Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2024/0207

 

 

 

 

 

 

 

“Хүрэл Соёмбо” ХХК-ийн гомдолтой захиргааны

хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Батнасан

Нэхэмжлэгч: “Хүрэл соёмбо” ХХК

Хариуцагч: Тендерийн үнэлгээний хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Багш нарын компьютер шинэчлэх” ажлын тендер шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, мөн үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2/219 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, “Хүрэл соёмбо” ХХК-ийг багш нарын компьютер шинэчлэх ажлын гүйцэтгэгчээр шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 7 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Бат-Ууган, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Сарангоо, “Сүрлэг өндөр Алтай” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чулуунцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 125/2023/0060/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Хүрэл соёмбо” ХХК нь Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан “Багш нарын компьютер шинэчлэх” ажлын тендер шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, мөн үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2/219 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, “Хүрэл соёмбо” ХХК-ийг багш нарын компьютер шинэчлэх ажлын гүйцэтгэгчээр шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.

2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 7 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэгч “Хүрэл соёмбо” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Багш нарын компьютер шинэчлэх” ажлын тендер шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2/219 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгож, “Хүрэл соёмбо” ХХК-ийг Багш нарын компьютер шинэчлэх ажлын гүйцэтгэгчээр шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

            3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Батнасан дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-т заасны дагуу "захиалагч хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах" үүрэгтэй. Тус хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх гэсэн хуулийн шаардлага, шалгуур хангасан байх бөгөөд хороо нь хуульд заасны дагуу "тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх" хуульд заасан чиг үүрэгтэй юм. Манай зүгээс шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага шүүхийн эрх хэмжээнээс хэтэрсэн байгаа талаар бас дурдсан билээ. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-д заасны дагуу "нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн" гэж дүгнэж байгаа бол Тендерийг дахин үнэлэхийг даалгах хуульд заасан эрхтэй. Харин шүүхэд тендерийг үнэлэх, шалгаруулах эрх Монгол Улсын аль ч хуулиар олгогдоогүй байхад шүүх хуульд заасан эрх хэмжээнээсээ хэтрүүлэн, хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргаж, үнэлгээний хорооны хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, тусгай мэдлэг шаардсан асуудалд үнэлгээ, дүгнэлт хийж, тендер шалгаруулж, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөнд гомдолтой байна.

3.2. Нэхэмжлэгч тал тендерийн материал үнэлгээний хороонд хүрүүлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасан шаардлагыг хангаагүй. Энэ талаар хариуцагч болон манай зүгээс тайлбартаа дурдсан боловч шүүх энэ асуудлыг үл харгалзан хэтэрхий нэг талыг барьж, зөвхөн "Бага үнийн саналтай" гэх үндэслэлээр тендерийн бусад шаардлагыг харгалзан үзэхгүйгээр нотлох баримтыг буруу үнэлж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүхийн энэ байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугааp зүйлийн 7.1-т заасан "Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна" гэх "шүүх нотлох зарчим"-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удирдлага болгоогүйг харуулж байна.

3.3. Тодруулбал, хариуцагч тал "Хүрэл соёмбо” ХХК нь шаардсан материалын бүрдэл дутуу мөн Дарви суманд "Ёслол хүндэтгэлийн ордон барих тендерт ялж, ажил гүйцэтгэж байгаа, тухайн гүйцэтгэлийн ажлын үр дүн 30 хувьтай явж байгаа, манай шаардлагад 50 хувиас дээш гүйцэтгэл, санхүүжилттэй байх шаардлагатай тул олгох боломжгүй байсан" гэсэн тайлбар өгсөн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т заасан "энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага" хангаагүй гэсэн утга агуулгатай байна. Энэхүү заалтад ишилсэн тус хуулийн 16 дугаар зүйлд Техникийн чадавх болон туршлагыг үнэлэхээ 16.1.3-т "сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд нийлүүлсэн бараа, үйлчилгээ, тэдгээрийн үнийн дүн, хугацаа болон худалдан авагчдын жагсаалт, шаардлагатай бол бараа, үйлчилгээний гүйцэтгэлийн талаархи өмнөх худалдан авагчдын тодорхойлолт" гэж заажээ. "Хүрэл Соёмбо" ХХК-ийн өмнөх худалдан авагч болох Дарви сумын Засаг даргын тамгын газар бөгөөд тус суманд Ёслол хүндэтгэлийн ордон барих, үйл ажиллагааны явц, үр дүнгийн тодорхойлолт, холбогдох баримтыг хэрэгт аваагүй, тайлбар тодруулга хийгээгүй. “Хүрэл соёмбо” ХХК-ийн шүүхэд өгсөн нотлох баримтаас харахад Дарви суманд "Ёслол хүндэтгэлийн ордон барих тендер авч, гэрээ байгуулсан нь тогтоогддог. Тус гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа аль хэдийн дууссан байхад хариуцагч ажлын гүйцэтгэл 50 хувьдаа ч хүрээгүй гэх тайлбар өгсөөр байхад энэ асуудалд шүүх анхаарч холбогдох нотлох баримтыг шаардаж гаргуулж, үнэлээгүй болно.

3.4. "Хүрэл соёмбо ХХК-ийн тендер шалгаруулалтад явуулсан техникийн тодорхойлолт захиалагчийн шаардлагад нийцээгүй байгаа талаар хариуцагч тодорхой тайлбар өгөөгүйгээс болж гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхол хохирсонд гомдолтой байна. Өөр хэлбэл, “Хүрэл соёмбо” ХХК нь "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-7 "техникийн тодорхойлолт" шаардлага хангаагүй, бараа, үйлчилгээний чадал үзүүлэлтийг бууруулсан нь тендерт "Сүрлэг Өндөр Алтай" ХХК-ийг шалгаруулах гол үндэслэл болсон. Энэ талаар тайлбар нотлох баримтыг хариуцагч тал өгөөгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ тус үйл баримтад анхаарал хандуулаагүй. Захиалагчийн техникийн тодорхойлолт, нэхэмжлэгч буюу “Хүрэл соёмбо” ХХК-ийн санал болгож буй техникийн тодорхойлолт, бараа үйлчилгээний зураг хэрэгт авагдсан байгаа, шүүх хавтаст хэргийг дугаарлаагүй тул хуудас зааж чадахгүй байна.

3.5. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дээрх баримт нь хэрэгт авагдсан байхад шүүх баримтыг үнэлж, дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн. "Хүрэл Соёмбо" ХХК-ийн санал болгосон үзүүлэлт бүхий компьютерыг үүнээс хямд үнэ өртөгтэй нийлүүлэх боломжтой юм. Харин манай “Сүрлэг өндөр алтай” ХХК нь захиалагчийн техникийн тодорхойлолт нийцсэн санал хүргүүлж, манай материалыг үндэслэн үнэлгээний хороо "хамгийн сайн үнэлэгдсэн тендер"-ээр шалгаруулсан байхад шүүх нэхэмжлэгч талыг "бага үнэ" санал болгосон гэж зөвхөн нэг талыг барьж, тусгай мэдлэг шаардсан асуудалд дүгнэлт гаргаж, хэрэг шийдсэнд гомдолтой байна.

3.6. Шүүх, шүүх хуралдааны өмнө ч, шүүх хуралдаан дээр ч, шийдвэр гардаж авахад ч хэргийн хуудас дугаарлаагүй байсан. Энэ байдал нь шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судлах, анхан шатны шүүхийн шийдвэрийг уншиж ойлгоход, ямар нотлох баримтыг үндэслэж хэрэг шийдсэн нь тодорхой бус, мөн гомдол бичихэд ч тун хүндрэлтэй байсан болно. Үүнийг хэргийн оролцогчийн нотлох баримттай танилцах, шинжлэн судлах, тайлбар гаргах эрхийг хязгаарласан үйлдэл гэж үзэж байна. Мөн хариуцагч тал хэргийн материалтай танилцаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Энэ талаар шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3.3-т хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, болоод хэргийн оролцогчид хэргийн материал танилцуулсан баримтаар нотлогддог. Хариуцагч талаар анхны тайлбар өгөхөд ч шүүх хуралдаан дээр ч жирэмсний амралттай, амаржсан талаараа удаа дараа тайлбар өгсөөр байхад өөр итгэмжлэгдсэн төлөвлөгч томилох асуудалд шүүх болоод хариуцагч талын хэн хэн нь анхаараагүй. Хариуцагч талаас томилон итгэмжлэгдсэн төлөвлөгч нь хуулийн дагуу амралттай байсан тул тус хэрэгт анхаарал хандуулж ажиллаж чадаагүй юм. Үүнээс шалтгаалан гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөнд гомдолтой байна.

3.7. Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн нь хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн шийдвэрээс тодорхой тогтоогдож байгаа тул Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 31-ний өдрийн 125\ШШ2024\0007 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгчээс Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан “Багш нарын компьютер шинэчлэх” ажлын тендер шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, мөн үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2/219 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, “Хүрэл соёмбо” ХХК-ийг багш нарын компьютер шинэчлэх ажлын гүйцэтгэгчээр шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Тендерийн үнэлгээний хорооноос бидэнд ирүүлсэн албан бичигт манай компанийг ямар үндэслэлээр шалгаруулаагүй талаараа бичээгүй, тодорхой бус. Хариуцагч тайлбартаа “Ёслол хүндэтгэлийн өргөө” барих ажлын гүйцэтгэл 50 хувьд хүрээгүй гэх үндэслэл бичсэн байна. Үнэлгээний хорооны боловсруулсан тендерийн баримт бичигт хийж байгаа ажлын гүйцэтгэл шаардаагүй байсан. Манай компани “Сүрлэг өндөр Алтай” ХХК-иас бага үнийн саналтай байсан” гэж маргасан.

4. Дээрхээс үзвэл, маргаж буй “... “Багш нарын компьютер шинэчлэх” ажлын тендер шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, мөн үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2/219 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, “Хүрэл соёмбо” ХХК-ийг багш нарын компьютер шинэчлэх ажлын гүйцэтгэгчээр шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, шүүхээс ямар шийдвэр гаргуулж, зөрчигдсөн ямар эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсэж буй нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх энэ үндэслэлийг бүрэн тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

5. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн төрлөөс алийг нь нэхэмжлэгч сонгож, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсноос хамаарч шүүх 106 дугаар зүйлд заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.

6. Гэтэл нэхэмжлэгчээс Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2/219 тоот шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх, шүүхээс тухайн шийдвэрийг хүчингүй болгох агуулгаар шийдвэр гаргасан тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд тендер шалгаруулалтын ялагч болох эсэх, Тендерийн үнэлгээний хорооны шийдвэртэй маргаан байгаа эсэх, уг шаардлагаас улбаалж гарсан “Хүрэл соёмбо” ХХК-ийг “Багш нарын компьютер шинэчлэх ажил”-ын гүйцэтгэгчээр шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах агуулга бүхий шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасантай нийцэж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

7. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус тохиолдолд шүүх тодруулж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй, ийнхүү шийдвэрлэх асуудал нь тодорхой бус нөхцөлд шүүхийн шийдвэр өөрөө тодорхойгүй, биелэгдэх боломжгүй болохыг анхаараагүй байна. Энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт ... хүчингүй болгуулах, ... захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж зааснаар анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах ёстой байжээ.

8. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гуравдагч этгээд “Сүрлэг өндөр Алтай” ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2/226 дугаар шийдвэртэй маргаагүй, маргаан бүхий Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2/219 тоот шийдвэр нь “...материалын бүрдэл дутуу ирүүлсэн тул танай тендерээс татгалзаж байна...” гэсэн агуулга бүхий нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэр байх бөгөөд уг шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх талаар тодруулж, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсантай холбогдуулан холбогдох нотлох баримтыг цуглуулан, хэргийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 7 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

           

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БААТАРХҮҮ

                           ШҮҮГЧ                                                       О.ОЮУНГЭРЭЛ

                 ШҮҮГЧ                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН