| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0844/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/768 |
| Огноо | 2022-06-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/768
2022 06 15 2022/ШЦТ/768
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
Улсын яллагч Д.Эрдэнэчимэг,
Шүүгдэгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А.О ад холбогдох 2203001800270 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, Архангай аймгийн Хайрхан сумын нийтийн биеийн тамир хариуцсан арга зүйч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 0-р хороо Тахилт 16- 100а тоотод оршин суух хаягтай, О , /рд:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.О нь 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 12 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвгэр Орбитын зам, 42-р сургуулийн хойд талын замд prius 20 маркийн 93-22 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3- т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.М ийг мөргөж, улмаар эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч А.О нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвгэр Орбитын зам, 42-р сургуулийн хойд талын замд “Toyota prius-20” маркийн 93-22 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.М ийг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь :
- 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-13 дахь тал/,
- насанд хүрээгүй хохирогч Б.М ийн... 2022.03.31-ний өдөр би хичээлээ тараад, ах Энх-эрдэнийн хамт гэр рүүгээ явж байгаад ахаасаа салаад замын цаана явж байгаад буцаад ах руугаа очих гэж зам гарч байгаад машинд мөргүүлсэн...Миний зүүн хөл хугарсан...хөл жаахан өвдөөд байгаа...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Болд-Эрдэнийн...Осол гардаг өдөр манай 2 хүүхэд хичээл тарах цаг болж байсан учир би том хүү Б.Э этэй утсаар ярихад дүү бид хоёрын хичээл тарсан гэж хэлэхээр нь аав нь одоо гарлаа, сургууль дээрээ байж байгаарай гэсэн...Би ахын хоёр хүүхдийг дагуулаад сургууль орох гээд өөрийнхөө машинтайгаа явж байсан чинь манай том хүү Энх-Эрдэнэ миний дугаар луу залгаад дүү М ийг машин ирээд аваад явчихлаа гэж хэлсэн...Жолооч А.О миний хүү Б.М ийн эрүүл мэндэд учирсан хохирлыг төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17, 18 дахь тал/,
- насанд хүрээгүй гэрч Б.Э ийн...Би 03 сарын 31-ний өдөр хичээлээ тараад дүү М ийн хамт сургуулиас гараад гэр лүүгээ явсан. Тэгээд замдаа манай дүү ганцаараа замын цаана гарчихсан. Тэгээд би дүүгээ замын цаана гарчихаар буцаад зам гараад ир гэж дуудсан. Тэгсэн манай дүү зам гарч байхад нь хар өнгийн машин ирээд дүүг мөргөчихсөн. Тэгээд би дүү дээрээ гүйгээд очсон чинь манай дүү зам дээр машины урд хэвтэж байсан. Тэгээд жолооч ах бууж ирээд зүгээр үү гэж асуусан. Тэгээд жолооч ах манай дүүг ганцааранг нь машинд суулгаад гэр лүү хүргэж өгнө гээд явсан гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 70 дахь тал/,
- гэрч Д.Э ий...Тухайн осол гарсан өдөр М ийн аав Б надад хэлэхдээ багшаа би яаралтай явж байна, би энүүхэнд байна, манай хоёр хүүхдийг гаргаад явуулаач гэж хэлэхээр нь би М э, ах Энх-Эрдэнэ хоёрыг сургуулиас гаргаад явуулсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74 дэх тал/,
- шинжээчийн дүгнэлт : 1. Б.М ийн биед зүүн шаант, тахилзуур ясны доод булууны далд хугарал, зүүн сарвууны цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 82-83 дахь тал/,
- мөрдөгчийн магадалгаа : 93-22 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч А.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд орог нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорч 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.Э э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.”гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.../хавтаст хэргийн 95-96 дахь тал/,
- шүүгдэгч А.О ын “...Сонгинохайрхан дүүргийн Орбитын замд явж байгаад замын хурд сааруулагч ойртон ирэх үед хурд сааруулагчийн цаана буюу ертөнцийн зүгээр замын хойд талд 6-8 насны хүүхэд ганцаараа зам хөндлөн гарах гээд байх шиг байсан...Би тэр хүүхдийг харангуутаа мөргөхгүйн тулд машинаа зүүн тийш нь буюу урсгал сөрүүлээд дарсан боловч тэр хүүхдийг машиныхаа жолооч талын толиороо мөргөөд унагасан...Тэр хүүхдийг мөргөснийхөө дараа машинаа зогсоогоод шууд хүүхэд дээр яваад очсон. Намайг очиход хүүхэд зам дээр унасан газраа хэвтэж байсан ба хөл рүүгээ заагаад уйлаад байсан. Тэр үед тэр хавьд байсан хүмүүс гэмтлийн эмнэлэг рүү яаралтай аваад яв гээд байсан болохоор машиндаа суулгаад шууд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд гэмтэл явах замд тэр хүүхэд манай гэр лүү явъя гэхээр нь би тэр хүүхдийн заасан гудамж руу эргэтэл тэр хүүхдийн аав нь өөдөөс машинтай ирж явж таарахаар нь аавыг нь зогсоогоод болсон зүйлийн талаар хэлсэн...Хамтдаа гэмтлийн эмнэлэг рүү явсан...Гэмтлийн эмнэлэг дээр хүүхдийг үзүүлэхэд зүүн хөлийн шилбэний яс болон тавхайн яс цуурсан байсан, шууд эмнэлэгт хэвтүүлсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108 тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :
Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:
2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-107-108, шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.
2.2. Шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруугийн болгоомжгүй хэлбэр, эс үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.
Замын хөдөлгөөний дүрэм нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар тус хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт бөгөөд тус шүүгдэгч тээврийн хэрэгслийн жолоочийн хувьд хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болох автотээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тус Замын хөдөлгөөний дүрмээр хүлээлгэсэн үүргийг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдсон байх тул тус гэмт хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.
Иймд шүүгдэгч А.О ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
3. Хохирол, хор уршиг :
Шүүгдэгч нь тус гэмт хэргийн улмаас хохирогч талд нийт 1.906.214 төгрөг төлсөн, хохирогч талаас нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн /хх-18, 29, 34-38, 39-42, 120, 121-124/, мөн хохирогчийн эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 577.000 төгрөгийг төлсөн /хх-45, 51-52, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгчийг уг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас тус гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхэлдэг гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-54-56, 107-109, 111-116, 118, 121-124, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О ад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 нэгжийг 1000 төгрөгөөр тооцон 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
2. Бусад асуудал
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч А.О ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.О ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.О ад оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О ад оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР