Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/169

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Шүүгдэгч Д.Б*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн Б*******д холбогдох эрүүгийн 2207 00000 0131 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, өдөр аймагт төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******” ХХК-д ******* ажилтай, *******,******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 193 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасны дагуу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 24 хоногийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлж, улмаар Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 119 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 8 сар 16 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД: *******/,

******* овогт Дагвын Б*******.

 

Холбогдсон хэргийн талаар:

                                                                                                                                                                                                                                                      

Шүүгдэгч Д.Б******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 01-ний шөнө ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг арьс ширний үйлдвэрийн хашаанд байрлах гэрт Б.Бтэй урьд үүссэн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, улмаар хутгаар түүний зүүн гуя орчимд нь хатгаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн  холбогдсон гэмт хэргийн талаар хэргийн оролцогч нар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Б******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа ойлгож байгаа...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Цагдаагийн байгууллага гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-01/, 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-7/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-09/,

 

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ...Д.Б******* ахтай хээр архи уугаад үлдсэн тал шил архиа ...Д.Б******* ах манаачийн гэр рүү очоод ууя гээд тэгээд бид хоёр гэрт нь ирээд тал шил архиа ууж сууж байгаад Д.Б******* ах нэлээн согтоод намайг “чи хэд хоногийн өмнө намайг цохиод миний нүд хөхөрчихсөн. Би одоо гадагшаа яаж гарах юм" гэж хэлээд над руу дайраад байсан. Тэгээд бид хоёр бага зэрэг маргалдчихаад зэрэгцээд сууж байхад үед Д.Б******* ах ар хэсгээрээ хутга гаргаж ирээд миний хөлийн гуя хэсэг рүү хутгалчихсан. Тэгээд би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээд согтолттой байсан болохоор цаашаа юу болсон талаар бол сайн санахгүй байна. Намайг хутгалчхаад хүн рүү залгаад би Мг хутгалчихлаа гээд яриад байсан. Миний гуя хэсэгт 8 оёдол тавьсан. Өөр гэмтэл шарх бол байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй” /хх-12-13/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэртээ байж байтал 21 цагийн үед манай үйлдвэрийн манаач Д.Б******* утсаар над руу залгаад “Ах нь Мг хутгалчихлаа, чи гялс хүрээд ир, ах нь гэртээ байна” гэсэн. Тэгэхээр нь би 21 цаг 30 минутын орчимд Д.Б*******ын гэрт нь яваад очтол Мгийн хөлөөс нь цус гараад тогтохгүй Б******* тэр хоёр хоёулаа байж байсан. Тэгээд Мгийн гуянаас цус гараад тогтохгүй байхаар нь би сандраад шууд эмнэлэг рүү авч явсан...” /хх-16-17/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 243 дугаартай дүгнэлтэд:

  1. Б.Бийн биед зүүн гуянд гүн хутгалагдсан шарх, зүүн гуяны булчинг сэргээх мэс заслын дараах байдал /ЦТЭ 2022.05.02/ гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдагдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” /хх-56-57/,

 

Хохирогч Б.Бийн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж тусламж үйлчилгээ авсан өвчний түүхийн хуулбар /хх 28-50/,

 

Шүүгдэгч Д.Б******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...унтаж байтал Б.Б гэнэт орилоод сэрээчихсэн. Тэгэхээр нь би уурлаад...хутга аваад хөл хэсэг рүү нь хутгалчихсан. Тэгээд Б.Э руу залгаад “Би Бийг хутгалчихлаа чи хүрээд ирээч” гэж

дуудсан” /хх-67-68/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2 шил архи учирсан байсан болохоор би бол нилээн согтолттой зарим зүйлийг бол санахгүй байгаа. Д.Б******* ах миний хажуд бол арай гайгүй байх шиг байсан. Намайг хутгалчихаад хүн рүү залгаад би Мг хутгалчихлаа гэж утсаар ярьж байсан...Өмнө нь хамт ууж байхдаа би цохиод нүдийг нь хөхрүүлчихсэн тэрний хариуг надаас авсан гэж бодож байна. Тухайн 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бол бид хоёр огт маргалдаагүй зүв зүгээр байж байгаад Б******* ах над руу дайраад хутгалчихсан...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй....” /хх 12-13/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.Б*******ын гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Намайг унтаж байхад орилоод сэрээчихсэн. Тэрнээс болоод маргалдаж муудалцсан. Тэгээд би өмнө 5 дахь өдөр цохиулсандаа шарлахаад тийм зүйл болчихсон..Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би тэрнийг тэгээд хутгалчих нь гэж бодоогүй. Учруулсан хохирлоо болон эмчилгээний зардлаа барагдуулах болно...” /хх 23/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 240 дугаартай дүгнэлтэд:

  1. Д.Б*******ын биед баруун дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдагдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” /хх-51-52/,

 

Хохирогчийн шүүхэд гаргасан хүсэлт /хх 116/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой тодорхойлолтууд болон шүүгдэгчийн ажлын байрны тодорхойлолт, хаан банкны дансны хуулга /хх152-156/ зэрэг бичгийн баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б*******ын холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас: “... бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хохирогч Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын явцад шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Шүүгдэгч Д.Б******* нь Бтэй урьд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний зүүн гуяанд нь хатгаж, хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул өмгөөлөгчийн зүгээс түүний зүйлчилсэн зүйл хэсэгтэй маргах мэтгэлцэх зүйл алга байна...” гэсэн дүгнэлтүүдийг гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч Д.Б*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

 

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Д.Б******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 01-ний шөнө ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг арьс ширний үйлдвэрийн хашаанд байрлах гэрт Б.Бтэй өөрийг нь цохисон байдлаас болж маргалдан, улмаар хутгаар түүний зүүн гуя орчимд нь хатгаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:

 

Цагдаагийн байгууллага гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, Хохирогч Б.Бийн өгсөн: “...Д.Б******* ах нэлээн согтоод намайг “чи хэд хоногийн өмнө намайг цохиод миний нүд хөхөрчихсөн. Би одоо гадагшаа яаж гарах юм" гэж хэлээд над руу дайраад байсан. Тэгээд бид хоёр бага зэрэг маргалдчихаад зэрэгцээд сууж байхад үед Д.Б******* ах ар хэсгээрээ хутга гаргаж ирээд миний хөлийн гуя хэсэг рүү хутгалчихсан...”гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Эын өгсөн: “...манаач Д.Б******* утсаар над руу залгаад “Ах нь Мг хутгалчихлаа, чи гялс хүрээд ир, ах нь гэртээ байна” гэсэн. Тэгэхээр нь би 21 цаг 30 минутын орчимд Д.Б*******ын гэрт нь яваад очтол Мгийн хөлөөс нь цус гараад тогтохгүй Б******* тэр хоёр хоёулаа байж байсан. Тэгээд Мгийн гуянаас цус гараад тогтохгүй байхаар нь би сандраад шууд эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 243 дугаартай дүгнэлтэд Б.Бийн биед зүүн гуянд гүн хутгалагдсан шарх, зүүн гуяны булчинг сэргээх мэс заслын дараах байдал /ЦТЭ 2022.05.02/ гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, Шүүгдэгч Д.Б******* өгсөн: “...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...унтаж байтал Б.Б гэнэт орилоод сэрээчихсэн. Тэгэхээр нь би уурлаад...хутга аваад хөл хэсэг рүү нь хутгалчихсан. Тэгээд Б.Э руу залгаад “Би Бийг хутгалчихлаа чи хүрээд ирээч” гэж дуудсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Д.Б*******д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.

           

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Б******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Д.Б*******д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас “шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...бусдад төлөх төлбөргүйг дурдаж өгнө үү. Хувийн байдлын хувьд Б******* нь эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл 1, улирлын чанартай ажил хийж байгаа нөхцөл байдлыг харгалзаад түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү”  гэх эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтүүдийг гаргажээ.

 

Шүүхээс шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй байдлыг харгалзан түүнд тухайн зүйлд заасан 1,000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогч Б.Б нь шүүгдэгчид холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргаагүй ч шүүгдэгч нь хохирогчид 300,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан цэцэгтэй ягаан өнгийн даавуу 1 ширхэг, цус мэт улаан өнгийн шингэн зүйлээс авсан 2 ширхэг дээж, ажлын хэсэг нь 19 см урттай шаргал өнгийн хуванцар бариултай цус мэт зүйлээр бохирлогдсон 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн комисст даалгахаар шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт Дагвын Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б*******д 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б*******д оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Д.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан цэцэгтэй ягаан өнгийн даавуу 1 ширхэг, цус мэт улаан өнгийн шингэн зүйлээс авсан 2 ширхэг дээж, ажлын хэсэг нь 19 см урттай шаргал өнгийн хуванцар бариултай цус мэт зүйлээр бохирлогдсон 1 ширхэг хутгыг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлсүгэй.

 

  1. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар

зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД