Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1121

 

 

 

 

 

      2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2018/01121

             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

   Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамж-45А, Оршил төвийн 701 тоотод байрлах “Т ББСБ”ХХК /РД:552716/-ийн нэхэмжлэлтэй,

   Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр 2 гудамж, 42Б байрны 18 тоотод оршин суух Адуучин овогт Бяруузанын Э /РД: ХД781101174/-т холбогдох

   зээлийн гэрээний үүрэгт 16.842.707 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Хулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ   нь:

          Нэхэмжлэгч “Т ББСБ”ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: “Т ББСБ”ХХК нь иргэн Б.Этай 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулж, 43.200.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн бөгөөд зээлдэгч тал үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, 2010 онд үйлдвэрлэсэн Ланд круйзер-200 маркийн 00-10 УБЦ улсын дугаартай автомашиныг барьцаалсан. Б.Э нь 14.305.000 төгрөгийн үлдэгдлийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр сунгалтын гэрээгээр 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй сунгаж, зээлийн төлбөрийг зээлийн гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх ёстой байсан. Гэвч 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш, өдийг хүртэл үндсэн зээл, хүүгийн төлөлт огт хийгдээгүй, зээл төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн. Б.Эт дээрх зөрчлийг арилгахыг  бичгээр шаардсан боловч биелүүлээгүй. Цаашид энэ шаардлагыг тавих нь үр дүнгүй. Иймд зээлдэгч Б.Эаас үндсэн зээл 14.305.000 төгрөг, үндсэн зээлийн хүү 2.188.665 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 349.042 төгрөг, нийт 16.842.707 төгрөгийг гаргуулж, барьцааны зүйл болох 2010 онд үйлдвэрлэсэн Ланд круйзер-200 маркийн 00-10 УБЦ улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

         Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Б.Эт мэдэгдсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

         Нэхэмжлэгч “Т ББСБ”ХХК нь хариуцагч Б.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16.842.707 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг шаардсан байх ба уг нэхэмжлэлийн шаардлагаас 16.756.836 төгрөгийн шаардлагыг хангах үндэстэй гэж шүүх үзлээ.                                        

          Хариуцагч Б.Э, нэхэмжлэгч “Т ББСБ”ХХК нарын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч Б.Э нь 43.200.000 төгрөгийг сарын  3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд 2010 онд үйлдвэрлэсэн, аралын №JTMDV09J9B4051121  дугаартай,  Тоёот ланд круйзер маркийн 00-10 УБЦ улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг фидуцийн гэрээний үндсэн дээр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь зээлийн гэрээ болон фидуцийн гэрээгээр тус тус тогтоогдож байна. /хх-15-20/

            Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дууссан боловч талууд зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 14.305.000 төгрөг байхад 2017 оын 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл зээлийн болон фидуцийн гэрээний хугацааг 3 сараар сунгаж нэмэлт өөрчлөлт болон сунгалтын гэрээ хийжээ.

         Дээрх зээлийн болон фидуцийн гэрээ, нэмэлт өөрчлөлт, сунгалтын гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.      

          Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч Б.Э зөрчиж, гэрээний хугацааг сунгахаас өмнө үндсэн төлбөр 28.895.000 төгрөг, зээлийн үндсэн хүү 3.370.500 төгрөг, зогсоолын төлбөр 55.000 төгрөг, нийт 32.320.500 төгрөг, зээлийн гэрээний хугацааг сунгасан 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зээлийн үндсэн хүү 879.455 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 183.145 төгрөг, нийт 1.062.600 төгрөг тус тус төлсөнөөс өөр төлөлт хийгээгүй нь нэхэмжлэгчийн тайлбар болон зээлийн дансны хуулгаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй юм.

          Зээлдэгч нь 2017 оны 10 дугаа сарын 24-ний өдрөөс хойш ямарваа нэгэн төлбөр төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдлийг 14.305.000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байх ба зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцоолсон тооцооллыг шүүх шалгаж үзэхэд хууль болон гэрээнд нийцсэн байгаа боловч нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүд 263.171 төгрөг  төлүүлэхээр тооцоолсон тооцооллоос илүү буюу 349.042 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул зөрүү 85.871 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Мөн хариуцагч нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зээлийн үндсэн төлбөр болон зээлийн үндсэн хүүгийн төлбөрийг төлөх хүртэл барьцааны автомашинаа нэхэмжлэгчийн өмчлөлд биетээр нь шилжүүлсэн байсан тул  зээлийн гэрээний 5.2.18-д заасан автомашинаа барьцаалж зээл авч байгаа тохиолдолд тухайн хугацаанд гарсан гаражны бүх төлбөрийг зээлдэгч өөрөө хариуцан төлнө гэсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

            Иймд нэхэмжлэгч байгууллагаас хариуцагчийн зээлийн төлбөрт төлсөн төлбөрөөс гаражийн төлбөр 55.000 төгрөгийг суутган тооцсон нь үндэслэлтэй байна.

            Нөгөөтэйгүүр хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй.     

          Хариуцагч Б.Э нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зээлийн болон фидуцийн гэрээний хугацааг сунгаснаас хойш барьцаанд тавьсан автомашиныг ашиглахаар авч явсан, үүрэг гүйцэтгүүлэгч тухайн эд хөрөнгийг биет байдлаар гаргуулан аваагүй байх тул Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээгээр  барьцаалсан 2010 онд үйлдвэрлэсэн, аралын №JTMDV09J9B4051121  дугаартай,  Тоёот ланд круйзер маркийн 00-10 УБЦ улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

          Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 783.126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 783.027 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.     

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                         

ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Эаас 16.756.836 /арван зургаан сая долоон зуун тавин зургаан мянга найман зуун гучин зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т ББСБ”ХХК-д олгож, үлдэх 85.871 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 312.364 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжинд 241.734 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т ББСБ”ХХК-д олгосугай.

    3.  Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаанд бариулсан 2010 онд үйлдвэрлэсэн, аралын №JTMDV09J9B4051121  дугаартай,  Тоёот ланд круйзер маркийн 00-10 УБЦ улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

     5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАЯР