| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2018/01513/И |
| Дугаар | 1158 |
| Огноо | 2018-05-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 1158
| 2018 оны 05 сарын 11 өдөр | Дугаар 183/ШШ2018/01158 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 7 дугаар гудамжны 10а тоотод оршин суух Боржигон овогт Нарангэрэлийн З /РД: ШБ86042169/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 2 дугаар гудамжны 88 тоотод оршин суух Боржигон овогт Дашдондогийн Б /РД: ЧД86020572/-д холбогдох
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.З, хариуцагчийн төлөөлөгч О.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.З шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 онд Д.Бтэй танилцаж, 2009 оноос гэр бүл болон амьдарч байгаад 2010 оны 02 дугаар сарын 01-+ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2010 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр охин Б.Золбоо төрсөн. 2011 оны 3 дугаар сард Д.Б ажил хийнэ гээд Испани улс руу явсан. Миний бие 2013 он хүртэл хадам аав, ээжтэйгээ хамт амьдарч байгаад Д.Б нь тэндээ өөр хүнтэй суугаад гэр бүл болсон гэсэн учир салахаар болсон. Би 2014 онд өөр хүнтэй гэр бүл болон амьдарч 2 хүүхэдтэй болсон. Одоо цаашид хамтран амьдрах боломжгүй хэн аль нь тусдаа гэр бүлтэй болсон учир гэрлэлтээ цуцлуулж, охин Б.Золбоог өөрийн асрамжинд авахыг хүсч байна. Эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй бөгөөд бидний хооронд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагчийн төлөөлөгч О.Батчимэг шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Бат-Эрдэнийн ээж нь бөгөөд Д.Б Испани улсад ажиллаж амьдарч байгаа учир түүний хүсэлтээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хоёр хүүхэд маань аль аль нь хань ижилтэй болж, Д.Б 3 хүүхэдтэй, Н.З 2 хүүхэдтэй болсон. Миний хувьд хүүхэд ээж дээрээ байх нь зөв гэж бодож байна. Иймд тэдний гэрлэлтийг цуцалж, охиныг ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.З, хариуцагч Д.Б нар 2008 онд танилцаж, 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл болсоноо 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2010 он 01 дүгээр сарын 02-ны өдөр охин Б.Золбоо төрсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар болон хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Гэрлэгчид хариуцагч Д.Бат-Эрдэнийг Испани улс руу явсан 2011 оны 03 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь өөр хүнтэй хамтран амьдарч хүүхэдтэй болсон нь гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаан болжээ.
Дээрх шалтгааныг болон гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байгааг харгалзан шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.
Насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбар болон хүүхдийн саналыг харгалзан охин Б.Золбоог эх Н.Зын асрамжинд үлдээсэн бөгөөд нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н.Зын гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүх 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хариуцагчийн төлөөлөгчид 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гардуулахад тэрээр хэргийг хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх хугацааг хүлээлгүйгээр шийдүүлэх хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг хянан үзэхэд хуульд харшлах зүйлгүй байх тул түүний хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан хугацааг хүлээлгүй хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэлээ.
Хариуцагч өөрийн эрх үүргээ төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж шүүх хуралдаанд итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөгч оролцож байгаа ч ИХШХШТухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэхь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрөө ирэх үүрэгтэй.
Гэвч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байх тул түүний байхгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Нарангэрэлийн З, Боржигон овогт Дашдондогийн Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр охин Б.Золбоог эх Н.Зын асрамжинд үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч Н.З хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн бөгөөд гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5.Гэр Бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Соронзонболдод даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР