Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 116/ШШ2021/0008

 

                          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

              Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

                  Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, Боржигон овогт Н.Г-ийн нэхэмжлэлтэй,

                  Хариуцагч: Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,

             Нэхэмжлэлийн шаардлага: “...аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэгж талбарын 091400073 дугаар бүхий 36 м2 газрын эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах тухайнэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч Н.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 40 дугаартай тогтоолыг үндэслэн, Орон нутгийн өмчийн албанаас зохион байгуулсан, 2003 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн дуудлага худалдаагаар Хэрлэн сумын 7-р багт байрлах Бүсийн Оношлогоо эмчилгээний төвийн баруун хойно замын хойд талд байрлах, диспечерийн байрыг үйлчилгээний зориулалтаар 525.000 төгрөгөөр худалдан авсан, уг объектийн доорхи байршил бүхий 36 м2 талбай бүхий газрын эзэмших эрхийн зөвшөөрлийг Хэрлэн сумын Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын10-ны өдрийн 148 дугаар захирамжийн дагуу авч зохих журмаар нь гэрчилгээжүүлэн 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан. Эзэмшил газрын гэрчилгээний эзэмших эрхийн хугацаа 2019 оны 6 сард дуусах байсан тул  2018 оны 5 сард хугацаа сунгуулах, газар эзэмших эрхээ охин Г.Хд шилжүүлэх хүсэлтийг ...аймгийн ГХБХБГазарт гаргасан. Гэтэл энэ асуудлыг шийдвэрлэхгүй байсаар 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 362 тоот албан бичгээр аймгийн ерөнхий архитектор Ц.Ц“Чойбалсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний шаардлагад нийцэхгүй гэж үзэн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах боломжгүй” гэсэн хариу өгсөн. ...аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “Газар эзэмших, гэрчилгээг сунгах тухай” өргөдөл гаргасан. Би биеийн эрүүл мэнд, ажил хэргийн шаардлагаар хөдөө, Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж, үзүүлж оношлуулах ажил их байсан, ...ирж хариу авъя гэсэн холбогдох хүмүүс нь албан томилолтоор явсан гэж байсан. Охин Хонгорзул сураглаж асуухад шийдвэрлээгүй байгаа, хариуг утсаар холбогдож, хаягаар хүргүүлдэг гэж хэлсэн бөгөөд өргөдлийн хариуг 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авлаа...

            Бид төрийн байгууллагаас барьсан объектийг үл хөдлөх хөрөнгө гэж хуулийн дагуу худалдаж авсан. Гэтэл хотын ерөнхий төлөвлөлтөд нийцэхгүй гэж  2018 оны 5 сараас хойш одоог хүртэл газар эзэмших эрхээ сунгуулж чадахгүйгээс болж объектоо ашиглаж, үйл ажиллагаа явуулж чадахгүй хохирч байна. Иймд Хэрлэн сумын 7-р баг, хуучнаар автобус баазын диспечерийн байрны байршил бүхий 36 м2 талбайтай газрын эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг хангахгүй, сунгаж өгөхгүй байгаа Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг газрын эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгаж өгнө үү гэжээ.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2003 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр манай аав  Ганзориг дуудлага худалдаагаар дээрх газрыг худалдаж авсан. 2018 онд уг газрыг надад шилжүүлж өгөхөөр болсон. Газар эзэмших эрхийн хугацаа нь 2019  оны 05 дугаар сард дуусахаар байсан. Тиймээс газар эзэмших эрхийн хугацаа дуусахаас 3 сарын өмнө хугацаа сунгуулах тухай хүсэлтийг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт өгсөн

              Газрын харилцаанд ажилладаг  Ц.Ц гэдэг хүнтэй энэ асуудлын талаар удаа дараа уулзаж хүсэлт гаргаж байсан, надад ямар ч эрхийн акт үзүүлж байгаагүй, хурал болоод газрын хугацааг сунгахгүй хариу гарсан гэж хэлсэн, тухайн шийдвэрийг нүдээр үзэхийг хүссэн боловч “чамд харуулахгүй”, чамд ажлаа дүгнүүлэхгүй” гэж хэлсэн  ... Би оёдлын чиглэлээр хувийн аж ахуй эрхэлдэг ба өөрийн эзэмшлийн газрын өнгө төрхийг шинэчлэн хувийн аж ахуй эрхлэх хүсэлтэй байна.  Би бага насны хүүхэдтэй тул ажил хийж чаддаггүй, нөхөртөө нэмэр болж үзээгүй гэж хэлж болно. Бид тэр газарт шинээр байшин барихгүй, өнгө төрхийг нь сэргээн засаад өрхийн үйлдвэрлэлээ дэмжих санаатай байгаа юм. Би хүсэлт өгснөөс хойш  Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар олон удаа очиж уулзсан гэв.

               Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч  М.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хэрлэн сумын Засаг даргын 2004 оны 148 тоот захирамжаар  Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 091400073 дугаартай 36 м2 бүхий газрыг 15 жилийн хугацаатай засварын газрын зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээг Н.Г-т олгосон бөгөөд газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болсон. Маргаан бүхий газар нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 347 тоот тогтоолоор баталсан “Зүүн бүсийн тулгуур төв Чойбалсан хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд тусгагдсан хотын 2 дугаар зэрэглэлийн туслах замаас 1.5 метрийн зайд байрлаж байгаа учир авто замын стандарт нормыг хангахгүй, мөн Чойбалсан хотын дулааны 1-р магистрал 400 мм диаметртэй хос шугамын хамгаалалтын зурваст багтсан байна гэсэн дүгнэлтийг холбогдох мэргэжлийн байгууллага болон Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас гаргасан байдаг.

               Иргэн Н.Г-ийн хувьд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах  хүсэлтийг  2019 оноос эхлэн гаргаж байсан. Энэ хүсэлтийг Аймгийн  Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хот байгуулалтын зөвлөлөөр хэлэлцээд 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дээрх хоёр үндэслэлийг тайлбарлан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй байна гэсэн хариуг өгсөн. Мөн иргэн Н.Г нь аймгийн Засаг даргад энэ асуудлаар хандсан. Энэ хүсэлтийг хүлээн аваад мөн мэргэжлийн байгууллагуудаас саналыг авсны дагуу хариуг албан тоотоор мэдэгдсэн. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ” гэж заасан. Мөн  Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т “хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горим зөрчиж газар олгох, 24 дүгээр зүйлийн 24.1.6-д “Инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх, барих”-ыг тус тус хориглоно гэж заасан байдаг. Дээрх хуулийн заалтууд болон Монгол Улсын Засгийн газраас баталсан Зүүн бүсийн тулгуур төв Чойбалсан хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд нийцэхгүй, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд байрлаж байгаа газрын эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар хүсэлт гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

             Нэхэмжлэгч нь “Дорнод аймгийн Засаг даргын ...эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг газрын эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгуулах” шаардлага гаргасан[1].

                  Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2004.06.10-ны өдрийн 148 дугаар захирамжаар[2] иргэн Н.Г-т, Хэрлэн сумын 7-р багийн нутаг дэвсгэр дэх хуучнаар Автобус баазын диспечерийн байрны 36 м2 газрыг нэгж талбарын  091400073  дугаар бүхий  /15 жилийн хугацаатай/ “Засварын газрын зориулалтаар эзэмшүүлэх эрх олгосон шийдвэрийн дагуу, 2004.08.12-ны өдөр Газар эзэмших эрхийн 0008762 дугаар бүхий гэрчилгээ[3] олгогдсон байна.

              Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 “Газрыг  Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаагаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаа сунгах хугацаа  40 жилээс илүүгүй байна”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1. “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”, 37.1.2. “Газрын төлбөрийг төлсөн тухай баримт”,  37.2. “Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана” гэжээ.      

                 Нэхэмжлэгчийн тухайд: 2018.05.11-ний өдөр ...газар эзэмших эрхийг өөрийн охин Н.Х-ын нэр дээр шилжүүлэх хүсэлтийг[4] аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандсан боловч шийдвэрлээгүй,  
 “Газар эзэмших эрхийг сунгуулах” хүсэлтийн хариуг, аймгийн ерөнхий архитектор  Ц.Ц гарын үсэг бүхий, 2019.05.31-ний өдрийн 362 тоот албан бичгээр[5], “Чойбалсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний шаардлагад нийцэхгүй, эзэмших эрхийн гэрчилгээг сунгах боломжгүй”  гэсэн хариуг өгсний дагуу, ...ямар шийдвэр гарсан талаар  үзэж харахыг хүссэн боловч “чамд харуулахгүй”, “чамд ажлаа дүгнүүлэхгүй” гэж хэлсэн гэх[6], Дорнод аймгийн Засаг даргын нэр дээр  2019.06.13-ны өдөр гаргасан өргөдлийн[7] хариуг  2021.02.01-ний өдрийн  5/192 тоот албан бичгээр[8]36м2 газар  нь дулааны 1-р магистрал 400 мм диаметртэй хос шугамын хамгаалалтын зурваст орсон, ...Чойбалсан хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан замын стандарт хангахгүй...” хүргүүлсэн байдаг  боловч хэзээ хэрэгжиж биелэгдэх, ямар төлөвлөгөө болох... талаар ямар ч  мэдээлэл өгөөгүй хэмээн мэтгэлзэн тайлбарладаг.  

               Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.  “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, мөн хуулийн  26 дугаар зүйлийн 26.1 “...эрх хууль ёсны ашиг сонирхол нь  хөндөгдөж болзошгүй этгээдэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар “тайлбар, санал гаргах боломж олгоно”, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.3 “Өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж үндэслэлтэй шийдвэрлэх”, 1.4. “Өргөдөл гомдлыг хугацаанд нь барагдуулах”, 1.6. өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх” хуульчилсан.  Гэтэл эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтан ...хуулийн дээрхи зохицуулалтыг хэрэгжүүлээгүй  нь хууль бус юм.

              Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1. “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцох ...”,  мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6. -Газар зохион байгуулалтын төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангах зэрэг төрөөс газрын талаар баримтлах зарчмыг баримтална гэжээ.

               Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нь шүүх хуралдаанд,  Чойбалсан хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцэхгүй, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 “Хот тосгоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горим зөрчиж газар олгох” мөн хуулийн 24.1.6 “инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх, барихыг хориглоно” зөрчсөн хэмээн  тайлбарлаж  байгаа нь ойлгомжгүй.  Учир нь: нэхэмжлэгч нь Орон нутгийн өмчийн албанаас 2003.04.28-ны өдрийн дуудлага худалдаагаар[9] /36м2 талбай/ үл хөдлөх хөрөнгийг 525,0 мянган төгрөгөөр худалдан авч, улсын бүртгэлийн 000347294 бүхий гэрчилгээтэй[10], ... эзэмшил газрын эрхийн хугацааг сунгах, шийдвэрлэх арга замыг нь тодорхойлох асуудал байсан.

             Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8. “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ”. Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний  4.4-т  Газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх, мөн гэрээний  5.4-д  Газар эзэмшигчийн газрыг бүхэлд нь буюу зарим хэсгийг гэрээний хугацаа дуусахаас өмнө эрх бүхий байгууллага улсын тусгай хэрэгцээнд нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэр гаргавал уг шийдвэрийг үндэслэл болсон талуудын урьдчилан тохиролцоо болон  бусад эрхийн актаар зохицуулна” зэрэг гэрээнд тусгасан байна. Шүүхээс “Нэгж талбарын хувийн хэрэг”-ийг татан үзэхэд: Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2015.04.15-ны өдрийн гэрээ[11], гэрээг дүгнэж байсан баримт болон хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт байгаагүй болохыг дурдсугай.

               ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.4. ”Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй  байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох” хуульчилсан. Хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын  тайлбараас үзэхэд:   нэхэмжлэгчийн  хууль ёсны  эрх  ашгаа хамгаалуулах, газар эзэмших  гэрээ сунгуулах ...өргөдөл,  хүсэлтэд ... хуулийн хугацаанд шийдвэрлэхгүй  чирэгдүүлэх, ...нөхцөл байдлыг хуулийн дагуу тогтоож, оролцоог нь хангаж, шийдвэрлэх арга замыг тогтоож,   хариу хүргүүлээгүй зэрэг нь эрх бүхий захиргааны байгууллагын   идэвхигүй үйл ажиллагаа  байна.

              Захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй нь, эс үйлдэхүй эсхүл татгалзсан шийдвэр байж болох бөгөөд захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн зүйл нь зөвхөн захиргааны эс үйлдэхүйгээр хязгаарлагдахгүй ...захиргааны хууль бус татгалзал хамаарах юм.

             Иймд  нэхэмжлэгчийн ..эс  үйлдэхүй нь  хууль бус болохыг тогтоож, Хэрлэн сумын 7-р багийн нутаг дэвсгэр, 36 м2 газар эзэмших эрхийг сунгах, ...нөхцөл байдлыг тогтоож,  үргэлжлүүлэн сунгах эсэх асуудлыг шийдвэрлэхийг, Дорнод аймгийн  Засаг даргад  даалгах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

              1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3 “ж”,  Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 37 дугаар зүйлийн 37.2, Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Н.Г-ийн,  Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,  ... эс үйлдэхүй нь хууль  бус болохыг тогтоож, уг газрын эзэмших эрхийн хугацааг сунгахыг  аймгийн Засаг дарга М.Б-д даалгасугай.

               2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын /ажлын алба/ Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Г-т  олгосугай.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  14 хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

          

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ОЮУН

 

 

 

 

 

 

 

;

 


[1] Хавтаст хэргийн 1-4-р хуудас

[2] Хавтаст хэргийн 7-р хуудас

[3] Хавтаст хэргийн 8-р хуудас

[4] Хавтаст хэргийн 12-р хуудас

[5] Хавтаст хэргийн 32-р хуудас

[6] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[7] Хавтаст хэргийн 13-р хуудас

[8] Хавтаст хэргийн 14-р хуудас

[9] Хавтаст хэргийн 36-р хуудас

[10] Хавтаст хэргийн 9-р хуудас

[11] Хавтаст хэргийн 39-р хуудас