Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/284

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0197/Э

                                                                                             

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ихэрмөрөн,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Б.С- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д- овогт Б-ын С-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000207 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ш-д ажилладаг, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, ...тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д- овогт Б-ын С- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.С-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.С- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т-” ХХК-ийн Тохь рестораны барменаар ажиллаж байхдаа тус компанийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 9,186,596 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 730,500 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1,566,700 төгрөг, нийт 11,483,796 төгрөгийн орлогыг хувьдаа завшсан болох нь:

 

Хохирогч П.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр болон 10-ны өдрийн бэлэн мөнгөний орлого кассад байхгүй байсан. Би С-ыг нягтлан У-ын өрөөнд дагуулан орж 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн орлого, 2022 оны 04 дүгээр сарын 09, 10-ны өдрийн орлого хаана байгаа вэ гэж С-оос нягтлан бид хоёр асуухад байхгүй, хувьдаа авсан, мөрийтэй тоглоом тоглосон мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь шууд ээж аав руу нь залгах гэсэн чинь утасны дугаарыг нь өгөхгүй байж байгаад хамаатны бололтой эгчийгээ дуудсан. Эгч нь ирээд хойд ээж болон төрсөн аав нар руу нь залгаж хэлж мэдэгдсэн. Манай байгууллагын зүгээс нягтлангийн хамтаар тооцоогоо нийлж үзэхэд 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 4.500,000 төгрөг, 2022 онь; 04 дүгээр сарын 01-ний өдөр 4,686,596 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр 730.500 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1,566,700 төгрөг тус тус дутсан байсныг тогтоож холбогдох материалыг гаргаж өргөдөлтэй хамт хавсаргасан байгаа. Манай байгууллагын зүгээс өөр дутсан орлого зөрүү байхгүй, нийтдээ 11,483,796 төгрөгийн хохирол учирсан байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,

 

Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 106 хүний хүлээн авалт буюу Грийн импекс гэсэн байгууллагын хүлээн авалтын захиалгыг авсан бөгөөд тухайн өдөр нь 5 дахь өдөр байсан бөгөөд 1 дэх өдөр буюу 4 дүгээр сарын 04-ний өдөр тус байгууллагад үйлчилсэн орлогоо авахаар Б.С- буюу тухайн үед барменаар ажиллаж байсан залуу дээр ирэхэд энэ компани 5 дахь өдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мөнгө төлнө хөдөө орон нутагт сургалттай явж байгаа гэж хэлсэн. Грийн импекс нь 2022 оны 03 дугаар сарын 31- ний өдөр урьдчилгаа мөнгө гэж 4,500,000 төгрөг С-ын Голомт банкны данс руу шилжүүлсэн юм байна лээ. Дараа нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 4,686,596 төгрөгийг мөн адил С-ын дансанд шилжүүлсэн юм байна лээ. Барменаар ажиллаж байгаа ажилтан орлогыг өөрийн хувийн дансаар авч болохгүй, бармений текэн дээр байгууллагын данс байж байдаг бөгөөд нягтлан бодогчид тэр даруй мөнгө шилжүүлэх талаар хэлж мэдэгдэх ёстой байдаг” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 25 дугаар тал/,

 

“ЦЭСБ-АУДИТ”  ХХК-ийн шинжээчийн “Т ХХК-д С- нь нийт 11,483,796 төгрөгийн хохирол учруулсан нь баримтаар нотлогдож байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 56-60 дугаар тал/,

 

“Т-” ХХК-ийн бармены ажлын байрны тодорхойлолт, ажилд томилсон тушаал /хавтаст хэргийн 8 дугаар тал/,

 

Шүүгдэгч Б.С-ын өгсөн: “...мөрийтэй тоглоом тоглож, байгууллагын мөнгийг хувьдаа завшсан, маш их харамсаж байна” гэх мэдүүлэг,

 

Б.С-ын     Г банкны ХХХ дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 40-46 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

“Хөрөнгө завших” гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн болон бусдын өмчлөлд хууль бусаар авах, шилжүүлэх, захиран зарцуулах, үрэгдүүлэхийг ойлгох ба Б.С- нь өөрийн хувийн дансаар шилжиж орж ирсэн, “Т-” компанид шилжүүлэх ёстой орлогыг дур мэдэн хэн нэгнээс зөвшөөрөл авалгүйгээр мөрийтэй тоглож захиран зарцуулсан нь хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээний талаар маргаагүй байна.

 

Иймд Б.С-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх ёстой.

 

Шүүгдэгч Б.С- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 11,483,796 төгрөгөөс шүүхийн шатанд 6,000,000 төгрөг, хохирол төлбөр төлөхөөр 5 хоногийн завсарлага авсан хугацаанд 5,483,796 төгрөг төлж, нийт хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.С-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг төлсөнхөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Иймд шүүгдэгч Б.С-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж” болохоор заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэв.

 

Шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Д- овогт Б-ын С-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Б.С-од мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-од зан үйлээ засах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Г.ГЭРЭЛТ-ОД