Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 183

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Г.Алтанцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

Шүүгдэгч Ц.Болд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр  зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дондов овогт Цэцгээгийн Болд холбогдох 201626011936 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 12-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1964 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 52 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Минжийнхангай төвийн 2 хэсэг, 40 айлын 9-1 тоотод оршин суух хаягтай, одоогоор Баянгол дүүрэг 22 дугаар хороо, 17-р гудамжны 152А тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Дондов овогт Цэцгээгийн Болд /РД: ШЖ64092277/

 

        Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

         Шүүгдэгч Ц.Болд нь 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол, 8б байрны 13 тоотод бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж “шатар тоглохдоо бульхаацлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан бие махбодид нь “духанд нь цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

 

Шүүгдэгч Ц.Болд нь 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол, 8б байрны 13 тоотод бусдыг илтэд үл хүндэтгэн “шатар тоглохдоо булхайцлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэж иргэн Д.Санжаажамцын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь:

            1.Хохирогч  Д.Санжаажамцын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

             “...2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр миний бие Баянгол дүүргийн  8-р хороо, 37-21 тоот гэртээ амарч байтал 22:30 цагийн үед манай нутгийн найз Батмөнх над руу утсаар яриад “та манай гэрт хүрээд ир, шатар тоглоё” гэсэн. Би тухайн үед танайд хэн байгаа юм гэж асуухад манай ангийн 2 найз бид гурав байна гэж хэлсэн. Батмөнхийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21-р хороололд 8Б-13 тооотод байх гэрт нь 23:00 цагийн үед ирсэн юм. Намайг Батмөнхийн гэрт ирэхэд Батмөнх танихгүй 2 найзтайгаа 1 шил /нэрийг нь хараагүй/ архи хувааж уугаад сууцгааж байсан. Батмөнх 2 найзаа танилцуулсан ба тэдгээр хүмүүсийг Болд, Дамдинпүрэв нар гэж байсан. Батмөнх нь тухайн үед намайг мөн тэдгээр хүмүүст танилцуулсан. Батмөнх бид 2 шатар тоглож эхэлсэн ба энэ үед Болд гээд байгаа найз нь  хоол хийгээд байж байсан. Би Болд, Дамдинпүрэв нарт “архи чинь ихдээд байна шүү, бага уугаарай” гэж хэлсэн. Тэгээд би Батмөнхтэй нилээн олон удаа шатар тоглосон, тоглож байх хугацаанд би олон удаа хожсон. Тэгтэл хажуунаас Болд гэгч нь “чи миний найзыг олон удаа хожоод байна, муу цагдааг алаад өгнө” гээд баруун, зүүн шанаа руу  нэг нэг удаа гараараа цохьсон. Энэ үед би нүүрээ дараад тонгойтол миний толгой руу 10-аад өшиглөж, зүүн хавирга руу 1 удаа өшиглөсөн. Энэ үед Дамдинпүрэв, Болдыг салгаад авсан ба тухайн үед би гар утсаа гаргаад 102 дугаарт дуудлага өгсөн. Тэгтэл Болд шууд гараад зугтаасан. Удалгүй хөдөлгөөнт эргүүлийн алба хаагч нар ирээд явсан. Болд намайг шалтгаан байхгүй зодсон. Тухайн үед Болд нилээн согтуу байсан...”

           “....Болд бид хоёр тохиролцоод Болд надад эмчилгээндээ зарцуулаарай гээд 200.000 төгрөг өгсөн. Ц.Болд би хоёрын тохиролцсон 500.000 төгрөгийн үлдэгдэл 300.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Томографикийн тархины зураг авхуулахад 340.000 төгрөг, тархины цахилгаан бичлэг хийхэд 60.000 төгрөг, бусад эмийн зардалд 100.000 төгрөгт багтаж байгаа. Эдгээр мөнгөний баримтуудыг авах цаг зав байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12, 13-14 х/ 

 

            2. Гэрч С.Дамдинпүрэвийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

             “..2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 16:00 цагийн үед би Батмөнхийг дуудаад Батмөнх бид хоёр Болдыг гэрээс нь очиж аваад Сонгинохайрхан дүүргийн 19  дүгээр хороо, 21-р хороололд байх Батмөнхийн гэрт нь ирцгээсэн. Тэгээд бид гурав тухайн өдрөө 2 шил Хараа нэртэй 0,75, 0,5 литрийн архи авч ууцгаасан. Тэгээд 22:00 цагийн үед гэж санаж байна гаднаас Батмөнхийн нутгийн хүн гээд нэг настай хүн орж ирсэн. Тэр хүнийг Санжаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэж дуудаж байсан. Тэгээд Батмөнх, Санжаа хоёр шатар тоглож эхэлсэн. Тухайн үед Болд бид хоёр хэвтэж байсан. Тэгтэл Болд “Дамдинпүрэв ахаа, та энэ хоёрын тоглож байгааг хараад орхиоч, Батмөнх хожигдоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг шатар тоглохыг харж суусан. Тэгтэл миний харсан тоглолтон дээр Батмөнх хожсон. Тэгтэл Болд Санжаа гэх хүнд хандан “чи булхайцаж, луйвардсан байна” гэж хэлсэн. Санжаа нь би луйвардаагүй гэж хэлээд тэр хоёр маргалдсан. Маргалдаж байгаад Болд, Санжаагийн цээжин хэсэр рүү хэд хэдэн удаа гараараа цохьсон. Тэгээд би тэр хоёрын дундуур ороод салгасан. Санжаа гээд хүн дараа нь би чамайг цагдаад дуудаж бариулна гээд гар утсаа гаргаж иртэл Болд гараад яваад өгсөн. Тэгээд Батмөнх Санжаа хоёр шатар тоглоод хоносон. Харин би унтаад өгсөн...Санжаа бол эрүүл байх шиг байсан. Санжаа 2 шил архи уусны дараа ирсэн. Харин Батмөнх бид гурав согтолттой байсан. Намайг харж байхад ямар нэгэн булхай хэрэглэсэн асуудал байгаагүй. Намайг салгаж байх үед Болд Санжаагийн цээжин хэсэг рүү 2 удаа цохьсон. Өөр бусад биеийн аль нэг хэсэг рүү цохьсон эсэх талаар мэдэхгүй, их хурдан болоод өнгөрсөн.  Санжаагийн дух руу цохьсоныг би хараагүй, тэр 2 зууралдаж байсан болохоор Болд Санжаагийн дух руу цохьсон байхыг үгүйсгэхгүй, салгаж байхдаа 2 удаа цохихыг харсан. Өмнө нь хэдэн удаа цохьсоныг мэдэхгүй байна...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 х/

 

            3. Гэрч  Т.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

             “...2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 17:00 цагийн үед Дамдинпүрэв, Болд бид 3 Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 8Б-13 тоотод байх манай гэрт ирцгээсэн. Манай гэрт ирээд бид гурав Хараа нэртэй 0,5 литрийн хэмжээтэй 2 шил архи хувааж ууцгаасан. Сүүлийнх нь архи ууж дуусаагүй байхад манай найз Санжаажамц над руу утсаар яриад “хаана байна, хамт шатар тоглоё” гэсэн юм. Тэгэхээр нь би Санжаажамцад гэрийн хаягаа зааж өгтөл манай гэрийг олоод хүрээд ирсэн. Санжаажамц бид хоёр шатар тоглож эхэлсэн. Тэгээд би Санжаажамцтай шатар тоглож байхдаа түүнд эхлээд 3 хожигдчихсон юм. Тэгээд би 1 удаа хожсон чинь Болд хажуунаас Санжаажамц руу “чи булхайцаад байна” гэж хэлээд учир зүггүй дайрсан. Тэгээд Болд Санжаажамцын  нүүр рүү 1 удаа цохих шиг болж, дараа нь Санжаажамцыг тонгойсон байхад нь толгой хэсэг рүү нь өшиглөж байгаа харагдсан. Тэгээд би Дамдинпүрэвт хандан “Болдыг салгаарай” гэж хэлтэл Дамдинпүрэв Болдыг салгасан. Санжаажамц Болдыг хариу цохиогүй, тэгээд Санжаажамц босож ирээд гар утсаа гаргаж иртэл Болд гараад зугтаагаад яваад өгсөн. Санжаажамцын цагдаагийн ажилтан гэдгийг нь мэдсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Санжаажамц өөрийгөө цагдаа гэж хэлсэн асуудал байхгүй. Ямар ч байсан гурвуулаа 2 шил архи уусан, согтолтын хувьд согтуу байсан. Гэхдээ тийм айхтар согтуу байгаагүй. Санжаажамцын хувьд ямар нэгэн булхай хэрэглэсэн асуудал байхгүй, бид 2 байнга шатар тоглодог. 1000 төгрөгийн бооцоотой л тоглож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 х/

 

4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10612 дугаар дүгнэлтэд:

а/ Д.Санжаажамцын биед духанд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

б/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

в/ Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжой.

г/ Цээжний зөөлөн эдийн няцрал нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духанд цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

д/ Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 22 х/

 

5. Шүүгдэгч Ц.Болдын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

 “...2016 оны 7 дугаар сарын 27-ны 18:00 цагийн үед миний бие Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 12 дугаар гудамж 152А тоотод байх гэртээ байж байхад манай оюутан ангийн найз нар болох Батмөнх, Дамдинпүрэв нар  ирцгээсэн юм. Тэгээд бид Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21-р хороололд байрлах Батмөнхийн гэрт ирж бид гурав 1 шил Хараа нэртэй 0,5 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. Уусны дараа Батмөнх нутгийн найз гээд нэг хүнтэй утсаар яриад байсан. Төд удалгүй тэр утсаар яриад байсан Санжаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэх хүн хүрч ирээд би дөрөв хамтдаа Батмөнх намайг явуулж авчруулсан 0,5 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архийг хувааж ууцгаасан. Гэхдээ Санжаа гэх хүн архинаас уугаагүй. Тэгээд Санжаа гээд хүн Батмөнхтэй шатар тоглосон байх гэж санаж байна. Тэр хоёр шатар тоглож байхад Батмөнх байнга хожигдоод байсан. Тэгэхээр нь шатрын талаар сайн мэдэхгүй болохоор нь Дамдинпүрэвт хандан “ та энэ хоёрын тоглоомыг хараад орхиоч, Батмөнх байнга хожигдоод  байна” гэж хэлсэн. Тэгтэл Дамдинпүрэвийг хараад байж байтал Батмөнх 1 удаа хожсон юм. Тэгэхээр нь би уурлаад Санжаа гэх хүнд хандан “Дамдинпүрэв ахыг харахаар чи нэг хожигдлоо, бусад үед нь Батмөнх байнга хожигдоод байна, чи булхай хэрэглээд байна” гэж хэлээд Санжаа гэх хүнийг цээж рүү нь гараа атгаж байгаад 3 удаа, дух руу нь нэг удаа, цохьсон, тонгойход нь цээж хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд Дамдинпүрэв ах бид хоёрыг салгасан. Би Санжааг цохих үед Батмөнх, Дамдинпүрэв нар байсан ба Санжаа гэх хүн гар утсаа гаргаж ирэхээр нь цагдаа дуудах гэж байна гэж айгаад гараад зугтсан. Би Санжааг анх удаа л харж байгаа нь тэр. Би ер нь согтуу байсан. Санжаа намайг цохиогүй. Би шатар тоглож мэдэхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32, 33-34 х/

 

6. Шүүгдэгч Ц.Болдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 “...Энэ хэрэг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн орчим болсон. Хохирогчийн биед би гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчид 500.000 төгрөг төлсөн, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон болно.

Дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл Ц.Болд нь өөрийн шатар тоглох талаар мэдлэг дутмаг байдлаас үүдэн найз Т.Батмөнхийн хожигдоод байгаа учир шалтгааныг олохын оронд Т.Батмөнхтэй шатар тоглож байсан Д.Санжаажамцыг илтэд буруутган “дандаа хожлоо, луйвар хийлээ, булхайцлаа” хэмээн ялихгүй зүйлийг шалтаг болгон бусдад хүч хэрэглэсэн нь танхайн гэмт хэрэг үйлдэгдэх  шалтгаан болжээ.

Иймд Ц.Болдыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, тухайлбал, хохирогч, гэрч нар нь мөрдөн байцаалтын шатанд уг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 22 цаг гэж мэдүүлсэн байх  боловч уг хэрэг нь 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн үед үйлдэгдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 2 хуудас баримт /цагдаагийн байгууллагын шуурхай удирдлагын төвд гомдол мэдээлэл хүлээн авсан талаарх лавлагаа, илтгэх хуудас/ зэргээр тогтоогдсон байх тул уг хэргийг мөрдөн байцаалтад буцаахгүйгээр дээрх баримт, мэдүүлэгт  үндэслэн гэмт хэрэг гарсан цаг хугацааг “2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг” гэж зөвтгөн шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Болд нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 41 х/ тогтоогдлоо.

 

          Хохирол төлбөрийн тухайд:

          Шүүгдэгч Ц.Болд нь хохирогч Д.Санжаажамцад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 500.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хохирол төлсөн баримтаар /хх-ийн 47, 52, 53 х, шүүх хуралдаанд шүүгдэгчийн гаргаж 1 хуудас баримт/ тогтоогдсон ба хохирогч Д.Санжаажамц нь цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул Ц.Болдыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.Болд нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, түүний хувийн байдал /52 настай/ зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дондов овогт Цэцгээгийн Болдыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Ц.Болдыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Болдын эдлэх 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Ц.Болдод холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Болдод оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

                                               

6. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн  давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Болдод   урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

                           

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ