Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2456

 

 

 

 

 

 

 

 

 

Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01877 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч З сан, Н.Д, Э.Б нарт холбогдох  

 

Зээлийн гэрээний үүрэгт 270 782 343 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Ууганбаяр

Хариуцагч Н.Д, Э.Б нарын өмгөөлөгч: Ж.Оюунболд

Хариуцагч З сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Даваажав

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Д, Э.Б нар нь “Хасбанк” ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 1090023081 тоот зээлийн гэрээ, 1090023081-01 тоот баталгаат ипотекийн гэрээгээр 210 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, 365 хоногийн 28.8 хувийн хүүтэй зээлж авсан. Үүнд Зээлийн батлан даалтын сан нь зээлдэгч Н.Д, зээлдүүлэгч Хасбанк нартай 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 1090023081 дугаартай батлан даалтын гэрээ байгуулж 210 000 000 төгрөгийн 30.95% буюу 64 995 000 төгрөгийг батлан даахаар болсон. Э.Б, Н.Д нар нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1090023081 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болохоор заасан хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр болгож, зээлийн гэрээний дугаарыг 1090025458 тоот болгон өөрчилсөн. Барьцаанд Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар байр, 21 тоотод байрлах, 29 мкв 2 өрөө байр, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 37 дугаар барилга, 4018 тоот хаягт байрлалтай 24.88 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нар нь 1090023081 тоот гэрээний 1 дүгээр хавсралтанд заасан зээлийн эргэн төлөлтийг гүйцэтгэх үүрэгтэй боловч 2016 оны 01 дүгээр сараас эхлэн төлөлт нь доголдолж хугацаа хэтрүүлж эхэлсэн болно. Нэхэмжлэл гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 205 500 000 төгрөг, хүү 51 276 055 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46 627,39 төгрөг, нийт 256 822 683 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа хүү 13 833 808 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 125 852 төгрөг нийт 13 959 660,32 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Иймээс нийт 270 782 343 төгрөгийн хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас 64 995 000 төгрөгийг, Н.Д, Э.Б нараас 205 787 343 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Н.Д, Э.Б нарын өмгөөлөгч Ж.Оюунболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.Д нь хувцас үйлдвэрлэж, Нарантуул худалдааны төвд лангуу түрээслэн худалдаалж байсан бөгөөд 2015 онд бизнесээ өргөжүүлэхээр Нарантуул худалдааны төвөөс лангуу 300 000 000 төгрөг худалдан авахаар болж банкнаас 210 000 000 төгрөг зээлсэн. Ингээд зээлээ хуваарийн дагуу төлж байсан боловч Н.Дгийн биеийн байдал муудаж, ажил хөдөлмөр эрхлэх, үйлдвэрлэлээ явуулах боломжгүй болсноор зээлийн төлөлт доголдсон гэжээ. 

Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн батлан даалтын сан нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хас банк болон Н.Д нартай батлан даалтын гэрээ байгуулж, Зээлийн батлан даалтын сан нь 210 000 000 төгрөгийн зээлийн 30.95 хувьд нь батлан даалт гаргасан. Нийт 256 822 683 төгрөгийг гаргуулах гэсэн байна. Зээлийн батлан даалтын сан болон Н.Д, Э.Б нараас тус тусдаа хэдэн төгрөг гаргуулах нь тодорхойгүй байна. Батлан даалтын гэрээний 1.4-т батлан даагчийн хариуцах хэсэг нь үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдсэн үлдэгдэл үнийн дүнгийн 30.95 хувь байх талаар заасан байдаг. Үүнийг тухайн зээлдэгчийн орлого нь хүрэхгүй байгаа тохиолдолд барьцаалсан барьцаа эд хөрөнгөөрөө хангаад, тэр үлдсэн дүнг үндсэн зээлийн үлдэгдэл дүн гэж ойлгоно. Батлан даалтын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсэгт үүрэг зөрчигдсөнөс хойш 90 хоног өнгөрсөн бөгөөд зээлдэгч нь зээлдэгчид өөрийн дүрэм зааврын хүрээнд шаардах, сануулах болон мэдэгдэх хуудас өгсөн байх ёстой гэж заасан. Үүгээр зөвхөн сануулах хуудас өгөхөөр хязгаарлагдахгүй нь харагдаж байгаа. Батлан даалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4 дахь хэсэгт 1.6 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан нотлох баримтаа баталгаажуулан батлан даагчид хүргүүлэх ёстой. Гэрээгээр тохиролцсон ажиллагаанууд хийгдээгүй. Батлан даалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.5 дахь хэсэгт зааснаар батлан даагчид хохиролтой байж болзошгүй нэмэлт өөрчлөлтийг хийхээр бол батлан даагчид бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул Хасбанк нь Зээлийн батлан даалтын сангаас шаардах эрхгүй. Иргэний хуулийн 450 дугаар зүйлийн 450.1 дэхь хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлийн хүүг гэрээг тохиролцсон бол төлөх ёстой. Тэгэхээр сүүлд нэхэмжилсэн 270 782 343 төгрөгийг үндсэн зээлдэгч нар төлөх ёстой. Хэрэв төлөх чадваргүй бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаа болсон бол батлан даалтын сан төлөх боломжтой. Энэ талаар баримт байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан хариуцагч Н.Д, Э.Б нараас гэрээний үүргийн гүйцэтгэлд 88 931 968 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 116 855 375 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Зээлийн батлан даалтын сан”-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 600 375 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54 394 625 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заасныг баримтлан хариуцагч Н.Д, Э.Б нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1090023081-01 дүгээр “Баталгаат ипотекийн гэрээ”-ний зүйл болох Н.Дгийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар байр, 21 тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Намъяанжугийн гудамж, 37 дугаар барилгын байр, 4018 тоот хаягт байршилтай, 24.85 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, орсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 1 442 064 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 227 749 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Д, Э.Б нараас 667 609 төгрөг, хариуцагч “Зээлийн батлан даалтын сан”-аас 184 554 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганбаяр давж заалдах гомдолдоо: “...Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан баримтуудыг бүрэн үнэлээгүйгээс нэхэмжпэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх болсон гол үндэслэл нь "талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1-д зааснаар гэрээ цуцлах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, зээлийн гэрээний хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болгохоор гэрээнд заасан байх тул" гэж дурдсан байдаг. Гэтэл энэ үндэслэл нь зээлдэгч хавтаст хэрэгт авагдсан дараах 2 баримтаар Зээлийн гэрээний 5.1.1, 5.1.2 дахь заалтуудыг зөрчиж гэрээ цуцлагдсан болох нь нотлогдож байна.

2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх шаардлага дээр "Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс Иргэий хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.2, 69.1.3-д тус тус заасны дагуу Н.Д, Э.Б нарын эд хөрөнгө, мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх, дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох” гэсэн шаардлагыг 2017 оны 05 дугаар сар 30-ний өдрийн захирамжаар хангаж, нэхэмжлэлийн шаардлага болох 270 782 343 төгрөгийн хэмжээгээр битүүмжилж, хүрэлцээгүй тохиолдолд дансны зарлагын хөдөлгөөнийг үлдэх үнийн дүнгийн хэмжээгээр зогсоосугай гэж заасан. Манайд барьцаалсан гэж байгаа Сандей Плазад байдаг лангууг түрээсэлсэн. Бөмбөгөр худалдааны төвд өөр лангуу түрээслэж үйл ажиллагаа явуулж байдаг. Тэгэхээр орлогоо нуун дарагдуулж, зээлийн төлбөрийг төлөх сонирхолгүй байна гэж үзэж байгаа. Тухайн үед манайх 205 000 000 төгрөг гэж үнэлгээ гаргасан. Зээлийн батлан даалтын сан батлан даасан. Зах зээлийн үнээр тухайн үед 300 000 000 төгрөгөөр худалдаж авсан гэж байгаа боловч хугацаа хэтэрсэн явцад тус Сандей Плазагийн лангууг зарахаар худалдан авагч ирсэн бөгөөд тухайн хүн нь Сандей Плаза-д байсан лангууг зарсан хүн нь юм билээ. Эдгээр хүмүүс цаад харилцаа холбоог сайн мэдэхгүй юм. Тиймээс гомдол гаргасан нь үндэслэлгүй байна" гэсэн байдаг. Энэ нь Зээлийн гэрээний 5.1.2-д заасан "худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн" гэх заалтыг зөрчиж зээлийн гэрээ цуцлах нөхцөл бүрдсэн.

Банк зээлдэгчид 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шаардах хуудас өгч 2016 оны 04 дүгээр сарын 22-ний дотор зээлээ төлөхийг шаардаж, төлбөрөө төлөхгүй бол гэрээг цуцлах тухай анхааруулж мэдэгдсэн шаардах хуудас авагдсан. Банк 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зээлдэгчид дахин шаардах хуудас хүргүүлсэн.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлд үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах нөхцөл байдлаас үүссэн буюу тус зүйлийн 225.1, 225.2-д  заасны дагуу гэрээний үүрэг зөрчигдсөн тухай мэдэгдэж, үүргээ гүйцэтгэхийг банк зээлдэгчид сануулсан, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Мөн 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар хүү тооцоолол /хх 78,100/, 2017 оны 05 дугаар сарын 18-ны байдлаар /хх 149/ хүү тооцооллуудыг тус тус гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүхээс нотлох баримтыг үнэлсэн эсэх, үнэлээгүй бол ямар үндэслэлээр үнэлээгүй тухайгаа огт дурьдалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулж зээлийн гэрээг цуцалж, 270 782 343 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Н.Д, Э.Б нарын өмгөөлөгч Ж.Оюунболд давж заалдах гомдолдоо “...Анхан шатны шүүхээс иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зохих зүйл заалтыг хэрэглээгүй.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хас банк" ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1-д зааснаар "гэрээг цуцлах" талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, зээлийн гэрээний хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болгохоор гэрээнд заасан байх тул "Хас банк" ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны үндсэн зээлд 34 250 000 төгрөг, зээлийн хүүд 65 109 864 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 172 479 төгрөгийг хариуцагч Н.Д, Э.Б нараас шаардах эрхтэй гэж дүгнэсэн зэргээс харахад шүүхийн шийдвэр ойлгомжгүй, эргэлзээтэй, хэргийн байдалд тал бүрээс нь бодитойгоор дүгнэлт хийж, харьцуулж шинжлэн судлалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардсан шаардлага гаргасан үйлдлээрээ гэрээнээс татгалзсанаас Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардсан үйлдлээрээ 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг зээлийн гэрээ цуцалсан өдөр гэж тооцохоор байна.

Гэрээг цуцалснаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх /нэхэмжлэл гаргасан үеэс хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрх/ мөн дуусгавар болно гэж үзэж байна. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн авч шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байдап үүсгэж байна.

Иргэний хэрэгт хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Оюунболд миний шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосноор хэргийн оролцогчийн шүүх хуралд биечлэн оролцох эрхийг ноцтойгоор зөрчсөн.

Хэргийн оролцогчийн өмгөөлөгч авах эрх нь Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон зөрчиж болохгүй үндсэн эрх юм.

"Хас банк" ХХК анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлдэгч Н.Д, Э.Б нарыг 2016 оны 01 дүгээр сараас хойш зээлийн төлөлт доголдож хугацаа хэтрүүлж эхэлсэн гэх боловч нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн төлбөр 205 500 000 төгрөг, хүү 51 275 055.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46 627,39 төгрөг гэх боловч зээлийн эргэн төлөлтийн хуваариас харахад үндсэн зээлийн үлдэгдэл 195 500 000 төгрөг байхаар байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын тооцооллоо үнэн зөв хийж өгөөгүйн дээр шүүх хангаж шийдвэрлэсэн 88 931 968 төгрөгийн тооцооллыг ямар баримтад тулгуурлан, ямар тооцооллоор гаргаснаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт огт тайлбарлаагүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Н.Д, Э.Б нарын хувьд нэхэмжлэлийн шаардлага, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа болно. Анхан шатны шүүхийн шийдвэрээр 88 931 968 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав давж заалдах гомдолдоо “...Батлан даалтын гэрээнд үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар заасан заалт огт байхгүй тул нотлох баримтыг дутуу үнэлсэн. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар нөхөх хариуцлага хүлээхээр гэрээ байгуулсан. Энэ нь Батлан даалтын гэрээний 1.4-д "Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 30.95 хувь байна.", 1.6-д "...Зээлдүүлэгч өөрийн журам зааврын хүрээнд сануулах, мэдэгдэх хуудас өгөх, шаардах хуудас өгөх зэрэг арга хэмжээ авсан байх тохиолдолд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ" гэж зааснаар нотлогдоно.

Талуудын хооронд байгуулсан Батлан даалтын гэрээнд зээлдүүлэгч тодорхой нөхцөл байдлыг нотолж, батлан даагчид мэдэгдсэний үндсэн дээр батлан даагчаас шаардах эрхтэй байхаар заасан. Үүнд батлан даалтын гэрээний 3.2.3 "Зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоногийн дотор багтаж, зээлдэгчээр зээл төлүүлэхтэй холбоотой энэхүү гэрээний 1.6-д заасан арга хэмжээг авах", 3.2.4 "Энэхүү гэрээний 3.2.4-д зааснаар зээл төлүүлэх арга хэмжээг авснаар нотолсон баримтуудаа батлан даагчид хүргүүлэх". Зээлдүүлэгч Батлан даалтын гэрээний дээрх нөхцөлүүдийг хэрэгжүүлсэн эсэх нь тогтоогдоогүй байхад түүний шаардах эрхийг үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон болохыг нотолж байна.

Батлан даалтын гэрээний 1.1-д "...2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1090023081 Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг зээлдэгч гүйцэтгэж чадахыг баталж, Зээлийн батлан даалтын сан батлан даахаар харилцан тохиролцсон. Зээлдэгч 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1090023081 тоот зээлийн гэрээний дагуу авсан зээлийг төлж дуусгасан баримт хавтаст хэргийн 30 дугаар хуудсанд авагдсан байна. Батлан даалтын гэрээний 3.2.5-д “Гэрээний хугацааг сунгах, зээлийн хэмжээ, барьцаа өөрчлөгдөх зэрээг батлан даагчид хохиролтой, сөрөг үр дагавартай байж болзошгүй өөрчлөлтийг зээлийн гэрээнд оруулахаар бол батлан даагчид урьдчилан бичгээр мэдэгдэж зөвшөөрөл авна" гэж заасан. Энэ урьдчилсан нөхцөл хангагдаагүй түл Хас банк Зээлийн батлан даалтын сангаас шаардах эрх гэрээгээр үүсээгүй. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.4 дэх хэсэгт зааснаар үндсэн үүрэг хүчин төгөлдөр бус болсноор түүний гүйцэтгэлийг хангах тухай батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр бус болдог.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д "...зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ" заасан. Зээлдэгч зээлийг зөвхөн бизнесийн орлогоор бус зээлийн барьцаа хөрөнгөөр төлдөг. Зээлдэгчийн барьцаа хөрөнгө нь үүргийн гүйцэтгэлийг хангахад бүрэн хүрэлцэхүйц байхад батлан даагчид шууд хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй тохиолдолд Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх үүргийн хэмжээг тодорхойлох боломжгүй юм. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч З сан, Н.Д, Э.Б, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 270 782 343 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцлаж, цуцлах хүртэл хугацааны зээлийн гэрээний биелэгдээгүй үүрэг төлбөрийг шаардаж буй эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөнөөс зээлдүүлэгч зээлийн гэрээний 5.1 дэх заалт болон Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан журмын дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцласан эсэх, цуцласан бол хэдийд цуцлаж зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгааг тодруулж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байжээ. Энэхүү цуцалсан эсэх, түүний хугацаа үйл баримтыг тодруулалгүйгээр шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хэмжээнд дүгнэлт, тооцоолол хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэгт зааснаар талуудын тэгш байдлын үндсэн дээр, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх замаар дээрх үйл баримтыг тодруулаагүй буруутай байна.

 

Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, дурдсан зөрчлийг залруулан хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч Н.Д, Э.Б нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01877 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн Х банк ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 511 862 төгрөг, хариуцагч Н.Дгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 602 609 төгрөг, хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184 556 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ш.ОЮУНХАНД

 

                            ШҮҮГЧИД                                                  С.ЭНХТӨР

 

                                                                                               Д.ЦОГТСАЙХАН