Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/753

 

 

 

    2022         06           10                                          2022/ШЦТ/753

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, 

Улсын яллагч Г.Мөнхтүвшин,        

Шүүгдэгч Э.Ш. нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Э.Ш.д холбогдох 210 803 101 0881 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа газар тариалан эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум оршин суух хаягтай, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар 8 сар 28 хоногийг өршөөн хэрэгсэхгүй болгосон, Э.Ш

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ш. нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баянбалбар" зочид буудалд Л.Д г “ориллоо” гэх шалтгаанаар ам руу нь алчуур чих явцдаа цээжин дээр нь өвдөглөж биед цээжний зүүн талын хавирганы далд хугарал, зүүн нүдний алимны салст, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн хацар, дээд, доод уруул, эрүү, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал:               

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Э.Ш. нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баянбалбар" зочид буудалд Л.Д г ориллоо” гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь :             

- Л.Д гаас цагдаагийн байгууллагад гаргасан дуудлага мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/,

- Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянбалбар” зочид буудлын 2 дугаар давхрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийссэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-18 дахь тал/,

- хохирогч Л.Д гийн...Би 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажил дээрээ байж байтал танихгүй дугаараас залгахаар нь аваад ярихад Ундраа гэх эмэгтэй дуудахаар нь 21 цаг өнгөрч байхад Баянбалбар зочид буудал руу ороход Ундраа үүдэнд зогсож байсан, буудлын өрөөнд орсон. Тухайн үед Ш., Ундраа үл таних залуу байсан. Тухайн хүмүүс ширээн дээр Хараа нэртэй 0,75 граммын архи тавьчихсан байсан ба нэг шил архийг нь уугаад дууссан байсан. Тэгээд бид 4 үлдсэн нэг шил 0,75 граммын архийг нь уусан. Тэгээд би тэрнээс хойш болсон явдлыг санахгүй байна. Сэргээд харахад Ундраагийн нөхөр Ш. миний ам руу алчуур хийгээд миний дээрээс дараад цохиж байсан...Би хувцасгүй гараад гүйсэн. Тэгээд би цаашаа юу болсныг санахгүй байна. Тухайн үед миний амнаас цус гарсан байсан ба зүүн талын хавирга маш их өвдөж байсан...Ш. гэх залуу миний цээж хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Мөн хавирга, нүд рүү гараараа цохисон...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34, 37-38 дахь тал/,

- гэрч Н.Он “..Би Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баянбалбар” зочид буудалд ресейпшний ажил хийдэг. Би 2021 оны 12 дугаар сарын 01-02-ны өдөр буудалд ресейпшнээр ажиллаж байсан. Тухайн үед эхлээд нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүн өрөө авсан. Харин манай найз ирж байгаа оруулчхаарай гэж хэлсэн. Удалгүй 40 орчим насны эмэгтэй ирээд өрөө рүү нь орсон...Тэр хоёр эмэгтэй өөдөөс нүцгэн гүйгээд ирэхээр нь юу болсон талаар асуухад ямар нэгэн зүйл хэлээгүй. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандах уу, таныг зодож цохисон асуудал байна уу гэхэд хэн нь ч ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгтэл эмэгтэйн нөхөр нь бололтой эрэгтэй араас нь ирээд найз гэх эмэгтэйг нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-45 дахь тал/,   

- шинжээчийн дүгнэлт :...Л.Д гийн биед зүүн талын 2, 3, 5, 7, 8 дугаар хавирганы далд хугарал, зүүн нүдний алимны салст, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун зүүн хацар, дээд, доод уруул, эрүү цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 62-63 дахь тал/,

- шинжээч эмч Т.Сэлэнгээгийн...Л.Д гийн биед учирсан зүүн нүдний алимны салст, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун зүүн хацар, дээд, доод уруул, эрүү цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд дан дангаараа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин хавирганы хугарал гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68-70 дахь тал/,

- шүүгдэгчийн...гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрч буй тухай мэдүүлэг /хх-118, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд          

2.1. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр болон бусад хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзэв.  

2.2. Тус хэргийн үйл баримтаар, шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд :       

- зүүн талын олон хавирганы хугарал,     

- зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал,

- баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал,

- дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, 

- цээжний зөөлөн эдийн няцрал зэрэг олон тооны гэмтэл, шархууд учруулсан /хх-62-63/, тус олон тооны гэмтэл, шархуудыг учруулахдаа олон удаа хүч хэрэглэх, хохирогчийн аманд алчуур чихэх зэргээр илтэд догшин авирлаж зодсон тухайн тохиолдолд хохирогч нь хүчинд автсан даруйд бие махбодь, сэтгэл санааны шаналал, зовиурыг илтэд мэдрэх, тийм байдалд орох нь энгийн ухамсрын түвшинд илэрхий байтал хууль зүйн бодит дүгнэлт хийж чадаагүй, мөн хохирогч Л.Д , гэрч Ж.Ундраа /хх-9-10, 33-34, 37-38, 26-27, 50-51, 53-55, 57-60/ нарын удаа дараа өгсөн мэдүүлгүүд дэх зөрүүтэй байдлыг мухарлан шалгаж, дүгнээгүй, тус хохирогч эсхүл гэрч худал мэдүүлсэн алин болохыг ялган зааглаж чадаагүй,  шүүгдэгч нь автомашин унасан байхдаа урд нь зогссон хохирогчийг мөргөж түрсэн эсэх, хохирогчийг хэрхэн шалдалсан эсэх, шүүгдэгчийн найз гэх эрэгтэйг байцаагаагүй зэрэг нотолбол зохих зарим  асуудлыг бүрэн шалгаагүй зэрэг зөрчлүүд гаргасан байгааг анхааруулан тэмдэглэв.    

2.3. Тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, хохирогч нь гомдол саналгүй зэрэг байдлыг харгалзан тус хэргийг прокурорт буцаахгүйгээр шүүхэд шилжүүлсэн хэргийнх нь хүрээнд шийдвэрлэв.     

 

Иймд шүүгдэгч Э.Ш.г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

 

 

3. Хохирол, хор уршиг :        

Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд смарт цаг, мөн 500.000 төгрөг авсан болохоо илэрхийлсэн /хх-108/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзнэ.

Харин хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.          

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:    

Шүүгдэгч нь урьд 2009 онд ял шийтгүүлж байсан байх ба тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /хх-89-96/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.   

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хувьдаа эд хөрөнгөтэй, хөдөлмөр эрхэлдэг гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хавтаст хэргийн 103-107, 109-116, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан талуудын  санал хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш.г 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.   

  1. Бусад 

Уг хэрэгт 1 ширхэг компакт диск хураагдсан, харин битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Ш.г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш.г 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.            

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш.д оногдуулсан 650.000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш.д оногдуулсан 650.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.           

5. Шүүгдэгч Э.Ш. цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.   

6. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР