Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2023/0534/З |
Дугаар | 221/МА2024/0083 |
Огноо | 2024-01-31 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2024/0083
С.Г-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч С.Г-
Нэхэмжлэгч: С.Г-
Хариуцагч: ГЕГ-н дарга, ГЕГ-н харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: ГЕГ-н даргын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/266 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ГЕГ-н харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналт, шалгалтын албаны гаалийн улсын ахлах байцаагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах, С.Г-ийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллах боломжоор хангаагүй ГЕГ-н харьяа ЗҮГГД үйлдэл шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, ажилтны 2023 оны 02 дугаар сарын цалинг олгоогүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд бичилт хийгээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж холбогдох бичилт хийхийг ЗҮГГД даалгуулах,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0800 дугаар,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, Л.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2023/0534/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0800 дугаар шийдвэрээр:
Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, 37.1.16, 37.1.17, 48 дугаар зүйлийн 48.2 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Г-оос ГЕГ-н дарга болон ГЕГ-н ЗҮГГД холбогдуулан гаргасан ГЕГ-н даргын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/266 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ГЕГ-н харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналт, шалгалтын албаны гаалийн улсын ахлах байцаагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах болон С.Г-ийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллах боломжоор хангаагүй ГЕГ-н харьяа ЗҮГГД үйлдэл шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, ажилтны 2 сарын цалинг олгоогүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд бичилт хийгээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж холбогдох бичилт хийхийг тухайн газрын даргад даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
2. Давж заалдах гомдлын агуулга:
2.1. Миний бие ГЕГ-н харьяа Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж байх явцад ар гэрээс гэнэт утсаар холбогдож, эцэг П.С-ын биеийн байдал хүндэрч, хорт хавдар гэх өвчинтэй болох нь тогтоогдсон талаар мэдэгдсэнээр сэтгэл санаа хямарч, ажлын байраа дур мэдэн орхиж, удирдлагаас чөлөө зөвшөөрөл авалгүй ажил үүргээ биелүүлэлгүй 5 хоног ажлаа тасалсан. Миний гаргасан энэхүү зөрчилд ГЕГ-н дарга сахилгын шийтгэл хүлээлгэсэн бөгөөд тухайн хүлээлгэсэн шийтгэл нь хүндэдсэн буюу хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлуудыг харгалзаж үзсэнгүй хэмээн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2.2. Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2023/0800 дугаар шийдвэрээр С.Г- миний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ буруу буюу дутуу дүгнэлт хийж, нэхэмжлэгч миний маргасан зарим үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. Тодруулбал, Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлүүдийн дийлэнх нь "ёс зүйн дүрэм"-ийн зөрчилтэй холбогддог.
2.3. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.2- т "Маргаж буй тушаалын эрх зүйн голлох үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.16 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалт, Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.4, 274 дүгээр зүйлийн 274.2.5 дахь заалт байна" гэж тодорхойлсон. Тухайн зохицуулалтуудаас харахад байгууллагын соёл, дэг журам, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээ, дүрмийг чанд сахих үүргээ биелүүлэлгүй гаалийн улсын байцаагчийн өргөсөн тангаргаа зөрчсөн хэмээн намайг буруутгасан гэж ойлгогддог. Миний хувьд ёс зүйн болоод сахилгын зөрчил гаргасан талаар маргадаггүй. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.8, 4.9-д "ажлын байраа орхиж явсан нь тогтоогдсон, энэ нь хүндэтгэх шалтгаангүй" талаар дүгнэсэн. Гэтэл миний бие ажлын байраа орхиж явсан буюу ажил тасалсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар Замын-Үүд дэх Гаалийн газрын удирдлага, ГЕГ-н хянан шалгагч, сахилгын хорооны гишүүд, удирдлагадаа тухай бүр танилцуулж, шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзэх талаар хүсэлтээ илэрхийлсээр ирсэн. Гэтэл хариуцагч нар ч, шүүх ч энэхүү хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзаж үзсэнгүй. 17 Шүүхийн шийдвэрийн гол үндэслэл нь "ажил тасалсан нь хүндэтгэх шалтгаангүй бөгөөд хууль, журамд заасныг зөрчсөн тул сахилгын шийтгэл ногдуулсан нь зөв" хэмээн тайлбарлагддаг.
2.4. Гэтэл миний бие сахилгын зөрчил гаргасан талаар ч тэр, тухайн гаргасан зөрчилд шийтгэл хүлээлгэсэнд ч тэр аль алинтай нь огт маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Гол маргаж буй үндэслэл нь сахилгын зөрчил гаргасан нь зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, гаргасан зөрчилтэй маргадаггүй буюу хүлээн зөвшөөрдөг, энэ тохиолдолд сахилгын шийтгэлийг хөнгөрүүлэх боломж байсан боловч хариуцагч нар нь тухайн нөхцөл байдлыг харгалзаж үзсэнгүй хэмээн маргадаг. Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 3.3.6-д гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж, ухамсарласан байдлыг сахилгын шийтгэл ногдуулахдаа харгалзаж үзэх, 3.5.3-т зөрчлийг гаргахад хүргэсэн нөхцөл байдлыг хөнгөрүүлэх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал гэж үзсэн бусад тохиолдолд сахилгын шийтгэлийг хөнгөрүүлэх талаар заасан байна.
2.5. Үүнээс үзвэл, хэдийгээр өмнө сахилгын шийтгэл хүлээж байсан, тухайн шийтгэлийн хугацаа дуусаагүй хэдий ч ажилтны хувийн байдал, ажил тасалсан шалтгаан нь хүндэтгэн үзэх нөхцөлтэй байсан эсэх, тухайн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч, дахин зөрчил гаргахгүй байхад анхаарч, дүгнэлт хийсэн байдал зэргийг ГЕГ-н дарга харгалзаж үзэх байсан боловч тухайн нөхцөлийг харгалзалгүй шууд "төрийн албанаас халах" сахилгын шийтгэл ногдуулсныг буруу гэж маргасан боловч шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулж, нэгэнт нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрч, маргадаггүй асуудлыг л дахин дахин дүгнэж, шийдвэрээ гаргасныг буруу, бодит нөхцөлд тохироогүй гэж үзэж байна.
2.6. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.10, 4.11 дэх хэсэгт “хариуцагчийг ажиллах нөхцөлөөр хангаагүй гэж буруутгах үндэслэлгүй, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй" хэмээн ЗҮГГД холбогдох нэхэмжлэлд буруу дүгнэлт хийсэн. Миний бие 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Замын-Үүд дэх Гаалийн газарт ирж, өөрийн эцэг П.С-ын биеийн байдал хүндэрч, асрах зайлшгүй шаардлагатай байгаа тул ээлжийн амралтаа эдлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн хэдий ч амралт эдлүүлэх боломжгүй хэмээн татгалзсан. Улмаар ажил үүргээ гүйцэтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн хэдий ч “гаргасан зөрчилтэй холбоотой асуудлыг ерөнхий газраас шийдвэрлэх хүртэл ажиллуулахгүй" хэмээн ажиллах боломжоор хангахгүй, хууль бус эс үйлдэхүй гаргасан. Мөн Гаалийн ерөнхий газарт "12 хоногийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан тул арга хэмжээ авхуулах"-аар албан бичиг хүргүүлсэн.
2.7. Хэргийн материалд авагдсан ЗҮГГД 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/130 дугаар албан бичиг, ГЕГ-н Дотоод хяналт шалгалтын хэлтсийн гаалийн улсын байцаагч Д.А-ий үйлдсэн 2023 оны 03 дугаар сарын 09, 03 дугаар сарын 29-ний өдрийн Хяналт шалгалтын танилцуулга, гаалийн улсын байцаагч Н.Лхагвадэлгэрийн үйлдсэн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн утсаар ярьсан тэмдэглэлүүдээс үзэхэд С.Г- намайг ажиллах хүсэлтээ илэрхийлэхэд удирдлага шийдвэрлэдэггүй буюу шийдвэрлэхээс татгалзсан, дээд шатны байгууллагаас хариу иртэл ажиллуулахгүй хэмээн татгалзсан зэрэг хууль бус үйлдэл гаргасан болох нь тогтоогддог.
2.8. Гэтэл шүүх тухайн баримтуудыг ямар шалтгаанаар үнэлээгүй болох нь шүүхийн шийдвэрээс харагддаггүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй хэмээн буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд, дээр дурдсан үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2023/0800 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлуудыг бүрэн тодруулаагүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цуглуулаагүй, маргааны үйл баримтад бүрэн дүүрэн хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс ГЕГ-н дарга, ГЕГ-н харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга нарт холбогдуулан “ГЕГ-н даргын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/266 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ГЕГ-н харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналт, шалгалтын албаны гаалийн улсын ахлах байцаагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах, ЗҮГГД холбогдуулан “С.Г-ийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллах боломжоор хангаагүй ГЕГ-н харьяа ЗҮГГД үйлдэл шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, ажилтны 2023 оны 02 дугаар сарын цалинг олгоогүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд бичилт хийгээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж холбогдох бичилт хийхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна.
Анхан шатны шүүх ГЕГ-н харьяа ЗҮГГД холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй байна.
3. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тус бүрд хууль зүйн дүгнэлт бүрэн дүүрэн хийгээгүйгээс гадна хэрэгт авагдсан баримтуудад зөрүүтэй дүгнэлт хийсэн, хэргийн оролцогчдын маргаж буй зарим үндэслэлтэй холбогдуулан маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн тодруулах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд нийцээгүй, “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
4. Нэхэмжлэгчийн “ГЕГ-н даргын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/266 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ГЕГ-н харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн хяналт, шалгалтын албаны гаалийн улсын ахлах байцаагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1. Хариуцагч маргаан бүхий актад Төрийн албаны тухай хуулийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:”, 48.1.4-т “төрийн албанаас халах” гэж заасныг баримталсан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан үзэж, тохирох сахилгын шийтгэлийг ногдуулахаар байна.
Хариуцагч ГЕГ-н даргын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн маргаан Б/266 дугаар захирамжаар “Сахилгын зөрчил давтан гаргаж, удаа дараа ажил тасалсан ГЕГ-н харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн хяналт, шалгалтын албаны гаалийн улсын ахлах байцаагч С-ын Г-ийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон гаалийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулжээ.
4.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ЗҮГГД 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/54 дугаар тушаалаар “... Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор гаргасан Сумын онцгой комиссын шийдвэр, байгууллагын баталсан хуваарийн дагуу шуурхай штабт ажиллаагүй ... 1 хоногийн ажил тасалсан зөрчил гаргасан ... зэрэг дэвийг 6 сарын хугацаагаар 4 шатлал бууруулах”, мөн ЗҮГГД 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/82 дугаар тушаалаар “... ГЕГ-н даргын 2019 оны А/275 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гээлийн хяналт тавих нийтлэг журам”-ын 5 дугаар зүйлийн 5.25 дахь хэсэгт заасныг зөрчиж, хийх ёстой үйлдлийг хийгээгүйн улмаас ажлын хариуцлага алдаж, бусдад гаалийн болон бусад төрлийн татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон ... зэрэг дэвийг 6 сарын хугацаагаар 4 шатлалаар бууруулах”-аар нэхэмжлэгч С.Г-ид сахилгын шийтгэлийг ногдуулсан болох нь тогтоогдож байна.
4.3. Хариуцагч ГЕГ-н даргын маргаан бүхий 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/266 дугаар захирамжид “... сахилгын зөрчил давтан гаргаж, удаа дараа ажил тасалсан ...” гэж нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлийг тодорхойлсон байх боловч нэхэмжлэгч С.Г-ид өмнө нь 2 удаа сахилгын арга хэмжээ ногдуулсан дээрх шийдвэрүүдийн алинаас нь тооцож сахилгын зөрчил удаа дараа гаргасан гэж үзсэн нь, мөн “удаа дараа ажил тасалсан” гэж буруутгасан нь хэзээ хэрхэн ажил тасалсантай холбогдуулан ийнхүү дүгнэх үндэслэл болсон нь тодорхойгүй байхад шүүхээс энэ талаар тодруулж, хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй нь буруу байна.
4.4. Мөн хариуцагч маргаан бүхий актад Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 1-т “Гаалийн улсын байцаагч албан үүрэгтээ хайнга хандсан, эсхүл энэ хуулийн 60.3-т (60 дугаар зүйлийн 60.3-т “Мэдүүлэгч гаалийн мэдүүлэгт өгсөн мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох зорилгоор дараах бичиг баримтыг гаалийн байгууллагад өгнө”, 60.3.1-д “гадаад худалдааны гэрээ, эсхүл үнийн нэхэмжлэх”, 60.3.2-т “тээврийн бичиг баримт”, 60.3.3-д “тарифын бус хязгаарлалтад хамаарах бараанд шаардагдах зөвшөөрөл, лиценз”, 60.3.4-т “хуульд заасан бичиг баримт”, 60.3.5-д “Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу эрх бүхий этгээд шаардсан тохиолдолд гарал үүслийг нотлох баримт бичиг) зааснаас өөр бичиг баримт мэдүүлэгчээс шаардах болон бусад хэлбэрээр бүрэн эрхээ хэтрүүлсэн, түүнчлэн гаалийн хууль тогтоомж, өргөсөн тангарагаа зөрчсөн тохиолдолд дараахь сахилгын шийтгэлийг ногдуулна” гэж заасныг үндэслэсэн байна.
4.5. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Гаалийн улсын байцаагч албан үүрэгтээ хайнга хандсан, эсхүл мэдүүлэгч гаалийн мэдүүлэгт өгсөн мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох зорилгоор гаалийн байгууллагад өгөхөөр тус хуульд нэрлэж заасан бичиг баримтаас өөр бичиг баримтыг мэдүүлэгчээс шаардсан болон бусад хэлбэрээр бүрэн эрхээ хэтрүүлсэн, түүнчлэн гаалийн хууль тогтоомж, мөн өргөсөн тангаргаа зөрчсөн зэрэг тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулахаар байна.
4.6. Хариуцагч нэхэмжлэгчид ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хууль, Гаалийн тухай хуулийн дээрх зүйл заалтуудыг аль алиныг нь баримталсан байхад шүүх Гаалийн тухай хуулийн дээрх зохицуулалтыг баримталсан шалтгаан үндэслэлийг тодруулаагүй энэ талаар хууль зүйн дүгнэлт хийж дүгнээгүй нь буруу байна. Өөрөөр хэлбэл, шүүх хариуцагч нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулж байгаа эсэх, эсхүл уг хуулийн зохицуулалт болон Гаалийн тухай хуульд заасан зөрчлүүдийг аль алиныг нь гаргасан гэж үзэж байгаа эсэхийг тодруулж, маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлтэй эсэх, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх байжээ.
4.7. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ГЕГ-н дотоод хяналт шалгалтын хэлтсийн гаалийн улсын байцаагч Н.Лхагвадэлгэр 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр С.Г-оос тайлбар авахад “... 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 31-ний өдрийг хүртэл ажилдаа яваагүй ... аав нойр булчирхайн хавдартай болсныг мэдээд удирдлагадаа мэдэгдэлгүйгээр Улаанбаатар хот руу явсан ... сэтгэл санааны хямралд ороод удирдлагадаа хэлээгүй ...” гэж, ГЕГ-н Сахилгын хорооны 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд Ж.Эрдэнэболд дарга “... аав хавдартай ... хагалгаанд ороогүй гэхдээ хагалгаанд ороогүй ... хүүхдэд нь эрүүл мэндийн асуудал байгаа байх ... эхнэр нь жирэмсэн гээд нийт 4 асуудал ярьж байна” гэж, тус хуралдаанд С.Г- “... Миний хувьд алдаагаа хүлээн зөвшөөрч байгаа, ... би өөрийн хүсэлтээр байж болох уу ...” гэсэн тайлбар гаргасан байна.
4.8. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр томилогдсон ажилдаа очихгүй байх, сэлгэн ажиллуулах гэрээ зөрчих, ажил таслах, ажлын байраа зөвшөөрөлгүй орхих”, Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3-д “Сахилгын шийтгэл ногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг харгалзаж үзнэ”, 3.3.6-д “Гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж, ухамсарласан байдал”, 3.5-д “Cахилгын шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд дор дурдсан тохиолдол хамаарна" 3.5.3-д “зөрчлийг гарахад хүргэсэн нөхцөл байдлыг хөнгөрүүлэх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал гэж үзсэн бусад тохиолдол” гэж тус тус зааснаас үзэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр томилогдсон ажилдаа очоогүй, ажлын байраа зөвшөөрөлгүй орхих нь Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийг зөрчсөнд тооцогдохоор байх боловч тухайн албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авахдаа уг зөрчлийг гаргахад хүргэсэн нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулах боломжтой талаар журамласан байна.
4.9. Иймд шүүх хариуцагч нь тус маргаан бүхий актыг гаргахдаа Гаалийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийг алинд нь заасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулж байгаа эсэх талаар дүгнэхээс гадна дээрх журмын зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгчийн ажилдаа очоогүй, ажлын байраа зөвшөөрөлгүй орхисон нөхцөл байдлын шалтгаан үндэслэлийг тодруулж, уг нөхцөл байдал нь түүний зөрчлийг хөнгөрүүлэх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал гэж үзэх боломжтой эсэхэд мөн хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.
5. Нэхэмжлэгчийн “С.Г-ийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллах боломжоор хангаагүй ГЕГ-н харьяа ЗҮГГД үйлдэл шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, ажилтны 2023 оны 02 дугаар сарын цалинг олгоогүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд бичилт хийгээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж холбогдох бичилт хийхийг ЗҮГГД даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
5.1. Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн хяналтын бүсүүдэд 2023 оны 02 дугаар сарын 01-ээс 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд ажиллах гаалийн улсын ахлах байцаагч болон гаалийн улсын байцаагч нарын хуваарьт нэхэмжлэгч С.Г-ийг оруулаагүй, ажил хийлгээгүй эс үйлдэхүй хэзээ хэрхэн яаж үүссэн эсэхийг тодруулаагүй буюу нэхэмжлэгчээс Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн хяналтын бүсэд ажиллах талаар хариуцагчид хандсан эсэх, хэрэв хандсан бол хэзээ ямар хэлбэрээр хандсан, хариуцагчаас хэрхэн шийдвэрлэсэн эсэх (татгалзсан эсхүл шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан эсэх), нэхэмжлэгч тухайн хугацаанд ажлын байран дээрээ байсан эсэх, түүнд 2 дугаар сард цалин хөлс бодогдсон эсэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн эсэх зэрэг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон маргааны үйл баримтад хамаарах холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй байна.
5.2. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгч 2 дугаар сард ажил үүрэг гүйцэтгэсэн эсэх, ажил үүрэг гүйцэтгэхээр эрх бүхий албан тушаалтанд хандсан эсэх, хүсэлтийг дээд шатны албан тушаалтан шийдвэрлэсэн эсэх, ажлын цаг бүртгэгдсэн эсэх, ажил тасалсан эсэх, нэхэмжлэгчийн “ар гэрийн байдлаас шалтгаалан ээлжийн амралтаа авах хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй” гэх тайлбар үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгчид ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан ГЕГ-н даргын маргаан бүхий 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/266 дугаар тушаал гарахаас өмнөх хугацаанд хамаарах 2023 оны 02 дугаар сарын цалин хөлсийг түүнд ямар шалтгааны улмаас олгоогүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд бичилт хийсэн эсэхтэй холбоо хамааралтай хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг бүрдүүлж энэ талаарх үйл баримтыг бүрэн дүүрэн тодруулсны үндсэн дээр нэхэмжлэлийн тус шаардлагад хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах, хэргийн оролцогчдын маргаж буй маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журамд нийцээгүй байна.
6. Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулж, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн дээр дурдсан алдаа зөрчлийг зөвтгөн засаж, маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 800 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ