Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/811

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022          06            24                                  2022/ШЦТ/......

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Н.Ундрах /томилолтоор/,

шүүгдэгч Д.И,  

шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.И, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.А нарт тус тс холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн **** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1*** оны 1* дугаар сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт баруун турууны * дүгээр гудамжны *** тоотод оршин суух,  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, 2017.05.29-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Дн овогт Д И /РД:*****/,  

2. Монгол Улсын иргэн, ** оны 0*** дугаар сарын **-ны өдөр Булган аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт баруун турууны хөндий * дугаар гудамжны ** тоотод оршин суух албан ёсны хаягтаа оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх, Б овгийн Ж.А /РД:******/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.о нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт танил Ж.А хамт “нүх ухаж дугуй зоож суулгах” ажил хийж байгаад тухайн үед үүссэн үл ойлголцлын улмаас хоорондоо хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар ажил хийж байсан хүрзээр Ж.Агийн толгойн тус газарт нь 1 удаа цохисны улмаас зүүн зулай ясны цөмөрсөн ил хугарал, тархины эдийн няцрал, цус хуралт, зулайн хуйханд шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,  

Шүүгдэгч Ж.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр 2021 оны 6 сарын 14-ний өдөр, хохирогчоор 2021 оны 7 сарын 28-ны өдөр тус тус зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :  

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Д.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт танил Ж.Ахамт нүх ухаж дугуй зоож суулгах ажил хийж байх үедээ Ж.Агийн толгойн тус газарт хүрзээр цохиж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь :

- 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд Ж.А бусдад зодуулсан гэх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, 

- хохирогч Ж.Агийн 2022.02.25-ны өдөр өгсөн...Тухайн үед намайг эмнэлэгт хэвтэж байхад Д.И залгаад “би машин руу хүрз шидэж байгаад толгой чинь оносон гэж мэдүүлсэн”, намайг хүрз шидэж байхад оногдсон гэж мэдүүлэг өгчих гэхээр нь би  миний машин битүү шүү дээ, хүрз шиднэ гэхээр худлаа болно гэж хэлсэн чинь би  хүрз давуулаад шидсэн гэж хэлээд мэдүүлэг өгсөн. Бямбаа, Бямбаагийн найз нарыг хамт байсан гэж хэлээд яах вэ гэж надад хэлсэн. Тэгээд надад эмчилгээний зардлыг өгнө гэсэн...Миний толгойн оройн зүүн хэсэгт хүрзний ажлын хэсгээр хүчтэй цохисон. Тухайн үед миний малгай урагдсан байсан...Тухайн үед хэсгийн ахлагч Бямбаа, найз нь гэх эмэгтэй хамт байсан...Ичинхорлоо намайг тухайн үед унасан байхад зүүн талын шанаа руу өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-103-104 дэх тал/

- шинжээчийн дүгнэлт : Ж.Агийн биед зүүн зулай ясны цөмөрсөн ил хугарал, тархины эдийн няцрал, цус хуралт, зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна /хх-34-35/,

- шинжээчийн мэдүүлэг :...Зүүн зулайн ясанд 2.1 см өргөн, 1 см гүн хэмжээтэй цөмөрсөн хугаралтай гэснээр үзэхэд дээрх хэмжээтэй ойролцоо хэмжээний зүйлээр цохих үед үүсэх боломжтой гэх мэдүүлэг /хх-109-110/,

- Ж.Аы өвчний түүх, мэс ажилбарт орсон тэмдэглэл /хх-114-123/,

- гэрч Д.Бямбаагийн өгсөн:...2021.06.14-ны өдөр би Арвинсангаас газар дээр дугуй зоогоод өгөөч гэхэд зөвшөөрч, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, баруун түрүүний задгай тоотод очихоор Энхтуяа бид хамт яьж байтал Арвинсангийн найз Ичинхорлоо нь хамт явахаар болсон...Тэгээд Ичинхорлоогоор 1 дугуйг зоолгоод, би Энхтуяагийн хамт дараагийн нүх ухах газраа хайгаад Ж.А, Д.И нараас 50 орчим метрийн зайд явж байсан чинь Ж.А ёолоод орилсон...Би эргэж харсан Ж.А газарт өвдөглөөд суусан хоёр гараараа толгойгоо барьсан байдалтай, Д.И нь 2 метр зайд зүгээр зогсож байсан. Тэгээд би Энхтуяагийн хамт очоод юу болсон талаар асуухад Ж.А нь энэ намайг сая хүрзээр цохисон гэж хэлсэн. Тухайн үед Д.И нь пязда чинь дургүй хүргээд байхын гээд дахиж цохих гээд байхаар нь салгасан...Хүрзээр цохисоныг нь би харсан...Ж.Агийн толгойноос цус гараад тогтохгүй байсан, даавуугаар боогоод Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр өөрийн машинтай хүргэж өгсөн гэх мэдүүлэг /хх-147/,  

- гэрч Д.Энхтуяагийн...Тухайн үед “ёо ёо” гээд хүн орилсон чинь Ж.А доош өвдгөөрөө суусан гараа толгой дээгүүрээ барьсан байдалтай байхаар нь би Бямбаагийн хажууд очсон чинь Ж.Агийн толгойноос их хэмжээний цус байхаар нь юу болсон талаар асуухад Д.И нь ямар нэгэн зүйл хэлээгүй Ж.А нь энэ намайг цохисон гэж хэлсэн. Тэгээд би Бямбаагийн хамт Ж.Аг ГССҮТ-д хүргэж өгсөн гэх мэдүүлэг /хх-149-150/,

- эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-138-141/,  

- шүүгдэгч Д.Игийн өгсөн :...Би өөрийн буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-157, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Ж.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Д.И ажлаа дуусгаад, над руу хөгшөөн май гээд хүрзийг маань шидсэн, би тэр үед нь багажаа хайж тонгойтол хүрз ажлын хэсгээрээ миний толгой хэсэгт оносон” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь :  

- Д.И нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт танил Ж.Ахамт нүх ухаж дугуй зоож суулгах ажил хийж байх үедээ Ж.Агийн толгойн тус газарт нь хүрзээр цохиж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болохыг нотолж буй дээр дурдсан нотлох баримтууд, мөн  

- Ж.А 2021.07.28-ны өдөр хохирогчийн эрх, үүрэгтэйгээ танилцаж баталгаа гаргасан баримт /хх-27, 28-29/,   

- Ж.Ар 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр анх хохирогчоор өгсөн :...”2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Д.И ажлаа дуусгаад, май хөгшөөн гээд хүрзийг маань над руу шидсэн, би тэр үед нь багажаа хайж тонгойтол хүрз ажлын хэсгээрээ миний толгой хэсэгт оноод, толгой хагарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар тал/,  

- шүүгдэгч Ж.А өгсөн:...Би худал мэдүүлэг өгснөө зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-166/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.     

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

 

Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :        

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.

2.2. Шүүгдэгчийн Д.Игийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогч Ж.Агийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.      

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хүнд гэмтэл нь цохих хүчний үйлчлэлийн улмаас үүссэн тухгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөн хохирогч Ж.Агийн 2022.02.25-ны өдөр өгсөн...тухайн үед Д.И нь намайг хүрзээр толгой руу цохисон нь үнэн тухай мэдүүлэг, гэрч нарын...Ж.А нь энэ намайг сая хүрзээр цохисон гэж хэлсэн, Д.И нь пязда чинь дургүй хүргээд байхын гээд зогсож байсан...тухай мэдүүлэг зэрэг эх сурвалж нь тодорхой, харилцан нэг нь нөгөөгийнхөө эх сурвалжийг давхар нотолсон  нотлох баримтууд байх тул шүүгдэгч Д.Ичирхорлоогийн үйлдсэн тухайн гэмт хэргийн зүйлчлэл зөв, эргэлзээ, маргаан бүхий асуудал тогтоогдоогүй гэж үзнэ.   

2.3. Ж.А 2021.07.28-ны өдөр хохирогчийн эрх, үүрэгтэйгээ танилцаж баталгаа гаргасан атлаа хохирогчоор 2021.07.28-ны өдөр :...”2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Д.И ажлаа дуусгаад, май хөгшөөн гээд хүрзийг маань над руу шидсэн, би тэр үед нь багажаа хайж тонгойтол хүрз ажлын хэсгээрээ миний толгой хэсэгт оноод, толгой хагарсан”...гэж мэдүүлсэн нь /хх-/хх-27, 28-29, 30-32/ зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан болох нь тогтоогдсон байна.  

Ж.А тийнхүү хохирогчоор зориуд худал мэдүүлэг өгөх болсон шалтгаан нь найз Д.Игийн гуйлт, мөн эрүүл мэндэд учирсан бүхий л хохирлыг нь эмчлүүлж, төлбөр төлөх амлалт зэрэг үйл явдалтай холбоотой /хх-103-104/ байх ба тус хууль тогтоомжийг илтэд ноцтой зөрчсөн Ж.Агийн тухайн үйлдэл түүний гэм буруутайг зөвтгөн цагаатгах үндэслэл болохгүй болно.

Яллах дүгнэлтэд “Ж.А 2021.07.28-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг бүхэлдээ зориуд худал мэтээр буюу ерөнхийлж бичсэн нь буруу, алдаатай байх боловч Ж.Ариунсан 2021.07.28-ны өдөр хохирогчоор тийнхүү зориуд худал мэдүүлсэн нь илэрхий тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тухайн тохиолдолд тус алдааг засуулахаар хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, харин шилжүүлсэн хэргийнх нь хүрээнд шийдвэрлэв.   

Тодруулбал, тухайн хохирогчий мэдүүлэг бүхэлдээ худал биш, харин зарим хэсэг нь худал байгааг нарийвчлах нь түүний эрх зүйн байдлыг дордуулсанд хамаарахгүй гэж үзсэн болно.          

Харин яллах дүгнэлтэд “Ж.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 6 сарын 14-ний өдөр гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн” гэж нэгэн зэрэг ялласныг зөвтгөх боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь : Ж.А бусдад зодуулсан гэх гэмт хэргийн тухай гомдол мэдээллийг 2021.06.14-ны өдөр хүлээж авсан, Ж.Ариунсан өөрийн гарын үсгээ зурсан баримт, мөн тус өдөр Ж.А эмнэлэгт хэвтсэн /хх-4, 14-123/ байсаар атал түүний эрх зүйн байдлыг  илтэд буруу тодорхойлж буюу гэрчээр мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмыг зөрчсөн гэж үзнэ.   

2.4. Шүүгдэгч Д.Ин үйлдсэн “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг”, шүүгдэгч Ж.Агийн үйлдсэн “мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч 2021 оны 07 сарын 28-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг” тус тус үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй болно.    

Иймд шүүгдэгч Д.И хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн, шүүгдэгч Ж.Аг “мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор 2021 оны 07 сарын 28-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

 

3. Хохирол, хор уршиг :    

 

Хохирогч Ж.А нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учирсаны улмаас эмнэлэгт хэвтэж, мэс ажилбар хийлгэсэн /хх-114-123/, учирсан хохиролд хамааралтай нотлох баримтууд тус хэрэгт цуглараагүй, хохирогч Ж.А...надад хагалгааны мөнгө 1.180.000 төгрөг өгсөн.../хх-32/, шүүгдэгч Д.И хохирогчийг хагалгаанд ороход 900.000 төгрөг, эм тарианд 700.000 төгрөг төлсөн /хх-46/ гэж, хохиролд нийтдээ 4.000.000 төгрөг төлөгдсөн /шүүх хуралдааны тэмдэглэл/ гэж тус тус мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгч Д.И, хохирогч Ж.А нар тус гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт төлөгдсөн мөнгийг хэзээ, юунд, хэрхэн яаж зарцуулсанд холбогдох нотлох  баримтын хүрээнд харилцан тооцоо нийлсний эцэст хохирогч Ж.А тус гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.  

Тус хэрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдөх 600.745 төгрөгийн асуудлыг /хх-114/ нэхэмжлээгүй орхигдуулсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан журмаар жич шийдвэрлүүлэх нь зүйтэй.     

Шүүгдэгч Ж.Агийн хувьд бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт

 

Шүүгдэгч Д.И 2016 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх боловч түүнийг эдэлж дууссанд хамаарах эх сурвалжтай байх /хх-38, 126-131/ тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.

Шүүгдэгч Д.И гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 2, малчин, түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-10-11, 18, 18-22, 23-25, 38, 126-131, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүгдэгч Ж.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсө, ам бүл 1, хөдөлмөрийн чадвар 80 хувь алдсан гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-30, 72-73, 83-84, 166, шүүх хуралдааны тэмдэглэл/, тус тус судлагдсан болно.

Шүүгдэгч Д.И гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.                

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ид 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ад 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

            Харин шүүгдэгч Д.Игийн 2021.06.14-ний өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан тус гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасах үндэслэлд хамаарч байгаа, шүүгдэгчид ял оногдуулсан тус шүүхийн шийдвэр сонсгосноор хүчинтэй төдийгүй Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамааруулах нь нэгэнт зайлшгүй тул өршөөн хасах асуудлыг тус тогтоолоор нэг мөр шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилго, хэрэгжилтэд нийцнэ гэж үзэв.             

 

  1. Бусад асуудал 

Тус хэрэгт хураагдсан хүрз нэг ширхэг, малгай нэг ширхэг зэргийг тус шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

           

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ж.А холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрийн шинжээс  шүүгдэгч Ж.А “мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2021 оны 6 сарын 14-ний өдөр зориуд худал мэдүүлэг өгсөн” гэснийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Шүүгдэгч Д.Иг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн,  

шүүгдэгч Ж.Аг “мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.       

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Иг 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  

4. Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар : Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ид оногдуулсан 5 жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.       

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Игийн биечлэн эдлэх 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Ж.Ад оногдуулсан 750.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                     

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ад оногдуулсан 750.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.               

8. Шүүгдэгч Ж.А, Д.И нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.А тус гэмт хэргийн улмаас учирсан гэх бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.     

9. Тус хэрэгт хураагдсан хүрз нэг ширхэг, малгай нэг ширхгийг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгасугай.    

10. Шүүгдэгч Д.Иг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022.06.24-ний өдрөөс эхлэн тоолсугай.    

11. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

12. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Д.Ид авсан цагдан хорих, Ж.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ГАНБААТАР