Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2021/0167

 

Ё

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т” ХХК

Хариуцагч: ХУДЗД

       НЗД.

       Гуравдагч этгээд: ХУДЗТГ.

       Нэхэмжлэлийн шаардлага: Богдхан уулын дархан цаазат газрын Тайны ам нэртэй газарт олгогдсон 12.0 га газартай давхцуулан газар олгосон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/122 тоот захирамж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/955 дугаар захирамжийн холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахшаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхжин, Б.Тэргэл, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Б.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Т” ХХК нь Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2017 оны 10 сарын 03-ны өдрийн А/288 тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат газар тусгай хамгаалалттай Тайны ам нэртэй газар 12.0 га талбайг 5 жилийн хугацаагаар ашиглах болсон.

Гэтэл 2018 оны 11 сард манай ашиглалтын газар дээр барилга барьж эхэлсэн. Бид Монгол Улсын байгаль орчин аялал жуулчлалын яаманд газар давхцуулан олгосон байна гэж хандахад 2019 оны 12 сарын 25-нд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ямар нэг давхцалгүй байна гэсэн хариу өгсөн . Бид 2018 оны 3 сарын 27-нд Хан-Уул дүүргийн засаг даргын А/122 тоот захирамжаар 1,0 га газрыг ХУДЗТГт олгосон гэж сонсоод 2019 оны 11 дүгээр сарын 19-нд Хан-Уул дүүргийн Засаг даргад хандах бидний өргөдлийг Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн. Газар зохион байгуулалтын алба нь танай ашигладаг гэх газар нь Нийслэлийн нутаг дэвсгэрт харьяалагддаг тул хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Ингээд НЗДд хандах үед мөн л Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн. Газар зохион байгуулалтын алба нь Байгаль орчин, аялал жуучлалын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газруудын хамтарсан хилийн цэс тогтоох ажлын хэсгийн дүгнэлт гараагүй гээд асуудал шийдэж өгөөгүй. Хан-Уул дүүргийн Засаг дарга болон НЗД нар нь манай ашиглаж байгаа газар болон 2018 оны 3 сарын 27-нд Хан-Уул дүүргийн засаг даргын А/122 тоот захирамжаар олгосон газар нь хоорондоо давхцалгүй дээрхи захирамж нь манай эрх ашгийг хөндөөгүй гэж үзэн газрын давхцалын асуудлыг тодруул гэж газрын албандаа шилжүүлэн давхцалын асуудал шийдэгдэхгүй өнөөдрийн өдрийг хүрч байна Хамгийн сүүлд дахин хариугаа авах талаар гомдол гаргах үед 2020 оны 6 сарын 02-нд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т заасны дагуу шүүхэд ханд гэсэн хариуг өглөө.

“Т”  ХХК-нд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын  сайдын 2017 оны 10 сарын 03-ны өдрийн А/288 тоот тушаалаар олгогдсон Богдхан уулын дархан цаазат газар тусгай хамгаалалттай Тайны ам нэртэй газар 12.0 га газар дээр давхцуулан 2018 оны 3 сарын 27-нд Хан уул дүүргийн Засаг даргын А/122 тоот захирамжаар 1,0 га газрыг Хан-Уулын дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон нь манай компаний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна.

Монгол Улсын Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны харьяа Богдхан уулын дархан цаазат газар тусгай хамгаалалттай газрын хилийн бүс Хан-Уул дүүргийн харьяа газрын хилийн бүсийн ойлгомжгүй байдлаас болж дээрхи байгууллага, албан тушаалтны дунд манай байгууллага хохирч байна.

Иймд “Т” ХХК-нд Монгол Улсын Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны сайдын 2017 оны 10 сарын 03-ны өдрийн А/288 тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат газар тусгай хамгаалалттай Тайны ам нэртэй газар олгогдсон 12.0 га газартай давхцуулан газар олгосон 2018 оны 3 сарын 27-нд Хан-Уул дүүргийн засаг даргын А/122 тоот захирамжийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгож өгнө үү.

2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Т” ХХК нь Монгол Улсын Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны сайдын 2017 оны 10 сарын 03-ны өдрийн А/288 тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат газар тусгай хамгаалалттай Тайны ам нэртэй газар 12.0 га талбайг 5 жилийн хугацаагаар ашиглах болсон. Гэтэл 2018 оны 11 сард манай ашиглалтын газар дээр барилга барьж эхэлсэн. Бид Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яаманд газар давхцуулан олгосон байна гэж хандахад 2019 оны 12 сарын 25-нд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ямар нэг давхцалгүй байна гэсэн хариу захирамжаар өгсөн. Бид 2018 оны 3 сарын 27-нд Хан-уул дүүргийн засаг даргын А/122 тоот 1,0 га газрыг ХУДЗТГт олгосон гэж сонсож байсан байсан боловч ямар ч захирамжтай танилцаагүй . 2019 оны 11 сарын 19 нд Хан-Уул дүүргийн засаг даргад хандах бидний өргөдлийг Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн. Газар зохион байгуулалтын алба нь танай ашигладаг гэх газар нь Нийслэлийн нутаг дэвсгэрт харьяалагддаг тул хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Ингээд НЗДд хандах үед мөн л нийслэлийн газар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн. Газар зохион байгуулалтын алба нь Байгаль орчин, Аялал жуучлалын яам, Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газруудын хамтарсан хилийн цэс тогтоох ажлын хэсгийн дүгнэлт гараагүй гээд асуудал шийдэж өгөөгүй. Одоо болтол хилийн цэс тогтоох дүгнэлт гарах эсэх нь Тодорхойгүй байна. Хан-уул дүүргийн засаг дарга болон НЗД нар нь манай ашиглаж байгаа газар болон 2018 оны 3 сарын 27-нд Хан-Уул дүүргийн Засаг даргын А/122 тоот захирамжаар олгосон газар нь орондоо давхцалгүй дээрхи захирамж нь манай эрх ашгийг хөндөөгүй гэж үзэн газрын давхцалын асуудлыг тодруул гэж газрын албандаа шилжүүлэн давхцалын асуудал шийдэгдэхгүй өнөөдрийн өдрийг хүрч байна. Хамгийн сүүлд дахин хариугаа авах талаар гомдол гаргах үед 2020 оны 6 сарын 02-нд Газрын “Т” ХХК-нд Монгол Улсын  Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны сайдын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4 т заасны дагуу шүүхэд ханд гэсэн хариуг өглөө. 2017 оны 10 сарын 03-ны өдрийн А/288 тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат газар тусгай хамгаалалттай Тайны ам нэртэй газар 12.0 га газар нь 2018 оны 3 сарын 27-нд Хан-Уул дүүргийн Засаг даргын А/122 тоот захирамжаар 1,0 га газрыг ХУДЗТГт олгосон гэх газартай давхцалтай эсэхийг шийдвэрлэж өгөхгүй манай газар дээр барилга үргэлжлүүлэн барьж манай эрх ашгийг зөрчсөөр байна. Барилга одоо 80-90 хувийн гүйцэтгэлтэй дуусах гэж байна. Дээрхи хоёр байгууллагын дунд бид хохирсоор ирсэн. Шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрхи маргаан бүхий газар дээр дахин Нийслэлийн засаг даргын 2018 оны 10 сарын 09-ний өдрийн А/955 тоот захирамж гарч ХУДЗТГт 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх шийдвэр гарсан гэдгийг мэдсэн тул хамтран хариуцагчаар Нийслэлийн Засаг даргыг татан, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна.

Иймд 2018 оны 3 сарын 27-нд Хан-Уул дүүргийн Засаг даргын А/122 тоот захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 сарын 09-ний өдрийн А/955 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.      

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Т” ХХК нь Монгол Улсын Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны сайдын 2017 оны 10 сарын 03 өдрийн А/288 тоот тушаалаар Богдхан уулын дархан Цаазат газар, тусгай хамгаалалттай Тайны ам нэртэй газарт 12.0 га талбайг 5 жилийн хугацаатайгаар ашиглах болсон.

Гэтэл 2018 оны 11 сард манай ашиглалтын газар дээр барилга барьж эхэлсэн. Бид Байгаль орчин аялал жуулчлалын яаманд газар давхцуулан олгосон байна гэж хандахад 2019 оны 12 дугаар сарын 25-нд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ямар нэг давхцалгүй байна гэсэн хариу өгсөн . Бид 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Хан-Уул дүүргийн Засаг даргын А/122 тоот захирамжаар 1,0 га газрыг ХУДЗТГт олгосон гэж сонсоод 2019 оны 11 дүгээр сарын 19-нд Хан-Уул дүүргийн засаг даргад хандахад бидний өргөдлийг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн. Газар зохион байгуулалтын алба нь танай ашигладаг гэх газар нь Нийслэлийн нутаг дэвсгэрт харьяалагддаг тул хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгсөн.

Ингээд НЗДд хандах үед мөн л Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн. Газар зохион байгуулалтын алба нь Байгаль орчин, Аялал жуучлалын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газруудын хамтарсан хилийн цэс тогтоолгох ажлын хэсгийн дүгнэлт гараагүй учраас асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн.

Хан-Уул дүүргийн Засаг дарга болон НЗД нар нь манай ашиглаж байгаа газар болон 2018 оны 3 дугаар сарын 27-нд Хан-Уул дүүргийн Засаг даргын А/122 тоот захирамжаар олгосон газар нь хоорондоо давхцалгүй дээрх захирамж нь манай эрх ашгийг хөндөөгүй гэж үзэж газрын давхцалын асуудлыг тодруулах байдлаар газрын албандаа шилжүүлэн давхцалын асуудал шийдэгдэхгүй өдрийг хүрч байна.

Хамгийн сүүлд дахин хариугаа авах талаар гомдол гаргах үед 2020 оны 6 дугаар сарын 02-нд Газрын тухай хуулийн 60-р зүйлийн 60.1.4-д заасны дагуу шүүхэд ханд гэсэн хариуг өгсөн.

“Т” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 тоот тушаалаар олгогдсон Богдхан уулын дархан цаазат газар тусгай хамгаалалттай Тайны ам нэртэй газартай 12.0 га газар дээр давхцуулан 2018 оны 3 дугаар сарын 27-нд Хан-Уул дүүргийн Засаг даргын А/122 тоот захирамжаар 1,0 га газрыг Хан-Уулын дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон нь манай компанийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн захирамжийн дагуу байшин барьж байгаа учраас Хан-Уул дүүргийн Засаг даргаас хүсэлт гаргаж маргаан бүхий газар дээр дахин Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/955 тоот захирамж гарч ХУДЗТГт 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх шийдвэр гарсан гэдгийг бид мэдсэн.

Иймд 2018 оны 3 дугаар сарын 27-нд Хан-Уул дүүргийн Засаг даргын А/122 тоот захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/955 тоот захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/122 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-д заасны дагуу Засаг даргын Тамгын газарт Ахмадын сувилал барих зориулалтаар 1.0 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

Ахмад настны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2-д “сум, дүүргийн Засаг дарга ахмад настны талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ахмад настныг нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээнд хамруулах талаар эрх бүхий байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх, ахмад настныг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эрүүл мэндийг нь хамгаалах, ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь татан буугдсан, өөр орон нутгаас шилжин ирсэн ахмад настныг бүртгэж, нийгмийн хамгааллын арга хэмжээнд хамруулах” гэж заасан.

Энэ ажлын хүрээнд 2017 онд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А/21 дүгээр тогтоолоор “Ахмадаа дээдэлье” хөтөлбөрийг батлуулан настнуудын эрүүл мэндийг хамгаалах мөн эрүүл мэндийн байгууллагын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ахмадын сувиллыг барьж байна.

Дээрх байршил нь дүүргийн нутаг дэвсгэр бөгөөд Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор баталсан Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийн гадна байрлалтай хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ болон гэрээтэй аливаа газар эзэмшигч, ашиглагч байгууллагатай газрын давхцалгүй болно.

Иймд “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож үү” гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах. гэж заасны дагуу 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/122 дугаар захирамж гаргасан.

Ахмад настны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2-д Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ахмад настны онцлог, хэрэгцээ, шаардлагад нийцсэн эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, насжилтын судалгааны төв, ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, тусгайлсан төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, энэ талаарх хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг хангах үүрэг хүлээнэ. " гэж заасныг хэрэгжүүлэх үүднээс Засаг даргын Тамгын газарт ахмадын сувилал барих зориулалтаар 1.0 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

Уг захирамжийг гаргахдаа мөн Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу нийслэлийн газар нутгийн эрх хэмжээний хүрээн дэх асуудал байсан учраас хуульд заасан шаардлага журмын дагуу хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ болон гэрээтэй аливаа газар эзэмшигч, ашиглагч байгууллагатай газрын давхцалгүй байсны улмаас олгогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэмэгдүүлэн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна:

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/955 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах 10000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай ахмадын сувиллын зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийг ХУДЗТГт олгосон байна. Тус захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн гарсан болно.

Мөн маргаан бүхий акт нь зөвхөн "Т” ХХК-д хаяглагдан гараагүй ба 87 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмших, ашиглах эрх олгосон захирамж тул хүчингүй болгох боломжгүй юм.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/955 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхжин шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/955 тоот захирамжийг хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн гэж үндэслэлээр хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Маргаан бүхий захирамж нь газар эзэмших эрхийг баталгаажуулахаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2.3-д нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна;, 21 дүгээр зүйлийн 21.2.4-д хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах., 33 дугаар зүйлийн 33.1-д Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ: гэж тус тус заасныг үндэслэж гарсан.

Эдгээр хуулийн заалт нь Нийслэлийн Засаг даргын бүрэн эрх хэмжээг тодорхойлсон зохицуулалт. Энэ нь тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасан газрыг дүүргийн Засаг даргаас саналыг авч шинээр баталгаажуулж олгосон өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан захирамж.

Энэ маргаан бүхий захиргааны актын хувьд НЗД хил зааг, нутаг дэвсгэрийнхээ хүрээнд өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлж газар олгосон асуудал байгаа. Захирамж гарах үед ямар нэгэн давхцалтай асуудал мэдээллийн санд байхгүй байсан. Холбогдох баримт шинжээчийн дүгнэлтээр тодорхой болсон гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/955 тоот захирамж нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна” гэв.

Гуравдагч этгээд ХУДЗТГ шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах гаргаж байна.

Тус дүүрэг нийт 16645 ахмад настантай бөгөөд дүүргийн нутаг дэвсгэрт ахмад сувиллын үйлчилгээ үзүүлдэг 3 рашаан сувиллын газар үйлчилгээ үзүүлж байна.

Эндээс үүдсэн сувиллын үйлчилгээ үзүүлэх бодит хэрэгцээг харгалзан дүүргийн Засаг даргын 2018 оны А/122 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10-ний өдрийн А/955 дугаар захирамж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 06 дугаар тогтоолыг тус тус үндэслэл Засаг даргын Тамгын газарт Ахмадын сувилал барих зориулалтаар эзэмшүүлсэн 8 дугаар хорооны Жаргалантын аманд 10000 м.кв талбайд дүүргийн ахмадуудад сувиллын үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий барилгын ажлыг дүүргийн төсвийн хөрөнгөөр 2019-2020 онд гүйцэтгэж байгаа бөгөөд барилгын ажил 70 хувьтай явагдаж байна.

Газрын тухай хуульд заасны дагуу Нийслэлийн болон дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Шүүхэд бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

   Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ц Богдхан уулын дархан цаазат газрын Тайны ам нэртэй газарт олгогдсон 12.0 га газартай давхцуулан газар олгосон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/122 тоот захирамж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/955 дугаар захирамжийн холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-д заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутагт орших “Тайны ам” нэртэй газарт 12 га газрыг “Т” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар 0160888 дугаартай газар ашиглах гэрчилгээ  олгожээ. 

Гэхдээ уг 12 га газрыг ашиглах гэрээ байгуулагдаагүй, газрын төлбөрийг төлөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч газрын маргаантай байсан тул гуравласан гэрээ байгуулах боломж олдоогүй гэж тайлбарлав.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Тайны ам” нэртэй газарт нэхэмжлэгч компанид Байгал орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 12 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар олгосон газартай давхцуулан тус дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/122 дугаар захирамжаар  төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд “Ахмадын сувилал” зориулалтаар 1.0 га газрыг тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн бөгөөд уг газрыг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А/955 дугаар захирамжийн  холбогдох хэсгээр уг 1.0 га газрын эзэмших эрхийг баталгаажуулжээ.

Хэрэгт цугларсан баримт хэргийн оролцогчдын тайлбараар маргаан бүхий газарт ахмадын сувилал барих зориулалтаар төсөвт байгууллагад 1.0 га эзэмшүүлсэн Нийслэлийн болон дүүргийн Засаг даргын захирамжууд хууль зөрчөөгүй байна.

   Учир нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-д зааснаас бусад газрыг....дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах;”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа,болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ:”, 33.1.1-д “энэ хуулийн 29.1,29.2,29.3-д заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх шийдвэрийг.....тухайн шатны Засаг дарга гаргана.” гэж зохицуулжээ.

   Нэхэмжлэгч компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримттай холбон авч үзвэл ахмадын сувилал зориулалтаар дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1.0 га газар эзэмшүүлсэн хариуцагчийн маргаан бүхий А/122 болон Нийслэлийн Засаг даргын мөн оны А/155 дугаар захирамжийн холбогдох хэсэг хуулийн дээрх зохицуулалтуудтай нийцсэн байна.

   Маргааны гол үндэслэл нь нэхэмжлэгч “Т” ХХК-д ашиглуулсан гэх 12.0 га газар түүнтэй давхцуулан эзэмшүүлсэн 1.0 га газрын байршил нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байгаа юу эсвэл Нийслэлийн харьяаны нутаг дэвсгэрт хамаарч байгаа юу гэдгээс хамаарч тэнд газар ашиглах болон эзэмших эрхтэй этгээдийн эрх хөндөгдсөн эсэх асуудал тодорхойлогдохоор байна.

   Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2/2466 дугаар албан бичгээр  “....Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2020 оны 08 дугаар сарын зурган мэдээлэлтэй давхцуулан үзэхэд 0160888 тоот гэрчилгээний дугаартай 59903 м кв талбайтай газар нь нэгж талбарын 1781110052 дугаар бүхий 9992 м кв талбайтай газартай 9161 м кв талбайгаар давхцалтай бөгөөд уг газрууд нь тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд хамаарагдаж байна.” гэсэн боловч хэргийн оролцогчдын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 8057 дугаар захирамжийн дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын А/268 дугаар тушаалаар томилогдсон шинжээчийн дүгнэлтээр “Богдхан уулын дархан цаазат газар”-ын хилийн заагийн мэдээллийг албажуулан зургийн хамт ирүүлсэн.

   Шүүхээс шинжээчийн дүгнэлтээр ирүүлсэн дархан цаазат газрын хил заагийн зурагт энэ хэргийн маргаан бүхий газар аль хэсэгт нь хамаарч байгааг тодруулж ирүүлэх тухай шаардлагад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 1/537 дугаар албан бичгээр маргаан бүхий газрын байршлын солбицлыг өнгөөр ялгасан зурган мэдээллийн хамт ирүүлэхдээ маргаан бүхий газар нь тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд хамаарахгүй байна гэжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Т” ХХК-ийн ашиглах эрхтэй гэх 12.0 га газартай давхцуулан төсөвт байгууллагад олгосон 1.0 га газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын хилийн заагт бус харин Нийслэлийн газар нутагт хамаарч байгаа нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлт, газрын хилийн заагийн зурган мэдээллээр нотлогджээ.

Түүнчлэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны А/65 дугаар тушаалаар Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар тогтоосон “Богдхан уулын дархан цаазат газар”-ын хил заагийг нягтлан тогтоох, эргэлтийн цэгүүдийг солбицолжуулах, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг томилж, ажлын хэсгийн дүгнэлтийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр албажуулан үр дүнг мөн оны 08 дугаар сард тус байгууллагын даргын зөвлөлийн хурлаар, 2020 оны 09 дүгээр сард Газрын шинэтгэлийн хорооны хурлаар тус тус хэлэлцэн дэмжигдсэн байна.

Ийнхүү “Богдхан уулын дархан цаазат газар”-ын нарийвчлан тодруулж, зурагласан хил заагийн мэдээллийг Газрын шинэтгэлийн хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжсэнээр уг мэдээллийг газрын кадастрын улсын мэдээллийн санд шинэчлэн оруулж, газрын харилцаатай холбоотой үйл ажиллагаанд мөрдөж ажиллахаар болжээ.

Шүүгчийн захирамжийн дагуу томилогдсон шинжээчийн дүгнэлт, түүний хавсралт зургаар ирүүлсэн дархан цаазат газрын хил заагийн зураг болон Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2021 оны 03 дугаар сарын зурган мэдээллийг өнгөөр ялган ирүүлсэн мэдээлэл зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон тус компанийн ашиглах эрхтэй газартай Нийслэл, Дүүргийн Засаг даргын захирамжуудаар давхцуулан газар олгосон гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ирүүлсэн нотлох баримтаас дүгнэвэл нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг зөрчсөн, хууль бус захиргааны акт гаргасан байдал тогтоогдсонгүй.

          Түүнчлэн Байгал орчин, аялал жуулчлалын яамнаас нэхэмжлэгч компанид 12.0 га газар ашиглуулах шийдвэр гаргаж газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон боловч тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ байгуулаагүй байгаа нь нэхэмжлэгч “Т” ХХК уг газрыг хууль журамд нийцүүлэн бодитоор ашиглах эрхтэй байсан гэж үзэхээргүй байна.

          Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар газар ашиглагч нь дүүргийн Засаг дарга болон хамгаалалтын захиргаатай хамтран гуравласан гэрээ байгуулах, Байгал орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4 дэх хэсэгт  зааснаар гэрчилгээ олгогдсон өдрөөс хойш 3 сарын дотор уг гэрээг байгуулах заалтууд бодитоор хэрэгжээгүй байна.

          Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд авч үзвэл Нийслэлийн газар нутагт хамаарах байршилд 1.0 га газрыг “Ахмадын сувилал” зориулалтаар төсөвт байгууллагад олгосон маргаан бүхий захиргааны акт тус компанийн газар ашиглах эрхийг хөндсөн гэж үзэх боломжгүй.

          Иймд нэхэмжлэгчийн ашиглаж байсан гэх 12.0 га газартай давхцуулан дүүргийн Тамгын газарт 1.0 га газар эзэмшүүлсэн маргаан бүхий дүүргийн Засаг даргын А/122 тоот захирамж, Нийслэлийн Засаг даргын А/955 тоот захирамжийн холбогдох хэсэг хууль бус гэх шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1-д заасныг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын Тайны ам нэртэй газарт олгогдсон 12.0 га газартай давхцуулан газар олгосон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/122 тоот захирамж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/955 дугаар захирамжийн холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР