Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1685

 

 

 

 

 

      2018 оны 07 сарын 06 өдөр            

Дугаар 183/ШШ2018/01685

                Улаанбаатар хот

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжны 349 тоотод оршин суух Сартуул овогт Хүрэлхүүгийн Д /РД: ХИ38100567/,

            Нэхэмжлэгч: Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Хөдөөгийн 1 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух Нацаг овогт Сумъяагийн Баярцогт /РД:ХГ60112014/ нарын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжны 349 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, 1008 дугаар байрны 12 тоотод түр оршин суух Холингор овогт Батмөнхийн Ц /РД: ШЕ64111614/-т холбогдох

            Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжны 349Б тоотын 691 м.кв газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн  иргэний хэргийг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Дгийн төлөөлөгч Б.Цэндсүрэн, нэхэмжлэгч С.Баярцогт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ганхуяг, хариуцагчийн төлөөлөгч О.Ёндонжамц, гэрч Б.Оюунцэцэг, Ц.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Х.Дгийн төлөөлөгч Б.Цэндсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Манай эмээ Х.Д нь 1938 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд Хүрэлхүүгийн 3 дугаар охин болж төрсөн бөгөөд малчин гэр бүлд өссөн учир сургуульд сураагүй, бичиг үсэг мэдэхгүй, одоо 80 настай. 1957 онд Дөрвөлжин сумын харъяат С.Буянжаргалтай гэрлэж 1957 онд ганц охин Б.Оюунцэцэгийг төрүүлсэн. 1974 онд охин Б.Оюунцэцэг нь Улаанбаатарт Барилгын техникумд хөдөлмөрийн эдийн засагч мэргэжлээр суралцахаар болсон тул ганц охиноо дагаад Улаанбаатар хот луу шилжиж ирсэн. Охин Б.Оюунцэцэг нь анхны нөхрөөсөө 2 нялх хүүхэдтэй салсан ба одоогийн нөх Ц.Батмөнхтэй 1983 онд сууж одоог хүртэл  амьдарч байна. Б.Оюунцэцэг нь 2 дагавар хүүхэдтэй, Ц.Батмөнх нь 7 дагавар хүүхэдтэй нийлж, дундаас нь хүү Б.Батсуурь 1985 онд төрсөн. Хүргэн Ц.Батмөнх нь охин Б.Оюунцэцэгээс 20 насаар ах бөгөөд тэтгэвэрт гарангуутаа охин Б.Оюунцэцэгийг ажлаас нь гаргаад 1994 онд хөдөө мал дээр дагуулж гарсан. Х.Д нь 1978 оны 9 дүгээр сараас Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн аж ахуйн хашааны сахиулаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1991 оны 11 дүгээр сард өндөр насны тэтгэврээ тогтоолгосон ч 1997 он хүртэл сахиулын ажлаа хийж байсан. 1991 онд МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга байсан Дэмбэрэлдаш ирээд манай байгууллага аж ахуйн хашаагаа цаашид байлгахгүй, та 58490 төгрөг төлөөд амьдарч байгаа газраа авч болно гэсэн. Тал газрыг нь жолоочоор ажиллаж байсан эмээгийн эгчийн хүүхэд болох С.Баярцогтод өгнө гэсэн. Уг аж ахуйн газар нь нийт 1 га 400 м.кв хэмжээтэй бөгөөд 2004 онд 10х6 м.кв хэмжээтэй тоосгон агуулах бүхий 350 м.кв газартай хэсгийг нь Энхбат гэдэг хүнд, үлдэх газрын талыг нь Х.Дд, талыг нь С.Баярцогтод МУЗН зарсан. Х.Д 1992 онд насаараа цуглуулсан мөнгө болох 58490 төгрөгийг МУЗН-д тушааж хашаагаа авсан. Харин дүү С.Баярцогт нь 1998 оноос эхлэн хашаандаа байшин барьж эхэлсэн бөгөөд 1999 онд Солонгост ажил хийхээр явж түүний ажил хийж олсон мөнгөөр ээж болон дүү нар нь 2005 онд 5х10 хэмжээтэй модон палкан байшинг  10 орчим сая төгрөгөөр барьж дуусгасан юм. С.Баярцогт нь 2009 онд нутагтаа буцаж ирээд газраа асуухад нь бүх газар миний нэр дээр байгаа, дуртай үедаа байшинтай хэсгээ салгуулаад аваарай гэсэн юм. 2007 онд газрыг иргэдэд өмчлүүлж эхэлсэн үеэр хүргэн Ц.Батмөнх таны газрын бичиг шүү гээд өгсөн. Уг бичиг өнөөдрийг хүртэл эмээгийн авдранд хадгалагдаж байсан. Х.Д нь бичиг үсэг тайлагдаагүй болохоорр энэ газрын гэрчилгээг уншиж ойлгохгүй болохоор хүргэндээ итгээд авдрандаа хийгээд хадгалсан. 2018 оны 01 дүгээр сарын 13-нд миний бие эмээ Х.Д руу ярьж  газрыг Осмо үл хөдлөх дээр зарахаар зар тавигдсан болохыг хэлсэн. Эмээ Х.Д эхлээд итгээгүй, миний авдранд газрын бичиг байгаа шүү дээ гэж охиндоо хэлсэн, тэгээд хэрэг нэг биш боллоо гээд бүгд Осмо руу залгаж асуусан. Гэтэл хүргэн Ц.Батмөнхийн дагавар хүүхэд болох Б.Цын нэр дээр 691 м.кв газрыг нь өмчлүүлээд, 42 сая төгрөгөөр зарна гээд зар тавьсан байсан. Гайхаад Ц.Батмөнхөөс асуухад “..таны энэ газар чинь 1 айлын өмчлөх зөвшөөрсөн хэмжээнээс илүү байсан учраас би авчихсан” гэж хэлсэн. Ц.Батмөнхийг хэн ч газрын гэрчилгээ аваад өг гэж хэлээгүй байхад С.Баярцогт, Х.Д нарын газрыг өөрийн хүүхдийн нэр дээр  бидний зөвшөөрөлгүй, дур мэдэн залилан мэхэлж шилжүүлэн авсан байна. Одоо С.Баярцогтын барьсан байшин нь Б.Цын хууль бусаар өөрийн болгож авсан газар дээр нь байгаа. Энэ Б.Ц гэдэг хүн манай хашаанд хэзээ  ч амьдарч байгаагүй. Эцэг, хүү хоёр нийлж  хууль бусаар бидний эзэмшлийн газрыг өөрийн болгож авсан байна. Энэ талаар охин Б.Оюунцэцэгээс асуухад юу ч мэдээгүй байсан. Х.Дгийн бичиг үсэггүйг далимдуулж, ийм хүн чанаргүй үйлдэл хийсэн Ц.Батмөнхөд үнэхээр гомдолтой байна. Охин Б.Оюунцэцэг нь 35 жил тэр хүнтэй ханилчихаад одоо сална гээд манайд ирээд сууж байна. Бид хүний ёсоор ярилцая гэж Ц.Батмөнхөд хэлэхэд та нар шүүхдээд аваарай, би нэг ч хууль бус үйлдэл хийгээгүй, тэр газрыг хэзээ ч та нарт өгөхгүй гэсэн. Иймд Х.Д, С.Баярцогт нарыг Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжны 349 тоотын 691 м.кв газрын хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэв.

 

            Нэхэмжлэгч С.Баярцогт шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Би 1990-ээд онд Монголын Улаан загалмайн нийгэмлэгт жолоочоор ажиллаж байсан. МУЗН нь аж ахуйн хашаагаа хувьчлах гэж байгаа, та нар ах, дүү хүмүүс тул хуваагаад авчих гэхээр нь авахаар болж нагац эгч Х.Д бид хоёр тогтоол гаргуулаад  60000 орчим төгрөг төлж худалдаж авсан. Миний бие тус газрын өөрийн ногдох хэсэгт 1998 онд байшин барихаар суурьж тавьсан. 1999 онд Солонгос явж ажилласан. Тэндээс мөнгө явуулаад дүү нар байшинг гүйцээн барьж 2002 онд ашиглалтанд оруулсан. 2009 онд ээжийн маань бие муудаж миний бие Солонгосоос ирсэн. Тэр болтол манай ээж лагерийн журмаар тэнд байсан. Х.Д бол манай ээжийн дүү байгаа юм. Газрын бичиг баримт над дээр байгаа, чи хүссэн үедээ өөр дээрээ шилжүүлж аваарай гэсэн учир би газрын гэрчилгээг өөрийн нэр дээр болгох талаар хөөцөлдөөгүй. Гэтэл 2018 оны 1 дүгээр сараас Осмо дээр манай газрыг зарах гээд зар гарсан байсан. Миний бие мөнгийг нь өгөөд авсан, бичиг баримт нь Х.Д гуайд байгаа гэж бодож  байсан учир өөрсдийн өмч гэж үзэж байсан. Гэтэл Б.Ц гэдэг хүн өмчлөгч нь байна гэдгийг сонсоод гайхаж байна. Өөрт оногдох газар дээрээ байшингаа бариад амьдарч байхад яагаад Ц.Батмөнх, Б.Ц нар миний газрыг мэдэгдэлгүйгээр аваад зарах гээд байгааг ойлгохгүй байна. Иймд уг газрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

            Хариуцагч Б.Цын шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа:   Б.Ц нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжны 349Б тоотын 691 м.кв газрыг 2009 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 000041883 тоот өмчлөх эрхийн гэрчилгээгээр эзэмшдэг. Гэтэл шүүхэд Б.Цын хойд эмээ Х.Д, эмээгийн эгчийн хүүхэд С.Баярцогт нар нь түүний хууль ёсны дагуу эзэмшдэг газрын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна. Х.Д бол Б.Цын хойд эмээ. Эмээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжны 349а тоот газрыг өмчлөх эрхийн гэрчилгээгээр эзэмшдэг. Х.Д эмээ шүүхэд ийм нэхэмжлэл гаргаагүй, харин. С.Баярцогт энэ бүгдийг санаачлан шүүхэд ор үндэсгүй, худлаа нэхэмжлэл гаргаж байна гэж үзэж байна. Б.Ц энэ газрыг өмчилж аваад 9 жил болж байна. Уг газрыг 1993 оноос түүний аав Ц.Батмөнх эзэмшиж байгаад 2007 онд тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Батбаярын газар өмчлүүлэх шийдвэрээр өмчлөн авсныг 2009 онд хүү Б.Цт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн. Х.Д гуай энэ бүгдийг мэдэж байсан учир нэхэмжлэл гаргах үндэслэлгүй. Ийм учир Х.Д, С.Баярцогт нар шаардах эрх байхгүй. 1993 оны МУЗН-ийн баримтаас үзэхэд газрыг худалдаагүй, зөвхөн аж ахуйн хашаа, складын барилга, модон сандал, бие засан зэргийг худалдсан байдаг. Газар худалдсан гэх нотлох баримт байдаггүй. МУЗН нь газар эзэмшүүлэх эрхтэй субъект биш. Газрыг улсаас иргэдэд өмчлүүлдэг. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч Б.Оюунцэцэг, Ц.Батмөнх нарын мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Х.Д, С.Баярцогт нар нь хариуцагч Б.Цт холбогдуулан Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжны 349Б тоотын 691 м.кв газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэсгүй гэж үзлээ.

           Маргааны зүйл болох Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжны 349Б тоотын 691 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2007 оны 3 дугаар захирамж болон 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Шийдвэрээр Ц.Батмөнхөд өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Ц.Батмөнх нь дээрх газрыг өөрийн хүү Б.Цогтбаярт 2009 оны 05 дугаар сарын 29-ний өдөр бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн бөгөөд дээрх газар Б.Цын өмчлөлийн болох нь 2009 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 000041883 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

            Маргаж буй газрыг нэхэмжлэгч Х.Д, С.Баярцогт нар 1991 онд Монголын Улаан загалма            йн нийгэмлэгт ажиллаж байхдаа аж ахуйн хашаа болон складын барилга, модон саравч, бие засах газрын бүхээг зэргийн хамт 58.490 төгрөгөөр худалдсан авсан учир өмчлөгчөөр тогтоолгоно гэж шаардсан бол хариуцагч С.Баярцогт нь уг газрыг түүний аав Ц.Батмөнх 1993 оноос эзэмшиж байгаад 2007 онд өмчлөн авсны дагуу 2009 онд түүнд бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн, 1991 онд Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс Х.Д, С.Баярцогт нарт газрыг худалдаагүй, зөвхөн аж ахуйн хашаа, складын барилга, модон сандал, бие засан зэргийг худалдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзлын зарим хэсэг үндэстэй гэж шүүх дүгнэв.

            Учир нь Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн гүйцэтгэх хорооны тэргүүлэгчдийн хурлын 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 103 дугаар тогтоолоор тус хорооны ажилчин Х.Д, С.Баярцогт нарын гаргасан өргөдлийг харгалзан үзэж  аж ахуйн хашаа, складын барилга, модон саравч, бие засах газрын бүхээг зэргийг 58490 төгрөгөөр тэдэнд худалдахаар шийдвэрлэсэн байна.

          Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон гэрч Б.Оюунцэцэг, Ц.Батмөнх нарын мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч Х.Д, С.Баярцогт нар нь дээрх хашаа болон эд хөрөнгийг худалдан авсан учир хашаа болон эд хөрөнгө байрлаж байгаа газрыг  эзэмших эрхтэй.

            Гэвч  Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжны 349А тоотын 360 м.кв газрыг нэхэмжлэгч Х.Д, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжны 349Б тоотын 691 м.кв газрыг Ц.Батмөнх нар тус тус газар эзэмших гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж иржээ.

            Улмаар Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжны 349А тоотын 360 м.кв газрыг нэхэмжлэгч Х.Дд, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжны 349Б тоотын 691 м.кв газрыг Ц.Батмөнхөд тус тус өмчлүүлсэн байна.

            Ц.Батмөнх нь өөрийн өмчлөлийн газрыг 2009 оны 05 дугаар сарын 29-ний өдөр бэлэглэлийн гэрээний үндсэн дээр хүү Б.Цт шилжүүлсэн байна.

          Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэнээр газрыг өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсч, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дүүсгавар болдог ба мөн  хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөвд тооцдог тул хариуцагч Б.Цыг маргаж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж үзнэ.

            Нэхэмжлэгч Х.Д нь Монголын Улаан залгалмайн нийгэмлэгийн аж ахуйн хашаа байрлаж байсан газраас өөрт ногдох хэсгийн газрыг өмчилж авсан тул түүний эрх ашиг, сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй ба харин нэхэмжлэгч С.Баярцогт нь өөрийн байшингаа барин амьдарч буй газрыг хууль ёсоор өмчлөн авч чадаагүйгээс эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.

            Гэвч гэрч Ц.Батмөнхийн “...тухайн маргаан бүхий газрын гэрчилгээг миний бие хөөцөлдөж өгсөн бөгөөд газрыг өмчлөх гэхэд тухайн газар нь нэг хүний өмчлөх хэмжээнээс хэтэрсэн учир хуваа гэж газрын албанаас мэдэгдсэн. Энэ тухай Х.Д гуайд хэлэхэд одоо тэгэхээс яахав, илүүг нь хөөцөлдөж байгаагаараа чи өөрийнхөө нэр дээр ав гэсний дагуу миний бие Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжны 349Б тоотын 691 м.кв газрын өмчлөгч болсон...” гэсэн мэдүүлгээс үзэхэд тэрээр нэхэмжлэгч С.Баярцогт, Х.Д нарын Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс худалдаж авсан хашаа байрлаж байсан газрын нэг хэсэг буюу нэхэмжлэгч С.Баярцогтын байшин байрлаж байгаа газрыг түүнээс түрүүлэн өмчилж авсан байх ба энэхүү маргаан бүхий газрыг эзэмших эрхгүй атлаа эзэмшсэн, улмаар өмчлөн авсантай холбоотой асуудлыг тус шүүх хянан шийдвэрлэх боломжгүй юм.

          Иймд хариуцагч Б.Цыг Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжны 349Б тоотын 691 м.кв газрыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, газар эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гаргасан захиргааны байгууллагатай холбоотой асуудал тус шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамааралгүй байх тул нэхэмжлэгч Х.Д, С.Баярцогт нарын маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн төлсөн 72000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1800 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Цт холбогдох Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжны 349Б тоотын 691 м.кв газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Х.Д, С.Баярцогт нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 72.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 1800 төгрөгийг буцаан  гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                         

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХБАЯР