Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/752

 

 

 

     2022         06          10                                     2022/ШЦТ/752

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, 

Улсын яллагч Н.Ундрах,      

Хохирогч Т.Б,

Шүүгдэгч Б.Ш,, түүний өмгөөлөгч Б.Билгүүн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ш,т холбогдох 220 800 0000 879 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Дэнжийн 1-41 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Ш

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ш, нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт 1-00 тоотод хохирогч Т.Быг “дүүг минь архичин болгосон” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн хамар руу нь мөргөж, цээж рүү нь өвдөглөн зодож эрүүл мэндэд хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугуйнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Ш, нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 1-00 тоотод хохирогч Т.Быг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:               

- Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэрт байрлах эмээлт уулын 1-00 тоотод иргэн Т.Б бусдад зодуулсан тухай гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,   

- хохирогч Т.Бын Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/,

- хохирогч Т.Бын “...2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр орой 20 цагийн үед ажлаа тарж ирээд гэртээ байхад нутгийн Шагдар, зүс таньдаг Сандагаагийн хамт орж ирээд “чи манай дүүг архичин болгосон” гэж хэлээд надтай маргалдаад байхаар нь “гэрт жоохон хүүхэд байна” гэж хэлээд Шагдарын хамт гэрээс гарч, Шагдарт “би танай дүүгийн ам руу нь архи хийгээгүй ш дээ” гэж хэлсэн чинь Шагдар намайг 1 удаа хамар луу мөргөсөн, доош тонгойход өвдгөөрөө миний цээж рүү өвдөглөөд зодсон, миний хамраас цус гараад тогтохгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,   

- шинжээчийн дүгнэлт: Т.Бын биед хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугуйнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох  журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

- шүүгдэгч Б.Ш,ын “...Би Т.Быг зодож цохисон буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-508, шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.  

Шинжээч нь дүгнэлтдээ “хохирогч нь КТГ шинжилгээнд яваад ирээгүй” болохыг /хх-15/ дурдсан, тус хохирогч нь одоог хүртэл зохих шинжилгээ хийлгүүлсэн гэх баримтгүй байх тул шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй гэж үзнэ.   

Тус хэрэг үйлдэгдэх шалтгаан нь шүүгдэгч, хохирогчийн хооронд үүссэн зүй бус, таарамжгүй харилцаатай холбоотой байгааг тэмдэглэв.     

Иймд шүүгдэгч Б.Ш,ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

3. Хохирол, хор уршиг :          

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн боловч нотлох баримтгүй, шинжилгээ, эмчилгээ хийлгүүлээгүй нь орлогогүй байдлаас болсон, хамрын гэмтэл зовуурьтай байгаа тухай мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүх Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар тус хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирлын шинжилгээ хийлгэх зайлшгүй зардалд 250.000 төгрөгийг шүүгдэгчээр урьдчилан төлүүлж, хохирогчид олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч нь нөхөн төлсөн /шүүх хуралдааны тэмдэглэл/ ба хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон хамрын гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.              

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:       

 

Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх болон түүний хөрөнгө, орлого, ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-23,  27-32, 33-41, 48, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.    

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 250.000 төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш,т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.  

 

  1. Бусад асуудал  

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Б.Ш,ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш,ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.              

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш,т оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш,т оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.           

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.    

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ш,т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР