| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/0815/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/929 |
| Огноо | 2022-07-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Ширэндэв |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/929
2022 07 18 2022/ШЦТ/929
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
Улсын яллагч Б.Ширэндэв /томилолтоор/,
Шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бхолбогдох 220 800 000 0747 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эхийн хамт Хан-уул дүүргийн тоотод оршин суух үндсэн хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Бнь Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Толгойтын 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух өөрийн гэртээ 2022 оны 04 дүгээр сарын 09-өөс 04 дүгээр сарын 10-нд шилжих шөнө насанд хүрээгүй иргэн Б.Х ын өмчлөлийн Реалми GT NEO-2 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.Бнь Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Толгойтын 87 дугаар гудамжны 86 тоотод оршин суух өөрийн гэртээ 2022 оны 04 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө насанд хүрээгүй иргэн Б.Х ын өмчлөлийн Реалми GT NEO-2 маркийн, 800.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь :
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан... СХД-ийн 34 дүгээр хороо, Толгойтын 87-8б тоотод байх байшингаас Б.Батбаатар нь 2022 оны 4 дүгээр сарын 09-10-ны хооронд гар утсаа хулгайд алдсан гэх...тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,
- насанд хүрээгүй хохирогч Б.Батбаатарын... Би СХД-ийн 34 дүгээр хороо, Толгойтын 87-8б тоотод байх гэртээ 23 цаг өнгөрч байхад ирсэн. 00 цаг өнгөрч унтахаар орондоо орсон. Тэгээд утсаараа оролдож байгаад шөнийн 2 цагийн үед утасныхаа дууг нээгээд сэрүүлгээ тавиад толгойныхоо хажууд гар утсаа тавиад унтсан юм. Өглөө сэрэхэд миний гар утас байхгүй байсан ба гар утсаа гэрээр хайгаад олоогүй, залгахаар холбогдох боломжгүй байсан. Уг нь миний утасны цэнэг дуусах болоогүй байсан. Тэгээд утсаа хайгаад олоогүй, гэрийнхнээсээ асуухад мэдэхгүй байсан, мөн манайд амьдардаг үеэл ах болох Бямба-Эрдэнээс асуухад мөн мэдэхгүй байсан. Орой гэртээ манайд амьдардаг Бямба-Эрдэнэ нь манай найз охин надад бэлэг болгож шинэ утас өглөө гээд Самсунг А9 про маркийн гар утас барьчихсан ирсэн. Тэгээд Бямба-Эрдэнэ нь өөр гар утас авчихсан байсан болохоор би болон манай гэрийнхэн түүнийг миний гар утсыг авсан байж магадгүй гэж бодоод цагдаад хандсан. Миний гар утас нь Realmi GT Neo 2 маркийн гар утас байсан. Тухайн гар нь хар саарал өнгөтэй, саарал өнгийн резинэн кейстэй, 256 гб багтаамжтай, 5205С622738 гэсэн имей кодтой, шилэн наалт зурагдсан хагараагүй, эвдрэл зүйлгүй гар утас байсан. Би гар утсаа 1.990.000 төгрөгөөр үнэлнэ. Тухайн үед орон дээр Бямба-Эрдэнэ бид хоёр унтсан. Өглөө сэрэхэд Бямба-Эрдэнэ явчихсан байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,
- иргэний нэхэмжлэгч Т.Амгалангийн...Тухайн үед ”Баянбулаг” нэртэй ломбард дээрээ сууж байхад 15 цагийн орчимд нэг залуу “Реалми GT Neo 2” маркийн гар утас 14 хоногоор барьцаанд тавина гээд Бямбасүрэн овогтой Бямба-Эрдэнэ гэсэн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбартайгаар 450.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Хүү нэмэгдээд 486.000 төгрөг болсон. Би тухайн үед хулгайн гар утас гэж мэдээгүй. Миний нэхэмжилсэн 486.000 төгрөгийг бүрэн барагдуулсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-14 дэх тал/,
- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Үнэлгээний дүн “Реалми GT Neo 2” маркийн гар утас 800.000 найман зуун мянган төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21 дэх тал/,
- шүүгдэгч Б.Б... Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :
Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :
2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний мэдүүлгүүд /хх-38, шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, түүнээс мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг танилцуулж, тайлбарласан болно.
2.2. Шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн шинж бүрэн тогтоогдсон, энэ талаар маргаангүй болно.
Иймд шүүгдэгч Б.Бхулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
3. Хохирол, хор уршиг :
Тус хэрэгт хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо биет байдлаар буцаан /хх-25/ авсан, шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчид 486.000 төгрөгийг төлсөн /хх-11-14/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 2, ажил хөдөлмөр эрхэлдэг гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хавтаст хэргийн 28, 38, 53-66/, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бхорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгчид зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суугаа газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хувийн аж ахуй нэгжид ажилладаг тухай мэдүүлсэн ба түүний ар гэрийн амьдрал, хувийн байдал, ажил хөдөлмөр, орлогод хамаарах баримтыг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд бүрэн гүйцэд хийж гүйцэтгээгүй байх тул түүний эрх зүйн байддлыг дордуулан нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь шүүхээс оргон зайлсан байх тул эрэн сурвалжилж, улмаар 2022.07.04-ны олж тогтоон тус өдрөөс 2022.07.18-ны өдрийг хүртэл 14 хоног цагдан хоригдсон /шүүх хуралдааны тэмдэглэл/ болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Бхулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бхорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Бзан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суугаа газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бтэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Бцагдан хоригдсон 14 хоногтой, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Цагдан хоригдож буй шүүгдэгч Б.Бнэн даруй сулласугай.
7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бхувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР