Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 01048

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багт оршин суух, Муу майхан овогт Бадамгаравын Баасансүрэн / РЕ91092027 /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багт оршин суух, Дүлийнхэн овогт Халтарын Мөнхсайхан / РЕ88060971 /-д холбогдох,

 гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Б.Баасансүрэн, хариуцагч Х.Мөнхсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Энхболд, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баянбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Баасансүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие Бадамгарав овогтой Баасансүрэн нь Халтар овогтой Мөнхсайхантай 2013 онд танилцан үерхэж байгаад 2014 оны 9 сарын 18-нд охинтой болж, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүл болсон. Ингээд үүнээс хойш хамтран амьдрах хугацаанд бидний үзэл бодол зан байдлын хувьд таарч тохирохгүй болсноор намайг ер нь уурлаж бухимдах болгондоо цохиж нүдэн дарамт үзүүлдэг боловч би тухайн үед гэр орон ах дүүсдээ хэлдэггүй явсаар даамжирч 2017 оны 06.01-ны өдөр муудалцаж хутга барин дайрч алахыг завдсан боловч тухайн үед Х.Мөнхсайханы төрсөн дүү болох Мөнхбаяр нь болохгүй гэж хутгыг нь булаан авч байсан. Мөн удалгүй өөрийнхээ буугаар буудна гэж айлган сүрдүүлж байсан. Эцэст нь намайг зодож хамар цөмөлж, хэвлийн хэсгээр цохиж эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хэмжээнд хүргэсэн. Үүнээс хойш миний бие энэ хүнтэй амьдрах сэтгэлгүй, айдастай болсон учраас энэ хүнтэй эвлэрүүлэн зуучлалаар орж хамтран амьдрах хүсэлгүй тул хуулийн дагуу гэр бүлийг минь цуцлаж, охин Мөнхсайханы Болортунгалагийг миний өөрийн асрамжид шилжүүлж өгнө үү. Мөн эцэг болох Мөнхсайханаас Болортунгалагт тэтгэмжийн мөнгө тогтоолгоно. Бидний хувьд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Нэхэмжлэгч Б.Баасансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөнхсайхан надтай ирж уулзаагүй ш дээ. Цаашид амьдрах ямар ч боломжгүй. Намайг Мөнхсайхан нь цохьж зоддог. Би айгаад очиж чадахгүй байсан юм. Охиноо би өөрөө авмаар байна. ..Мөнхсайхан өөрөө охиноо өмөөрөөд л байдаг ш дээ... Эд хөрөнгөний хувьд ямар нэгэн маргаангүй .... гэв.

 

Хариуцагч Х.Мөнхсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Бадамгаравын Баасансүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Б.Баасансүрэн нь гэрлэлтээ цуцлуулж, охин М.Болортунгалагийг өөрийнхээ асрамжинд үлдээх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна. Би Б.Баасансүрэнтэй 2013 онд танилцаж амьдрал зохиож хамт амьдрах болсон бөгөөд энэ хугацаанд бид хоёрын дундаас 2014 оны 09-р сарын 18-ны өдөр охин М.Болортунгалаг төрсөн юм. Бид хоёр албан ёсоор 2015 оны 04-р сарын 20-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн юм. Б.Баасансүрэн нь шүүхэд хандсан өргөдөлдөө ор үндэсгүй, худлаа зүйлүүдийг бичсэн байна Манайх одоо Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын "Тээл" 4-р багт "Айраг” газарт өвөлжиж байгаа Баасансүрэн нь 2017 оны 06-р сард Жаргалант сүм руу ээж дээрээ очоод түүнээс хойш гэртээ ирээгүй. Тэр цагаас хойш би охинтойгоо хамт хоёулаа амьдарч байгаа юм. Өмнө нь Б.Баасансүрэн нь охин бид хоёрыг орхиж яваад олон хоног гэртээ ирэхгүй алга болчихоод байдаг байсан. Би Баасансүрэнгийн бичсэн шиг түүнийг цохиж нүдэж дарамталсан зүйл байхгүй, надад зодуулснаас болоод эмнэлэгт хэвтэж байсан зүйл огт байхгүй юм. Өөрөө л бие өвдөөд байхын гээд нэг удаа аймагт эмнэлэгт 7 хоног хэвтэж байсан юм. 2017 оны 06-р сарын 01-ний өдөр намайг хутга барин дайрч алахыг завдсан гэж худлаа гүтгэж бичсэн байна, харин ч өөрөө би хүүхдийг чинь алчихаад явна гээд жаахан охин руугаа мэс барихаар нь булааж авсан тэгэхэд манай дүү Мөнхбаяр байсан тэр явдлыг үнэнээр гэрчилж чадна. Би бол ар гэртээ анхаарал халамж тавьдаг байсан болохоос Б.Баасансүрэнгийн яриад байгаа шиг харгис хүн биш ээ. Баасансүрэн охиноо хараад аваад явчих чадваргүй айш авиртай хүн, би өөрөө хүүхдээ асран хамгаалж амьдарна. Харин түүний гэрлэлтээ цуцлуулах хүсэлтийг бол зөвшөөрч байгаа тул хүүхдийн минь эрх ашигийг бодож эцэг Мөнхсайхан миний асрамжинд М.Болортунгалагийг үлдээж өгнө үү. Би Баасансүрэнгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй хүүхдээ өсгөх боломжтой гэжээ.

Хариуцагч Х.Мөнхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би уулзах гээд очсон надтай улзаж өгөөгүй. Би эвлэрэх гэсэн. Айлын мал харж байгаа. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Охиноо бол би өгөхгүй. Ээж хүн шиг нэг удаа ч охиноо гэж ирээгүй. Би охиндоо Баасансүрэнгээс тэтгэлэг гаргуулахгүй... гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Баасансүрэн нь хариуцагч Х.Мөнхсайханд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.  

Гэрлэгчид нь 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүл болсныг, тэдний дундаас охин М.Болортунгалаг төрсөн болох нь:

 Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн “... Монгол улсын иргэн, РЕ88060971 регистрийн дугаартай, Дүлийнхэн овогт Халтарын Мөнхсайхан, Монгол улсын иргэн, РЕ91092027 регистрийн дугаартай, Муумайхан овогт Бадамгаравын Баасансүрэн  нарын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 6719000015 дугаарт 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэх 155/005258 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 

Дүлийнхэн овогт Халтарын Мөнхсайхан, Монгол улсын иргэн, РЕ91092027 регистрийн дугаартай, Муумайхан овогт Халтарын Мөнхсайхан нарын гэр бүлд 2014 оны 09 дүгээр сарын 18-нд төрүүлсэн охин Дүлийнхэн овогт Мөнхсайханы Болортунгалаг / РЕ14291888/-г 2014 оны 09 дүгээр сарын 22-нд бүртгэж Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас олгосон 0000955748 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарыг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг авахаар 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шийдвэрлэж, хэргийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч шүүгчийн захирамжинд заасан хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй байна.

Иймд гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т  гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцлага гэж заасан байх тул Б.Баасансүрэн, Х.Мөнхсайхан нарын гэрлэлтийг цуцалж, харин охин М.Болортунгалагийг эцэг Х.Мөнхсайханы   асрамжид үлдээн шийдвэрлэлээ.

Учир нь: Охин М.Болортунгалаг нь 2017 оны 06 дугаар сараас хойш эцэг Х.Мөнхсайхантайгаа амьдарч байгаа, эцэг охины ээнэгшин дассан байдал, эцгийн халамж, ахуй нөхцөл өөрчлөгдөхгүй /охин төрсөн цагаасаа эхлэн тухайн гэртээ амьдарч байсан/ байдал, шүүх хуралдаанд нэхэмжлэгч хариуцагчийн гаргасан тайлбар зэргийг харгалзан охин М.Болортунгалагийг эцэг Х.Мөнхсайханы асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 Х.Мөнхсайхан нь эх Б.Баасансүрэнгээс охин М.Болортунгалагтаа тэтгэлэг гаргуулахгүй гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг, дээрхи асуудлаар маргаан гарвал зохигчид шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тус тус  дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Баасансүрэн нь  гэрлэлт цуцлуулах  шаардлага “ эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд хамаарах тул төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтийг гарган 29.540 төгрөг,  нийт 99.740 төгрөгийг  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Баасансүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99.740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Х.Мөнхсайханаас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Баасансүрэнд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар Дүлийнхэн овогт Халтарын Мөнхсайхан /РЕ88060971/,  Муумайхан овогт Бадамгаравын Баасансүрэн /РЕ91092027/  нарын гэрлэлтийг цуцалсугай.

         2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 09 дүгээр сарын 18-нд төрүүлсэн охин Дүлийнхэн овогт Мөнхсайханы Болортунгалаг                            / РЕ14291888/-г эцэг Х.Мөнхсайханы  асрамжинд үлдээсүгэй.

3.  Хариуцагч Х.Мөнхсайхан нь нэхэмжлэгч Б.Баасансүрэнгээс охин М.Болортунгалагт хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг, мөн гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99.740 /ерэн есөн мянга долоон зуун дөч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Мөнхсайханаас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Баасансүрэнд олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар Эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд эцэг эхэд гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан Хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг дурьдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХТУЯА