Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2024/0124

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

О” ХХК-ийн

    нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч З.Ганзориг

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О

Нэхэмжлэгч: О” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар

Нэхэмжлэлийн шаардлага: “******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажилд гарсан зардлыг ам.доллароор шилжүүлэн тооцож байгаа буюу тухайн үеийн гэрээнд бичигдсэн дүн болох 46,836,653 төгрөгөөр тооцохоос татгалзаж байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бусд тооцож, илүү төлсөн зөрүү 71,947,012 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөхийг даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 895 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2023/0615/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О” ХХК-иас хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажилд гарсан зардлыг ам.доллароор шилжүүлэн тооцож байгаа буюу тухайн үеийн гэрээнд бичигдсэн дүн болох 46,836,653 төгрөгөөр тооцохоос татгалзаж байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бусд тооцож, илүү төлсөн зөрүү 71,947,012 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөхийг даалгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 895 дугаар шийдвэрээр: “...Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 60 дугаар зүйлийн 60.1, 60.7, 60.8, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 37 дугаар зүйлийн 37.3, 52 дугаар зүйлийн 52.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ашигт малтмалын ******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажилд гарсан зардлыг ам.доллароор шилжүүлэн тооцож байгаа буюу 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ХАЗ-20160426 дугаар нөхөн төлбөрийн гэрээнд бичигдсэн дүн болох 46,836,653 төгрөгөөр тооцохоос татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох илүү төлсөн 71.947,012.09 төгрөгийг буцаан төлөхийг хариуцагчид даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...гэрээний 1-р зүйлд “...Монголбанкны албан ёсны ханшийг /1$-2049.39/ үндэслэн тооцоход 22.853.95 ам.доллар болохыг хоёр тал хүлээн зөвшөөрч”, гэрээний 2.1-д ...“эсхүл шууд америк доллароор төлөх”-өөр, мөн тус гэрээний 3 дугаар зүйлийн 1-д “Энэхүү гэрээний 1-д заасан нөхөн төлбөрийн хэмжээг нөхөн төлбөр хийхээр тохиролцсон хугацаанд өөрийн санаачилгаараа өөрчлөхгүй”, мөн зүйлийн 3-д “Нөхөн төлбөр хийсэн баримт бичигтэй танилцан төлбөрийн хэмжээ үнэн зөв эсэхийг магадлахдаа төлбөр хийсэн өдрийн америк доллар ба төгрөгийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшийг баримтална” гэж хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

3.2. “О” ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрийн сангийн 100900000722 дугаар дансанд 118.783.665.00 /нэг зуун арван найман сая долоон зуун наян гурван мянга зургаан зуун жаран таван/ төгрөгийг тушаасан байна. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3-д “Нөхөн төлбөр хийсэн баримт бичигтэй танилцан төлбөрийн хэмжээ үнэн зөв эсэхийг магадлахдаа төлбөр хийсэн өдрийн америк доллар ба төгрөгийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшийг баримтална” гэж заасан байна. Үйлдвэр, худалдааны сайдын 2007 оны 87 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлыг нөхөн төлөх тухай гэрээний загвар, маягтад үнийн дүнг ам.доллароор төлөхөөр нарийвчлан зохицуулсан зохицуулалт байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй ба өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол улсын хэмжээнд нөхөн төлбөртэй холбоотой бүхий л гэрээнүүд тус загвар маягтын дагуу хийгддэг юм.

 

3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасан байна. Нэгэнт талууд гэрээ ёсоор хүлээсэн үүргээ биелүүлж дээрх төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн өдрийн ханшаар тооцож төлсөн нь холбогдох хуулийн заалтыг зөрчөөгүй байна. Мөн гэрээний үнийн дүнтэй холбоотой маргаан нь Захиргааны шүүхийн хянан шийдвэрлэх харьяаллын бус хэрэг байх тул иргэний журмаар гомдлоо гаргах нь зүйтэй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

 

3.4. Захиргааны ерөнхий хуулийн... 94 дүгээр зүйлийн 94.2-т “Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж гомдол гаргах, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаатай холбоотой харилцааг хуулиар нарийвчлан зохицуулсан.

 

3.5. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “...Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно...” гэж тодорхойлсон байгаагаас харахад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй баримтаар тогтоогдоогүй бөгөөд хуулийн дагуу гаргасан өргөдлийг Төрийн захиргааны байгууллага шийдвэрлээгүй орхигдуулсан үйл баримт байхгүй.

 

3.6. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “Энэ хуулийн 14.1-14.4-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах нөхцөлүүдийг тусгайлан заасан бөгөөд 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан байх тул тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хуулийн дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нөхцөл шүүхэд цугларсан баримтаар бүрэн тогтоогдож байсан.

 

3.7. Гэтэл нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх байтал 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0895 дугаар шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх”, 106.4-д “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэх шаардлагыг тус тус хангахгүй байх бөгөөд анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан.

 

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128ШШ/2023/0895 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.6.3-д заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангав. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч “О” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажилд гарсан зардлыг ам.доллароор шилжүүлэн тооцож байгаа буюу тухайн үеийн гэрээнд бичигдсэн дүн болох 46,836,653 төгрөгөөр тооцохоос татгалзаж байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бусд тооцож, илүү төлсөн зөрүү 71,947,012 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

 

2.2. Анхан шатны шүүх “...Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутагт дэвсгэрт зөвхөн зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоог гүйцэтгэнэ, ...захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй” гэж дүгнээд ашигт малтмалын ******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажилд гарсан зардлыг ам.доллароор шилжүүлэн тооцож байгаа буюу 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ХАЗ-20160426 дугаар нөхөн төлбөрийн гэрээнд бичигдсэн дүн болох 46,836,653 төгрөгөөр тооцохоос татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

2.3. Учир нь хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Ашигт малтмалын газар (одоогийн Ашигт малтмал, газрын тосны газар), “О” ХХК нарын хооронд “Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлыг нөхөн төлөх тухай” ХАЗ-2016/04/26 дугаартай гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний

Нэгдүгээр зүйлд “Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт орших Мандал, Тэгшийн алтны шороон орд дээр байрлах МV-045651 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд 1979-1980, 1986-1988 онд улсын төсвөөс нийтдээ 58,980,53 төгрөгийн зардал гарсны ногдох хэмжээг үндэслэн Засгийн газрын 2007 оны 81 дүгээр тогтоолоор баталсан журамд заасан аргачлалын дагуу тооцоход 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 46,836,652.91 төгрөг, үүнийг 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Монголбанкны албан ёсны ханшийг /1 доллар=2049,39/ үндэслэн тооцоход 22,853.95 ам.доллар болж байгааг хоёр тал харилцан хүлээн зөвшөөрөв”,  

Хоёрдугаар зүйлийн 1-д “Энэхүү гэрээний нэгдүгээр зүйлд заасан зардлыг 1 жилийн хугацаанд төлөх бөгөөд төлбөр хийх өдрийн төгрөг, америк долларын ханшаар тооцож төгрөгөөр эсвэл шууд америк доллароор төлнө”, мөн зүйлийн 2-т “Энэхүү гэрээний хоёрдугаар зүйлийн 2.1-т дурьдсан онуудад хийхээр хуваарилсан төлбөрийг тухайн онд хавсралт 1-д заасан байдлаар Төрийн сан банкны төгрөгийн 900000712 Ашигт малтмалын газрын дансанд хийнэ”,

Гуравдугаар зүйлийн 3-д “Нөхөн төлбөр хийсэн баримт бичигтэй танилцан төлбөрийн хэмжээ үнэн зөв эсэхийг магадлахдаа төлбөр хийсэн өдрийн америк доллар ба төгрөгийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшийг баримтлана” гэж, харин гэрээний хавсралтад “2016 онд, 3 дугаар улирал, төлбөл зохих америк доллар 22 853,95” гэж зааснаас үзвэл талууд харилцан тохиролцож тус гэрээг байгуулсан байна.

 

2.3. Дээрх гэрээнд зааснаар нэхэмжлэгч “О” ХХК нь төлбөрийг тухайн онд төлөхөөр тохиролцсон боловч тус гэрээний үүргээ биелүүлэлгүй 7 жилийн хугацаа өнгөрсөн нь нэхэмжлэгчээс шалтгаалсан байх бөгөөд хариуцагчаас гэрээний үүргийг гүйцэтгүүлж төлбөр төлөх өдрийн ханшаар төгрөгт хөрвүүлж, төлбөр тооцоог хийхийг шаардаж төлүүлснийг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.

 

2.4. Гэтэл анхан шатны шүүх “...гэрээний төлбөр нь улсын төсөвт төлөхөөр байхад Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Улсын болон орон нутгийн төсөвт төлөх, төсвөөс санхүүжүүлэх аливаа төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх бөгөөд эдгээр төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэхийг хориглохоор хатуу заасантай нийцээгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

2.5. Учир нь хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан “О” ХХК-иас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 118,783,665.00 төгрөгийг шилжүүлсэн Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн баримтаас үзвэл төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэсэн байгаа энэ тохиолдолд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй. Харин анхан шатны шүүх уг баримтыг үнэлээгүй нь буруу болжээ.

 

2.6. Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д ...улсын төсвөөс гаргасан зардлыг олборлолт явуулж эхэлсэн хугацаанаас эхлэн...буцааж төлнө...гэж заасан боловч нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ олборлолт явуулж эхэлсэнтэй холбоотойгоор тодорхойлоогүй тул үүнд дүгнэлт хийх, нотлох баримт цуглуулах шаардлагагүй болно.

 

2.9. Нэхэмжлэгч “О” ХХК-иас Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 118,783,665.00 төгрөгийг хариуцагч захиргааны байгууллагад шилжүүлсэн, ийнхүү шилжүүлсэн нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчээс гаргасан ******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажилд гарсан зардлыг ам.доллароор шилжүүлэн тооцож байгаа буюу тухайн үеийн гэрээнд бичигдсэн дүн болох 46,836,653 төгрөгөөр тооцохоос татгалзаж байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бусд тооцож, илүү төлсөн зөрүү 71,947,012 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөхийг даалгуулах шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

2.10. Харин анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан “...захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус, ...урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг зөрчсөн” гэх тайлбарт нэгэнт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул энэ талаар дахин дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 895 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.8, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-иас гаргасан “******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажилд гарсан зардлыг ам.доллароор шилжүүлэн тооцож байгаа буюу тухайн үеийн гэрээнд бичигдсэн дүн болох 46,836,653 төгрөгөөр тооцохоос татгалзаж байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бусд тооцож, илүү төлсөн зөрүү 71,947,012 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О-ын давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА