Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
Хэргийн индекс | 155/2018/00019/и |
Дугаар | 155/ШШ2018/01048 |
Огноо | 2018-06-08 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2018/01048
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ****************** оршин суух, М овогт Б.Б/ ************* /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ****************** оршин суух, Д овогт Х.М / ************** /-д холбогдох,
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Х.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Бадамгарав овогтой Б нь Халтар овогтой Мтай 2013 онд танилцан үерхэж байгаад 2014 оны 9 сарын 18-нд охинтой болж, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүл болсон. Ингээд үүнээс хойш хамтран амьдрах хугацаанд бидний үзэл бодол зан байдлын хувьд таарч тохирохгүй болсноор намайг ер нь уурлаж бухимдах болгондоо цохиж нүдэн дарамт үзүүлдэг боловч би тухайн үед гэр орон ах дүүсдээ хэлдэггүй явсаар даамжирч 2017 оны 06.01-ны өдөр муудалцаж хутга барин дайрч алахыг завдсан боловч тухайн үед Х.Мы төрсөн дүү болох Мөнхбаяр нь болохгүй гэж хутгыг нь булаан авч байсан. Мөн удалгүй
өөрийнхээ буугаар буудна гэж айлган сүрдүүлж байсан. Эцэст нь намайг зодож хамар цөмөлж, хэвлийн хэсгээр цохиж эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хэмжээнд хүргэсэн. Үүнээс хойш миний бие энэ хүнтэй амьдрах сэтгэлгүй, айдастай болсон учраас энэ хүнтэй эвлэрүүлэн зуучлалаар орж хамтран амьдрах хүсэлгүй тул хуулийн дагуу гэр бүлийг минь цуцлаж, охин Мы Бийг миний өөрийн асрамжид шилжүүлж өгнө үү. Мөн эцэг болох Маас Бт тэтгэмжийн мөнгө тогтоолгоно. Бидний хувьд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М надтай ирж уулзаагүй ш дээ. Цаашид амьдрах ямар ч боломжгүй. Намайг М нь цохьж зоддогоос нь би айгаад очиж чадахгүй байсан юм. Охиноо би өөрөө авмаар байна. ... М өөрөө охиноо өмөөрөөд л байдаг ш дээ. .. Эд хөрөнгөний хувьд ямар нэгэн маргаангүй ... гэв.
Хариуцагч Х.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Бадамгаравын Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Б.Б нь гэрлэлтээ цуцлуулж, охин М.Бийг өөрийнхээ асрамжинд үлдээх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна. Би Б.Бтэй 2013 онд танилцаж амьдрал зохиож хамт амьдрах болсон бөгөөд энэ хугацаанд бид хоёрын дундаас 2014 оны 09-р сарын 18-ны өдөр охин М.Б төрсөн юм. Бид хоёр албан ёсоор 2015 оны 04-р сарын 20-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн юм. Б.Б нь шүүхэд хандсан өргөдөлдөө ор үндэсгүй, худлаа зүйлүүдийг бичсэн байна Манайх одоо Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын "Тээл" 4-р багт "Айраг газарт өвөлжиж байгаа Б нь 2017 оны 06-р сард Жаргалант сүм руу ээж дээрээ очоод түүнээс хойш гэртээ ирээгүй. Тэр цагаас хойш би охинтойгоо хамт хоёулаа амьдарч байгаа юм. Өмнө нь Б.Б нь охин бид хоёрыг орхиж яваад олон хоног гэртээ ирэхгүй алга болчихоод байдаг байсан. Би Бгийн бичсэн шиг түүнийг цохиж нүдэж дарамталсан зүйл байхгүй, надад зодуулснаас болоод эмнэлэгт хэвтэж байсан зүйл огт байхгүй юм. Өөрөө л бие өвдөөд байхын гээд нэг удаа аймагт эмнэлэгт 7 хоног хэвтэж байсан юм. 2017 оны 06-р сарын 01-ний өдөр намайг хутга барин дайрч алахыг завдсан гэж худлаа гүтгэж бичсэн байна, харин ч өөрөө би хүүхдийг чинь алчихаад явна гээд жаахан охин руугаа мэс барихаар нь булааж авсан тэгэхэд манай дүү Мөнхбаяр байсан тэр явдлыг үнэнээр гэрчилж чадна. Би бол ар гэртээ анхаарал халамж тавьдаг байсан болохоос Б.Бгийн яриад байгаа шиг харгис хүн биш ээ. Б охиноо хараад аваад явчих чадваргүй айш авиртай хүн, би өөрөө хүүхдээ асран хамгаалж амьдарна. Харин түүний гэрлэлтээ цуцлуулах хүсэлтийг бол зөвшөөрч байгаа тул хүүхдийн минь эрх ашигийг бодож эцэг М миний асрамжинд М.Бийг үлдээж өгнө үү. Би Бгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй хүүхдээ өсгөх боломжтой гэжээ.
Хариуцагч Х.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би уулзах гээд очсон надтай уулзаж өгөөгүй. Би эвлэрэх гэсэн. Айлын мал харж байгаа. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Охиноо бол би өгөхгүй. Ээж хүн шиг нэг удаа ч охиноо гэж ирээгүй. Би охиндоо Бгээс тэтгэлэг гаргуулахгүй ... гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Х.Мд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүл болсныг, тэдний дундаас охин М.Б төрсөн болох нь:
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн ... Монгол улсын иргэн, ************** регистрийн дугаартай, Д овогт Х.М, Монгол улсын иргэн, ************* регистрийн дугаартай, М овогт Б.Бнарын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 6719000015 дугаарт 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх 155/005258 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
Д овогт Х.М, Монгол улсын иргэн, ************* регистрийн дугаартай, М овогт Х.М нарын гэр бүлд 2014 оны 09 дүгээр сарын 18-нд төрүүлсэн охин Д овогт Мы Б / ***********/-г 2014 оны 09 дүгээр сарын 22-нд бүртгэж Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас олгосон 0000955748 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарыг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг авахаар 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шийдвэрлэж, хэргийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч шүүгчийн захирамжинд заасан хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй байна.
Иймд гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцлага гэж заасан байх тул Б.Б, Х.М нарын гэрлэлтийг цуцалж, харин охин М.Бийг эцэг Х.Мы асрамжид үлдээн шийдвэрлэлээ.
Учир нь: Охин М.Б нь 2017 оны 06 дугаар сараас хойш эцэг Х.Мтайгаа амьдарч байгаа, эцэг охины ээнэгшин дассан байдал, эцгийн халамж, ахуй нөхцөл өөрчлөгдөхгүй / охин төрсөн цагаасаа эхлэн тухайн гэртээ амьдарч байсан / байдал, шүүх хуралдаанд нэхэмжлэгч хариуцагчийн гаргасан тайлбар зэргийг харгалзан охин М.Бийг эцэг Х.Мы асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Х.М нь эх Б.Бгээс охин М.Бтаа тэтгэлэг гаргуулахгүй, гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг, дээрхи асуудлаар маргаан гарвал зохигчид шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Б нь гэрлэлт цуцлуулах шаардлага эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарах тул төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтийг гарган 29.540 төгрөг, нийт 99.740 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99.740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Х.Маас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар Д овогт Х.М /**************/, М овогт Б.Б/*************/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 09 дүгээр сарын 18-нд төрүүлсэн охин Д овогт Мы Б /***********/-г эцэг Х.Мы асрамжинд үлдээсүгэй.
3. Хариуцагч Х.М нь нэхэмжлэгч Б.Бгээс охин М.Бт хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг, мөн гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99.740 /ерэн есөн мянга долоон зуун дөч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Маас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар Эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд эцэг эхэд гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан Хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг дурьдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишигт даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА