Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1034

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч, хохирогч Г.Б,

шүүгдэгч, хохирогч П.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.Б, П.Ц нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ... дүүргийн .. дүгээр хороо, ... гудамж, ... тоотод оршин суух,

урьд Булган аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 81 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 1996 оны 6 дугаар сарын 05-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 сар 15 хоногийн хорих ялаас тэнсэн суллагдсан,

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 297 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2002 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 сар 28 хоногийн хорих ялаас тэнсэн суллагдсан, .. овогт Г.Б (РД:..).

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хархорин зах дээр мах шулдаг ажилтай гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт .. дүүргийн .. дугаар хороо, .. гудамж, .. тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .. овогт П.Ц (РД:..).

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Б, П.Ц нар согтуурсан үедээ 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, “Болор” караокед зөрөхдөө мөргөлдсөнөөс маргалдаж, харилцан бие биенийхээ нүүрэнд гараараа цохиж, хохирогч П.Цгийн эрүүл мэндэд нь дээд уруулын салстад няцарсан шарх, цус хуралт, буйланд цус хуралт бүхий хөнгөн хохирол, хохирогч Г.Бийн эрүүл мэндэд нь зулайн ар хэсгийн хуйх, хамарт зулгаралт, баруун дээд доод зовхи, зүүн шанаа, баруун сарвуунд цус хуралт, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч, хохирогч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Караокеноос гарч яваад мөргөлдөөд маргалдан би Цг цохисон, буцааж цохиулсан. Нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч, хохирогч П.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтэй таарч байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тэр өдөр “Болор” караокеноос гарахдаа мөргөлдөөд зодолдсон. Нэхэмжлэх зүйлгүй, бид эвлэрсэн” гэв.

 

Эрүүгийн .. дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч П.Цгийн: “2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр эхнэр, найз Доржийн хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, “Болор” караокед сууж байгаад 23 цагийн үед тамхи татчихаад орох үед үүдний хамгаалагчийн хажууд зөрөх үедээ тухайн залууг мөрөлчихсөн. Тухайн залуу үгийн зөрүүгүй намайг нүүрэнд нэг удаа цохисон, миний нэг шүд хугарч унасан. Тэгээд маргалдаж 2 удаа нүү лүү нь би цохисон, Дорж бид хоёрыг салгасан. Тухайн үед “эвлэрээд зохицоод хоёр тийшээ болъё” гэж хэлтэл тухайн залуу “үгүй цагдаа дуудна” гээд, манай эхнэр намайг “шүдээ хугалчихаад яаж зүгээр байх гээд байгаа юм” гээд цагдаа дуудсан. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.05.25-ны өдрийн 7631 дугаартай шинжилгээний дүгнэлтэд: “1. П.Цгийн биед дээд уруулын салстад няцарсан шарх, цус хуралт, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.6. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

Хохирогч Г.Бийн: “2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ...23 цаг орчмын үед тамхи татах гээд караокеноос гарсан. Гадаа тамхи татаж байсан үл таних хоёр залуутай маргалдаж зодолдсон. Аль залуутай хэрхэн яаж зодолдсоноо санахгүй байна. Зодолдож байгаад салаад караокены өрөөндөө ороод эхнэртээ маргалдсан талаараа хэлээд цагдаа дуудсан. Тухайн миний хамраас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.05.30-ны өдрийн 7674 дугаартай шинжилгээний дүгнэлтэд: “1. Г.Бийн биед зулайн ар хэсгийн хуйх, хамарт зулгаралт, баруун дээд, доод зовхи, зүүн шанаа, баруун сарвуунд цус хуралт, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

Шүүгдэгч Г.Бийн яллагдагчаар өгсөн: “П.Цтэй маргалдаж нүүрэнд нь гараараа цохиж хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал),

Шүүгдэгч П.Цгийн яллагдагчаар өгсөн: “Г.Бтай маргалдаж нүүрэнд нь гараараа цохиж хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал),

шүүгдэгч П.Цгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-50), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-49), жолоодох эрхийн лавлагаа (хх-51), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа (хх-52), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-53), эд хөрөнгө бүртгэлтэй байсныг шилжүүлсэн лавлагаа (хх-54),

шүүгдэгч Г.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-58), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-69), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-59), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-60), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-61), дансны хуулга (хх-63-65), таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарууд (хх-71-73, 75-77), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-80, 81), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-84-85), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-86-87)  зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Б, П.Ц нар согтуурсан үедээ 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, “Болор” караокед зөрөхдөө мөргөлдсөнөөс маргалдаж, харилцан бие биенийхээ нүүрэнд гараараа цохиж, хохирогч П.Цгийн эрүүл мэндэд нь дээд уруулын салстад няцарсан шарх, цус хуралт, буйланд цус хуралт бүхий хөнгөн хохирол, хохирогч Г.Бийн эрүүл мэндэд нь зулайн ар хэсгийн хуйх, хамарт зулгаралт, баруун дээд доод зовхи, зүүн шанаа, баруун сарвуунд цус хуралт, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь хохирогч П.Цгийн “...зөрөхдөө тухайн залууг мөрөлчихсөн, тэр залуу үгийн зөрүүгүй намайг нүүрэнд нэг удаа цохисон, миний нэг шүд хугарч унасан...” гэх мэдүүлэг (хх-8-9), шүүх эмнэлгийн 7631 дугаартай “1. П.Цгийн биед дээд уруулын салстад няцарсан шарх, цус хуралт, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжилгээ (хх-20-21), шүүгдэгч Г.Бийн “П.Цтэй маргалдаж хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-41), хохирогч Г.Бийн “...Гадаа тамхи татаж байсан хоёр залуутай маргалдсан, хэрхэн яаж зодолдсоноо санахгүй байна...” гэх мэдүүлэг (хх-13-14), шүүх эмнэлгийн 7674 дугаартай “1. Г.Бийн биед зулайн ар хэсгийн хуйх, хамарт зулгаралт, баруун дээд доод зовхи, зүүн шанаа, баруун сарвуунд цус хуралт, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжилгээ (хх-25-26), шүүгдэгч П.Цгийн “Г.Бтай маргалдаж хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-48) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Бийн согтуурсан үедээ хохирогч П.Цг үл ялих зүйлээр шалтаглан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж нүүрэнд нэг удаа цохиж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй,

шүүгдэгч П.Цгийн согтуурсан үедээ хохирогч Г.Бийг үл ялих зүйлээр шалтаглан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, нүүрэнд хэд хэдэн удаа цохиж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б, П.Ц нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч нарын “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлгийг тус тус үндэслэн шүүгдэгч Г.Б, П.Ц нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Г.Б нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо “Болор” караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч П.Цтэй маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь дээд уруулын салстад няцарсан шарх, цус хуралт, буйланд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч П.Ц нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо “Болор” караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Бтай маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зулайн ар хэсгийн хуйх, хамарт зулгаралт, баруун дээд доод зовхи, зүүн шанаа, баруун сарвуунд цус хуралт, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Б, П.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, шүүгдэгч нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч Г.Б “Хэлэх зүйлгүй, ялыг зөвшөөрч байна” гэж,

шүүгдэгч П.Ц “Хэлэх зүйлгүй, ялыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Г.Б, П.Ц нар “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ. 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч нар согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж харилцан зодолдож, хохирогчийн эрх, эрх чөлөөнд нүүрэнд нэг болон хэд хэдэн удаагийн цохих үйлдлээр халдан гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч Г.Б, П.Ц нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч нар “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгч Г.Бийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн)-ыг, шүүгдэгч П.Цгийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай гэх, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, П.Ц нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, ялыг шүүгдэгч тус бүр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .. овогт Г.Б, .. овогт П.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, П.Ц нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, П.Ц нарыг 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, П.Ц нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б, П.Ц нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, П.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР