Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2457

 

 

 

 

 

 

 

 

 

О.Жгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/03170 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.Жгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г ХХК-д холбогдох  

 

9 712 728 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Энхбулгантамирын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Сүрэнхүү

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Энхбулгантамир

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрэнхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Нэхэмжлэгч О.Ж нь хариуцагч Г ХХК-ийн хүсэлтээр 2000 оноос хойш хамтран ажилласан ба тус компанийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран, цагдаагийн академийн өргөн чөлөө, 50 тоот хаягт барилга барихаар ажил эхлүүлсэн. Ингэхдээ газрын болон барилгын зөвшөөрөл нь гараагүй байсан бөгөөд нэхэмжлэгч тал тухайн үед барих барилгын зураг төслийг боловсруулж өгдөг, барилга барихад хамтарч ажилладаг байсан. Хариуцагч Г ХХК болон нэхэмжлэгчийн үүсгэн байгуулсан “Тамирын шугуй” ХХК-ийн хооронд 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Барилга угсралт удирдлагын болон холбогдох ажлын гэрээг байгуулсны дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид 2 000 ам.доллар өгнө гэж тохирсон боловч уг мөнгөө өгөөгүй. Хариуцагч компанийн удирдлагууд тухайн үед гүйцэтгэгч компанид мөнгө өгөөд яах вэ, харин танд хувиар чинь мөнгө өгье гэж амаар тохирч, өнгөрсөн хугацаанд бэлнээр өгч байсан боловч тэд энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна.

Хариуцагч тал 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчид нийт 33 883 160 төгрөгийг өгсөн боловч 2 000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх монгол төгрөг өгнө гэсэн амлалт буюу үүргээ үл биелүүлж, 3 200 000 – 4 000 000 төгрөгийн хөлс өгсөн, ингэхдээ 4 800 000 төгрөгийг үндэслэлгүйгээр суутгасан ба бидний тооцож байгаагаар 7 885 638 төгрөгийн цалин хөлсийг дутуу олгосон. Энэ талаар хариуцагчид удаа дараа мэдэгдэхэд нэхэмжлэгчийн сарын цалин хөлсийг 2 000 ам.доллар гэж тохироогүй, харин 4 000 000 төгрөг гэж тохирсон, өнгөрсөн хугацаанд 33 883 160 төгрөгийг олгосон хэмээн хариу өгдөг ч үүнийгээ баримтаар нотолдоггүй. Нэхэмжлэгч О.Ж гуай 2016 он хүртэлх хугацаанд 2 томоохон барилга ашиглалтад оруулахад гар бие оролцсон байхад хариуцагчийн зүгээс түүний чадвар, ажил мэргэжлийг ашиглачихаад одоо болохоор бидэнд хэрэггүй хэмээн үл хүндэтгэж байгаад гомдолтой байна. Хариуцагч тал 2016 онд нэхэмжлэгчид 2 000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөг өгнө гэсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд хэрэгт авагдсан Монгол банкны гадаад валютын ханшаар тооцоход дээрх хэмжээний цалин хөлс дутуу олгосон болох нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан хариуцагч талаас гаргаж өгсөн цалингийн задаргааны хүснэгтийн хамгийн хойд хэсэгт ам.долларын ханшийг дурьдсан байгааг үзвэл талуудын хооронд 2 000 ам.доллартай тэнцэх төгрөг өгөх тухай тохиролцоо байсан гэдгийг илэрхийлдэг. Хэрэгт авагдсан хариуцагч Г ХХК болон “Элста” ХХК нарын хооронд 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээ, мөн тус компанийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Би И Эс Ай Жи Эн” ХХК-тай байгуулсан гэрээнүүдийг хариуцагчийг төлөөлж нэхэмжлэгч О.Ж гарын үсэг зурахдаа гүйцэтгэх захирлын чиг үүргийг хэрэгжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тэрээр “Тамирын шугуй” ХХК-ийг үүсгэн байгуулж, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан боловч түүнд 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд цалин хөлс олгосон атлаа Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаагүй, мөн ажил олгогчоос төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагчаас 2016 онд дутуу олгосон цалин хөлсөнд 7 885 638 төгрөг гаргуулж, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Т.Энхбулгантамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн цалингийн задаргаанд зааснаар суутгасан 4 800 000 төгрөгийг хуульд заасан шимтгэл, хүн амын орлогын албан татварыг суутгаж, 4 158 520 төгрөгийг төлсөн байх тул зөрүү 3 727 118 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн зүгээс өнгөрсөн 2016 онд нэхэмжлэгчид нийт 33 883 160 төгрөгийг төлж, үүн дээр нэмж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4 158 520 төгрөгийг нэмж төлсөн тул дутуу цалин хөлс олгосон асуудал байхгүй. Талуудын хооронд 2 000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх монгол төгрөг өгнө гэсэн тохиролцоо хийгдээгүй бөгөөд харин 4 000 000 төгрөгийн цалин хөлс олгохоор тохирч, хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн ба хариуцагч тал энэхүү тохиролцоогоо биелүүлж, нийт 38 041 680 төгрөгийн цалин хөлс төлж, Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар даатгуулагч болон ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. Зохигчдын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч тал өөрөө “Тамирын шугуй” ХХК-ийг үүсгэн байгуулж, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Г ХХК-тай хамтарч ажиллаж байсан тул гэрээний дагуу компанид төлбөр төлж байсан болохоос бус хувь хүнд төлбөр төлж байгаагүй юм. Хариуцагчийн хувьд хувь хүнд бус компанид гэрээний дагуу төлбөрийг төлж байсан тул нягтлан бодох бүртгэлийн ийм баримтууд байхгүй талаар тодорхой дурьдсан. Мөн нэхэмжлэгч 2016 оны 01 дүгээр сарын цалинг авахад л өнөөдрийн яриад байгаа Монгол банкны ханшийн зөрүүний асуудал үүсэх байсан. Иймд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасныг үндэслэн хариуцагч Г ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвар суутгасны дараах дүнгээр 3 624 912 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Жд олгож, нэхэмжлэлээс 4 260 726 төгрөгт холбогдох хэсэг болон 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 56 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар 240 560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 72 949 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Энхбулгантамир давж заалдах гомдолдоо “... Хавтаст хэргийн 6 дахь талд авагдсан Цалингийн задаргаанаас үзэхэд нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарыг дуустал нийт 12 сарын туршид “Грийн сити" ХХК-иас цалин авсан байдаг. Нэхэмжлэгч энэхүү цалингийн задаргааны 8 дахь баганад тусгагдсан "гарт олгосон цалин"-г 2016 онд сар бүр хүлээн авсан талаар шүүх хуралдаан дээр батлан мэдэгдсэн. Энэхүү гарт олгосон 12 сарын цалингийн нийлбэр дүн нь 33 883 160 төгрөг бус 37 355 376 төгрөг юм. Нэхэмжлэгч 2016 онд сар бүр гар дээр авсан цалингийн дүнгээ хүлээн зөвшөөрч байхад шүүх шийдвэр гаргахдаа 11 сараар бодогдсон 33 883 160 төгрөгийн дүнг ашигласан нь алдаатай болсон. Түүнчлэн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд "Нэхэмжлэлийн шаардлагын тодруулга" гаргаж өгсөн бөгөөд энэхүү тодруулгадаа "Грийнсити" ХХК-иас 2016 онд гарт олгосон цалингийн хэмжээг сар бүрээр тооцож авснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Нэхэмжлэгчийн тодруулгын /хх 99-100/ 1-р хэсэгт агуулагдаж буй хүснэгтэн тооцооллын 9 дэх баганад бичигдсэнээр нэхэмжлэгч нь "Грийн сити” ХХК-иас 2016 онд дараах цалинг гар дээр авсан болохоо хүлээн зөвшөөрсөн.

...Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2016 онд 37 355 376 төгрөгийн цалинг гар дээр авснаа нэгэнт хүлээн зөвшөөрсөн байтал шүүх 33 883 160 төгрөгийн цалин олгосон байна хэмээн тооцооллын хувьд алдаатай дүгнэлт хийжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг нэг сарын 4 000 000 төгрөгийн цалинтайгаар 2016 онд хөлсөөр ажиллуулахаар болж 2016 оны 1-р сард 4 009 760 төгрөг, 2-7-р сард сарын 3 200 000 төгрөг, 8-12 дугаар сард сарын 4 000 000 төгрөгийн цалин олгосон. /хх 91/. Хариуцагч нь нэхэмжлэгчид 2016 оны 1-р сард 4 009 760 төгрөг, 2016 оны 2-12-р саруудад сарын 4 000 000 төгрөг олгох ёстой байсан. Үүнээс сар бүр төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэл 149 760 төгрөг, ХХОАТ-т 378 024 төгрөг суутгаж тооцоход хариуцагч нь нэхэмжлэгчид 2016 оны 1-р сард 3 481 000 төгрөг, 2016 оны 2-12-р сард 3 472 216 төгрөг, нийт 41 675 376 төгрөг олгох ёстой. Гэтэл эдийн засгийн хямралаас үүдэлтэйгээр хариуцагч нь 2016 оны 2-7р саруудад нийт ажилчдын цалинг 20 хувиар бууруулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан энэ хугацаанд нэхэмжлэгчид олгох цалинг мөн хувиар бууруулж цалингаас нийт 4 800 000 төгрөг дутуу олгосон болно. Үүний улмаас хариуцагч нь 2016 онд нийтдээ 37 355 376 төгрөгийн цалинг нэхэмжпэгчийн гарт олгосон. Иймд хариуцагч нь 2016 онд нэхэмжлэгчийн гарт олгох ёстой цалингаас 4 320 000 /41 675 376 - 37 355 376=4 320 000/ төгрөгийг дутуу олгосон болох нь харагдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн 1-р шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 2-7-р сарын хугацаанд суутгасан цалин нийт 4 800 000 төгрөгийг нөхөж олгосон бөгөөд үүнээс хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл 187 200 төгрөг, ХХОАТ 454 280 төгрөгийг тус тус суутгаж /хх 92-93/ 4 158 520 төгрөгийг Голомт банкин дахь О.Жамьянсүрэнгийн дансанд 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн болно. /хх 52/ Энэхүү нөхөн олгосон цалинг нэхэмжлэгч хүлээн авсан болохоо зөвшөөрсөн. Шүүх хариуцагчаас нэмж 3 624 312 төгрөгийг гаргуулж буюу нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2016 оноос өмнө ямар нэгэн гэрээний эрх зүйн харилцаанд ороогүй бөгөөд энэ хугацаанд иргэн О.Жамьянсүрэн “Грийн сити" ХХК-д ажиллаж байгаагүй болно. Харин энэ хугацаанд хариуцагч "Тамирын шугуй" ХХК-тай 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Барилга угсралтын удирдлагын болон холбогдох бусад ажлын гэрээ”-ний дагуу барилга угсралтын ажлын явц дахь зохион байгуулалт, хяналт, холбогдох бусад ажлыг гүйцэтгүүлж байсан бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлаар О.Жамьянсүрэн ажиллаж байсан. /хх 47-51/

Шүүх “Г" ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар нэхэмжлэгчийг томилсон шийдвэр байхгүй энэ зорилгоор зохигчдын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй байхад 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгч нь хариуцагч компанид гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

...Зохигчдын хооронд 2016 оноос өмнө, 2017 оноос хойш ямар нэгэн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нь хариуцагч компанид ажиллаж байгаагүй тул энэ хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлөх эрх зүйн үндэслэлгүй юм. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас нэмж 3 624 912 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

       Нэхэмжлэгч О.Ж нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан дутуу авсан цалин хөлс 9 712 728 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дутуу авсан цалин хөлс 7 885 638 төгрөг гаргуулах, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай гэж багасгаж тодруулсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

       Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч О.Ж нь “Тамирын шугуй” ХХК-ийг үүсгэн байгуулж, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Г ХХК-тай “Барилга угсралтын удирдлагын болон холбогдох ажлын гэрээ” байгуулж, хамтран ажиллаж байсан тухай талууд маргаагүй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийг тус компанийн гүйцэтгэх захирлын хувиар 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Элста” ХХК-тай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”, мөн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Би И Эс Ай Жи Эн” ХХК-тай байгуулсан “Барилга бүтээцийн зураг төсөл боловсруулах тухай гэрээ”, түүнчлэн Монгол Улсын зөвлөх инженер З.Пүрэвсүрэн нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Барилгын зохиогчийн хяналт гүйцэтгэх гэрээ”-г тус тус байгуулсныг үгүйсгээгүй байх тул нэхэмжлэгч нь 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хариуцагч компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан гэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. /хх 13-15, 42-45/

 

            Хариуцагч тал Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг үндэслэн нэхэмжлэгчийг тус компанийн гүйцэтгэх захирал байгаагүй гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

            Хэргийн 6 дугаар талд авагдсан цалингийн задаргаа гэх баримтаас үзэхэд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч О.Ж нь хариуцагч Г ХХК-иас нийт 33 883 160 төгрөгийн цалин хөлс авсан гэх үйл баримтын талаар зохигчид маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь “2 000 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг тухайн өдрийн ханшаар тооцож өгөөгүй” гэж, хариуцагчийн өмгөөлөгч “талуудын хооронд 2 000 ам.доллартай тэнцэх хэмжээний монгол төгрөгөөр цалин хөлс олгохоор тохиролцоогүй, тэдгээрийн хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэнийг үндэслэн амаар сарын цалин хөлсийг 4 000 000 төгрөг гэж тохиролцсон тул нэхэмжлэгчид 33 883 160 төгрөгийн цалин хөлс олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4 158 520 төгрөгийг төлсөн” гэж тус тус тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчийг 2016 онд 2 000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн цалин хөлсийг тухайн өдрийн ханшаар тооцож өгөх үүргээ биелүүлээгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох үүргээ биелүүлж чадаагүй, харин хариуцагчийн өмгөөлөгчийн талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, сарын цалин хөлсийг 4 000 000 төгрөгөөр тогтоосон гэсэн тайлбар болон нэхэмжлэгчийн 2016 онд авсан цалингийн задаргаа зэргийг харьцуулан анхан шатны шүүх зохигчид гэрээний хөлсийг сарын 4 000 000 төгрөгөөр тогтоосон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Г ХХК нь 2016 оны 02 дугаар сараас 2016 оны 07 дугаар сарын хөлснөөс 6 удаагийн үйлдлээр 800 000 төгрөг, нийт 4 800 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй байхаас гадна сарын хөлсийг 4 000 000 төгрөгөөр тохиролцож, нийт 41 666 592 төгрөгийн /гарт олгох/ хөлс төлөхөөс 33 883 160 төгрөгийн хөлс төлж, 7 783 432 төгрөгийн хөлсийг дутуу олгосон байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэл болон татвар суутгаагүй дутуу олгосон 4 800 000 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварыг суутгаж, 4 158 520 төгрөгийг төлсөн ба нэхэмжлэгч тал энэхүү төлбөрийг хүлээн авсан гэх үйл баримтын талаар маргаагүй тул дутуу олгосон хөлс болох 7 783 332 төгрөгөөс хасч тооцон, үлдэх 3 624 912 төгрөгийг хариуцагч Г ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 260 726 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн тооцоолол зөв болжээ.

 

Нэхэмжлэгч О.Ж нь хариуцагч Г ХХК-нд холбогдуулан 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хэргийн 74 дүгээр талд авагдсан Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2562 тоот дугаартай тодорхойлолтыг үндэслэн хариуцагч Г ХХК нь 2013 оноос 2015 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэж тайлбарласан байна.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Нийгмийн даатгалд дор дурдсан ажилтан албан журмаар даатгуулна” гээд 4.2.1-д “өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн заавал даатгуулна гэж заасан ба тус хуулийн 21 дүгээр зүйлийн 7 болон 15 дугаар зүйлийн 15.1, 17.1.1-д тус тус зааснаар шимтгэл төлөгч /ажил олгогч хуулийн этгээд/ нь даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж заажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаан дахь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого тодорхой бус байх тул хариуцагчийг ямар хэмжээний хөдөлмөрийн хөлснөөс ийнхүү ногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байсан нь тогтоогдоогүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй, энэ талаараа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлож чадаагүй байна.

 

Хэрэгт авагдсан “Тамирын шугуй” ХХК болон хариуцагч Г ХХК нарын хооронд 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Барилга угсралтын удирдлагын болон холбогдох ажлын гэрээ”-ний 3 дугаар зүйлд 53 000 ам.долларыг гүйцэтгэгчид төлөхөөр тохиролцсон байх боловч тус гэрээг нэхэмжлэгч тал хувь хүнээр бус хуулийн этгээдийг төлөөлж байгуулсан, тэдгээрийн хооронд үүссэн гэрээний харилцаа байх тул Нийгмийн даатгалын тухай хуульд заасан даатгуулагч иргэн болон ажил олгогчийн шимтгэл төлөх эрх, үүрэг үүсэхгүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн гаргасан 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Т.Энхбулгантамирын гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/03170 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн өмгөөлөгч Т.Энхбулгантамирын төлсөн 72 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНХАНД

                                           ШҮҮГЧИД                                   С.ЭНХТӨР

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН