| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0844/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/805 |
| Огноо | 2022-06-23 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | С.Э |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/805
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
Улсын яллагч С.Энхням,
Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох 2108000000697 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, Их наран ** гудамжны *** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 272 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 7 жил 01 сар хорих ял шийтгүүлсэн ялтан Нинагийн Бгийн эдлээгүй үлдсэн 02 жил 07 сар 03 хоногийн хорих ялаас хоёр жил өршөөн хасаж, үлдэх 07 сар 03 хоногийн хорих ялаас хоёр жил өршөөн хасаж, үлдэх 07 сар 03 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэгдсэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 84 дугаартай захирамжаар 02 сар 11 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Н-н Б, /РД:************/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 24-ний шөнө 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Б-ын нүүр рүү цохих, газарт унагаан өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн, баруун чамархай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан, улмаар барьж явсан тортой эд зүйлс буюу botex /гоо сайхны бараа/ 10 ширхэг, mist /гоо сайхны бараа/ 1 ширхэг, krill oil /гоо сайхны бараа/ 2 ширхэг, doctor oracle set 2 ширхэг, doctor oracle set 2 ширхэг, Ходоодны бактери 2 ширхэг, d vitamin 1 хайрцаг, даавуун цамц 2 ширхэг зэрэг 810,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэн авч “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, дээрэмдэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Н.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 24-ний шөнө 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан түүний 810,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг авсан болох нь:
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...2021.04.24-ны өдөр СХД-ийн нутаг дэвсгэрт тортой эд зүйлсээ бусдад булаалгасан...гэх тэмдэглэл /хх-02/,
- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-03/,
- хэргийн газар нөхөн үзлэг хийсэн...СХД-ийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цэнхэр өнгийн 2 давхар хүнсний дэлгүүр гэсэн бичигтэй орон сууц байна. Уг 2 давхар орон сууцны урд талд хохирогчийг газар унагааж өшиглөөд дээрэмдсэн гэх газрыг хохирогчоор заалган шинжээч №1 гэсэн дугаар тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан. Нийт 3 кадр гэрэл зураг авч үзлэгийн явцыг бэхжүүлэв...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-04-05, 06/,
- хохирогч Б.Б...Би 2021 оны 04 дүгээр сарын 24-ний шөнө 22 цагийн орчим охиныхоо каргагоор ирсэн эд зүйлийг авчихаад СХД-ийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн гэр рүү харих гэж явж байхдаа гудамжинд нэг хүн таарсан юм. Намайг Депо гэх хүнсний дэлгүүрийн урд талд явж байхад 40 орчим насны хог түүдэг байрын 170 гаран см өндөртэй, хар бараан хувцастай, бага зэрэг халамцуу нэг эрэгтэй хүн сайн байна уу ахаа архины мөнгө байна уу гэсэн. Тэгэхээр нь би надад мөнгө байхгүй ээ цаашаа яв гэсэн. Тэгсэн тэр залуу надтай барьцалдаж аваад явуулахгүй байсан. Тэгэхээр нь би цааш гүйгээд зугтаахад араас нөгөө залуу ирснээ нүүр рүү цохисон, би газар унаад өгсөн. Намайг газар унасны дараагаар миний нүүр рүү нэг удаа хөлөөрөө өшиглөөд авч явсан эд зүйлсийг маань аваад явчихсан. Би шууд цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн....гэх мэдүүлэг /хх-11, 14/,
- гэрч Ч.Б-гийн.... Би 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Депо” хүнсний дэлгүүрийн шатан дээр сууж байсан. Тэгсэн миний таньдаг дүү Шараа буюу Б явж байсан ба тэр маргалдаад байсан эрэгтэй хүнийхээ гарт нь барьж явсан тортой эд зүйлийг аваад цааш гүйгээд явчихсан. Би юу болсныг нь сайн мэдэхгүй Б-гийн араас дагаж явсан. Тухайн үед согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байсан. Тэгсэн Б нь 21-р хорооллын байран дунд байх Базараа гэх хүний нийтийн байрнаас нөгөө авсан эд зүйлээ өгөөд архи авчихлаа гэж хэлээд гараад ирсэн. Тэгээд тэр авсан архийг нь хувааж уугаад салсан гэх мэдүүлэг /хх-19/,
- гэрч Б.Б-гийн...Миний аав Ховд аймгийн Жаргалант суманд байгаа, алдсан эд зүйлийг би хүлээж авна... Уг гоо сайхны бараа, хувцас зэрэг эд зүйл нь аавынх биш миний эд зүйл...Манай аавыг дээрэмдэж зодсон хүн нь тэнэмэл амьдралтай ар гэр байхгүй хохирлоо төлүүлэх ямар ч боломжгүй тул тэр хүнээс нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-46/,
- шинжээчийн дүгнэлт...Б.Б биед тархи доргилт, зүүн, баруун чамархай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.../хх-24-25/,
- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-28-29, 30-32/,
- Тэнцвэр эстимэйт ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан...Б.Б булаалгасан эд зүйлийн үнэлгээ нийт 810.000 төгрөгийн хохирол тогтоогдсон байна /хх-41-42/,
- шүүгдэгч Н.Б-гийн ...2021 оны 04 дүгээр сарын 24-ний 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Депо хүнсний дэлгүүрийн урд очсон. Тэр үед хог түүж амьдардаг Балган ах сууж байсан ба гартаа тортой юм барьсан хүн явж байхаар нь очоод сайн байна уу ахаа гэж мэндлэх үед хохирогч намайг хуцаад байгаа юм бэ гэж миний толгой руу гараараа цохиод авахаар нь хойшоо ухарч байгаад гэдэс рүү нь гараараа нэг удаа, нүүр рүү нь гараараа нэг удаа хальт цохих үед хохирогч Б СХД-ийн 19 дүгээр хороо 2-48 дугаар байрны араар алхаад явахаар нь араас нь очиж хохирогчийн нүүр рүү гараараа нэг удаа цохисон чинь хохирогч газарт унахаар нь гарт нь байсан хоёр тортой эд зүйлийг аваад цаашаа гүйчихсэн...Удалгүй Б ах хүрээд ирэхээр нь би торон дотор ямар юм байгааг харсан. Би хохирогч Бас авсан тортоо эд зүйлээ 21-р хорооллын байран дунд байх Б ахын нийтийн байрны 2 давхарт нэг залууд өгч 3 шил архи авч уусан...гэх мэдүүлэг /хх-16, 21, 75-76/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч дээрэмдүүлсэн эд зүйлээс заримыг буюу 115.000 төгрөгийн үнэ бүхий зүйлийг биет байдлаар буцаан авсан, хохирлын баримтгүй байх тул /хх-12, 42, 46, 89-90, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч урьд эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /хх-47, 50-51, 52-54, 55, 56-58/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 1, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн тодорхой хөрөнгөгүй, болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдаж /хх-60, 61, 63, 65, 67, 75-76 /, судлагдсан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 /найман/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож буюу 90 хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Тус шүүгдэгч 2015 онд Өршөөл үзүүлэх тухай хууль хамрагдан хорих ялаас өршөөн хасагдаж байсан атлаа /хх-81/ дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй болно.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдаж, шүүгдэгч нь 2021.07.06-ны өдрөөс хойш 2021.07.22-ний өдрийн байдлаар нийт 16 хоног цагдан хоригдсон байх тул ял эдлүүлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон 90 хоног буюу 3 сарыг нэмж нэгтгэн шүүгдэгч Н.Б-гийн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 3 сар хорих ялаар тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-гийн эдлэх 2 жил 3 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-гийн цагдан хоригдсон 16 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Н.Б-г цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021.07.22-ны өдрөөс эхлэн тооцсугай.
8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР