Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1336

 

 

 

 

 

2018 оны 5 сарын 29 өдөр                 Дугаар 183/ШШ2018/01336                                Улаанбаатар хот

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Дэ.Энхцэцэг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам-87, НСКБ барилгын 2, 4 давхарт байрлах “М”ХХК /РД: 5473489/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Мөнхзайсангийн 1 дүгээр гудамжны 53 тоотод оршин суух Цагаан-Уул овогт Ичинхорлоогийн А /РД: ШЖ75032273/-т  холбогдох

гэм хорын хохирол 677.480 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Оюунсайхан, хариуцагч И.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “М”ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг  дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: “М”ХХК-ийн тээврийн хэрэгслийн даатгалын №1500011615 тоот гэрээт даатгуулагч Э.Ариунжаргалын 33-10 УНМ улсын дугаартай Ниссэн мурано маркийн автомашиныг 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүрэг, Могул тауны баруун талын замд Э.Болдбаяр нь жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үед 30-49 УБХ улсын дугаартай Авелла маркийн автомашины жолооч И.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчсөний улмаас мөргөж, манай даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан. Уг ослын улмаас манай даатгуулагчид 677.840 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсныг “М”ХХК-иас нөхөн төлбөр олгож, даатгуулагчид учирсан хохирлыг барагдуулсан тул Иргэний хуулийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8.7-д заасны дагуу буруутай этгээдээс хохирол шаардах эрхийг гэрээгээр шилжүүлэн авсан. Манай компанид ажиллаж байсан ажилтан Батсайхан нь яагаад компанийн данс руу шилжүүлээгүйг мэдэхгүй байна. Компанид төлөх ёстой төлбөрийг Батсайханд төлсөн байна. Иймд И.Ааас гэм хорын хохиролд 677.480 төгрөг гаргуулж “М”ХХК-д олгож өгнө үү гэв.

 

            Хариуцагч И.А шүүхэд урьд гаргасан тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Миний бие 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр авто тээврийн осол хийсэн. Ингээд удалгүй Мд ажилладаг Батсайхан гэгч нь “энэ данс руу хохирлын мөнгө хий” гээд Хаан банкны өөрийнхөө дансыг өгсөн. Тэр дансанд нь миний бие цувуулж, өөрийн боломжоороо 50000 төгөрг, 100000 төгрөг, 200000 төгрөгөөр тус тус  хийсэн, бэлнээр ч өгч  байсан. Хамгийн сүүлд жилийн эцсийн тайлан тооцоо болох гээд байна үлдсэн мөнгөө өг гээд над руу ярихаар нь бага охиныхоо хадгаламжинд байсан мөнгийг аваад 220.000 төгрөг төлсөн. Ийм байдлаар цувуулж төлсөөр байгаад хохирлын мөнгөө бүрэн төлж барагдуулсан. Гэтэл одоо гэнэт мөнгө нэхэмжилж байгаад гайхаж байна. Миний бие тус даалтгалд ажилладаг Батсайханы дансанд мөнгөө хийсэн, мөн бэлнээр 190000 төгрөгийг хохиролгч Э.Болдбаярын эгч Э.Ариунжаргалд өгсөн. Миний хувьд ойролцоогоор 1.200.000 орчим төгрөгийг төлж барагдуулсан тул  тооцоо дууссан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч “М”ХХК нь хариуцагч И.Ааас гэм хорын хохирол 677.840 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэсгүй гэж үзлээ.    

           Нэхэмжлэгч “М”ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр иргэн Э.Ариунжаргалын өмчлөлийн Ниссэн мурано маркийн 33-10 УНМ улсын дугаартай автомашиныг 10.000.000 төгрөгөөр үнэлэн 6 сарын хугацаатай  тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан даатгалын гэрээгээр тус тус нотлогдож байна.

            Хариуцагч И.А нь 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өөрийн өмчлөлийн  Авелла маркийн 30-49 УБХ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д “эсрэг урсгалтай 2 эгнээгээр зорчдог замд урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчиж, иргэн Э.Ариунжаргалын өмчлөлийн Ниссэн мурано маркийн 33-10 УНМ улсын дугаартай автомашиныг мөргөж   зам тээврийн осол гаргасан болох нь зохигчдын тайлбар, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зэргээр тогтоогдож байх ба уг ослын улмаас иргэн Э.Ариунжаргалд 648.840 төгрөгийн хохирол учирсныг “М”ХХК-иас тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу төлж барагдуулсан байна.

            Нэхэмжлэгч “М”ХХК-иас даатгуулагчид учирсан хохирлыг төлж барагдуулсан тул нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг даатгуулагч Э.Ариунжаргалаас шилжүүлэн авах гэрээг бичгээр байгуулжээ.

            Нэхэмжлэгч “М”ХХК нь уг зам тээврийн ослыг гаргасан жолооч И.Ааас даатгалын гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхийг Э.Ариунжаргалаас шилжүүлэн авсан гэсэн үндэслэлээр даатгалын гэрээний дагуу төлсөн 677.840 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч нь даатгалын гэм хорын хохирлыг мөргөлдсөний машины өмчлөгч Э.Ариунжаргал болон “М”ХХК-ийн ажилтан Т.Батсайханд бэлнээр болон дансаар цувуулан төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байна.

           Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

            Учир нь хариуцагч И.А нь 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өөрийн өмчлөлийн Авелла маркийн 30-49 УБХ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад иргэн Э.Ариунжаргалын өмчлөлийн Ниссэн мурано маркийн 33-10 УНМ улсын дугаартай автомашиныг мөргөж  замын тээврийн осол гаргасан үйлдэлд гэм буруутай болох зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

            Уг тохиолдолд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчид учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй боловч тээврийн хэрэгслийн эзэмшигч Э.Ариунжаргалд учирсан хохирлыг тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу “М”ХХК-иас төлж барагдуулсан байна.

            Иймд уг гэм хорыг нэхэмжлэх эрх Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар “М”ХХК-нд шилжсэн, үүнтэй холбоотойгоор нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээ  байгуулагджээ.

Дээрх гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

            Нэхэмжлэгч байгууллага нь дээрх хохирлыг нэхэмжлэх эрхтэй болсон тул даатгуулагчийн автомашинд хохирол учруулсан гэм буруутай этгээд болох И.Ааас нөхөн төлбөрт төлсөн 677.840 төгрөгийг шаардсаныг хүлээн зөвшөөрч “М”ХХК-ийн нөхөн төлбөрийн менежерээр ажиллаж байсан Туулын Батсайханд бэлнээр болон түүний Хаан банкны 5003671651 тоот дансанд төлж барагдуулсан болох нь хариуцагчийн тайлбар, Хаан банкны дансны хуулгаар тус тус нотлогдож байна.

            Хэдийгээр “М”ХХК-ийн нөхөн төлбөрийн менежерээр ажиллаж байсан Туул овогтой Батсайханы Хаан банкны дансанд хариуцагч И.Ааас төлсөн төлбөрийг тооцон үзэхэд 450.000 төгрөг байгаа боловч нэхэмжлэгч талаас хариуцагчийн бэлнээр төлсөн гэх тайлбарыг үгүйсгэж, нотлоогүй тул үнэн зөвд тооцох нь зүйтэй.

            Иймд хариуцагч И.Ааас өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг нэхэмжлэгч байгууллагын нөхөн төлбөрийн асуудал хариуцан ажиллаж байсан ажилтан Т.Батсайханд төлж барагдуулсан,  ийнхүү төлж барагдуулсныг буруутгах үндэслэлгүй  байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.

            Харин нэхэмжлэгч байгууллагаас учирсан хохирлыг өөрийн компанид нөхөн төлбөрийн менежерээр ажиллаж байсан Т.Батсайханаас гаргуулахаар нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн төлсөн 20.820 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 443.1, 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч И.Ааас гэм хорын хохирол 677.840 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “М”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 20.820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

                                                     

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХБАЯР                                

      ШҮҮГЧИД                                               Д.ЭНХЦЭЦЭГ

                                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ