| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/0037/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/754 |
| Огноо | 2022-06-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/754
2022 06 10 2022/ШЦТ/754
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
Улсын яллагч Н.Ундрах,
Шүүгдэгч Н.Ж , түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ж т холбогдох 2208000000554 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол улсын иргэн, Өвөрхангай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо, дунд дарь эх, тоотод оршин суух хаягтай, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 397 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дүгээр зүйлд зааснаар 200 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 379 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.1 дүгээр зүйлд зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Ж ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Ж нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “SJ” нэртэй зочид буудалд үйлчлүүлж байсан хохирогч Б.Б ийн эзэмшлийн 310.000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн урт куртик, халаасанд байсан бэлэн 316.000 төгрөг, иргэний үнэмлэхийн лавлагаа, ломбардын бичиг зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 627.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Н.Ж нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “SJ” нэртэй зочид буудалд үйлчлүүлж байсан хохирогч Б.Б ийн эзэмшлийн 310.000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн урт куртик, халаасанд байсан бэлэн 316.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь :
- хохирогч Б.Б ийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЭС-ЖИ” нэртэй зочид буудлын 210 тоотод 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр найз Ган-Оргил, Хулан нарын хамт орсон. Хулан буудалд хоноогүй, Ган-Оргил бид хоёр хамт хоносон. Маргааш нь буюу 2022 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 07 цагийн үед Ган-Оргил ажилтай гээд гараад явсан, би ганцаараа буудлын өрөөнд үлдсэн. Тэгээд өдрийн 12 цагийн үед зочид буудлаас гарах гээд өлгүүрт өлгөсөн байсан хар өнгийн урт куртикээ авах гэтэл алга болсон байсан. Тэгээд камер шүүхэд нэг үл таних эрэгтэй хүн өрөөнөөс орж ирээд авч байгаа бичлэг байсан. Тэр залуу тус буудалд орсон хүн байсан бөгөөд бүртгэлийн дэвтрээс хамт орсон хүний дугаарыг нь аваад залгаж дуудсан. Тэгээд цагдаагийн хэлтсийн үүдэнд хүлээж байхад миний куртикийг авсан гэх Ж гэдэг залуу цагдаагийн хэлтэс дээр ирэхэд би өөрөө куртикээ тэр залуугаас авсан...Би куртикээ 2021 оны 12 дугаар сард 380.000 төгрөгөөр авсан, “Nice” брэндийн шинэ куртик байсан. Иргэний үнэмлэхийн лавлагаа, ломбардын бичгийг үнэлэхгүй. Мөн куртикний халаасанд бэлэн 316.000 төгрөг байсан, миний цалин байсан, Голомт банкны 300.000 төгрөгийн зээлэнд өгөх гэж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
- гэрч Б.Г ...Би 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр найз Б ийн гэрт уулзаад зочид буудалд Б найз Хулантай нь орсон. Найз Хулан нь 23 цагийн үед гэр рүүгээ явсан. Б бид хоёр 1 шил архи уугаад сууж байхад Б маргааш цалингийн зээлээ төлнө 300 гаран мянган төгрөг төлнө гэж ярьж байсан. Б дэлгүүрээс тамхи авах гээд зогсож байхдаа мөнгөө хальт гаргахад нь би мөнгийг нь харсан, түүнээс мөнгийг нь барьж, тоолж үзээгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,
- "Тэнцвэр Эстимэйт" ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 408 дугаартай үнэлгээний “...”Nice” брэндийн куртик, хэрэглэж байсан-310,000 төгрөгийн үнэтэй гэх тайлан, дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
- үзлэг хийсэн тэмдэглэл, буудлын бүртгэлийн баримт /хх-7-8, 50-52/,
- шүүгдэгч Н.Ж ын...Тус зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна...Би тэр буудалд 2022.02.19-ний өдөр өрөө авч хоносон, өглөө 9 цагийн үед сэрээд найз Тэмүүжингийн орсон өрөөг хайж яваад нэг өрөө рүү орсон чинь нэг залуу унтаж байхаар нь өлгүүрт өлгөсөн байсан хар өнгийн куртик таалагдаад байхаар нь аваад, өрөө рүүгээ буцаад орсон...Куртикний халаасанд иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа, ломбардын бичиг байсан, мөн бэлэн 316,000 төгрөг байсан. Би тухайн үед айгаад хэлж чадаагүй. Би тэр үед мөнгийг нь ойр зуурын хэрэглээнд хэрэглээд дууссан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :
Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :
2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-39-40, шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.
2.2. Тус шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн шинж бүрэн нотлогдож тогтоогдсон бөгөөд тус гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл, нөхцөл байдалгүй болно.
Иймд шүүгдэгч Н.Ж ыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
3. Хохирол, хор уршиг :
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо барагдуулж авсан, гомдол саналгүй гэсэн байх /хх-15, 86-87/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байсан байх ба тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах зарим баримтууд байх тул /хх-60-76/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.
Харин 2019.03.06-ны өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэх гүйцэтгэх бичиг баримт бүртгэгдээгүй /хх-75/, шүүгдэгч тус ялыг биелүүлэхээс санаатай зайлсхийсэн гэх баримтгүй байх тул тус ял хэрхэн биелэгдсэн эсэх асуудлыг жич шийдвэрлүүлэхийг прокурорт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ажил эрхэлдэг гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт цугларсан /хх-43-48, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Ж т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
2. Бусад асуудал
Уг хэрэгт 1 ширхэг компакт диск хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Н.Ж ыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж т 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж т оногдуулсан 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ж т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР