| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2018/00864/и |
| Дугаар | 155/ШШ2018/01131 |
| Огноо | 2018-08-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2018/01131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компаний Хөвсгөл аймаг дахь салбарт холбогдох,
Шатахууны үнэ 510.450 /таван зуун арван мянга дөрвөн зуун тавь/ төгрөг, гэрээнд заасан хугацаанд төлөөгүй үнийн дүнгийн алданги 92.900 /ерэн хоёр мянга есөн зуу/ төгрөг нийт 603.350 /зургаан зуун гурван мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Г.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Нхязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Б даатгал ХХК-ны Хөвсгөл салбартай 2017 оны 02-р сарын 13-ны өдөр 2017/08 дугаартай Шатахуун, шатах тослох материал нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажилласан бөгөөд 2017 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулан шатахуун нийлүүлж хамтран ажиллаж байсан. Гэрээний хугацаанд НХХК-ний талаас Б даатгал Хөвсгөл салбарт 3.388.970 төгрөгний шатахуун манай компаниас нийлүүлсэн юм. Гэтэл 2017 оны 12-р сарын 21-ний өдрийн байдлаар 510.450 төгрөгийн шатахууны үнийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн тул тус шүүхэд хандсан боловч шүүхээс гэрээнд заасан хугацаа дуусахаас өмнө шүүхэд хандсан тул нэхэмжлэлийн
шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Б даатгал Хөвсгөл салбарыг гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж 2017 оны 10-р сарын 19-нд №47 дугаартай албан бичиг явуулж, мөн 2018 оны 03-р сарын 21-нд №37 дугаартай албан бичгээр тус тус 510.450 төгрөгийн шатахууны үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байгаа ч гэрээний үүргээ зөрчиж байна.
Иймд Б даатгал ХХК-ний Хөвсгөл салбараас 2017 оны 02-р сарын 13-ны өдөр 2017/08 дугаартай Шатахуун, шатах тослох материал нийлүүлэх гэрээний дагуух шатахууны төлбөр 510.450 төгрөг, алданги 92.900 төгрөг, нийтдээ 603.350 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. 2017 оны 9 дүгээр сард тооцоо нийлэхэд 510.450 төгрөгийн үлдэгдэлтэй байсан талаархи баримтыг гэрээний хамт шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Алдангийг хэдэн сарын хэднээс хэдэн сарын хэднийг хүртэл бодож тооцоод 92.900 төгрөг болсныг би сайн мэдэхгүй байна. Ийм учраас алдангийг 92.900 төгрөгөөр нь нэхэмжилнэ. Ингээд нийт 603.350 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Г.Т нь шүүхэд гаргасан тайлбартаа: НХХК-ны нэхэмжилж байгаа бензиний өр нь 2017 оны 9 дүгээр сарын 22-ноос өмнө үүссэн өр бөгөөд ажил хүлээлцэх явцад яригдаагүй тул шинээр томилогдсон бүрэлдэхүүн өрийг барагдуулах боломжгүй байна. Төв компаний удирдлага, санхүүгийн албанаас манайтай тооцоо хийгээгүй тул холбогдогч захирал асан Ц.Уранчимэг төлөх ёстой гэсэн тайлбарыг бидэнд ирүүлж улмаар итгэмжлэгчээр тус аймагт үйл ажиллагаа явуулдаг өмгөөлөгч Н.Ууганбаярын / Утас:88866993/ ажиллуулан төлбөр тооцоог хийсэн, тус асуудлыг шийдвэрлүүлэхээр өмнө ажиллуулсан болно. Иймд энэ асуудлыг төв компаний салбар удирдлагын захирал, санхүү, хуулийн зөвлөхтэй холбогдож шийдвэрлэх нь зүйд нийцнэ. Салбарын үйл ажиллагааны зардалд өр авлага барагдуулах зардал тусгагдаагүй зөвхөн дээрээсээ зохицуулалт хийдэг болно гэжээ.
Хариуцагч Г.Т нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс тус салбарын захирлаар томилогдсон. Энэ бензиний өр төлбөрийн асуудал нь миний өмнө захирлаар ажиллаж байсан Ц.Уранчимэг гэж хүнтэй холбоотой өр юм. Салбарын хувьд уг хүний өрийг төлөх боломжгүй. Яагаад гэвэл бидэнд ажил хүлээлгэж өгөхдөө ийм өр төлбөрийн талаар огт яриагүй, мөн ажил хүлээлцэх үед буюу одоо байгаа баримтанд тус НэмэнХХКомпаниас ийм их хэмжээний шатахуун авсан үүнийгээ зарцуулсан талаархи санхүүгийн баримт огт байхгүй, тэгээд ч дээрээс ийм зөвшөөрөл өгдөггүй, энэ асуудлыг хэлэхэд гайхаж байсан. Салбарын хувьд өрийг барагдуулах санхүүгийн болоод компаний зүгээс өгсөн эрх мэдэл байхгүй. Тийм учраас зөвшөөрөхгүй. ..гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Нхязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компаний Хөвсгөл аймаг дахь салбарт холбогдуулан шатахууны үнэ 510.450 /таван зуун арван мянга дөрвөн зуун тавь/ төгрөг, гэрээнд заасан хугацаанд төлөөгүй үнийн дүнгийн алданги 92.900 /ерэн хоёр мянга есөн зуу/ төгрөг нийт 603.350 /зургаан зуун гурван мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж хариуцагч Г.Т эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Нхязгаарлагдмал хариуцлагатай компани нь нэхэмжлэлдээ хариуцагч Б даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компаний Хөвсгөл аймаг дахь салбар нь манай компанитай 2017 оны 02-р сарын 13-ны өдөр 2017/08 дугаартай Шатахуун, шатах тослох материал нийлүүлэх гэрээг байгуулан манайх гэрээний дагуу 3.388.970 төгрөгийн шатахуун нийлүүлж ажилласан. 2017 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр тооцоо нийлэхэд 510.450 төгрөгийн шатахууны үнийг Б даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компаний Хөвсгөл салбар төлөөгүй байсан. Одоог хүртэл төлөөгүй байгаа. Иймд гэрээнд зааснаар төлөөгүй үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцно гэсэн тул энэ хугацааны алданги 92.900 /ерэн хоёр мянга есөн зуу/ нийт 603.350 /зургаан зуун гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг Б даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компаний Хөвсгөл салбараас гаргуулж өгнө үү гээд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож гэрээ болон тооцоо нийлсэн баримтыг хэрэгт хавсарган ирүүлжээ.
Хариуцагч Г.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа миний бие 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс тус салбарын захирлаар томилогдсон. Энэ бензиний өр төлбөрийн асуудал нь миний өмнө захирлаар ажиллаж байсан Ц.Уранчимэг гэж хүнтэй холбоотой өр юм. Салбарын хувьд уг хүний өрийг төлөх боломжгүй. Яагаад гэвэл бидэнд ажил хүлээлгэж өгөхдөө ийм өр төлбөрийн талаар огт яриагүй, мөн ажил хүлээлцэх үед буюу одоо байгаа баримтанд тус НэмэнХХКомпаниас ийм их хэмжээний шатахуун авсан үүнийгээ зарцуулсан талаархи санхүүгийн баримт огт байхгүй, тэгээд ч дээрээс ийм зөвшөөрөл өгдөггүй, энэ асуудлыг хэлэхэд гайхаж байсан. Салбарын хувьд өрийг барагдуулах санхүүгийн болоод компаний зүгээс өгсөн эрх мэдэл байхгүй. Тийм учраас зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Талууд нэхэмжлэлийн шаардлага 603.350 төгрөг буюу мөнгөн дүнд маргадаггүй.
Хэрэгт авагдсан баримтаар нэг талаас Нхязгаарлагдмал хариуцлагатай компани, нөгөө талаас Б даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компаний Хөвсгөл аймаг дахь салбар харилцан тохиролцож 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2017/08 дугаартай Шатахуун, шатах тослох материал нийлүүлэх гэрээ байгуулсан, гэрээнд Нхязгаарлагдмал хариуцлагатай компанийг төлөөлж нягтлан бодогч Н.Мэндбаяр, Б даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компаний Хөвсгөл аймаг дахь салбарыг төлөөлж Б даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компаний Хөвсгөл аймаг дахь салбарын захирал Ц.Уранчимэг нар гарын үсэг зурсан, байгууллагуудын тэмдэг дарагдсан, гэрээний талууд 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тооцоо нийлсэн, тооцоо нийлсэн баримтанд 3.388.970 төгрөгний шатахууныг НХХК нийлүүлсэн, үүнээс 510.450 төгрөгийг төлөөгүй гэж бичигдсэн, уг баримтанд гэрээг төлөөлж байгуулсан албан тушаалтнууд гарын үсэг зурсан, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Б даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компаний Хөвсгөл салбарын захирал Ц.Уранчимэг нь ажлаа Г.Тт хүлээлгэн өгсөн зэрэг үйл баримт тогтоогдлоо.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Учир нь: 1/ Хариуцагч Г.Т нь манай салбар ийм хэмжээний шатахуун хэрэглэсэн санхүүгийн баримт байхгүй, ажил хүлээлгэж өгөхдөө тийм төгрөгний өр ширтэй байгаа талаараа хэлээгүй, Салбарын хувьд өрийг барагдуулах санхүүгийн болоод компаний зүгээс өгсөн эрх мэдэл байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж хэргийн үйл баримтад маргаж компаний зүгээс ийм гэрээг байгуулах эрхийг Уранчимэгт олгоогүй үүнийг мэдэхгүй гайхаж байсан гэж мэтгэлцэж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан байх ба хариуцагч нь энэ үүргээ биелүүлээгүй , нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
2/ Нхязгаарлагдмал хариуцлагатай компани, нөгөө талаас Б даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компаний Хөвсгөл аймаг дахь салбарын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 2017/08 дугаартай Шатахуун, шатах тослох материал нийлүүлэх гэрээг авч үзвэл талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, гэрээнд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, гарын үсэг зурсан байгаа нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар талуудын хооронд Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэхээр байна. Иймд Нхязгаарлагдмал хариуцлагатай компани нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар шаардах эрхтэй байна гэж дүгнэлээ.
3/ Гэрээний талууд 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тооцоо нийлсэн, тооцоо нийлсэн баримтанд 3.388.970 төгрөгний шатахууныг НХХК нийлүүлсэн, үүнээс 510.450 төгрөгийг Б даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компаний Хөвсгөл аймаг дахь салбар төлөөгүй болох талаар бичигдсэн, уг баримтанд гэрээг төлөөлж байгуулсан албан тушаалтнууд гарын үсэг зурсан байгаа нь 510.450 төгрөгийг Б даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компаний Хөвсгөл аймаг дахь салбар Нхязгаарлагдмал хариуцлагатай компанид төлөх нь нотлогдож байна.
4/ Нэхэмжлэгч Нхязгаарлагдмал хариуцлагатай компани нь алданги 92.900 төгрөгийг нэмж нэхэмжилсэн байх бөгөөд Нхязгаарлагдмал хариуцлагатай компани, Б даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компаний Хөвсгөл аймаг дахь салбарын хооронд байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2017/08 дугаартай гэрээний 5.2-т Худалдан авагч нь энэхүү гэрээний 5.1-д заасан хугацаандаа төлбөрөө бүрэн төлөөгүй хоног тутам төлөөгүй үнийн дүнгийн 0,1%-тай тэнцэх хэмжээний алдангийг нийлүүлэгч талд төлнө, гэрээний 5.1-т Худалдан авагч нь худалдан авсан шатахууны төлбөрийг сар бүрийн 28-нд НХХК-тай тооцоо нийлж, тооцоо нийлснээс хойш 2-3 хоногийн дотор бэлэн болон бэлэн бусаар төлж барагдуулна гэж тус тус заасан байх ба хамгийн сүүлд тооцоо нийлсэн сар буюу 2017 оны 9 дүгээр сарын 28-ний өдрөөс Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан 2018 оны 4 дүгээр сарын 12-ний өдрийг хүртэл 196 хоног, төлөөгүй үнийн хоногийн алданги 510,4 төгрөг бөгөөд нийт алданги 100.000 /нэг зуун мянга/ төгрөг байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хэднээс хэдний хугацаанд алдангийг яаж тооцсоныг мэдэхгүй учир 92.900 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн тул нэхэмжлэгчийн шаардлагын хэмжээгээр буюу алданги 92.900 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.844 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 17.844 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компаний Хөвсгөл аймаг дахь салбараас 603.350 /зургаан зуун гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Нхязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17.844 / арван долоон мянга найман зуун дөчин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компаний Хөвсгөл аймаг дахь салбараас 17.844 / арван долоон мянга найман зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА