Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
Хэргийн индекс | 188/2022/0792/Э |
Дугаар | 2021/ШЦТ/787 |
Огноо | 2022-02-01 |
Зүйл хэсэг | 11.1.1, |
Улсын яллагч | Н.Н |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/787
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
Улсын яллагч Н.Ундрах,
Хохирогч Ч.Н,
Шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Н-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008 00000 1180 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Чулуутын ***тоотод оршин суух, ял шийтгэлгүй, А овогт Г-гийн Н /******/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Чулуутын *** тоотод болгоомжгүй үйлдлийн улмаас монгол гэрийн униар хохирогч Ч.Н-н баруун талын нүдэн тус газар хатгаж, эрүүл мэндэд баруун нүдний нэвтэрсэн шарх, нүдний цагаан бүрхүүл, эвэрлэг, хорейдын урагдал, нэвтэрсэн шархаар нүдний агуулагдахуун судаслаг бүрхүүл, шилэнцрийн гоожилт, баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний өмнөд хоргын цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Тус хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Г.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Чулуутын *** тоотод болгоомжгүй үйлдлийн улмаас монгол гэрийн униар хохирогч Ч.Н эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь :
- хохирогч Ч.Н-н: “...Би 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэртээ амарч байсан. Манай эхнэр О ажилдаа явсан. Би хажуу айлын Н-ын гэрт 11 цагийн үед орсон. Н ах хоёр хүүхдийн хамт гэртээ байсан. Бид хоёр хашаан дотроо төмөр тасалж байгаад гадаа халуун байна гээд хүйтэн пиво уухаар болсон юм. Би дэлгүүр явж 2,5 литрийн хоёр том пиво авч ирээд манай гэрт орж хувааж уусан. Бид хоёр нийт 2,5 литрийн 6-н том пиво хувааж уусан. Орой 19 цагийн үед би Н ахтай юунаас болж хэрэлдэж маргаснаа санахгүй, Н-ын цээж рүү нь түлхсэн. Н ах орон дээрээс босоод харьж унтлаа чи унтаарай гэж хэлээд гэрээс гарах гээд цааш алхаж байсан. Би хоймрын орон дээр сууж байхад миний баруун нүд рүү тас гээд хатуу юмаар цохих шиг болсон. Би нэг нүдээрээ харахад гэрийн нэг ширхэг унины үзүүр нь газар унийн бөгс нь зуух нь дээр харагдсан. Би тухайн үед миний нүд сохорсон гэж мэдээгүй. Би тэгээд гэртээ унтаад өгсөн. Н ах өглөө манай гэрт орж ирээд хамт явж нүдийг чинь үзүүлье гэж хэлэхээр нь би зүгээр байхаа хүйтэн жин тавиад хавдрыг нь буулгая гээд Н ахыг ажилд нь явуулсан. Орой Н ажлаасаа ирээд чиний нүд болохгүй байна. Маргааш хамт явж эмнэлэгт үзүүлье гэж хэлсэн. Би маргааш нь буюу 2020 оны 06 дугаар сарын 30-ний өдөр Орбита нэртэй хувийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Эмч миний нүдийг үзээд нүдний цөцгий нь гоожсон, Хараа орохгүй юм байна. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд нүдний хагалгаанд орсон. Эмч хиймэл болор суулгана гэж хэлсэн. Н ах миний нүдийг гэмтээж сохолъё гэсэн санаа бодол байгаагүй байх гэж бодож байна. Надад гомдол санал байхгүй.../хх-7, 9/...Н намайг унтаж амар гээд гэрийн үүд рүү алхаж байсан, би гэрийн хойморт сууж байхад миний нүүр нүд хэсэгт хатуу зүйлээр цохих шиг болсон, анзаараад харахад гэрийн унь газар хэвтэж байсан...гэх /хх-154-155/,
- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт:...хохирогч Ч.Н хэлэхдээ хэрэг болдог өдөр буюу тэр үед манайх гэрийн хойморт тавилга байхгүй, гэрийн хоймор наар модон дээр олон зузаан гудас давхарлаж тавьсан байсан...би сууж байсан газраа сууж байхад хатуу зүйлээр миний нүүр нүд хэсэг рүү цохих шиг болсон. Би тонгойход газар гэрийн унь харагдсан. Би тэгээд унтаж амарсан гэж хохирогч дүрслэн үзүүлэв. Яллагдагч Г.Н-ын хэлсэн зүйлийг дүрслэн харуулав. Би хохирогч Ч.Н-г унтаж амар гэж хэлээд гэрийн баруун талаар гэрийн үүд рүү алхаж байхад гэрийн хаалганы дээд хэсэг буюу тотгоны унь миний баруун мөрөн дээр унасан. Би унийг гараараа бариад мөрөө давуулаад хойшоо харахгүйгээр чулуудсан. /Зун цаг байсан учир зуух яндан байгаагүй гаргасан байсан...гэх /хх-147-150/,
- гэрч О.Д-гийн : “...2020 оны 06 сарын 29-ний өдөр би аавынхаас ажилдаа явсан ба утсаар ярихад Н надад : өчигдөр Н ахтай жоохон архи уугаад бид хоёр маргалдаж, муудалцаад Н ах миний нүд рүү гэрийн униар цохисон, миний нүд хавдаад юм харахгүй байна гэж хэлсэн.../хх-14/,...Н гэрийн унь шидсэн гэж хэлснийг би буруу ойлгож униар цохисон юм байна гэж ойлгоод тэр ойлголтоороо өмнө нь мэдүүлэг өгсөн. Би болсон үйл явдлыг сүүлд сонсож мэдэхэд Н ах гэрийн унь дээрээс унахаар нь хойшоо саваад шидсэн юм шиг байна лээ...гэх мэдүүлэг /хх-152-153/,
- шинжээчийн дүгнэлт: “...Ч.Н-н биед баруун нүдний нэвтэрсэн шарх, нүдний цагаан бүрхүүл, эвэрлэг, хорейдын урагдал, нэвтэрсэн шархаар нүдний агуулагдахуун судаслаг бүрхүүл, шилэнцрийн гоожилт, баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний өмнөд хоргын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 7.31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65%-р алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...гэх /хх-35-37/,
- шүүгдэгч Г.Н-ын:...2020.06.28-ны өдөр Н бага зэрэг халамцуу орж ирсэн, тэгээд пиво ууя гээд бид 2 хамтдаа 2,5 литрийн 5 пиво уусан...тэр үед бид хоёр жоохон ам муруйгаад би гэрээс нь гарах гээд хаалга руу алхаж явахад миний баруун мөрөн дээр нэг юм унах шиг болсон, харахад гэрийн урь мултараад миний мөрөн дээр унасан. Би үүнийг мөрөн дээгүүрээ давуулаад хойш шидээд гараад явсан. Би гэртээ ороод унтаж амарсан...Эхнэр шөнийн 01-02 цагийн үед намайг сэрээгээд “чи гэрийн униар Н-г цохисон юм шиг байна” гэж хэлсэн...Би Н-г босгоод харахад баруун нүд нь хөхөрч хавдаад нүднээс нь шингэн нулимс гоожоод байсан...Н-н эхнэр Д надтай уулзаад Н-н баруун нүдний цөцгий нь хагарсан, хараагүй болсон байна гэж хэлсэн. Би Н-тэй уулзаад ах нь тусалж дэмжье. Эмнэлгээр явах зардал мөнгийг нь би хариуцъя гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-46-47/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүйгээс гадна шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатайгаар учруулсан гэж үзэх эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэл тогтоогдоогүй байх тул гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрийг “болгоомжгүй” гэж талууд дүгнэсэн байгааг үгүйсгэх боломжгүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Г.Н-ыг хохирогч Ч.Н-н эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ч.Н...би Орбита эмнэлэгт нүдний хагалгаанд 1.500.000 төгрөгөөр орсон. Мөн хажуугаар нь эм тариа, өвчин намдаах эм гээд бүх зардал мөнгийг Г.Н гаргаж өгсөн. Мөн зээлээ төл гээд бэлэн 1 сая төгрөг, нүдний болор хийлгэх гээд 500,000 төгрөг өгсөн, цаашид гарах эмнэлгийн зардал мөнгийг хариуцна гэж хэлсэн /хх-6, 09, 20, 154-155/, шүүгдэгч...би хохирогчид 2.500.000 төгрөг өгсөн, хашаа байшингаа зараад эмчилгээ хийлгэнэ.../хх-46-47,114/ гэж, мөн шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч нар...эмчилгээний зардалд 2 сая төгрөг, нүдний болорт 500.000 төгрөг, мөн эм тариа авч өгч байсан, малчны зээлийн 3 сая төгрөгийг төлсөн, 7.800.000 төгрөгөөр өмчлөлийн газар авч өгсөн тухай тус тус мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзэх ба харин хохирогч гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн /хх-57/, тус гэмт хэрэг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн хүрээнд үйлдэгдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, эхнэр, 2008, 2014 онд төрсөн хоёр хүүхдийн хамт амьдардаг, хувийн газар, орон сууцтай, хувиараа гагнуурын ажил эрхэлдэг, “Miramax” компанид угсралтын ажил хийж байгаа болон түүний хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан /х-51-54, 57, 74, 81, 82-112, шүүх хурлын тэмдэглэл/ байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх хохирогчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-т нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 нэгжийг 1000 төгрөгөөр тооцон 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрх хасах” нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрх хасах ялын төрөл хэлбэрийг тус тус заасан байх ба шүүгдэгчийн хувьд гагнуурчны эрхтэй гэх баримтгүй, мөн гагнуурын ажил хийх явцад гэмт хэрэг үйлдээгүй байх тул мэргэжлийн болон бусад тодорхой эрхийг тухайлан хасах боломжгүй, харин иргэн бүр төрийн албанд ажиллах эрхтэй буюу боломжтой тул шүүгдэгчийн “нийтийн албанд ажиллах эрх”-ийг хасахаар шийдвэрлэснийг тодотгох нь зүйтэй.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Г.Н-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-ыг нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-т оногдуулсан 6.000.000 төгрөгийн торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 6.000.000 төгрөгийн торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Н-т мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР