Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
Хэргийн индекс | 188/2022/0826/Э/220/2022/0722 |
Дугаар | 2022/ШЦТ/816 |
Огноо | 2022-06-28 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/816
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
Улсын яллагч Б.Энэрэл,
Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Б-д холбогдох 2008 03235 0289 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав ээж, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Шанд ** дугаар гудамж, ** тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Тахилтын *** тоотод түр оршин суудаг. Урьд ял шийтгэлгүй, Б овгийн Ч-ын Б /РД:********/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр Шанд нэртэй газар үйл ажиллагаа явуулах “Цахиур” нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа иргэн Д.Б-г “нүүрсний тооцоогоо хийгээгүй байж машиндаа ачсан” гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, унасны дараа нүүр лүү хөлөөрөө 1 удаа өшиглөж зодон, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, таславч мурийлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр Шанд нэртэй газар үйл ажиллагаа явуулах “Цахиур” нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа иргэн Д.Б-г “нүүрсний тооцоогоо хийгээгүй байж машиндаа ачсан” гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, өшиглөн зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
- иргэн Д.Б-аас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-05/,
- хохирогч Д.Б-гийн...2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын онцгой комиссоос хөл хорио тогтоосон байсан болохоор орой 17 цагийн үед эхнэр хүүхдийн хамт хүнс, нүүрс түлээгээ цуглуулахаар гэрээсээ гараад хамгийн ойрын Цахиур нэртэй хүнсний дэлгүүр орсон. Тэгээд эхнэрийг хүнсээ цуглуулж байх зуур би нүүрсээ ачаад цаг хэмнэх санаатай эхнэрт хэлчихээд гадаа байсан нүүрснээс 2 шуудайг машиныхаа ард ачаад буцаж орж ирсэн. Тэгээд эхнэр тооцоо хийх гэж байхаар нь худалдагчид ах нь 2 шуудай нүүрс ачсан шүү гэж хэлсэн чинь та яахаараа хэлэхгүй нүүрс ачдаг юм гээд элдвээр хэлээд байсан чинь ээж нь гарч ирээд мөн хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь эхнэрт хандан наад юм аа боль, эндээс заавал авах ёстой юм уу гэж хэлээд уурлаад гарсан. Тэгээд нүүрсийг нь машинаас буулгах санаатай гараад машин дээр очих үед чи яагаад том том дуугараад байгаа юм гэж хэлэхээр нь өөдөөс нь чамд ямар хамаатай юм гэж хэлтэл хүрч ирээд заамдалцсан...Худалдагч залуу намайг барьж аваад нүүрсэн дээр унагаан нүүр лүү өшиглөсөн ба эхнэр гарч ирээд салгаж байсан...Надад эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн болон эмчлүүлсэн 350,000 орчим төгрөгийн баримт байгаа...гэх мэдүүлэг /хх-25-26/,
- шинжээчийн дүгнэлт...Д.Б-ийн биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духны зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой..гэх /хх-29-30/,
- гэрч Ц.А-ийн...Тухайн үед нөхөр нүүрсээ аччихлаа гээд орж ирсэн бөгөөд худалдагч 20 орчим насны залууд хандан ах нь гадаа нүүрнээс 2 шуудайг машиндаа аччихлаа тооцоогоо дэлгүүрээс худалдан авсан зүйл дээр нэмж хийх үү гэж асуусан. Тэгэхэд худалдагч залуу та яахаараа хэлж ярихгүй нүүрс ачдаг юм гээд уурлаад байсан...Би тооцоогоо хийх гэж байна гэж хэлсэн чинь хулгай гараад байхад гэж хэлсэн. Тэгтэл Б надад хандан наад худалдан авах зүйлээ ч боль, нүүрсийг нь ч буулгаад орхиё, эндээс авах албатай юу гэж хэлээд гараад явчихсан. Тэгтэл миний тооцоо хийх гээд өгсөн картыг худалдагч залуу нь лангуун дээр орхиод Базаррагчаагийн араас гараад явчихсан...Худалдагч залуу, 40 орчим насны муруй хамартай ахтай хамт Б-г зодож байсан. Тэгэхээр нь би гүйж очоод салгаад Б-г бариад авсан чинь шууд ухаан алдаад унах шиг болсон. Тэгэхээр нь цагдаа түргэн тусламж дуудаад өгөөч гэж орилсон чинь худалдагч залуугийн аав нь гэх хүн өөрөө дуудаач гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө гар утсаар цагдаа дуудааж байж байхад Б сэргээд босоод ирсэн...гэх мэдүүлэг /хх-35-36/,
- гэрч Д.-ийн...2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би дэлгүүртэй худалдагч хийгээд сууж байхад дүү Б төмс зөөж лангуун дээр хураагаад байж байсан. Дэлгүүрээр ганц нэг хүн орж ирээд үйлчлүүлээд зогсож байтал гадаа нэг эрэгтэй хүн машиндаа нүүрс ачаад байсан. Урьд манай дэлгүүр нүүрс олон удаа алдаж байсан учир би гадаа хүн нүүрс ачаад байна. Ямар хүн аваад байгаа юм тооцоогоо хийсэн юм уу гээд орилох үед нөгөө залуу гаднаас орж ирээд би танай түлшийг хулгайлсан юм уу, тооцоогоо хийх гэж байхад гээд намайг элдвээр хэлсэн...Би эхнэртэй нь маргалдаж байх хооронд гадаа хүмүүс орилолдоод хаалгаар харсан чинь Б араас нь гарсан нөгөө залуутай барьцалдсан зогсож байхаар нь гүйж гараад салгах үед эхнэр нь араас гарч ирээд нөхрөө өмөөрөөд орилоод байсан...гэх мэдүүлэг /хх-39-40/,
- гэрч Д.С-ын...2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэрээсээ гараад адуугаа гудамжнаас гаргаж бэлчээгээд буцаж ирэх замдаа Цахиурт нэртэй дэлгүүрээс ундаа авах санаатай орох гэхэд үүдэнд нь тухайн дэлгүүрийн ажилд туслаад байдаг залуу өөр нэг хүнтэй чамд ямар хамаатай юм гэж хэлээд хоорондоо маргалдаад барьцалдсан байсан...дэлгүүрийн залуу маш хурдан хугацаанд зодчихсон байсан гэх мэдүүлэг /хх-43/,
- шүүгдэгч Ч.Б-ий...2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус дэлгүүрт төмс ногоо зөөж өгөөд лангууны ард зогсож байхад эмээ Н надад хандан гадаа хүн нүүрс зөөгөөд байна шүү гэхээр нь гарах гэхэд нөгөө нүүрс ачсан гээд байгаа хүн дэлгүүрийн үүдээр өөрөө ороод ирсэн. Тэгэхээр нь эгч О болон би тухайн хүнд хандан нүүрсийг эхлээд мөнгөө өгөөд дараа нь ачдаг юм гэж хэлсэн чинь би мөнгийг нь өгөх гэж байхад юун сүртэй юм гээд уурлаад...танайхаас авах албатай юу танайхаас авахгүй гээд нөхөр нь гараад явсан. Тэгтэл нөхөр нь машиныхаа хажууд зогсож байхаар нь та одоо яагаад байгаа юм зүгээр нүүрсээ аваад мөнгөө өгөөч гэж хэлсэн чинь өөдөөс авахгүй гээд орилоод байхаар нь би нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохих үед газар урагшаа нүүр хэсгээрээ газар уначихсан. Тэгтэл миний өмсөж явсан сандаал мултраад гээгдсэн тул оймстой хөлөөрөө нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-47-48, 69-70/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ч.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нэхэмжлээгүй боловч /хх-26/ шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 500.000 төгрөг төлж барагдуулсан баримт /хх-85/ байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан /хх-53-62, 81, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ч.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б 500.000 төгрөгийн торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г