно/ заасан эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч авах гэтэл энэ боломжоор хангаагүй тэгсэн атлаа Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2016-05-17-ны өдрийн 4 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан миний нэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй боллоо. Миний бие өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд хэргийн материалтай танилцаж түүнээс тэмдэглэл хийх хүсэлтэй байсан боловч анхан шатны шүүх энэ боломжоор хангаагүй бөгөөд надад гардуулсан гуравдагч этгээдээр оролцуулах тухай захирамжаас үзвэл хэргийг хянан шийдвэрлэх хуульд заасан 30 хоногийн хугацаа дуусаагүй байхад "хэргийг хурдан шийдвэрлэх ёстой" гэж хэлээд надад өөрийгөө өмгөөлөхийн тулд хэргийн материалтай ч танилцах боломж олгохгүйгээр хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2. Миний бие Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшихээр Сонгуулийн 157 дугаар зүйлд заасан материалаа Орхон аймгийн Ардчилсан нам гэх Ардчилсан намын салбар байгууллагад өгсөн бөгөөд миний дээрх материалыг манай намаас нэр дэвшүүлэхээр шийдвэрлэж Орхон аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн байсан. Үүнийг үндэслэн Сонгуулийн хороо манай намаас нэр дэвшүүлсэн миний нэрийг нэр дэвшигчээр бүртгэж, 2016-05-17-ны өдрийн 4 дугаартай тогтоолын 6-р хавсралтад заасан байсан болно. Энэ нь ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй бөгөөд Орхон аймгийн Ардчилсан намын дарга С.Сувдаа нь Ардчилсан намын дарга З.Энхболдоос олгосон итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлсөн байдаг. Гэтэл шүүх үүнийг хууль бус байсан гэж үзэж намаас нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийн нэрсийг баталсан тогтоолыг хүчингүй болгож, харин оронд намаас нэр дэвшээгүй, намын хорооны хүчин төгөлдөр хурлаар хэлэлцэгдээгүй 33 гишүүнийг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгасан нь хууль зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.

Иймээс Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016-06-13-ны өдрийн 10 дугаартай Э.Золжаргал нарын нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. /Шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байна/

Мөн 2016-06-13-ны өдрийн Э.Золжаргал нарын нэхэмжлэлтэй Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийн 14:30 минутаас шөнийн 24 цаг хүртэл үргэлжилсэн шүүх хуралдааны бичлэгийг бүрэн эхээр судлуулах хүсэлтэй байна.” гэжээ.

Гуравдагч этгээд С.Дангаасүрэн, Ц.Батхуяг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч М.Ганзориг давж заалдах гомдолдоо: “Д.Доржпүрэв, Э.Золжаргал нарын нэр бүхий 12 иргэний нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд П.Баянмөнх, Ч.Өлзийбаяр нарт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар оролцсон бөгөөд тус хэргийг 2016-06-13-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2016-05-17-ны өдрийн 4 дугаартай тогтоолын 6-р хавсралтыг болон Орхон аймгийн Ардчилсан намын нэр дэвшигчдийг 6-р хавсралтаар баталсугай гэсэн хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож Орхон аймгийн Ардчилсан намын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэр дэвшүүлсэн гэх 33 нэр дэвшигчийг бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгахаар шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлд дурдсанаар Б.Мягмарсүрэн, Д.Доржпүрэв, Б.Гантүшиг, Д.Эрдэнэбат, Р.Рагчаа, Ш.Раднаадагий, Д.Цог-Очир, Б.Булганчимэг, Ж.Ганчимэг, Э.Амарбаясгалан, Б.Нэргүй, Д.Ганбат, Б.Ганбаяр, Б.Цэвэгмид, Б.Бадрах-Эрдэнэ нарыг "НЭХЭМЖЛЭГЧ" гэж тодорхойлсон байх бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлд Э.Золжаргал гэх тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурсан, уг нэхэмжлэлийг шүүх 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн аваад шүүх 2016-06-13-ны өдөр Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.4-д заасан хугацаа дуусаагүй байхад хэргийн оролцогчийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчин нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр энэхүү давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Монгол улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн холбогдох зүйл, заалтуудыг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

1.1 Анхан шатны шүүх 2016-06-13-ны өдрийн 10 дугаартай шийдвэрийнхээ ҮНДЭСЛЭХ хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар /Монгол улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ/ зүйлийн 9/ "шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй..." гэж заасныг баримтлан иргэний сонгогдох эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй талаар шүүх шийдвэрийнхээ ҮНДЭСЛЭХ хэсэгт дүгнэсэн байна. Гэтэл шүүх Үндсэн хуулийн дээрх заалтыг тайлбарлахдаа Орхон аймгийн Сонгуулийн хороо нэхэмжлэгч нар гэх 33 иргэний "сонгогдох" эрхийг зөрчсөн гэж үзсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалт нь Монгол Улсын иргэн бүрийн эдлэх эрхийг тунхагласан заалт байх бөгөөд энэхүү эрхийг эдлэх нөхцөлийг хууль тогтоогч Сонгуулийн тухай хуулиар түүний хэрэгжих баталгааг бүрдүүлсэн байна. Ийнхүү Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд тусгайлан үндсэн эрхийг эдлэх болон хязгаарлах нөхцөлийг 11.1-11.11-д тус тус заажээ. Мөн нөгөө талаас иргэн хүн өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзвэл хэрхэх тухай Монгол улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14/ Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй.../ -д мөн заасан байна. Энэхүү "шүүхэд мэдүүлэх эрх"-ийн агуулгыг "өөрийн эрх, эрх чөлөөгөө зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулах..." гэх нөхцөлийг тодорхойлсон бөгөөд эцсийн шийдвэр гаргадаг "ШҮҮХ" гэдэг байгууллага Монгол улсад өөрийн санаачлагаар, иргэнийг төлөөлөх эрхгүй этгээдийн нэхэмжлэлээр тэдний зөрчигдсөн гэж үзэхгүй байгаа эрхийг "зөрчигдсөн, нэхэмжлэл, гомдол гаргасан" гэж тооцон дээрх шийдвэрийг гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 9-д заасан эрхээ зөрчигдсөн гэж үзсэн иргэн Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14-д заасны дагуу өөрөө эсхүл хууль ёсны болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан өргөдөл, гомдол, нэхэмжлэлээ гаргахаар заасан байна. Гэтэл "сонгох, сонгогдох эрх"-ийн тайлбарлахдаа "шүүхэд мэдүүлэх эрх"-ээр хязгаарлагддаг байтал, хүний зөрчигдсөн эрхийг өөрийнх нь нэхэмжлэл, гомдолгүйгээр сэргээж Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтыг Монгол Улсын Үндсэн хуульд зааснаас өөрөөр буруу тайлбарлан хэрэглэлээ. Тодруулбал иргэн өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргадаг ба бусад иргэн, хуулийн этгээдийн өмнөөс итгэмжлэлгүйгээр төлөөлөн нэхэмжлэл, гомдол гаргахад шүүх эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж хүлээн авч шийдвэрлэх боломжгүй билээ. Тэр ч бүү хэл нэхэмжлэл, гомдол гаргаагүй иргэд бүү хэл нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухай тайлбар, хүсэлтээ бичгээр гаргасан иргэн Д.Ганбат, Д.Батбаяр нарыг хүртэл нэр дэвшигчээр бүртгэхийг даалгасан шийдвэр гаргаж байгаа нь "шударга шүүхийн" нэр хүндийг унагасан, шүүхэд итгэх итгэлийг алдагдуулсан шийдвэр боллоо.

1.2 Монгол улсын Үндсэн хуулийн арван есдүгээр зүйлийн 1-д "төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна, 2-д "онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө" гэсэн заалтыг тайлбарласан байх бөгөөд нэхэмжлэгч 15 иргэний нэхэмжлэлээр 33 иргэнийг нэр дэвшихийг хууль бусаар Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгаж, Орхон аймгийн Ардчилсан намаас нэр дэвшсэн 18 нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь шүүх "өөрөө" хүний эрхийн баталгаа, шударга ёсны илэрхийлэл болохын хувьд хуулиас дээгүүр ажиллаж байгаа мэт харагдуулж байна. Дээрх Үндсэн хуулийн заалтуудаас үзвэл хүний эрхийн, эрх чөлөөг хязгаарлахдаа хуулиар хязгаарлахыг заасан байх бөгөөд Орхон аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн хууль, Иргэний хууль, Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд нэхэмжлэгч нарын "сонгогдох эрх"-ийг бүртгэн баталгаажуулах боломжгүй байгаа илэрхийлсэн байна. Энэ нь нэхэмжлэгч нарын "сонгогдох эрх"-ийг хязгаарласан хязгаарлалт биш бөгөөд харин ч Ардчилсан намаас нэр дэвшсэн нэр дэвшигчдийг бүртгэсэн болохыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харж болох юм.

2. Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

2.1 Анхан шатны шүүх 15 иргэний гаргасан нэхэмжлэлийг 2016-05-19-ны орой хүлээж аваад 2016-05-20-ны өдөр 88 дугаартай "нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, захиргааны хэрэг үүсгэх тухай" гэх захирамж гаргаж Д.Пүрэвдорж /ийм нэртэй нэхэмжлэгч байхгүй/, Б.Гантүшиг, Д.Эрдэнэбат, Р.Рагчаа, Ш.Раднаадагий, Д.Цог-Очир, Б.Булганчимэг, Ж.Ганчимэг, Э.Амарбаясгалан, Б.Нэргүй, Д.Ганбат, Б.Ганбаяр,  Б.Цэвэгмид,  Б.Бадрах-Эрдэнэ, Б.Алтанхуяг,  Б.Батбаяр, Т.Хайрат, М.Болдбаатар, Р.Цэрэндорж нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргалын нэхэмжлэлтэй Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг 2016-05-20-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байх ба нэхэмжлэлд Б.Мягмарсүрэн, Д.Доржпүрэв, Б.Гантүшиг, Д.Эрдэнэбат, Р.Рагчаа, Ш.Раднаадагий, Д.Цог-Очир, Б.Булганчимэг, Ж.Ганчимэг, Э.Амарбаясгалан, Б.Иэргүй, Д.Ганбат, Б.Ганбаяр, Б.Цэвэгмид, Б.Бадрах-Эрдэнэ гэсэн нэхэмжлэгчийн тодорхойлсон байна. Тэгсэн атлаа нэхэмжлэлд Э.Золжаргал гарын үсэг зурсан байгаа нь хоорондоо зөрчилтэй мэдээллүүд байдаг. Тодруулбал шүүх нэхэмжлэлийг хүлээн аваад захиргааны хэрэг үүсгэхдээ хэн хэн гэдэг иргэд нэхэмжлэл гаргаж байгааг нэхэмжлэлд тодорхойлсон байдлаар заахаас гадна нэхэмжлэл гаргаагүй Б.Мягмарсүрэнг Э.Золжаргал нь төлөөлөх эсэх, тус иргэн нэхэмжлэл гаргасан эсэхийг тодорхойлсны үндсэн дээр шаардлага хангуулж дахин нэхэмжлэл гаргах боломжтойг тайлбарлан өгч шүүгчийн захирамжаар буцаах нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /цаашид ЗХХШТХ гэх/-ийн 33 дугаар зүйлийн 33.2-д нийцэх байсан байна. Нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч энэхүү ажиллагааг хийхгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн ч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шилжүүлэн авсан шүүгч ч дээрх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсангүй хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр ЗХХШТХ-ийн 70 дугаар зүйлийн 70.3 заасан хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

2.2 Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ ЗХХШТХ-ийн 32 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангасан байхаас гадна Сонгуулийн тухай хууль /цаашид СТХ/-ийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасан мэдээллийг тусгах болон хавсаргахаар хуульд тусгайлан заасан байна. Хэрэв СТХ-ийн 113.2-т заасан мэдээллийг хавсаргах буюу тусгаагүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан байна. Гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Золжаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэлд СТХ-ийн 113 дугаар зүйлийн 113-2.2, 113.2.3, 113.2.5-д заасан мэдээллийг нэхэмжлэлд тусгаагүй, хавсаргаагүй байтал шүүх хэт нэг талыг барьж, хэргийг хараат бусаар шийдвэрлэлгүй хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь мөн л хуульд үндэслэсэн байх шаардлагыг хангаагүй шийдвэр боллоо. Үүнийг анхан шатны шүүх хуралдаанд удаа дараа шүүх хурал болгон дээр мэдэгдэж, бичгээр хүсэлт гаргасаар байтал шүүх үүнийг огт анхааралгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай боллоо. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14-д зааснаар ..-шударга шүүхээр шүүлгэх... эрхтэй билээ.

2.3 Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийнхээ ҮНДЭСЛЭХ хэсэгт: "...СТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д ...Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй гэж зааснаас дүгнэхэд иргэний сонгогдох эрхийг хязгаарлах үндэслэлгүй юм" гэсэн байх ба Улс төрийн намын тухай хуульд сонгуульд оролцох эрхийн талаарх хуулийн зохицуулалтыг тайлбарласан байх ба Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д заасан намаас Улсын их хурал болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшүүлэхдээ өөрийн дотооддоо мөрддөг дүрэм, журмын хүрээнд өөрөө шийдвэрлэх тухай хуулийн заалтыг зөрчиж, намаас нэр дэвшүүлэх ажиллагааг "шүүх" хэсэг иргэдийн нэхэмжлэлээр, зарим иргэний өмнөөс өөрөө шийдвэрлэсэн хэрэг боллоо. Иргэн "сонгогдох" эрхтэйн адил Ардчилсан нам гэх хуулийн этгээд ч Улс төрийн намын тухай хуулийн 14.1.1-д заасны дагуу сонгуульд оролцох эрхтэй байтал, намын дотоод асуудалд шүүх хэт оролцсон хэрэг боллоо.

2.4 Орхон аймгийн Ардчилсан намаас Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасны дагуу түүнийг бусад байгууллага /Орхон аймгийн Сонгуулийн хороо гэх мэт/-ын өмнө төлөөлөх бүрэн эрхийн итгэмжлэлийн үндсэн дээр олж авсан тус намын дэд дарга С.Сувдаад тус намын дотоодод нэр дэвшигч нарыг тодруулах эрхгүй, төлөөлөх эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай, Улс төрийн намын тухай хуулийн 13.9-ийг зөрчсөн шийдвэр боллоо. Орхон аймгийн Ардчилсан намыг төлөөлөх эрхтэй С.Сувдаагаас СТХ-д заасны дагуу Орхон аймгийн ИТХ-ийн 2016 оны ээлжит сонгуульд 22 тойрогт 33 нэр дэвшигчийг дэвшүүлсэн байтал СТХ-ийн 155 дугаар зүйлийн 155.1, 155-2, 155.3-т заасныг зөрчсөн мэтээр дүгнэж байгаа нь үндэслэл муутай байна.

2.5 Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016-06-13-ны өдрийн 10 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба СТХ-д заасны дагуу материалаа хүргүүлээд эргүүлэн авсан гэх Б.Мягмарсүрэнг УИХ-ийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх гардан авсан "нэр дэвшигч"-ийг хүртэл Орхон аймгийн ИТХ-д нэр дэвшигчээр бүртгэхийг даалгасан нь биелэх боломжгүй, харин ч эсрэгээрээ иргэний сонгох, сонгогдох эрхэд ноцтойгоор халдсан үйлдэл боллоо.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

3.1 Ардчилсан нам гэх хуулийн этгээд нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д заасны дагуу үүсгэн байгуулагдсан, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Иргэний хуулийн 25 дугаар зүйлд заасан шаардлага хангасан хуулийн этгээд байх бөгөөд хуулийн этгээдийн хувьд, УИХ болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д нэр дэвшүүлэх, оролцох эрхтэй болохын хувьд тус намаас нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой маргааныг шүүхээр хянан шийдвэрлэхэд оролцох эрхтэй билээ. Энэ эрхийнхээ хүрээнд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ардчилсан нам өөрөө болон гуравдагч этгээдүүдийн зүгээс Ардчилсан намыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэн, гомдол гаргах эрхгүй захирамжаар халхавчлан намын дотоод асуудлыг шийдвэрлэж байгаа нь Орхон аймгийн Ардчилсан намаас нэр дэвшиж, СТХ-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасны дагуу 18 нэр дэвшигчийн эрх хууль ёсны ашиг сонирхол болон Ардчилсан намын мөрийн хөтөлбөр, бодлого шийдвэрийг ШҮҮХ өмнөөс нь тогтоосон хууль бус бусармаг үйлдэл боллоо. Түүгээр ч зогсохгүй Орхон аймгийн Ардчилсан намаас нэр дэвшиж, СТХ-д заасны дагуу "нэр дэвшигч"-ээр бүртгэгдсэн 18 нэр дэвшигчийг бүртгэсэн Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2016-05-17-ны өдрийн 04 дугаартай тогтоолын "Орхон аймгийн Ардчилсан намд холбогдох хэсэг болон 6 дугаар хавсралтыг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2016-05-31-ний өдрийн 97 дугаартай захирамжийг буруу гаргаж, шүүхийн шийдвэрээрээ хүчингүй болголгүй, одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасныг батлан харуулж байна.

3.2 Тус хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан СТХ-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан нэр дэвшигчээр бүртгэгдсэн нэр дэвшигч Ц.Ойдов нь шүүх хуралдаанд оролцохдоо өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах зэрэг хүсэлтүүдийг, миний үйлчлүүлэгч Т.Соёл-Эрдэнэ, Цэрэнням нар хэргийн материалтай танилцах зэрэг хүсэлтийг гаргаж байсан ба шүүх үүнийг үл харгалзан Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно... гэсэн ҮНДСЭН эрхийг, ЗХХШТХ-ийн 21 дүгээр зүйлийн 21.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрхийг хууль бусаар хязгаарлаж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэн тэдний эрхийг ноцтойгоор зөрчлөө.

3.3 Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “Орхон аймгийн Ардчилсан намын дэд дарга С.Сувдаа нь Ардчилсан намын дэд дарга З.Энхболдын олгосон итгэмжлэлээр 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Ардчилсан намын хорооны хурал хийж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд намаас нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргасан гэж гуравдагч этгээдүүд тайлбарласан..." гэж огт яригдаагүй, хэрэгт авагдаагүй тайлбарыг худал тайлбарлаж, үүнийгээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй, хуульд үндэслэлгүй байхаас гадна бодит үнэнд нийцэхгүй худал тайлбар гаргаж байгаа нь шүүх ямар зорилго, шалтгаанаар ийнхүү энэ дүгнэлтийг хийснийг ойлгохгүй байна. Ингэж үзэх учир нь 2016-05-09-ний өдрийн намын хорооны хурлыг дэд дарга С.Сувдаа бус харин дарга С.Дангаасүрэн зарлан хуралдуулсан ба шүүх хуралдаан дээр энэ талаар гуравдагч этгээдийн зүгээс энэ асуудлаар ямар ч тайлбар хийгээгүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Үүнийг шүүх хуралдааны дүрс бичлэгээс харж болох юм.

Иймээс Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016-06-13-ны өдрийн 10 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгоно уу.

Энэхүү гомдлыг давж заалдах журмаар хэлэлцэхэд биечлэн оролцох хүсэлтэй байгаа тул хуульд заасны дагуу мэдэгдэнэ үү. Мөн 2016-06-13-ны өдрийн 10 дугаартай шийдвэртэй захиргааны хэргийн шүүх хуралдааны бичлэгийг давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нотлох баримтаар шинжлэн судлуулах хүсэлтэй байна” гэжээ.

Гуравдагч этгээд Д.Батхишиг, Д.Ганболд, Г.Баатарсүрэн, Д.Цэрэнням, Б.Ганбат, Ч.Өлзийбаяр, Т.Соёл-Эрдэнэ, М.Төгсжаргал, Б.Эрдэнэбаяр, Я.Бэгзжав, П.Баянмөнх, И.Баасанжав, А.Батбаатар, Б.Хүрэлбаатар нар давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч Д.Доржпүрэв нар нь Хууль бусаар нэр дэвшүүлсэн гишүүдийн нэрийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05-р сарын 17-ны өдрийн 04 тоот тогтоолын "Орхон аймгийн Ардчилсан намын нэр дэвшигчдийг 6 дугаар хавсралтаар баталсугай" гэсэн хэсэг болон 6-р хавсралтыг бүхэлд нь хүчингүй болгох, Орхон аймгийн Ардчилсан намын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор бүртгүүлсэн гэх нэр бүхий 33 гишүүний материалыг бүртгэж өгөхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба Д.Батхишиг, Д.Ганболд, Г.Баатарсүрэн, Д.Цэрэнням, Б.Ганбат, Ч.Өлзийбаяр, Т.Соёл-Эрдэнэ, М.Төгсжаргал, Б.Эрдэнэбаяр, Я.Бэгзжав, .Баянмөнх, И.Баасанжав, А.Батбаатар, Б.Хүрэлбаатар нар бид гуравдагч этгээдээр татагдсан билээ.

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2016 оны 06- р сарын 13-ны өдөр хуралдаанаар шөнийн цагаар хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06-р сарын 13-ны өдрийн 10 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь бүхэлдээ намын дотоод асуудлуудыг дурдаж үнэлэлт дүгнэлт өгсөн нь Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д заасныг зөрчсөн үйл ажиллагаа боллоо.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт "шүүхэд нэхэмжлэл гаргасан 19 нэхэмжлэгч" хэмээн заасан нь бодит байдалтай нийцэхгүй байгаа юм. Учир нь нэхэмжлэлд Б.Мягмарсүрэн, Д.Доржпүрэв, Б.Гантүшиг, Д.Эрдэнэбат, Р.Рагчаа, Ш.Раднаадагий, Д.Цог-Очир, Б.Булганчимэг, Ж.Ганчимэг, Э.Амарбаясгалан, Б.Нэргүй, Д.Ганбат, Б.Ганбаяр, Б.Цэвэгмид, Б.Бадрах-Эрдэнэ нарын 15 иргэний овог, эцгийн /эхийн/ нэр, өөрийн нэр зэргийг бичсэн байдаг юм. Гэтэл шүүх нэхэмжлэлд хавсаргасан иитгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэгч нарын тоог 19 хэмээн тодорхойлон захиргааны хэрэг үүсгэсэн мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 19 нэхэмжлэгч гэж тусгасан байгаа нь Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 Хуульд зааснаас гадна нэхэмжлэлд дараах мэдээллийг тусгах буюу хавсаргах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана 113.2.1. нэхэмжлэл гаргасан хүний нэр, эцгийн нэр, нотариатаар гэрчлүүлсэн иргэний үнэмлэхний хуулбар гэж заасан зүйл заалтыг зөрчсөн байна.

Нэхэмжлэл гаргасан Д.Доржпүрэв нарын 15 иргэний нэхэмжлэлийн шаардлага нь Хууль бусаар нэр дэвшүүлсэн гишүүдийн нэрийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05-р сарын 17-ны өдрийн 04 тоот тогтоолын "Орхон аймгийн Ардчилсан намын нэр дэвшигчдийг 6 дугаар хавсралтаар баталсугай" гэсэн хэсэг болон 6-р хавсралтыг бүхэлд нь хүчингүй болгох, Орхон аймгийн Ардчилсан намын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор бүртгүүлсэн гэх нэр бүхий 33 гишүүний материалыг бүртгэж өгөхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах билээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Орхон аймгийн Ардчилсан намын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэр дэвшүүлсэн 33 нэр дэвшигчийг бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгасугай гэж заасан байна. Энэ нь Д.Доржпүрэв нарын 15 иргэний гаргасан нэхэмжлэлээр Ардчилсан намаас Улс төрийн намын тухай хуулийн 14 дүгээр зүйл, 14.1.1, Сонгуулийн тухай хуулийн 154.1, 155.3-д зааснаар нам өөрийн эрх хэмжээ дотоод дүрэм, журмын хүрээнд шийдвэрлэх асуудлыг намын өмнөөс шүүх шийдвэрлэж өгч байна. Өөрөөр хэлбэл 15 иргэн нэхэмжлэл гаргаад намаас нэр дэвшүүлэх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж байгаа нь учир зүйн болон хууль зүйн хувьд боломжгүй зүйлийг хүчээр шийдсэн бүдүүлэг шийдвэр боллоо. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргаагүй 18 иргэнийг шүүх Ардчилсан намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгасан шийдвэр гаргасан нь гуравдагч этгээдээр оролцож байгаа бидний 18 нэр дэвшигчийн эрхийг зөрчиж шүүхээр эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаагүй байгаа 18 иргэнийг сонгох сонгогдох эрхээ заавал эдлэх ёстой хэмээн шүүхийн шийдвэрээр нэр дэвшихээр тогтоож хэрэгжүүлэх гэж буй нь шударга ёс, хүний эрхийг хамгаалах бус хохироох эрсдэлд хүргээд байна.

Иймээс Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байна.” гэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Иймээс дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. 15 иргэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад 33 нэр бүхий хүнийг бүртгэхийг даалгасан.

2. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлсэн Б.Мягмарсүрэнг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд бүртгэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг ноцтой зөрчсөн шийдвэр гарсан байна.

3. Ардчилсан нам сонгуульд оролцохоо илэрхийлэхдээ н.Батчимэг гэсэн гарын үсэг бүхий материал ирүүлсэн ба 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэр дэвшигчидээ бүртгүүлэхдээ Г.Батмөнх, С.Сувдаа гэсэн гарын үсэг бүхий 66 нэрсийн жагсаалт, 51 нэр дэвшигчийн баримт бичиг ирүүлсэн. Шүүхийн шийдвэрт 66 баримт бичгээс 18 хүнийг сонгон бүртгэсэн нь хууль зөрчсөн гэж үзсэн байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 18 нэр дэвшигчийг бүртгэсэн талаар дэлгэрэнгүй тайлбарыг гаргаж өгсөн бөгөөд холбогдох нотлох баримтуудыг эх хувиар нь хүргүүлсэн болно.

Иймээс Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д зааснаар давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Орхон аймгийн Ардчилсан нам нь Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Нам тухайн орон нутгийн хурлын төлөөлөгчдийн тооноос илүүгүй хүнийг орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлнэ”, 155.2-т “Нам нэр дэвшүүлэхдээ тухайн орон нутгийн хурлын сонгуулийн тойрог тус бүрт ногдсон мандатын тоотой адил тооны хүнийг нэр зааж нэр дэвшүүлэн, нийт нэр дэвшигчдийг тойргийн дугаарын дагуу дугаарласан байна” гэж тус тус заасныг үндэслэн Орхон аймгийн Ардчилсан намын хорооны хурлын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01 тоот тогтоолоор батлагдсан орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч 33 хүний нэрсийг намын дарга Г.Батмөнхийн гарын үсэгтэй албан бичгээр, үүнээс тусдаа хуралдсан мөн намын хорооны хурлын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 08 тоот тогтоолоор орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч 33 хүний нэрсийг намын дэд дарга С.Сувдаагийн гарын үсэгтэйгээр Орхон аймгийн сонгуулийн хороонд бүртгүүлэхээр тус тус хүргүүлжээ.

Орхон аймгийн Сонгуулийн хороо нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 04 тоот тогтоолын 6 дугаар хавсралтаар Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9-д заасныг үндэслэн С.Сувдаагийн гарын үсэгтэйгээр Орхон аймгийн Сонгуулийн хороонд бүртгүүлэхээр ирүүлсэн нэр дэвшигчдийн дотроос нэр бүхий 18 хүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн байна.

Улс төрийн нам нь хуулийн этгээд болохын хувьд аливаа харилцаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох боловч түүний орон нутаг дахь салбар, нэгж нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д зааснаар хуулийн этгээдийн эрхгүй тул мөн зүйлийн 29.5-д зааснаар Ардчилсан намаас буюу түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн олгосон итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулна.

Хэрэгт авагдсан Ардчилсан намын улсын бүртгэлийн гэрчилгээнд намын даргаар З.Энхболдыг бүртгэсэн байх ба З.Энхболд нь Орхон аймгийн Ардчилсан намын дарга Ч.Батчимэгт “...Орон нутагтаа сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж, хууль тогтоомж, Ардчилсан намын дүрэмд болон холбогдох бусад журамд заасан үйл ажиллагааг явуулах” итгэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр олгож, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр уг итгэмжлэлээ хүчингүй болгожээ. Уг итгэмжлэлийн хүрээнд М.Батчимэг нь 2016 оны Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д заасан хугацааны дотор буюу 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулж, улмаар нэр дэвшигчдээ бүртгүүлэхээр холбогдох баримт бичгийг Орхон аймгийн сонгуулийн хороонд хүргүүлжээ.

Гэтэл дээрх нэр дэвшигчдийг бус Ардчилсан намын даргаас олгосон итгэмжлэлгүйгээр орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулж, энэхүү ажиллагааны үр дүнд бүрдсэн нэр дэвшигчдийн дундаас 18 нэр дэвшигчийг бүртгэх шийдвэрийг Орхон аймгийн сонгуулийн хороо гаргасан нь Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Д.Батбаяр, Д.Ганбат нарын татгалзлыг шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан, тэрчлэн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал нь Б.Мягмарсүрэн, Д.Энхбат нарыг бүртгэхийг даалгуулах шаардлагагүй болсон гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагаа “31 гишүүний материалыг бүртгэхийг хариуцагчид даалгуулах” болгон багасгасан байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “29 нэр дэвшигчийг бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах” талаар өөрчлөлт оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин гуравдагч этгээдүүд болон тэдний өмгөөлөгчийн “анхан шатны шүүх 15 хүн нэхэмжлэл гаргасан байхад 19 хүнийг нэхэмжлэгч гэж тодорхойлон хууль зөрчиж, 19 хүний нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэн, тэрчлэн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шүүгчийн захирамжийг буруу гаргаж, Орхон аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 04 тоот тогтоолын маргаан бүхий хэсгийг бус бүхэлд нь түдгэлзүүлсэн” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь:

Нэхэмжлэлд 15 нэхэмжлэгчийн нэр бичигдсэн боловч 19 хүний Э.Золжаргалд олгосон итгэмжлэл хавсаргагдсан байх тул 19 хүний нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийг,

мөн хүсэлт шийдвэрлэх тухай 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт Орхон аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 04 тоот тогтоолын 6 дугаар хавсралтыг түдгэлзүүлэх талаар тодорхой дурдсан учир уг захирамжийг тус тус буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

Түүнчлэн гуравдагч этгээдүүд “шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах боломж олгоогүй” талаар гомдол гаргажээ.

Гэтэл шүүгч “Гуравдагч этгээдийг оролцуулах тухай” захирамжийг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гаргаж, гуравдагч этгээдүүд болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн, тэрчлэн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зарлагдаж байсан шүүх хуралдааны товыг ч мөн мэдэгдэж байжээ /хх-151/. Тодруулбал, өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох талаар гуравдагч этгээдүүдэд шүүх мэдэгдсэн байна.

 Гуравдагч этгээдүүд нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, хэргийн материалтай танилцах эрхтэй боловч шүүх өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах хүртэл хугацаанд хэргийг шийдвэрлэлгүй хүлээх үүрэггүй, тэрчлэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т зааснаар шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргийг хэргийн оролцогчид хүлээх тул гуравдагч этгээдүүдийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Батбаяр, Д.Ганбат нар нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, тэдний нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт нэмж,

мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...33 нэр дэвшигчийг бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгасугай” гэснийг “...29 нэр дэвшигчийг бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймгийн Сонгуулийн хорооны болон гуравдагч этгээдүүд, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн Орон нутгийн төсвөөс гаргуулан буцаан олгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид гуравдагч этгээд Д.Чулуунбатын төлсөн 70 200 төгрөг, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

                    ШҮҮГЧ                                       Э.ЛХАГВАСҮРЭН

                    ШҮҮГЧ                                       Г.БИЛГҮҮН