Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2021/0315

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “О” ХХК

Хариуцагч: ЧДТХТУБ Г.Г, Ч.М.

Гомдлын шаардлага: ЧДТХТУБ Ч.М, Г.Г нарын гаргасан 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 351830027 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахшаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э, гомдол гаргагчийн төлөөлөгч Т.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, хариуцагч Ч.М, Г.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “О” ХХК-ийн захирал Т.Н шүүхэд гаргасан гомдол, түүний үндэслэлдээ: “О” ХХК нь татварын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 351830027 дугаар шийтгэлийн хуудас, Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 30 дугаар тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын байцаагч Ч.М, Г.Г нар 2018 оны 02 дугаар сарын 09-ээс 03 дугаар сарын 30-ны хооронд улсын бүртгэлийн 9011011001 дугаартай, 5******* регистрийн дугаартай “О” ХХК-ийн 2013-2017 оны албан татвар ногдуулалт, төлөлтөд санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, хөндлөнгийн мэдээлэл ашиглан татварын албаны шалгалт хийж, 351830027 дугаартай шийтгэлийн хуудсаар 35,380,650.18 төгрөгийн зөрчилд 2,000,000.0 төгрөгийн нөхөн татвар, 396,6870.70 төгрөгийн торгууль, 2,252,604.40 төгрөгийн алданги нийт 8,219,475.10 төгрөгийн төлбөр оногдуулсныг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байх тул шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

"О” ХХК нь 2005 онд байгуулагдаж “Барилга захиалагчийн хяналт эрхлэх, туслах үйл ажиллагаа" буюу барилга угсралт, гүйцэтгэлийн ажлын явцыг “тухайн барилгын батлагдсан зургийн дагуу” хэрхэн гүйцэтгэж байгаад хөндлөнгийн хяналт тавьж гүйцэтгэлийг баталгаажуулж дүгнэлт гаргах “Мэргэжлийн өндөр зэрэглэл бүхий инженерүүд”-ийн багийн үйл ажиллагаа явуулах чиглэлтэй компани юм. Барилга угсралтын компаниудын үйл ажиллагаа сэргэсэн 2010-2013 онд манай компани УБ хотын төвд /Боловсролын их сургуулийн өмнөх талбай/, ХХБ-ны 24 давхар, Эдийн засгийн дээд сургуулийн хичээлийн байр, UBH 22 давхар банкны барилга болон УБ хот, хөдөө орон нутгийн 20 шахам барилгын ажилд тус тус хөндлөнгийн хяналт, туслах үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэсэн юм.      

Нэг. 2016 оны 09 сарын 24-нд 5*******тоот регистрийн дугаартай “Э” ХХК-ийн 20,000,000.0 төгрөгийн хий бичилттэй 0016028332 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар худалдан авалтын хасалт хийж төсөвт төлөх албан татвар бууруулсан зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах заалтыг зөрчиж, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4 дэх заалтыг үндэслэн 2 000 000 төгрөгийн нөхөн татвар 6 000 000 төгрөгийн торгууль, 440 340 0 төгрөгийн алданги ногдуулсныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.1 Нэмэгдсэн өртгийн албан татварын цахим падаан нь хий бичилттэй байх боломжгүй тухай

2009-2011 онд Хөвсгөл аймагт 48 айлын орон сууцны барилга барьсан “М” ХХК,  “Э" ХХК компаниудын барилгын ажлын явцад хяналт тавьж ажилласан “О” ХХК-д төлөх 5 сарын ажлын хөлс /4.0 сая төгрөг, 5сар/  2,000,000.0 төгрөгийн өрөнд “Э” ХХК-иас барилга угсралтын ажилд хэрэглэгддэг тулаас төмөр, 2 000 000  алданги нийт 22,000,000.0 төгрөгийг хоорондын тооцоогоор хаасан юм.

Манай компани нь хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрөө борлуулалтын орлогоор тайлагнаж авлагаар бүртгэсэн бөгөөд энэ авлагадаа 20,000,000.0 төгрөгийн барилгын тулаас төмөр, авлага барагдуулахгүйн улмаас 2 000 000 0 төгрөгийн алданги нийт 22 000 000 0 төгрөгийн төлбөрийг барагдуулсан. Одоо энэ материал нь Түлэнхий төвийн хашаан дотор хураалгаатай хадгалагдаж байна.

Гэтэл татварын улсын байцаагчид зөвхөн албан бичиг үндэслэн акт тогтоосон бөгөөд шүүх болон прокурорын байгууллагаас “Э" ХХК-ийг компанийг үйл ажиллагаа явуулаагүй хий бичилттэй падаан бичиж тараасан тухай гэм бурууг тогтоосон прокурорын тогтоол болон шүүхийн шийдвэр байхгүй байна.

1.2 Цахим падааныг тайлагнах, илгээх, тайлагнасан тухай 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөгдөж эхэлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулиар нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг цахимаар /е.barimt программ/-аар бүртгэж эхэлсэн бөгөөд НӨАТ суутган төлөгчийн тайлан ТТ-ОЗа маягтаар гаргасан тайлангийн падаан хэсгийн ТТ-03А4 маягт руу е.barimt программаас шууд татах, мөн ТТ-03А1-ТТ-03А8 хүртэлх маягтуудаас ТТ-ОЗА тайлангийн үзүүлэлтүүдийг татаж тохируулснаар тухайн сарын тайлан илгээгдэх бөгөөд аль нэг үзүүлэлт тохироогүй бол тухайн тайлан илгээгдэхгүй юм.

Иймд 2016 оны 09 сарын 24-нд 5*******тоот регистрийн дугаартай “Э“ ХХК нь 20,000,000.0 төгрөгийн дүнтэй 0016028332 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын цахим падааныг /е.barimt/ программд оруулж, 34661083 дугаартай /төлбөрийн баримт/-аа хэвлэж тамга, тэмдэг гарын үсэгтэйгээр ирүүлсэн.

Өөрөөр хэлбэл “Э” ХХК нь 2016 оны 08 дугаар сарын НӨАТ-ын /ТТ-03А4/ тайландаа 20,000,000.0 төгрөгийг борлуулалтаар хүлээн зөвшөөрч, тайландаа тайлагнаснаар “О” ХХК нь худалдан авалтаар тайлагнах зохицуулалттай. Хэрэв “Э” ХХК нь тайландаа тайлагнахгүй бол манай компани худалдан авалтаар тайлагнах боломжгүй юм.

Иймд “Э” ХХК нь борлуулалтаар тайлагнаж төлсөн байхад манай компанид шийтгэлийн хуудсаар давхар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж байгаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татварын суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

1.3 Хууль буруу хэрэглэсэн тухай

Татварын улсын байцаагч Зөрчлийн хуулийн дагуу шийтгэлийн хуудас үйлдсэн. Гэтэл шийтгэлийн хуудсаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 16.1 дэх заалтыг зөрчсөн гэж тэмдэглээд хариуцлага тооцохдоо Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3 дах заалтаар хариуцлага тооцсон.

2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: Төлөөгүй татварт ногдуулах алданги 74.1.Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна 4 дүгээр зүйл Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулсан.

Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4.5-д “Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй" гэж заасан байтал Татварын ерөнхий хуулийн 74.1, 74.2, 74.3 дах буцаан хэрэглэж эрх зүйн байдлыг дордуулсэн байна. Өөрөөр хэлбэл шийтгэлийн хуудсаар хариуцлага ногдуулж байгаа бол Зөрчлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлд “1 .Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд дараахь шийтгэл оногдуулна: 1.1.торгох шийтгэл; 1.2.баривчлах шийтгэл; 1.3.эрх хасах шийтгэл 2.Торгох, баривчлах шийтгэлийг үндсэн, эрх хасах шийтгэлийг нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр оногдуулна.” Гэж заасны дагуу торгох шийтгэл ногдуулах байтал торгууль, алданги ногдуулсан нь хууль буруу хэрэглэжээ.

Иймд хууль буруу хэрэглэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1-д “хуульд үндэслэх  гэсэн заалтыг зөрчсөн шийтгэлийн хуудас үйлдсэн байна.

Хоёр. Нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд нь төсөвт төлөөгүй зөрчлийн тухайд: Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.М, Г.Г нар 2016 онд 6.366.927,80 төгрөгийн /байцаагчид 6.3669.276.80 гэж бичсэн нь алдаатай/ 2017 оны эхний хагас жилд 4.394.550.30 төгрөгийн, нийт 11.063 827 10 төгрөгийн тайлангаар ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд 2.764.088.11 төгрөгийн торгууль, 1.486.761.82 төгрөгийн алданги ногдуулах, мөн 2017 оны сүүлийн хагас жилд 4.316.823.08 төгрөгийн тайлангаар ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд 602 782.59 төгрөгийн торгууль, 325.502.58 төгрөгийн алданги нийт 3.366.870.71 төгрөгийн торгууль, 1.812.264.10 төгрөгийн алданги бүгд 5.179.135.10 төгрөгийн шийтгэл ногдуулсан байна.

“О” ХХК нь "Барилга захиалагчийн хяналт эрхлэх, туслах үйл ажиллагаа” буюу Барилга угсралт, гүйцэтгэлийн ажлын явцыг хянах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2014-2017 онуудад орон даяар барилга бүтээн байгуулалтын ажил бүрэн зогссон тул тус компаний үйл ажиллагаа ч бүрэн зогссон юм.

Компаний үйл ажиллагаа зогссоноор 2014 оны 12 дугаар сарын 31-нд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 6,669,276.80 төгрөгийн өр үүссэн.

Татварын улсын байцаагч Ч.М, Г.Г нар 351830027 дугаартай шийтгэлийн хуудсаар хуулийн үйлчлэлд хамрагдах хугацааны төлөгдөөгүй татварын үлдэгдэлд алданги, торгууль ногдуулж татвар төлөгчид шийтгэл оногдуулсан нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д "Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ.", мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д "Энэ хуулийн 3.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд Өршөөлийн хууль хэрэглээгүй, эрх зүйн байдлыг дордуулсан.

Мөн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс манай компанид мэдэгдэх хуудас гардуулж, манай компанийн дансыг хаасан бөгөөд Татварын ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 -д “Энэ хуулийн 54.1.6, 54.2, 57.1-д заасан журмаар тогтоож, сунгасан хугацаанд төлөөгүй татварын өрийг хугацаанд нь төлөөгүй татварын өр гэнэ.

61.2-т “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулна”, 62 дугаар зүйлд “Хугацаанд нь төлөөгүй татварыг хураах 62.1.Татварын алба хугацаанд иь төлөөгүй татварын өрийг хураах ажиллагааг дор дурдсан дарааллаар явуулна”, 62.1.1 үл маргах журмаар гаргуулах; 62.1.2-т “эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах; 62.1.3-д “шүүхэд нэхэмжлэл гаргах”, 62.2-т “Татварын өрийг бүрэн гаргуулах зорилгоор энэ хуулийн 62.1-д заасан ажиллагааг давхардуулан явуулж болно гэж татварын алба хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлсэн ч хяналт шалгалт хийхдээ давхардуулан алданги торгууль ногдуулсан.

Иймд дээр дурдсан хууль буруу хэрэглэсэн, давхардуулан шийтгэл ногдуулсан, эрх зүйн байдлыг дордуулсан, хий бичилттэй падаан болох нь тогтоогдоогүй, хуульд үндэслээгүй шийтгэлийн хуудас байх тул татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гомдол гаргагчийн төлөөлөгч шүүх хуралдааны  үед гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 3 сарын 30-ны өдрийн 351830027 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэлийн хуудас үйлдээгүй. Шийтгэлийн хуудасны нэмэгдэл болох хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 16.1 дэх заалтыг зөрчсөн гэж тэмдэглээд хариуцлага тооцохдоо Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3 дах заалтаар давхардуулж хариуцлага тооцсон. 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Татварын хуулинд дах өөрчлөлт оруулсан тухай Татварын ерөнхий хуулийн 74, 75 зүйлийг доор дурдсанаар өөрчилж найруулсан. Татварын ерөнхий хуулийн 74.1-д нөхөн буцааж төлөөгүй бол алданги тооцох бөгөөд татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй гэж заасан. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болох өдрөөс эхэлж дагаж мөрдөх тухай хуульд өөрчлөлт оруулсан. Зөрчлийн тухай хуулийн 1.4.5-д Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан. Ингээд Татварын ерөнхий хуулийн 74 дах заалтыг буцаан хэрэглэж эрх зүйн байдлыг дордуулсан. Зөрчлийн тухай хуулийн 1.3.1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэж заасан. Мөн хуулийн 1.1-д торгох шийтгэл, 1.2-т баривчлах шийтгэл, 1.3-д эрх хасах шийтгэл гэж заасан. Торгох шийтгэл оногдуулах байтал торгууль, алданги оногдуулж хууль буруу хэрэглэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д захиргааны үйл ажиллагаа дараах зарчмыг баримтлан гэж заасан. Улмаар хуульд үндэслэх зарчмыг зөрчиж шийтгэлийн хуудас үйлдсэн байна. 6,366,927 төгрөгийн үлдэгдлийг байцаагч 63,669,207 гэж бичсэн нь алдаатай болсон байна. 2017 онд барилгын ажил зогсонги байдалд орж компани ажилгүй 3-4 жил болсон. Албан татварын тайлангаар 6,669,276 төгрөгийн өр үүссэн. Татварын торгууль оногдуулж Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10.1-д Энэ хуулийн 3.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Өршөөлийн хуульд хамрагдах ёстой байтал хэрэглээгүй юм. Татварын ерөнхий хуулийн 61.1, 54.1.6, 54.2, 57.1-д заасны дагуу заалтыг хэрэглэсэн нь буруу юм. Татварын алба хяналт шалгалт хийхдээ давхардуулан торгууль оногдуулсан. Хууль буруу хэрэглэсэн мөн давхардуулан шийтгэл оногдуулсан үндэслэлгүй тул хүчингүй болгож өгнө үү” гэв.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны  үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлд нэхэмжлэлийн тайлбараа тодорхой дурдсан. НӨАТ-ын хий бичилттэй падаанаар хаасан зүйл байхгүй. Прокурорын тогтоолд 11 байгууллага буцаалт хийгээгүй гэсэн байна. Энэ дотор нэхэмжлэгч компанийн нэр байна. 2011 оны 01 дүгээр сарын 01-нээс НӨАТ-ын шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Аль аль талдаа борлуулалт худалдан авалтыг шивсэн талаар татварын албанд илгээж байгаа. Хуурамч падааныг дангаараа хийх боломжгүй. Улсад төлөх ёстой татвараа тайлагнаад мөн тайлагнасан байдал давхардах үндэслэлгүй юм. Татварын програмаар Е-баримтаас татаж байгаа баримтуудыг шат дараалж хадгалж байгаа учир хий бичилт хийх боломжгүй. Татварын байцаагч нар 20,000,000 төгрөгийн хий бичилттэй падааныг санаатай үйлдэл гэж байгаа. Санаатай гаргасан зүйл байхгүй. Залруулах шаардлага байхгүй учир нь нэгэнт явагдсан үйл ажиллагаа байгаа. 20,000,000  төгрөгнөөс НӨАТ-аас алданги, торгууль хүү давхар бодсон. Хууль буруу хэрэглэсэн зүйл байгаа. Тооцооны алдаа гаргаж буруутгах үндэслэлээр байцаагч нар хандсан. Нэхэмжлэлд нилээн тодорхой тайлбараа гаргаж өгсөн. 5, 6 жилийн өр тооцоонд байж байгаад тооцоог гадагшаа гаргаад хадгалсан. Ингээд өр авлага явсан үед тооцоолоод хаасан байгаа. Заавал баланс авч үлдэх ёстой гэж үзэж байна” гэв.

Хариуцагч нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ч.М, Г.Г бид татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад Цагдаагийн ерөнхий газар Эрүүгийн цагдаагийн албаны 2017 оны 12 сарын 05-ны 10д/6570 тоот, Татварын ерөнхий газрын 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 07/3534 тоот албан бичгийн дагуу, “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, Татварын хяналт ........ 9011011001 дугаартай, ...... регистрийн дугаартай, /Улаанбаатар хот, БГД-ийн 12-р хороо, 6 бичил хороолол, Хасбаатар, ******* тоотод оршин суух, гүйцэтгэх захирал Т.Н, утас: 91918348/ “О” ХХК-ийн 2013-2017 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд, санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэн шалгаад дараах зөрчлийг илрүүлсэн. “О” ХХК нь /..... регистрийн дугаар, ........ улсын бүртгэлийн дугаартай, “Э” ХХК-иас 20,000,000.00 төгрөгийн хий бичилттэй 0016028332 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авч нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил. үйлчилгээ” хэсэгт тусган, төсөвт төлөх албан татварыг бууруулсан, 2016 онд 6,3669,276.80 төгрөгийн, 2017 оны эхний хагас жилд 4,394,550.30 төгрөгийн, сүүлийн хагас жилд 4,316,823.08 төгрөгийн тайлангаар ногдуулсан Нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй” гэх зөрчлийг илрүүлсэн нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлгийн 11.19 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасан зөрчил үйлдсэнийг илрүүлж, Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.2.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон 351830027 дугаартай шийтгэлийн хуудсаар ; нийт 8,219,475.10 төгрөгийн шийтгэл оногдуулсан.

1. 2016 оны 08 сарын 24-нд ........ тоот регистрийн дугаартай “Э” ХХК-иас 20,000,000.00 төгрөгийн хий бичилттэй 0016028332 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авч нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” хэсэгт тусган, төсөвт төлөх албан татварыг бууруулсан нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14  дүгээр зүйлд: «14.5.Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй.» гэж зааснаар Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн «74.1.Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна: ... 74.1.4.тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх, 74.3.Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна.» заалтыг зөрчсөн үйлдэлд 2,000,000.00 төгрөгийн нөхөн татвар, 600,000.00 төгрөгийн торгууль, 440,340.00 хөрөнгийн алданги ногдуулах;

2.2016 онд 6,669,276.80 төгрөгийн, 2017 оны эхний хагас жилд 4,394,550.30 төгрөгийн, нийт 11,063,827.10 төгрөгийн тайлангаар ногдуулсан Нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 «16.1 Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана:» гэж зааснаар Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн «74.2.Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна...74.3.Эт хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна» заалтыг зөрчсөн үйлдэлд 2,764,088.11 төгрөгийн торгууль, 1,486,761.82 төгрөгийн алданги ногдуулах;

3.2017 оны сүүлийн хагас жилд 4,316,823.08 төгрөгийн тайлангаар ногдуулсан Нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. «16.1.Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана:» гэж зааснаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн «2 дахь хэсэгт Татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Тайлбар: Энэ зүйлийн 1,2,3,4,5 дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна. » заалтыг зөрчсөн үйлдэлд 602,782.59 төгрөгийн торгууль, 325,502.58 төгрөгийн алданги ногдуулах;

Холбогдогч “О” ХХК нь Монгол Улсын Татварын Ерөнхий Хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Зөрчлийн тухай хууль зөрчсөн болох нь 2016 оны 8 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, Татварын тооцооллын программын татварын өрийн бүртгэл, орлогын бүртгэлийн программын орлогын гүйлгээгээр нотлогдон тогтоогдож байгаа тул гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч тал 2009-2011 онд Хөвсгөл аймагт 48 айлын орон сууцны барилга барьсан “М” ХХК, “Э” ХХК компаниудын барилгын ажлын явцад хяналт тавьж ажилласан 5 сарын ажлын хөлсөн /сарын 4.0 сая төгрөг* 5 сар/ 20,000,000.00 төгрөгийн өрөнд “Э” ХХК-аас барилга угсралтын ажилд хэрэглэдэг тулаас төмөр, 2,000,000.00 төгрөгийн алданги нийт 22,000,000.00 төгрөгийн төлбөрийг хоорондын тооцоогоор хаасан гэх боловч энэ тооцоо санхүүгийн тайлангийн авлагын тооцоонд 2016 он хүртэл тусгагдаагүй, мөн 2016 оны Орлого үр дүнгийн тайлангийн зардал хэсэгт тайлагнагдсан байна.

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 351830027 дугаартай шийтгэлийн хуудас нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хянагдсан тул хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлгүй болно” гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны  үед гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын татварын улсын байцаагч нар нь хуулиар тогтоосон чиг үүргээ хэрэгжүүлэх явцад Цагдаагийн ерөнхий газрын 2017 оны 12 сарын 05-ны өдрийн 10/6570 албан бичиг, Татварын ерөнхий газрын 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 07/3534 тоот албан бичиг, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, татварын хяналт шалгалт хийх 35180100018 гэсэн томилолтын дагуу улсын бүртгэлийн 901101001 дугаартай 5******* регистрийн дугаартай нэхэмжлэгч компанийн 2013-2017 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд  нь санхүүгийн болон анхан шатны нэгдсэн тайланг үндэслэж татварын хяналт шалгалтыг хийсэн. Энэ хяналт шалгалтаар 3 зөрчил илэрсэн. Энэ зөрчлөөр нэхэмжлэгч компани нь 2016 оны 8 сарын 24-нд 5*******регистрийн дугаартай Э ХХК-аас 20,000,000 төгрөгийн хий бичилттэй падаан авч татвар авах орлогоо бууруулж тайлагнасан нь НӨАТ тухай хуулийн 14.5-д заасныг зөрчсөн. Улмаар хариуцлага тооцсон. Тайлангаа ногдуулж төлбөрөө хуулийн хугацаанд мөн адил төлөөгүй байгаа. 2016 онд 6,69,276,00 төгрөг, 2017 оны эхний хагаст 4,394,550,40 төгрөг нийт 11,063,827,10 төгрөгийг тайлангаар ногдуулсан боловч НӨАТ тухай хуулийн хугацаанд төлөөгүй. НӨАТ тухай хуулийн 16.1-д зааснаар дараа сарын 10-ны дотор төлөх ёстой гэсэн хуулийн заалтыг зөрчсөнд хариуцлага тооцсон. 3 дах зөрчлийн тухайд 2017 оны сүүлийн хагас жилд 4,316,823,08 төгрөгийн тайлангаар ногдуулсан мөнгийг хуулийн хугацаанд төлөөгүй. Энэ үйлдлүүдэд хариуцлага тооцсон байгаа. Нийт 8,219,475,10 төгрөгийн шийтгэлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль оногдуулсан. Татварын албаны тухайд бүх хариуцлага хүлээдэг байгууллагуудыг хариуцлагын дагуу хариуцлага хүлээлгэж байгаа. Зөрчлийн тухай хуулийн 11.19.3 дэх заалтыг үндэслэж шийтгэлийн хуудсыг илрүүлсэн тул хариуцлага хүлээлгэсэн. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар заасан өршөөлд хамруулаагүй гэж байна. Нэг дэх зөрчил бол 2016 оны зөрчил байгаа, 2 дах зөрчил нь 2016 оны тайлангаа төлөөгүй, гуравдах зөрчил нь 2017 онд хугацаанд төлөөгүй татварт хариуцлага тооцсон. Өршөөлийн хуулинд 2015 оны 7 дугаар сарын 02-наас өмнөх маргасан зөрчлийг Өршөөлийн хуульд хамруулж хариуцлагаас чөлөөлөхөөр хуульчилсан. Гэвч нэхэмжлэгч компани Өршөөлийн хуулиас хойших байгаа тул Өршөөлийн тухай хуулинд хамрагдах боломжгүй юм. Энэ талаарх үйл баримтыг Нийслэлийн Маргаан таслах зөвлөлөөр шалгаад үндэслэлтэй гэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Ч.М шүүх хуралдааны  үед гаргасан тайлбартаа: “Хяналт шалгалтын тухайд 2013-2017 оныг хамруулсан. 2013 онд үйл ажиллагаа явуулж орлого олсон байгаа. 2013 оны эцэст 7,356,372 төгрөгийн өртэйгээр тайлагнасан байгаа. 2017 онд орлого олоогүй харин бага хэмжээний худалдан авалтын хэмжээгээр НӨАТ-ын тайлангаа буруулаад  тайлагнасан байгаа. Прокурорын тогтоолоор “Э” ХХК-ийн талаар тодорхой дурдсан. Нэрний тухайд Орчлон Алтан түрүү гээд буруу бичсэн байна. Шинжээчийн дүгнэлтээр тодорхой байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

          Гомдол гаргагч “О” ХХК-ийн захирал Т.Н ЧДТХТУБ Ч.М, Г.Г нарын гаргасан 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 351830027 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргажээ.

          Тэрээр “Э” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаггүй, хий бичилттэй падаан бичиж тараасан тухай гэм бурууг тогтоосон Прокурорын тогтоол, шүүхийн шийдвэр байхгүй байхад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн заалт зөрчсөн гэж үзэж Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4-д зааснаар торгууль, алданги оногдуулсан, 2014 онд барилгын үйл ажиллагаа зогссон үед үүссэн өрийг он дамжуулан тайлагнаснаар 2016 онд торгууль, алданги оногдуулсан, Өршөөлийн хууль хэрэглэлгүй эрх зүйн байдлыг дордуулсан, хууль буруу хэрэглэсэн зэргээр хууль бус шийдвэр гаргасан гэж маргажээ,

          Шүүх дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлага үндэслэлгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

          Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ч.М, Г.Г нар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10д/6570, Татварын ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 07/3534 дугаар албан бичиг, “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, 35180100018 дугаар албан томилолтын дагуу “О” ХХК-ийн 2013-2017 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, тус компани “Э” ХХК-иас 20 000 000 (хорин сая) төгрөгийн хий бичилттэй 0016028332 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авч нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ хэсэгт тусган төсөвт төлөх албан татварыг бууруулсан, 2016, 2017 онд нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчлүүдэд 8219475.10 төгрөгийн торгууль, алданги оногдуулжээ.

          Хариуцагч татварын улсын байцаагч нарын 2018 оны  351830027 дугаар шийтгэлийн хуудас хууль зөрчөөгүй үндэслэл бүхий байна.

          Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй.”, Татварын ерөнхий хууль(2008 он)-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.”, 74.1.4-д “ тоо хэмжээ,үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх;”, 74.3-д “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна.” гэж зохицуулжээ.

          Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татварыг төлснийг нотлохгүй, худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь төлбөрийн нэхэмжлэл, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох мөнгөн хөрөнгийн тайлан болон бусад санхүүгийн баримтаар нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцохоор байна.

          Нэхэмжлэгч компани 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Э” ХХК-иас барилгын ажлын явцад хяналт тавьж ажилласны 20 000 000 төгрөгийн хөлсөнд барилга угсралтын ажилд хэрэглэдэг тулаас төмөр авч хоорондын тооцоогоор хаасан гэх боловч борлуулалт бодитой хийгдсэн, нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцох үндэслэл байсан талаар нотлоогүй байна.

          Нөгөө талаар “Э” ХХК-тай ингэж борлуулалт хийхдээ уг авсан бараа материалыг баланст тусгаагүй, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтгүй байсан талаарх хариуцагчийн тайлбартай нэхэмжлэгч тал маргаагүй болно.

          Мөн нэхэмжлэгч компанитай борлуулалт хийсэн гэх “Э” ХХК нь 2016 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарын хооронд нэр бүхий 36 аж ахуйн нэгжид НӨАТ-ын төлбөрийн баримт бүрдүүлэн өгч бусдад татвар ногдох орлогыг санаатайгаар бууруулан 1 тэрбум гаруй төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон үйлдэлд шалгагдаж зарим компаниудад хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн  талаар Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 87 дугаар тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон бөгөөд уг шинжээчийн дүгнэлтийн худалдан авалт хийсэн болон худалдан авалтын буцаалт хийгээгүй аж ахуйн нэгж байгууллагын жагсаалтад нэхэмжлэгч “О” ХХК багтсан байна.

          Түүнчлэн нэхэмжлэгч 2016 онд 6669276.80 төгрөгийн, 2017 оны эхний хагаст 4394550.30 төгрөгийн нийт 11063827.10 төгрөгийн тайлангаар ногдуулсан Нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд 2764088.11 төгрөгийн торгууль, 1486761.82 төгрөгийн алданги, 2017 оны сүүлийн хагас жилд 4316823.08 төгрөгийн тайлангаар ногдуулсан Нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд 602782.59 төгрөгийн торгууль, 325502.58 төгрөгийн алданги тус тус ногдуулжээ.

          Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг...дараа сарын 10-ны өдрийн дотор...харьяалах татварын албанд тушаана.”, Татварын ерөнхий хууль (2008 оны)-ийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дунд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.”, 74.3-д “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна.” гэж хуульчилжээ.

          Татвар төлөгч Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ:”, 18.1.1-д  “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;” гэж зааснаар албан татвараа хуульд заасан журам, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд уг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуулийн дээрх зохицуулалтын дагуу торгууль, алданги хүлээх үндэслэлтэй.

          Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “О” ХХК нь хяналт шалгалтад хамрагдсан 2013-2017 онуудад түүний дотор зөрчил илэрсэн гэх 2016, 2017 онд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 16 дугаар зүйлийн 16.1 дэх  заалтыг зөрчсөн болох нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, Татварын тооцооллын программын татварын өрийн бүртгэл, орлогын бүртгэлийн программын орлогын гүйлгээгээр тус тус тогтоогдсон байна.

       Түүнчлэн дээрх зөрчил тогтоогдсон талаар нэхэмжлэгч компанийн гомдлыг хэлэлцсэн Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 30 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт тодорхой тусгагджээ.

Харин нэхэмжлэгч компаниас маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзэж байгаа тайлбар үндэслэлгүй.

Тухайлбал Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн үйлдэлд хамаарахаар хуульчилсан бөгөөд энэхүү зөрчлийн хэргийн үйл баримт 2016, 2017 онуудад үйлдэгдсэн нь энэхүү өршөөлийн хуулийн үйлчлэлд хамаарахгүй байна.

Түүнчлэн уг маргааны үйл баримтууд 2008 оны Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан цаг хугацаанд хамаарч байх бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулиар энэ хуулийн 74, 75 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан заалтуудыг баримтлах ёстой гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Татварын ерөнхий хуулийн 74.1-д “...Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна.”, Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. гэж өөрчлөн найруулжээ.

 Татварын ерөнхий хуульд орсон дээрх өөрчлөлт цаг хугацааны хувьд энэхүү маргааны үйл баримтад хамааралгүйн дээр, Татварын ерөнхий хууль (2008 оны)-ийн 74.1, 74.2, 74.3-д заасныг буцаан хэрэглэж эрх зүйн байдлыг дордуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.  

Учир нь Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан дээрх хуулийг Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрджээ. 

          Ийнхүү дүгнэлт хийхэд татварын улсын байцаагчдын Шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзсэн нэхэмжлэгчийн гомдлын шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Татварын ерөнхий хууль (2008 оны)-ийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг үндэслэн ЧДТХТУБ Ч.М, Г.Г нарын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 351830027 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах “О” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР