Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/701

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,

Улсын яллагч Б.Ундрах,  

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Б-д холбогдох 2008 00498 1533 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 05 сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, “Ю БИ” ХХК-д лабораторийн техникч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Бага наран ** дугаар гудамж ** тоотод оршин суух хаягтай, Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, Горькийн *** тоотод түр оршин суух, урьд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 05 сарын 02-ны өдрийн 232 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар 10 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 10 сарын 20-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, 1986 оны Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нийт 8 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 11 сарын 25-ны өдрийн 545 дугаартай магадлалаар 1986 оны Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1-ээр оногдуулсан 5 жилийн хорих ял дээр 239-р зүйлийн 2-оор оногдуулсан 3 жил хорих ялын зарим болох 2 жил хорих ялыг мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан нэмж нэгтгэж 7 жил хорьсугай гэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 2006 оны 07 сарын 03-ны өдрийн 1977 дугаартай өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор суллагдсан Б овогт А-ын Б /РД:******/,  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч А.Б нь 2020 оны 01 сарын 08-с 09-нд шилжих шөнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо Бага нарангийн * дугаар гудамжинд иргэн С.Б-ыг “гар утас авч явлаа” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж өшиглөн биед нь дээд уруул болон зүүн хацарт өшиглөн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь : 

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :   

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч А.Б нь 2020 оны 01 сарын 08-наас 09-нд шилжих шөнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн 7 дугаар гудамжинд иргэн С.Б-ыг “гар утас авч явлаа” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараар цохиж,   өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:       

- хохирогч С.Б-ы:...Тухайн өдөр би Б-ын гэр болох Сонгинохайрхан дүүргийн **-р хорооны нутагт байх нийтийн байрны ** давхарт номергүй өрөөнд ороход Б ганцаараа архи уусан байдалтай байсан. Тэгээд надаа хоол, цай хийж өгөөд байж байсан чинь гаднаас найз нь гээд нэг танихгүй залуу орж ирсэн ба тэр 2 хамт 0.75 литрийн соёрхол нэртэй архи авч хувааж уусан, би нэг жижиг шилтэй пиво уусан. Тэгээд архи, пиво ууж дуусаад би гэр лүүгээ явлаа гээд Б-ын найзтай нь хамт гэрээс нь орой 22 цаг 30 минутын орчим гарсан. Тэгээд би Б-ын найзтай хамт гудманд явж байсан чинь Б араас ирээд намайг “чи миний гар утсыг авсан” гээд намайг нэгжээд байсан ба “би чиний гар утсыг аваагүй” гэж хэлсэн чинь “чи яагаад манай гэрт хонож болдоггүй юм” гээд миний нүүр хэсэгт гараараа 1 удаа цохиход би газар унасан чинь миний толгой болон нүүр хэсэгт 2-3 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-21-22/,

      - шинжээчийн дүгнэлт...С.Б-ы биед дээд уруул болон зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.../хх-13-14/,    

        - шүүгдэгч А.Б-ын:...Би 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 12 цагийн үед ажлынхаа хүмүүстэй 3 шил архи уучихаад гэртээ ирээд хэд хоногийн өмнө танилцсан Б гэх эмэгтэйг “манай гэрт хүрээд ирээч” гэж дуудсан. Тэгээд 19 цагийн үед Б ирсэн тул би босож хоол хийж өгөөд байж байхад гаднаас танил Э гэх залуу ирээд Б пиво уугаад, Э бид 2 дэлгүүрээс авсан архиа хувааж уусан. Б-д архинаас 2-3 хундагыг хийж өгсөн. Тэгээд архиа уугаад дуусах үед гадаа их орой болсон байсан. Тухайн үед Б-ныг “манай гэрт хоноод явахгүй юу” гэсэн чинь “би явлаа” гээд байсан. Тэгэхэд Э мөн явлаа гээд шөнө 01 цаг өнгөрч байхад гараад явсан чинь Б “би бас хамт явлаа” гээд хамт гараад явсан. Тэгээд би хэвтэж байгаад гар утсаараа хүнтэй ярих гэхэд миний гар утас байхгүй байхаар нь Б-ы араас гүйж гараад надтай хамт хоноогүй явах гэсэнд уур хүрсэн болохоор “чи миний гар утсыг харсан уу” гэж хэлсэн чинь “би яахаараа авдаг юм” гэхээр нь нэгжиж үзэхэд гарч ирэхгүй байсан болохоор түүний нүүр лүү нь гараараа 2 удаа алгадаад, шилбэ рүү нь 1-2 удаа өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-112-113/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.          

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч А.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй байх /хх-8-9, 118/ ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :               

Шүүгдэгч урьд нь 2 удаа эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /х-91, 94-105/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.      

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгө орлогогүй болон түүний ар гэрийн амьдрал, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдаж, судлагдсан /хх-27-29, 31, 33-34, 86, 117/ байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.               

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь шүүхэд хүндэтгэх шалтгаангүй ирээгүй учир 2021.01.18-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах захирамж гарч, улмаар 2021.01.21-ний өдөр саатуулан цагдан хорьж 2021.01.29-ны өдөр хүртэл нийт 8 хоног цагдан хоригдсон байх тул эдлэх ялаас хасаж тооцов.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :      

 

1. Шүүгдэгч А.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.              

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ыг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.        

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч А.Б-д мэдэгдсүгэй.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч А.Б-ын цагдан хоригдсон 8 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон нийт 64 цагийг шүүгдэгчийн эдлэх 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 436 цагийн хугацаагаар тогтоосугай.   

5. Шүүгдэгч хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч А.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хоригдож байгаа тус шүүгдэгчийг сулласугай.     

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.      

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР