Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 1294

 

 

 

 

 

 

 

 

 

      2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2018/01294

                       Улаанбаатар хот

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 40 тоотод оршин суух Сартуул овогт Балжиннямын Ц /РД: /-ын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 26 дугаар гудамжны 465 тоотод оршин суух Тайж овогт Тогоодоржийн Б /РД: /-д холбогдох

            гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ   нь:

 

         Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 онд Т.Бтэй танилцаж 2007 оны 09 дүгээр сарын 20-ныөдөр гэр бүлж болж гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүү Б.Эрдэнэ-Очир төрсөн. Бид амьдралаа дээшлүүлэн 20 гаруй сая төгрөгийн өр зээлээ барагдуулах зорилгоор 2011 онд Турк улсад 3 жил хамт ажиллаж амьдарсан. Энэ хугацаанд хардаж, хэрүүл маргаан гаргаж, өвчтэй байхад гар хүрч байсан. 2014 онд хүү Б.Эрдэнэ-Очироо сургуульд оруулах зорилгоор миний бие Монголдоо ирсэн. Нөхөр Т.Б Туркэд үлдэн ажиллаж байгаад 2017 оны 12 дугаар сард Монголд ирсэн. Бид тусдаа 4 жил амьдарсан бөгөөд Т.Бийг ирсэнээс хойш дахиж амьдрах гэж үзсэн боловч бие биедээ таарч тохирохгүй, ойлголцохгүй байсан. Одоо цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг маань цуцалж өгнө үү. Миний бие хүү Б.Эрдэнэ-Очирыг өөрийн асрамжинд авахыг хүсч байна. Эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй бөгөөд бидний хооронд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

         Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Бид хоёр тусдаа амьдраад 5 жил болж байна. Бидний дундаас хүү Б.Эрдэнэ-Очир төрсөн. Хүүхдээ ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

         Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ   нь:

         Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Т.Б  нар 2006 онд танилцаж, 2007 оны 07 дугаар сарын 23-ны өдөр  гэр бүл болсоноо 2007 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас  2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүү Б.Эрдэнэ-Очир төрсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар болон хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

         Гэрлэгчид 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хувийн таарамжгүй харьцаа, үл ойлголцлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй зэрэг нь гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаан болжээ.

         Дээрх шалтгааныг болон гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байгааг харгалзан шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

  Насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбар болон  хүүхдийн саналыг харгалзан хүү Б.Эрдэнэ-Очирыг эх Б.Цын асрамжинд үлдээсэн бөгөөд нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

         Нэхэмжлэгч Б.Цын гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүх 2018 оны 05 дугаар  сарын 01-ний өдөр хүлээн авч хариуцагчид 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гардуулахад тэрээр хэргийг хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх хугацааг хүлээлгүйгээр шийдүүлэх хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг хянан үзэхэд хуульд харшлах зүйлгүй байх тул түүний хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан хугацааг хүлээлгүй хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэлээ.

         Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сартуул овогт Балжиннямын Ц, Тайж овогт Тогоодоржийн Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

                  

          2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүү Б.Эрдэнэ-Очирыг эх Б.Цын асрамжинд үлдээсүгэй.

 

         3. Нэхэмжлэгч Б.Ц хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн бөгөөд гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

          4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

          5.Гэр Бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Соронзонболдод даалгасугай.

     6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

                        

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАЯР