Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/967

 

                            

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

Улсын яллагч Б.Энэрэл,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Э,    

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:  

Cонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-д холбогдох 2108 00000 0196 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Монгол Улсын иргэн, 1974 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “***” ХХК-д ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо нарны хороолол үйлдвэрийн төвийн бүс энгельс гудамжны *** дүгээр байрны *** тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Ш овогт Д-гийн Г /РД:******/.   

            Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Авто тээврийн Үндэсний төвийн оношилгооны төвийн 2 давхарт байрлах Худалдаа хөгжлийн банкны салбараар эхнэр Б.Н-гийг үйлчлүүлэх хооронд тус банкны эзэмшлийн ИЖ-79-8 маркийн 8мм тусгалттай хийн бууг харуулын ажилтан Б.Ю-ийн биедээ зүүсэн агсамжнаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдэж, бусдад 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь :  

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :   

            Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Авто тээврийн Үндэсний төвийн оношилгооны төвийн 2 давхарт байрлах Худалдаа хөгжлийн банкны салбараар эхнэр Б.Н-ийг үйлчлүүлэх хооронд тус банкны эзэмшлийн ИЖ-79-8 маркийн 8мм тусгалттай хийн бууг харуулын ажилтан Б.Ю-ийн биедээ зүүсэн агсамжнаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :       

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Авто тээврийн үндэсний төвийн оношилгооны төвийн 2 давхарт байрлах худалдаа хөгжлийн банкны хамгаалалтын ажилтан Б.Ю нь ИЖ-79-8 маркийн 8 мм тусгалтай хийн гар буугаа хулгайд алдсан...тухай тэмдэглэл /хх-01/,

- хэргийн газарт үзлэг хийсэн...уг байгууламж дотор орон цааш үргэлжлүүлээд хаалгаар ороход хүн явах зориулалт бүхий коридор үргэлжлэх ба хоёр талын ханаар даатгал, тээврийн хэрэгслийн шилжүүлгийн үйл ажиллагаа явуулах газрууд хаяг хадсан үйл ажиллагаа явуулж байгаа уг коридороор 130 метр яваад баруун гар тийш эргэн 2 давхар руу гарсан шатаар дээш гаран үзлэгийг үргэлжлүүлэхэд иргэн Ю нь хулгайд гар буугаа алдсан гэх газрыг зааж өгснийг шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч гар буугаа хулгайд алдсан гэх газрын эсрэг талын хананд худалдаа хөгжлийн банк гэсэн хаягтай саарал өнгийн төмөр хаалга байх ба уг хаалганы бариул хэсгээс шинжээч мөр илрүүлэхээр нунтаг ашиглаж ажиглахад гарын мөр илэрсэнгүй, уг гар буу хулгайд алдагдсан коридорын хойд буланд хяналтын камертай байх ба уг хяналтын камерын бичлэгт эрүүгийн мөрдөгч эрүүгийн мөрдөгч үзлэг хийж ажиллаа...зэвсэг тусгай хэрэгсэл хүлээлцсэн акт гэсэн бичиглэлтэй дэвтэрийн хавтсыг нээж үзэхэд нэгдүгээр хуудсанд 2021 оны 1-р сарын 12-ны өдрөөс, 2021 оны 01-р сарын 22-ны өдрийн 08 цаг 20 минут хүртэл хугацаанд хүлээлцсэн тэмдэглэл байсныг хуулбарлан авлаа...гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх-05-06, 07-10/, 

- дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай...2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Сонгинохайрхан дүүрэг дэх Худалдаа хөгжлийн банкны тооцооны төвийн коридорын 1 минут 3 секундын бичлэгт үзлэг хийв...Хамгаалалтын албаны ажилтан утсаар ярьж байхад баруун талд нь цагаан өнгийн дотортой бараан өнгийн хүрэм, саравчтай малгай, цагаан амны маск зүүсэн эрэгтэй хохирогчийн цаагуур зогсоод зүүн гараараа бууг хулгайлан авч байгааг харуулав...хамгаалалтын албаны ажилтан утсаар ярьж байхад баруун талд нь цагаан өнгийн дотортой бараан өнгийн хүрэм, саравчтай малгай, цагаан амны маск зүүсэн эрэгтэй хохирогчийн цаагуур зогсоод зүүн гараараа бууг хулгайлан аваад хүрмийнхээ зүүн талын халаасанд хийж байгааг харуулав...гэх тэмдэглэл /хх-12-15/,    

- салбарын нээлт, хаалт болон зэвсэг тусгай хэрэгсэл хүлээлцсэн акт /хх-22/, галт зэвсэгтэй адил хэрэгслийн тодорхойлолт /х-х23/, салбараар үйлчлүүлсэн хүний бүртгэл /хх-24-27/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-28-30/,

- хохирогч Х.Э-ийн...би Худалдаа хөгжлийн банкны үндсэн харуул хамгаалалт болох биечилсэн хамгаалалтын хэлтэст хамгаалалтын ахлах мэргэжилтнээр ажилладаг. Миний ажлын үндсэн үүрэг бол харуул хамгаалалтыг зохион байгуулах, аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд доор ажиллаж байгаа харуул хамгаалалтын ажилтнуудыг удирдлага зохион байгуулалтаар хангах үүрэгтэй. Намайг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 13 цагийн орчим гэртээ байж байтал хамгаалалтын хэлтсийн захирал С.Ш над руу залгаад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Худалдаа хөгжлийн банкны Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа хөгжлийн банкны Сонгинохайрхан 2 тооцооны кассын хамгаалалтын ажилтан Ю-ийг хийн буугаа алдсан талаар хэлсэн...Хяналтын камерыг шүүгээд үзтэл бараан өнгийн хувцастай хүн галт зэвсгийг манай хамгаалалтын ажилтны баруун ташаанд байсан бууны гэрээс авч байгаа бичлэг байсан...Тэгээд өнөөдөр өглөө буюу 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 09 цагийн орчим буу хулгайлсан залуу нэг залуугийн хамт 2 уулаа авчирч өгөхөөр нь цагдаагийн байгууллагын ажилтан руу залгаж хүлээлгэн өгсөн...гэх мэдүүлэг /хх-38-39/,  

- Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан...ИЖ 79-8 маркийн 8 мм тусгалттай хийн буу, гол төрийн дугаар ТВО-3044, Замагийн дугаар ТВО-3044, бүртгэлийн гэрчилгээний 2059 дугаартай гэрчилгээтэй, нийт хохирлын дүн нь 1,000,000 төгрөгөөр тогтоож байна /хх-57-58/, 

- шинжээчийн 850 дугаартай...шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг бүхий тусгай хэрэгслээр буудлага үйлдсэн байна..гэх дүгнэлт /хх-63/,  

- шинжээчийн 470 дугаартай...шинжилгээнд хүргүүлсэн галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл /хийн буу/ тусгай хэрэгслийг ирүүлжээ. Шинжилгээнд 8 мм-ийн ОХУ-д 2001 онд үйлдвэрлэсэн, их бие ТВО3044, замаг ТВО3044 гэсэн дугаартай, хүхээггүй, ИЖ-79-8 загварын бие хамгаалах зориулалттай галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл /хийн буу/ тусгай хэрэгслийг ирүүлсэн байна. Дээрх буунд эвдрэл гэмтэл байхгүй, буудлага үйлдэнэ...гэх дүгнэлт /хх-67-68, 69-70/,

- гэрч Б.Ю-ийн...2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 10 цагийн үед манай банкаар маш олон хүмүүс нэг зэрэг үйлчлүүлсэн юм. Тэгээд хэсэг хугацааны дараа би өмдний тэлээнд зүүлттэй байсан гар бууны гэр буюу кобероо шалгахад албаны тусгай хэрэгсэл болох ИЖ-79-8 маркийн 8 мм тусгалтай хонгио оролттой гар бууг агсамжнаасаа алдсан байсан. Ингээд би байгууллагын хяналтын камерыг шүүж үзэхэд 10 цаг 38 минутын үед үл таних эрэгтэй миний агсамжнаас хийн бууг авч байгаа бичлэг үлдсэн байсан тул цагдаагийн байгууллагад хандах болсон...гэх мэдүүлэг /хх-42-43/,  

- гэрч Б.Н-ийн...Би 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 09 цагийн орчим хадам дүү Г эхнэр Н-ийн хамт манайд ирсэн. Тэгээд нөхөр бид 4 Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто оношилгооны төв рүү улсын *** УНЯ дугаартай дүү Г-тын машинд суугаад явсан. Бид 4 гол зорилго нь хүнээс миний нэр дээр чиргүүл шилжүүлж авахаар очсон юм. Тэгээд чиргүүлээ хүнээс шилжүүлж авчхаад хаана байгаа талаар асуухад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа гэхээр нь бид 4 Зайсан орж улсын *** дугаартай Хово маркийн машиныг аваад чиргүүлээ авчрахаар бид 4 явсан. Араас нөхөр дүүгийнхээ хамт Хово маркийн авто машинтайгаа чиргүүлээ чирээд явсан. Тэгээд дүүгийнд очиж хоол хийж идэж хэсэг амарч байгаад гэртээ 22 цагийн орчим харьсан. Тэгээд шууд амарсан. Харин өнөөдөр өглөө 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр чиргүүл шилжүүлж авч байх үедээ Сонгинохайрхан дүүргийн Худалдаа хөгжлийн банкны хамгаалалтын ажилтнаас бууг нь хулгайлаад өчигдөр өглөө буюу 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр аваачиж өгсөн талаараа хэлсэн...гэх мэдүүлэг /хх-47/,

- гэрч Б.Н-ийн...Би 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 09 цагийн орчим нөхөр Г-ын хамт хадам ах Г-д очсон. Г ахынд очоод эхнэр Н-тэй 4 үүлээ Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто тээврийн оношилгооны төв рүү улсын *** УНЯ дугаартай миний машинаар явсан. ...Тэгээд чиргүүлээ хүнээс шилжүүлж авчхаад хаана байгаа талаар асуухад Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа гэхээр нь бид 4 Зайсан орж улсын *** дугаартай Хово маркийн машиныг аваад чиргүүлээ авчрахаар бид 4 явсан. Тэгээд бид 4 чиргүүлээ авчхаад би Н эгчийн хамт Приус 20 авто машинтайгаа явсан....Харин өнөөдөр өглөө манай Г ахыг Худалдаа хөгжлийн банкны тооцооны салбараас хамгаалалтын ажилтны бууг хулгайлсан талаар хэлж намайг цагдаагийн байгууллагад мэдүүлэг өг гэж хэлсэн....гэх мэдүүлэг /хх-51/,  

- шүүгдэгч Д.Г-ийн...Би 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэрээсээ гараад Авто тээврийн үзлэг оношилгооны төв дээр очиж өөрийн нэр дээр чиргүүл шилжүүлж авах гээд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Авто тээврийн Үндэсний төвийн оношилгооны төв дээр очсон. Тэгээд тэндээ төлбөр мөнгө тушаах гээд 2 давхарт байх Худалдаа хөгжлийн банк ороод очерлоод зогсож байхад харуулын ажилтан хажууд зогсчихсон өмднөөс нь зүүлттэй гар бууны гэр нь түгжээгүй сул авчихаар харагдаад байхаар нь дөхөж очоод гар бууг нь аваад гараад явсан. Тэгээд тэр гар бууг авч явж байгаад орой авчирч буцааж өгье гээд ирсэн чинь хаалттай байхаар нь маргааш өглөө нь ажил эхлэхэд нь очоод харуулын ажилтанд өгөхөд цагдаа нар дуудсан...Тухайн үед би сонирхоод авчихсан, дүүд хулгайлж авсан талаар хэлээгүй. Тэгээд дүүгийнд очоод 2 эмэгтэй машинаас буухад арын суудал дээр нөгөө 3-т мэдэгдэлгүй тостой хөнжилд ороогоод үлдээсэн гэх мэдүүлэг /хх-53, 88/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.   

Иймд шүүгдэгч Д.Г-ийг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.         

Шүүгдэгч нь хохирогчид хийн бууг биет байдлаар буцаан өгсөн /хх-53/ байх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:        

Шүүгдэгч урьд 1 удаа эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /хх-81/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.     

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирол төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.    

Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, жолооч ажилтай, хөрөнгө орлоготой зэрэг түүний ар гэрийн амьдрал, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын зарим эх сурвалж хэрэгт авагдаж  /хх-75, 77, 78, 81, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.       

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.  

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг  хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдав.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

            1. Шүүгдэгч Д.Г-ийг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгчид зан үйлээ засах, оршин суугаа газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.        

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүдэгч Д.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.          

5. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг  хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.       

            6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ГАНБААТАР