Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 185

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй  

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Р.Энхтуяа,

Иргэдийн төлөөлөгч Ж.Хулганаа,

Хохирогч Ч.Төгөлдөр, түүний өмгөөлөгч С.Сувдмаа,

Шүүгдэгч Б.Өнөболд, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Еншөөбүү овогт Батсүхийн Өнөболдод холбогдох 201626011124 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1997 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, СУИС-ийн найруулагчийн 1 дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 32-217 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Еншөөбүү овогт Батсүхийн Өнөболд /РД:УП97092436/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Өнөболд нь согтуугаар 2016 оны 5 дугаар сарын 03-04-нд шилжих шөнийн 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны аркны хажууд Ч.Төгөлдөрийг миний хоолойг боож хананд шахлаа гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар гараараа цохиж бие махбодид нь дагз ясны шугаман хугарал, тархины дух, зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины дух хэсгийн тархины эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Өнөболдын өгсөн:

            “...2016 оны 5 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Даваагийнд архи ууж байгаад гараад Тайванжаргал, Тэргэл хоёртой таараад цуг пиво уусан. Даваа Тэргэлтэй муудалцаад байсан, би анхаараагүй. Би Тайванжаргалтай нэг мэргэжлээр сурдаг болохоор киноны талаар ярилцаж байсан. Тэгсэн Тэргэл, Даваа хоёр хоорондоо зодолдоод нэг нэгнийгээ хараагаад байсан. Тайванжаргал Тэргэлийг болиулаад гэр лүү нь дагуулаад орсон. Тэгээд бид 3 түцний тэнд зогсож байхад Тэргэлийн найзууд нь ирээд над руу дайрсан. Би Төгөлдөрт хүнд гэмтэл учруулна гэж бодоогүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оноож өгнө үү” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Төгөлдөрийн өгсөн:

“...2016 оны 5 дугаар сарын 03-04-нд шилжих орой бөөнөөрөө цуглаад пиво ууя гэж ярьж байгаад Тэргэлийн гэрт орсон. Тэргэлийнд 6 ширхэг 2 литрийн Сэнгүр нэртэй пиво 7-8-лаа хувааж уусан. Архи уугаагүй. Бөөнөөрөө пивоо уугаад эрүүл шахуу том өрөөнд хөзөр тоглоод байж байхад Тайванжаргал, Тэргэл хоёр гарлаа гээд гарсан. Удалгүй Тэргэлийн хамарнаас цус гарсан орж ирэхээр нь бид яасан юм бэ гэж асуухад Өнөболд, Даваа хоёртой уулзсан чинь ийм юм болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь бид гайхаад багаасаа нийлдэг байж яаж байгаа юм болоо гээд бөөнөөрөө гарсан. Би Өнөболд руу дайрсан нь үнэн, нэг байранд багаасаа тоглож өсчхөөд яаж байгаа юм бэ гэхэд ямар нэг зүйл хэлээгүй. Өнөболд руу дайрснаа мэдэж байна. Тэгээд цохиулаад нэг сэрсэн, 9 хоногийн дараа эмнэлэгт сэрсэн. Одоогоор гарсан эм тарианы мөнгийг шүүгдэгч төлсөн. Нийт 4.000.000 төгрөг авсан. Одоогоор нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй байна. Миний зүүн хөлийн таван хуруу ажиллахгүй, хөдлөхгүй байгаа. Шарлага хийлгэж байгаа. Эмч жаахан удаа мэдэ орно, эдгэнэ гэсэн. Харин цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай болвол энэ гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

           Мөн хавтаст хэргээс:

 

  1. Хохирогч Ч.Төгөлдөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “...2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 23 цагийн орчимд найз Тэргэлийн гэрт Тэргэл, Сүхбат, Сүххуяг, Билгүүн, Тайванжаргал, Лхагвасүрэн бид нар уулзаад 2 литрийн савлагаатай Сэнгүр пиво 6 ширхэгийг уусан. Тэгээд пиво уугаад дуусахад 01 цаг болж байсан байх, яг сайн санахгүй байна. Тэргэл, Тайванжаргал 2 хүнтэй уулзана гээд гарсан. Тэгээд 30 орчим минутын дараа Тэргэл “би Өнөболд Даваа хоёртой муудалцчихлаа, зодуулчихлаа” гээд ороод ирсэн. Тэгээд бид нар бөөнөөрөө Тэргэлийн гэрээс гарсан чинь Даваа, Өнөболд, Тайванжаргал гурав 32 дугаар байрны автобусны буудал дээр зогсож байсан. Тэгээд бид нар бөөнөөрөө тэр гурав дээр яваад очсон. Тэгээд бид нар “нэгнийгээ яагаад зодож байгаа юм бэ” гээд загнасан чинь Өнөболд “та нар хэн юм бэ” гэсэн. Тэгээд Тайванжаргал, Өнөболд зууралдаад авсан. Тэгэхээр нь би Өнөболдыг тэврээд салгасан. Тэгээд бүгдээрээ тайвшраад байр руугаа ороё гэх зэргээр ярилцаад зогсож байснаа санаж байна. Дараа нь Содоо ах ирэхийг харсан.  Тэгээд нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Би хэн нэгэнд гэнэт цохиулсанаас болж санахгүй байгаа гэж бодож байна. Тэгээд л юу болсныг санахгүй байгаа. Эмнэлэгт зүүн гар, зүүн хөл 2 мэдээгүй болсон байдалтай сэрсэн. Миний биеийн зүүн хэсэг мэдээгүй болсон. Толгой үе үе базаж өвдөж байсан. Миний биед хэн гэмтэл учруулсан гэдгийг би яг өөрөө бол мэдэхгүй байна. Хамт байсан хүмүүс намайг Өнөболд цохьсон гэж хэлсэн. Би тухайн өдөр Өнөболдтой маргалдаж муудалцсан асуудал байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 96-98 х/,

           “...Хүзүүний гэмтлийг би өөрөө үүсгэсэн. Ер нь миний бие дээр жижиг улаан батганууд гараад байдаг юм. Тэр үед ч гэсэн хоёр хоногийн өмнө хүзүүн дээр хэд хэдэн батга гарсан байхаар нь би шахаад маажчихсан байсан. Тэгээд тэр нь бага зэрэг тав тогтоод улаачихсан байсан. Харин өгзөгний гэмтлийг бас юм гарчихсан байхаар нь маажсан юм. Тухайн өдөр би Өнөболдыг заамдаж, боогоогүй. Харин Өнөболдтой хэрэлдэж маргалдсан. Надад Өнөболдын гэрээс 3.000.000 төгрөг өгсөн. Цаашид эмчилгээ хийлгэх бодолтой байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 164 х/

 

  1. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6195 тоот дүгнэлтэд:

            а/ Төгөлдөрийн биед дагз ясны шугаман хугарал, тархины дух, зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархины дух хэсгийн тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            б/ Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

            в/ Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насандаа аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            г/ Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

            д/ Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-ийн 41 х/

 

            3.Хавтаст хэргийн материалаар шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан 1122 тоот дүгнэлтэд:

            а/ Шинжээч эмч Н.Туяа-н гаргасан № 6195 тоот дүгнэлт үндэслэлттэй байна

            б/ Төгөлдөрийн биед дагзны ясны шугаман хугарал, тархины дух, зулай чамархайн хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархины дух хэсгийн тархины эдийн няцрал, хүзүү, баруун өгзөгний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

            в/ Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

                г/ Дээрхи дагзны ясны шугаман хугарал, тархины дух, зулай чамархайн хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархины дух хэсгийн тэрхины эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт, баруун өгзөгний зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна гэжээ. /хх-ийн 184-185 х/

 

            4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

             “...Би Төгөлдөрийн төрсөн эх юм. Хүү маань гэмтсэнээс болоод одоогоор гэмтлийн эмнэлгийн гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлж байгаа ба одоогоор мэдүүлэг өгөх чадваргүй байна. Иймд би хүүгийнхээ өмнөөс энэ хэрэгт хохирогчоор оролцох хүсэлт гаргасан юм. Анх эмнэлэгт ухаангүй очсоноо бодвол эмчилгээ хийгдэж биеийн байдал нь сайжирч байгаа боловч биеийн зүүн хэсэг саажилт явагдаж мэдээгүй байгаа. Би хүүгийнхээ хүзүүний болон  өгзөгний шарх шалбархайг эмнэлэгт хэвтэж байхад нь харсан. Нилээн хуучин тав тогтсон 2 шалбархай байсан. Манай хүү батга гарахаар нь шахаад тийм шалбархайнууд үлдсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20, 165-166 х/

 

            5.Шинжээч О.Болороогийн мөрдөн байцаалтад өгсөн:

            “...хүзүү болон баруун өгзөгний зулгаралтууд гэмтэл нь маажихад үүсэх боломжтой. Иймээс хохирогч Төгөлдөр нь хүзүү болон баруун өгзгөнд гарсан батгаа шахаж, маажихад үүсэх бүрэн боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-ийн 186х/

 

            6.Гэрч М.Даваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

             “...Би 2016 оны 05 дугаар сарын 03-ны орой Өнөболд бид 2 манайд орж ирэхдээ дэлгүүрээс 0.5 литрийн Хараа архи 1 ширхэгийг, том савтай Нийслэл пиво авч орсон ба архиа уучихаад шөнө 02 цагийн орчимд фэйсбүүкээр Тэргэлтэй харилцсан ба “юу хийж байна” гэх зэргээр чаатлаж байгаад “гарах уу” гээд бид гарахаар болсон. Ингээд бид 2 пиво авч гараад байрныхаа голд байх сүүдрэвчинд Тэргэл, Тайванжаргал нартай хувааж уусан. Ингэж байхдаа би Тэргэлийг “ганц пиво байгаа юм уу” гэхээр нь би “ганц л байна найзынх нь чадал л энэ байна” гэсэн чинь Тэргэл үг хаяж бид 2 үүнээс болж маргалдаж байгаад зодолдсон юм. Тэгтэл Тэргэл гэр лүүгээ орлоо гээд явсан ба Тайванжаргал, Өнөболд бид 3 ТҮЦ-ийн хажууд зогсож байсан чинь удалгүй Тэргэл найз нартайгаа буцаж ирсэн. Тэдний найзуудаас миний танихаас Төгөлдөр, Сүххуяг, Сүхбат, Лхагваа нар байсан. Тэднээс бусдыг нь танихгүй хүүхдүүд байсан. Сүххуяг надаас “юу болсон юм бэ, би эрүүл байна” гэж надаас асуухаар нь болсон асуудлыг хэлээд зогсож байтал Тэргэл гартаа хутга барьчихсан над руу дайрахаар нь би 32 дугаар байрны хойд талаар зугтаасан. Тэгээд буцаад 32 дугаар байрны аркны хажууд яваад очтол Тэргэлийн найзууд бүгдээрээ Өнөболд руу дайрч хэрэлдэж байсан ба Төгөлдөр аркны голд газар нуруугаараа хана налсан байдалтай суугаад бөөлжөөд байсан. Тэгэхээр нь би хажууд нь очоод зүгээр үү гэж асуусан. Тэгтэл надад хариу хэлээгүй. Түүний хажууд Хорлоо эгч сууж байсан. Тэгээд би Өнөболдыг татаж тэднээс холдуулж тэгээд Өнөболд гэр лүүгээ орлоо гээд явахаар нь би араас нь орц руугаа орохыг нь харчихаад би гэр лүүгээ орсон. Өнөболд Төгөлдөрийг цохихыг би хараагүй, намайг Тэргэлээс зугтааж яваад буцаад ирэхэд цохьчихсон байсан юм. Төгөлдөрийг хажууд нь Алтангадас түшээд сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21, 175 х/

 

            7.Гэрч Г.Тэргэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “...2016.05.03-ны орой 21 цагийн орчимд Тайванжаргал, Сүхбат, Сүххуяг, Төгөлдөр, Лхагвасүрэн, Жавхлантөр нар манай гэрт 2 литрийн Сэнгүр пиво 6 савыг мөнгөө нийлүүлж байгаад авч ууж дууссан. Тэгтэл Даваа Фэйсбүүк чаатаар над руу “гарч ирж пиво уу найз нөхөд чинь хоншоортой юм бол гарч ирж уу” гээд байхаар би нь Тайванжаргалд хэлээд бид 2 гэрээс гарсан. Тэгээд 32, 33 дугаар байрны дунд байх сааданд очиход Даваа, Өнөболд, Чүлтэм 3 ирж байсан ба 2 литрийн савтай пиво барьсан байсан. Тэгээд Даваа бид 2 юм яриад сууж байсан ба Даваа “та нар хогийн тусалдаггүй, өөдгүй” гэх зэргээр хаяад байсан. Тэгснээ ерөөсөө хоёулаа зодолдьё гээд намайг дагуулаад 17 дугаар хорооны байрны хойно ирээд миний зүүн шанаа руу гараараа нэг цохиж би тэр үед газарт унасан. Тэгтэл дээрээс маань нүүр, толгой руу гараараа олон удаа цохьсоноос  миний хамар уруулнаас цус гарсан байсан. Тэгээд гэрлүүгээ ороод Даваад зодуулсан гэж хэлсэн чинь Лхагвасүрэн, Төгөлдөр, Сүхбат, Сүххуяг, Төгөлдөр, Тэмүүлэн бүгд гарсан. Би шүүгээнээс хоолны хутга аваад гарсан. Тайванжаргал, Өнөболд, Даваа гурав 32 дугаар байрны урд байх ТҮЦ-ний хажууд зогсож байгаад Даваа зугтахаар би араас нь гүйсэн боловч би бүдэрч унаад бөөлжөөд байж байхад намайг Жавхлантөр түшиж 32 дугаар байрны аркны тийш авч явсан ба тэр үед  Жавхлантөр надаас хутга авсан. Тэгээд намайг аркны дор хана түшүүлээд суулгасан. Би тухайн үед нилээн согтолттой байсан юм. Түүнээс хойш юу болсоныг санахгүй байна. Маргааш өглөө нь Төгөлдөр сэрэхгүй гар хөл нь татаад байсан учраас түргэн дуудаж эмч ирж үзээд шууд гэмтэл рүү аваад явсан. Тухайн үед миний хамар болон уруулнаас цус гарсан. Одоо миний биед учирсан гэмтэл байхгүй учраас шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Төгөлдөрийг хэн цохьсон гэдгийг би хараагүй. Хүмүүсийн ярьсанаар Өнөболдыг цохьсон гэж байсан юм. Манай гэрт ирэхдээ Лхагвасүрэн цагаан ноосон цамцтай байсан. Би Давааг айлгах зорилгоор хутга авч гарсан. Би Давааг хаашаа явж байгааг нь харах гээд араас нь гүйгээд бүдрээд унасан. Би Даваагаас өөр хэн нэгнийг хутгаар гэмтээж, айлгаж сүрдүүлээгүй. 2016 оны 05 дугаар сарын 03-ний өдрөөс хэд хоногийн өмнө Төгөлдөртэй уулзахад хүзүүний баруун зүүн хэсэгт нь жижиг улаан хүрэн өнгийн тав тогтсон шалбархай байсан ба манай найзуудаас нэг нь чи хүзүүгээ яасан юм бэ гэхэд яагаа ч үгүй гэж Төгөлдөр хариулж байсан. Дараа нь 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр манай гэрт пиво уугаад сууж байхад Төгөлдөрийн хүзүүний баруун зүүн хэсэгт нь жижиг улаан хүрэн өнгийн тав тогтсон шалбархай арилаагүй байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23, 105-106, 180-181 х/

 

            8.Гэрч Л.Тайванжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

             “...Өнөболд, Даваа, Чүлтэм бид дөрөв 32 дугаар байрны урд талд байх автобусны буудлын ТҮЦ-ээс тамхи авахаар явсан ба ТҮЦ-ийн хажууд очоод зогсож байхад Тэргэл, Сүххуяг, Сүхбат, Лхагвасүрэн, Жавхлантөр, Тэмүүлэн, Төгөлдөр нар хүрч ирсэн, тэднийг хараад Даваа баруун тийш зугтаасан. Араас нь Тэргэл хөөгөөд явсан. Тэгтэл Төгөлдөр Өнөболд руу “чи яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ” гээд дайраад байхаар нь аль болох салгаад байсан. Тэгж байхад миний танихгүй 2 охин хаанаас ирснийг мэдэхгүй Өнөболдыг таньдаг бололтой ирээд Өнөболдыг тайвшруулах гээд тэднээс холдуулж юм ярьж байсан. Өнөболдыг яагаа ч үгүй байхад нь Төгөлдөр, Лхагвасүрэн, Жавхлантөр нар “яагаад чи Тэргэлийг зодож байгаа юм бэ” гэж дайраад байсан. Өнөболдын хувьд Тэргэлтэй муудалцаж зодоон болсон асуудал байхгүй. Тэргэл Даваатай л муудалцсан юм. Тийм учраас Өнөболд уурлаад байсан юм. Тэгээд нөгөө 2 охин Өнөболдыг дагуулаад 32 дугаар байрны аркны орчимд очиход Өнөболд тайвширч чадахгүй “та нар болоогүй шүү” гэх зэргээр хэлж байсан. Тэгэхэд нь Лхагвасүрэн аркны дор Өнөболдын хоолойноос нь гараараа багалзуурдаж хана руу шахаж байхад нь Сүхбат, Сүххуяг, Жавхлантөр нар Лхагвасүрэнг болиулсан. Тэгтэл Төгөлдөр Өнөболдыг дагуулаад аркан доогуур хойшоо явж байсан ба одоо тайвшир гэж хэлж байсан. Би Өнөболд яагаа ч үгүй, ямар ч буруугүй гэж Төгөлдөрт хэлж байсан. Тэгж байхад Өнөболд утсаараа бүтэн нэрийг нь мэдэхгүй байна Содоог дуудсан чинь  нэг их удалгүй хүрээд ирсэн. Тэгтэл Өнөболд Содоо ахыг хараад л шууд Төгөлдөрийн нүүр, толгой орчимд нь гараараа цохьсон. Тэгтэл Төгөлдөр шууд арагшаа саваад унасан. Унасан газар нь цементэн талбай байсан юм. Өнөболд Төгөлдөрийг цохиод унагаж байхад нөгөө 2 охин хажууд нь байж байсан. Бид бүгдээрээ унтацгаагаад би өглөө 10 цаг өнгөрч байхад би сэрсэн. Тэгээд би босоод ус уучихаад гарах гэтэл Төгөлдөр татаж байгаа нь мэдрэгдсэн ба гар нь татаад байсан. Тэгээд таталт нь ойр ойрхон болоод байсан ба хөнжлийг нь сөхөөд үзсэн чинь өмдөндөө шээчихсэн байхаар нь нэг л биш байна гэж бодоод би Тэргэлийн утаснаас түргэн дуудсан. Удалгүй түргэний эмч ирээд Төгөлдөрийг үзээд цус харавсан байна гэж хэлээд гэмтлийн эмнэлэг хүргэсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 х/

 

            9.Гэрч Н.Сүхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

             “...2016 оны 05 дугаар сарын 03-ны орой 22 цагийн орчимд найз Тайванжаргал, Сүххуяг, Төгөлдөр бид 4 Тэргэлийнд  орсон ба дэлгүүрээс том савтай Сэнгүр пиво 6 савыг авсан юм. Тэгж байхад Тэргэл, Тайванжаргал хоёр Даваа, Өнөболд хоёртой уулзчихаад ирье гээд гарсан юм. Тэр хоёр гарч яваад 30-40 орчим минутын дараа Тэргэл Даваад зодуулсан гээд хамраас нь цус гарсан, дээд уруул нь хавдсан, нүүр хэсэг нь цус болсон байдалтай орж ирсэн. Хамт гарсан Тайванжаргал нь орж ирээгүй болохоор нь санаа зовоод бүгдээрээ Тэргэлийнхээс гарсан. Тэгтэл 32 дугаар байрны аркны урд байх ТҮЦ-ийн хажууд Тайванжаргал, Даваа, Өнөболд гурав зогсож байхаар нь бид нар очоод шууд Даваа, Өнөболд нартай яагаад хүүхэд зодож байгаа юм бэ гэж маргалдсан. Тэгтэл Тэргэл хутга бариад гүйж ирсэн ба Давааг хөөсөн. Тэргэл, Давааг хөөж байснаа бүдрээд уначихаар нь Сүххуяг бид хоёр Даваагийн араас хөөж очиж уулзсан. Тэгээд бид тайвшир юм ярья гэж ярилцаад эргээд аркны хажууд ирэхэд Төгөлдөр Өнөболдтой маргалдаж байсан ба Өнөболд би зодоогүй гэж хэлж байсан юм. Тэгээд байж байхад хаанаас гарч ирснийг мэдэхгүй манай байранд байдаг Содоо ах гарч ирсэн чинь Өнөболд нь Төгөлдөрийг зүүн шанаа орчимд нь гараараа нэг удаа цохьсон. Тэгтэл Төгөлдөр шууд арагшаагаа савж унасан. Тэгээд тэр үед Төгөлдөрийг цохиулсандаа ухаан алдчихлаа гэж бодсон. Тэгээд л бид Тэргэлийнх руу ороход 1 давхарт Төгөлдөр ухаан ороогүй, Алтангадас Тэргэлийнх руу авч орох гээд дийлэхгүй байгаа бололтой толгой хэсгийг нь өвөр дээрээ тавиад сууж байсан юм. Тэгээд би Төгөлдөрийг үүрээд дээшээ шатаар явсан. Тэр үе цахилгаан шат зогссон байсан юм. Тэгээд 3 давхарт гараад Жавхлантөр, Алтангадас бид гурав өргөөд 8 давхарт гарсан юм. Тэгээд Тэргэлийнд орж Төгөлдөрийг том өрөөнийх нь буйдан дээр хэвтүүлсэн чинь Төгөлдөр хурхираад унтаад байсан. Тэгээд бид нар унтацгаасан. Маргааш өглөө 11 цаг болж байхад Лхагвасүрэн намайг сэрээж Төгөлдөрийн бие жаахан тааруу байх шиг байна түргэн дуудчихлаа босоод ир гэж хэлсэн, Ингээд босоод харахад Төгөлдөрийн зүүн гар нь татаж байгаа бололтой бие нь чичирсэн, өмдөндөө шээсэн байдалтай байсан. Удалгүй түргэний эмч ирж үзээд энэ хүн чинь цус харавчихсан байна гээд эмнэлэг рүү явсан. Бид нарыг Төгөлдөрийг өргөж байхдаа унагаж юм мөргүүлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27, 101-102, 171-172 х/

 

            10.Гэрч Э.Жавхлантөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

             “...Тэргэл гаднаас Даваад зодуулсан гээд хамар амнаас нь цус гарчихсан ирэхээр нь бид нар Тайванжаргалыг бас зодуулж байгаа юм болов уу гээд гарсан. Тэгээд бид нар Даваа, Тайванжаргал, Өнөболд нар дээр очоод юу болсон талаар асуугаад зогсож байтал Тэргэл хутга барьсан гарч ирсэн. Тэгээд Даваагийн хойноос хөөснөө бүдрээд уначихсан, Тэргэлийн хажууд хутга нь уначихсан байхаар нь аваад халаасандаа хийсэн. Тухайн үед Тэргэл бөөлжөөд байхаар нь түүнийг арк руу авч очоод хана түшүүлээд суулгаж байх үед хүчтэй унах чимээ гарсан. Тэгтэл тэнд байсан нөгөө хэд орилолдоод явчихсан, Төгөлдөр дээшээ харсан байдалтай газар хэвтэж байсан ба хамраас нь цус гарч байсан. Тэгэхэд Содоо гэх ах ирсэн байсан. Өнөболдыг Төгөлдөрийг цохьсон гэж байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 х/

 

            11.Гэрч С.Хоролсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

             “...Би найз охин Марал-Эрдэнэ, Оргил нарын хамт машинтай 32 дугаар байрны аркны хажууд байх ТҮЦ-ээс юм авах гээд ТҮЦ рүү очиход миний танихаас Өнөболд ганцаараа байсан ба хажууд нь нилээн олон залуучууд байсан. Тэд Өнөболд руу “чи хэзээ ийм болчихсон юм бэ” гэж орилолдож, дайрч байсан ба “манай найзыг зодлоо” гээд л дайраад байсан. Тэгэхэд Өнөболд “би зодоогүй шдээ” гэж хэлж байсан. Тэгээд би Өнөболдыг тэднээс холдүүлж арк руу явсан ба тэд араас орилолдоод л явж байсан, тэгтэл нэг цагаан ноосон цамцтай залуу ирээд Өнөболдыг “чи ямар овоо болчихсон юм бэ” гэж орилж хашгирч байгаад хоолойг нь гараараа боож аркны хана руу шахсан. Тэгж байхад нөгөө хэд нь ч гэсэн Өнөболд руу орилж дайрч л байсан. Тэгээд боль гэж Өнөболдоос нөгөө цагаан цамцтай залууг салгасан. Тэгээд Өнөболд тэднээс арай холдонгуутаа Содбилэг руу утсаар ярьж “ахаа Мэтка ахын дүү нар намайг зодох гээд байна та гараад ир” гэж дуудсан. Тэгэхэд нөгөө цагаан цамцтай залуу болон цохиулдаг залуу 2 орилоод л Өнөболдтой маргалдаж байсан чинь удалгүй Содбилэг гарч ирсэн. Тэгтэл Өнөболд орилоод байсан залуу руу очингуутаа нүүр рүү нь гараараа нэг удаа цохьсон, нөгөө залуу шууд арагш саваад, дээшээ харсан байдалтай унасан. Тэгтэл нэг саравчтай малгайтай залуу түүнийг татаад хүний хөлнөөс холдуулсан ба харахад амнаас нь цус гарч байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 х/

 

            12.Гэрч З.Содбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

             “...2016 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө гэртээ байж байтал 04 цагийн орчим байрны дүү Өнөболд над руу залгаж “ахаа эд нар намайг бөөнөөрөө зодох гээд байна, 32-ын буудал дээр байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад 32 дугаар байрны аркны орчимд очиход Өнөболд Төгөлдөрийг эрүү, шанаа орчим нь гараараа нэг удаа цохиход Төгөлдөр арагш савж унасан. Өнөболдын хажууд миний танихаас Лхагвасүрэн, Тайванжаргал, Сүххуяг, Сүхбат, Тэргэл, Тэмүүлэн, Алтангадас нар түүнээс гадна бас нэрийг нь мэдэхгүй өндөр банди байсан. Мөн Тайванжаргалын хажууд нэг эмэгтэй харагдсан. Төгөлдөрийг цохиод унагачихангуут тэд Өнөболд руу дайрсан. Тэгэхээр нь би тэднийг больцгоо гэж болиулсан. Төгөлдөрийг газарт унасан байхад нь Алтангадас өргөж аркийн дор Тэргэлийн хажууд аваачиж суулгахад Төгөлдөр бөөлжиж байсан, би харахдаа түүнийг шал согтуу байна гэж бодсон....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 х/

 

            13. Гэрч С.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

             “...Манай найзууд Өнөболдоос “чи яагаад Тэргэлийг зодож байгаа юм бэ” гэхэд Өнөболд “та нар намайг яаж байгаа юм бэ, та нар яах юм бэ” гээд нилээн согтуу, хүн болгонтой маргаад байсан. Хоёр охин бас ирээд салгах гээд байсан. Өнөболд над руу “чи намайг яах юм бэ” гээд духаа наагаад дайраад байсан. Тэгэхээр нь би холдуудах гээд Өнөболдыг хоолой орчимд гараараа түлхсэн. Тэгэхэд хүмүүс дундуур ороод салгасан. Тэгээд би Чүлтэмд “найзыгаа харж байна уу, их согтуу байна, бидний яриаг ойлгохгүй байна шдээ” гэх зэргээр тайлбарлаж өгч байсан. Тэр үед аркны нөгөө талаас Сүххуяг, Даваа, Содоо ах нар гарч ирсэн. Тэгсэн чинь Өнөболд шууд гүйж ирээд Төгөлдөрийн нүүр рүү гараараа нэг удаа цохьсон. Төгөлдөр хойшоо саваад дагзаараа уначихсан. Бид нар Төгөлдөрийг гайгүй юу гэхэд сэргэсэн. Тэгэхээр нь Алтангадасыг Төгөлдөрийг аваад гайгүй газар суулгачих гэхэд замын брожюр дээр суулгасан. Төгөлдөр суунгуутаа бөөлжөөд эхэлсэн. Тэгээд бид архиндаа болоод бөөлжөөд байна гэж бодсон. Харин Содоо ах “нэг байрны хүүхдүүд байж битгий хоорондоо муудалцаж бай” гэх зэргээр ярьж байсан. Маргааш өглөө Тайванжаргал намайг сэрээгээд Төгөлдөр орондоо шээчихсэн, гар нь татаганаад байна гэж хэлсэн. Тэгээд бид нар бусдыгаа сэрээгээд түргэн дуудсан. Эмч ирээд танай найз цус харвасан байна гэж хэлээд Төгөлдөрийг аваад явсан. Түргэний машинд Жавхлантөр, Тайванжаргал бид 3 суугаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 107-109 х/

 

            14. Шүүгдэгч Б.Өнөболдын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн:

            “...Би 2016 оны 5 дугаар сарын 03-ны орой найз Даваа бид 2 архи уухаар ярилцаад байрны дунд байх хүнсний дэлгүүрээс Даваа мөнгөөрөө 0.75 литрийн Хараа архи, 1 том савтай Боргио байсан шиг санаж байна пивоны хамт авсан. Тэгээд бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 109 тоотод байх Даваагийн гэрт том өрөөнд нь орж 0.75 литрийн Хараа архиа ууж дууссан. Даваа утсаар фэйсбүүкд орж байсан ба 2 найзтайгаа уулзья гээд бид хоёр гарахаар болсон. Бид том савтай пивоо аваад гарсан. 33, 32 дугаар байрны дунд байх сүүдрэвч рүү явж байхад Тэргэл, Тайванжаргал нар яг ирж байгаа таарч бид сүүдрэвчинд орж суусан. Энэ үед 02-03 цагийн л орчимд байх. Ингээд бид пивоо ууж байсан ба Тайванжаргал киноны чиглэлээр сурдаг учраас сурч байгаа мэрэгжлийнхээ талаар бид хоёр ярилцаж байсан чинь Тэргэл, Даваа хоёр маргалдаад байсан ба яг юу яриад маргалдаад байсныг нь санахгүй байна. Тэгээд тэр хоёр 17 дугаар хорооны байрны цаад талаар орох шиг болсон ба нэг харахад орилолдоод Тэргэл Давааг хөөж байхаар нь Тайванжаргал бид 2 очиж тэднийг болиулсан. Тэгээд Тайванжаргал Тэргэлийг гэр лүү нь оруулчихаад эргэж ирээд Даваа, Тайванжаргал бид гурав автобусны буудал дээр байдаг ТҮЦ-ээс тамхи авахаар явсан. Бид 3-ыг ТҮЦ-ийн хажууд зогсож байсан чинь Тэргэлийн найзууд гээд баахан хүнтэй Тэргэл ирсэн ба миний таньдагаас Тэргэлийн төрсөн ах Тэмүүлэн, Сүххуяг, Лхагваа, Төгөлдөр нэрийг нь мэдэхгүй байна хочыг нь Момок гээд байдаг хүүхэд, өөр танихгүй 2 хүүхэд байсан. Тэгтэл Тэргэлийг хутгатай байна гэж Даваа хэлж байсан ба би түүнийг нь хараагүй. Тэргэл Даваагийн араас хөөгөөд явсан. Яг хаашаа хөөснийг нь мэдэхгүй байна. Тэгтэл Төгөлдөр, Лхагваа танихгүй нэг банди, Тэмүүлэн нар намайг тойрч зогсоод Төгөлдөр миний хоолойг гараараа боож ТҮЦ-ийн хананд шахаж манай найзыг зодчихлоо гээд намайг миний нүүр болон гар руу цохиж зодсон. Тэр үед миний танил эгч Хорлоо нэг найзтайгаа явж байснаа намайг харж тэднээс салгасан. Төгөлдөр хамгийн түрүүнд гүйж ирээд миний энгэрээс бариад авсан. Тэгэхээр нь би тэднээс айж байсан учраас баруун гараараа Төгөлдөрийн зүүн шанаа орчимд 1 удаа цохьсон. Тэгтэл найзууд нь цохьчихлоо гээд над руу дайрсан. Тэд намайг цохиогүй. Надад цохиулаад Төгөлдөр унасан юм шиг байсан. Тэнд байсан найзууд нь Төгөлдөрийг уначихлаа шдээ арчаагүй юм бэ гэх зэргээр хэлж байсан. Би ганцаараа, тэд олуулаа, нэг гартаа хутга барьсан байсан учраас айсандаа болоод Төгөлдөрийг яг ямар байдалтай унасныг хараагүй юм. Тэгээд нэг харсан чинь Төгөлдөр арк доор тонгойж суугаад бөөлжиж байсан. Нэг найз нь хажуунаас нь барьсан байдалтай сууж байсан юм. Энэ үед Давааг хажууд ирсэн байсныг харсан. Тэгээд намайг тэд нараас салгаж бид 2 гэр гэр лүүгээ орсон юм. Төгөлдөрийг цохих үед Хорлоо эгч байсан. Хамт явсан найз нь ч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59 х/

 

            15.Шүүгдэгч Б.Өнөболдын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:

             “...Тухайн үед Төгөлдөрийн найз Тэргэлийг намайг зодсон гэж бодоод бөөнөөрөө над руу дайрсанаас би Төгөлдөрийн найзуудтай муудах болсон. Төгөлдөр найз нартайгаа нийлээд над руу дайраад байхаар нь би Төгөлдөрийн зүүн хацар руу нь баруун гараараа нэг удаа хүчтэй түлхсэн чинь Төгөлдөр хойшоо 2, 3 алхаад цементний залгаас хагархай дээр өсгийгөөрөө бүдрээд саваад унасан. Төгөлдөрийг хойшоо бүдэрч унахыг миний хажууд ойрхон зогсож байсан Хоролсүрэн, Марал-Эрдэнэ нар сайн харсан гэж бодож байна. Өмнө нь намайг мэдүүлэг өгөх үед нөлөөлж айлган сүрдүүлж дарамталсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 182-183 х/ зэргээс гадна хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6х/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3х/, ГССҮТ-ийн эмч М.Баасансүрэнгийн тодорхойлолт /хх-ийн 9х/, Б.Өнөболдын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 х/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 62 х/, Хорооны тодорхойлолт /хх-ийн 64 х/, Б.Өнөболдын сурагчийн хувийн хэрэг, сурлага хүмүүжлийн тодорхойлолт, СУИС-ийн бакалаврын хөтөлбөрийн сургалтын гэрээ /хх-ийн 66-74 х/, Хохирлын баримтууд /хх-ийн 77-78, 114-128 х/, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатараас гаргаж өгсөн 6 хуудас баримт зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүх дээрх шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг харьцуулан судалж, үнэлж дүгнэвэл:  

            Шүүгдэгч Б.Өнөболд нь согтуугаар 2016 оны 5 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны аркны хажууд Ч.Төгөлдөртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа цохиж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

            Хохирогч Ч.Төгөлдөрийн  шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 23 цагийн орчимд найз Тэргэлийн гэрт Тэргэл, Сүхбат, Сүххуяг, Билгүүн, Тайванжаргал, Лхагвасүрэн бид нар уулзаад 2 литрийн савлагаатай Сэнгүр пиво 6 ширхэгийг уусан. Тэргэл, Тайванжаргал 2 хүнтэй уулзана гээд гарсан. Тэгээд 30 орчим минутын дараа Тэргэл “би Өнөболд Даваа хоёртой муудалцчихлаа, зодуулчихлаа” гээд ороод ирсэн. Тэгээд бид нар бөөнөөрөө Даваа, Тайванжаргал, Чүлтэм нар дээр явж очоод “нэгнийгээ яагаад зодож байгаа юм бэ” гээд загнасан чинь Өнөболд “та нар хэн юм бэ” гэсэн. Дараа нь Содоо ах ирэхийг харсан.  Тэгээд нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Хамт байсан хүмүүс намайг Өнөболд цохьсон гэж хэлсэн. Тухайн өдөр би Өнөболдыг заамдаж, боогоогүй. Харин Өнөболдтой хэрэлдэж маргалдсан. ...Би Өнөболд руу дайрсан нь үнэн, нэг байранд багаасаа тоглож өсчхөөд яаж байгаа юм бэ гэхэд ямар нэг зүйл хэлээгүй.....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 96-98, 164 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6195 тоот дүгнэлтэд:

            Төгөлдөрийн биед дагз ясны шугаман хугарал, тархины дух, зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархины дух хэсгийн тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насандаа аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-ийн 41 х/

 

            Хавтаст хэргийн материалаар шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан 1122 тоот дүгнэлтэд:  Шинжээч эмч Н.Туяа-н гаргасан № 6195 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Төгөлдөрийн биед дагзны ясны шугаман хугарал, тархины дух, зулай чамархайн хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархины дух хэсгийн тархины эдийн няцрал, хүзүү, баруун өгзөгний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрхи дагзны ясны шугаман хугарал, тархины дух, зулай чамархайн хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархины дух хэсгийн тэрхины эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт, баруун өгзөгний зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна гэжээ. /хх-ийн 184-185 х/

 

            Шинжээч О.Болороогийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Төгөлдөрийн хүзүү болон баруун өгзөгний зулгаралтууд гэмтэл нь маажихад үүсэх боломжтой. Иймээс хохирогч Төгөлдөр нь хүзүү болон баруун өгзгөнд гарсан батгаа шахаж, маажихад үүсэх бүрэн боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-ийн 186х/

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Би Төгөлдөрийн төрсөн эх юм. Би хүүгийнхээ хүзүүний болон  өгзөгний шарх шалбархайг эмнэлэгт хэвтэж байхад нь харсан. Нилээн хуучин тав тогтсон 2 шалбархай байсан. Манай хүү батга гарахаар нь шахаад тийм шалбархайнууд үлдсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20, 165-166 х/

 

            Гэрч Г.Тэргэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016.05.03-ны гэрлүүгээ ороод Даваад зодуулсан гэж хэлсэн чинь Лхагвасүрэн, Төгөлдөр, Сүхбат, Сүххуяг, Төгөлдөр, Тэмүүлэн бүгд гарсан. Би шүүгээнээс хоолны хутга аваад гарсан. Тайванжаргал, Өнөболд, Даваа гурав 32 дугаар байрны урд байх ТҮЦ-ний хажууд зогсож байгаад Даваа зугтахаар би араас нь гүйсэн боловч би бүдэрч унаад бөөлжөөд байж байхад намайг Жавхлантөр түшиж 32 дугаар байрны аркны тийш авч явсан ба тэр үед  Жавхлантөр надаас хутга авсан. Тэгээд намайг аркны дор хана түшүүлээд суулгасан. Би тухайн үед нилээн согтолттой байсан юм. Түүнээс хойш юу болсоныг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23, 105-106, 180-181 х/

 

            Гэрч М.Даваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 05 дугаар сарын 03-ны шөнө 02 цагийн орчимд фэйсбүүкээр Тэргэлтэй харилцсан ба “юу хийж байна” гэх зэргээр чаатлаж байгаад “гарах уу” гээд бид гарахаар болсон. Ингээд бид 2 пиво авч гараад байрныхаа голд байх сүүдрэвчинд Тэргэл, Тайванжаргал нартай хувааж уусан. Ингэж байхдаа би Тэргэлтэй муудалцаж, маргалдаж байгаад зодолдсон юм. Тэгтэл Тэргэл гэр лүүгээ орлоо гээд явсан ба удалгүй Тэргэл найз нартайгаа буцаж ирсэн, Тэргэл гартаа хутга барьчихсан над руу дайрахаар нь би 32 дугаар байрны хойд талаар зугтаасан. Тэгээд буцаад очтол Тэргэлийн найзууд бүгдээрээ Өнөболд руу дайрч хэрэлдэж байсан, Төгөлдөр аркны голд газар нуруугаараа хана налсан байдалтай суугаад бөөлжөөд байсан. Өнөболд Төгөлдөрийг цохихыг би хараагүй, намайг Тэргэлээс зугтааж яваад буцаад ирэхэд цохьчихсон байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21, 175 х/

 

            Гэрч Л.Тайванжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Төгөлдөр Өнөболд руу “чи яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ” гээд дайраад байхаар нь аль болох салгаад байсан. Өнөболдыг яагаа ч үгүй байхад нь Төгөлдөр, Лхагвасүрэн, Жавхлантөр нар “яагаад чи Тэргэлийг зодож байгаа юм бэ” гэж дайраад байсан. Өнөболдын хувьд Тэргэлтэй муудалцаж зодоон болсон асуудал байхгүй. Тэргэл Даваатай л муудалцсан юм. Тийм учраас Өнөболд уурлаад байсан юм. Тэгж байхад Өнөболд утсаараа бүтэн нэрийг нь мэдэхгүй байна Содоог дуудсан чинь  нэг их удалгүй хүрээд ирсэн ба тэгтэл Өнөболд шууд Төгөлдөрийн нүүр, толгой орчимд нь гараараа цохьсон. Тэгтэл Төгөлдөр шууд арагшаа саваад унасан. Унасан газар нь цементэн талбай байсан юм....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 х/

 

            Гэрч Н.Сүхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Төгөлдөр Өнөболдтой маргалдаж байсан ба Өнөболд би зодоогүй гэж хэлж байсан юм. Тэгээд байж байхад хаанаас гарч ирснийг мэдэхгүй манай байранд байдаг Содоо ах гарч ирсэн чинь Өнөболд нь Төгөлдөрийг зүүн шанаа орчимд нь гараараа нэг удаа цохьсон. Тэгтэл Төгөлдөр шууд арагшаагаа савж унасан. Тэгээд тэр үед Төгөлдөрийг цохиулсандаа ухаан алдчихлаа гэж бодсон. Тэгээд л бид Тэргэлийнх руу ороход 1 давхарт Төгөлдөр ухаан ороогүй, Алтангадас Тэргэлийнх руу авч орох гээд дийлэхгүй байгаа бололтой толгой хэсгийг нь өвөр дээрээ тавиад сууж байсан юм. Тэгээд би Төгөлдөрийг үүрээд дээшээ шатаар явсан. Тэр үе цахилгаан шат зогссон байсан юм. Бид нарыг Төгөлдөрийг өргөж байхдаа унагаж юм мөргүүлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27, 101-102, 171-172 х/

 

            Гэрч Э.Жавхлантөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэргэл гаднаас Даваад зодуулсан гээд хамар амнаас нь цус гарчихсан ирэхээр нь бид нар Тайванжаргалыг бас зодуулж байгаа юм болов уу гээд гарсан. Тэгээд бид нар Даваа, Тайванжаргал, Өнөболд нар дээр очоод юу болсон талаар асуугаад зогсож байтал Тэргэл хутга барьсан гарч ирсэн. Тэгээд Даваагийн хойноос хөөснөө бүдрээд уначихсан, Тэргэлийн хажууд хутга нь уначихсан байхаар нь аваад халаасандаа хийсэн. Тэргэл бөөлжөөд байхаар нь түүнийг арк руу авч очоод хана түшүүлээд суулгаж байх үед хүчтэй унах чимээ гарсан. Тэгтэл тэнд байсан нөгөө хэд орилолдоод явчихсан, Төгөлдөр дээшээ харсан байдалтай газар хэвтэж байсан ба хамраас нь цус гарч байсан. Тэгэхэд Содоо гэх ах ирсэн байсан. Өнөболдыг Төгөлдөрийг цохьсон гэж байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 х/

 

            Гэрч С.Хоролсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ТҮЦ рүү очиход миний танихаас Өнөболд ганцаараа байсан ба хажууд нь нилээн олон залуучууд байсан. Тэд Өнөболд руу “чи хэзээ ийм болчихсон юм бэ” гэж орилолдож, “манай найзыг зодлоо” гээд л дайраад байсан. Тэгэхэд Өнөболд “би зодоогүй шдээ” гэж хэлж байсан. Тэгтэл нэг цагаан ноосон цамцтай залуу ирээд Өнөболдыг “чи ямар овоо болчихсон юм бэ” гэж орилж хашгирч байгаад хоолойг нь гараараа боож аркны хана руу шахсан ба боль гэж Өнөболдоос нөгөө цагаан цамцтай залууг салгасан. Тэгээд Өнөболд тэднээс арай холдонгуутаа Содбилэг руу утсаар ярьж “ахаа Мэтка ахын дүү нар намайг зодох гээд байна та гараад ир” гэж дуудсан. Тэгэхэд нөгөө цагаан цамцтай залуу болон цохиулдаг залуу 2 орилоод л Өнөболдтой маргалдаж байсан чинь удалгүй Содбилэг гарч ирсэн. Тэгтэл Өнөболд орилоод байсан залуу руу очингуутаа нүүр рүү нь гараараа нэг удаа цохьсон, нөгөө залуу шууд арагш саваад, дээшээ харсан байдалтай унасан. Тэгтэл нэг саравчтай малгайтай залуу түүнийг татаад хүний хөлнөөс холдуулсан ба харахад амнаас нь цус гарч байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 х/

 

            Гэрч З.Содбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө гэртээ байж байтал 04 цагийн орчим байрны дүү Өнөболд над руу залгаж “ахаа эд нар намайг бөөнөөрөө зодох гээд байна, 32-ын буудал дээр байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад 32 дугаар байрны аркны орчимд очиход Өнөболд Төгөлдөрийг эрүү, шанаа орчим нь гараараа нэг удаа цохиход Төгөлдөр арагш савж унасан. Өнөболдын хажууд миний танихаас Лхагвасүрэн, Тайванжаргал, Сүххуяг, Сүхбат, Тэргэл, Тэмүүлэн, Алтангадас нар түүнээс гадна бас нэрийг нь мэдэхгүй өндөр банди байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 х/

 

            Гэрч С.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай найзууд Өнөболдоос “чи яагаад Тэргэлийг зодож байгаа юм бэ” гэхэд Өнөболд “та нар намайг яаж байгаа юм бэ, та нар яах юм бэ” гээд нилээн согтуу, хүн болгонтой маргаад байсан. Тэр үед аркны нөгөө талаас Сүххуяг, Даваа, Содоо ах нар гарч ирсэн. Тэгсэн чинь Өнөболд шууд гүйж ирээд Төгөлдөрийн нүүр рүү гараараа нэг удаа цохьсон. Төгөлдөр хойшоо саваад дагзаараа уначихсан. Бид нар Төгөлдөрийг гайгүй юу гэхэд сэргэсэн. Тэгэхээр нь Алтангадасыг Төгөлдөрийг аваад гайгүй газар суулгачих гэхэд замын брожюр дээр суулгасан. Төгөлдөр суунгуутаа бөөлжөөд эхэлсэн. Тэгээд бид архиндаа болоод бөөлжөөд байна гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 107-109 х/

 

            Шүүгдэгч Б.Өнөболдын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “...2016 оны 5 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Даваагийнд архи ууж байгаад гараад Тайванжаргал, Тэргэл хоёртой таараад цуг пиво уусан. Даваа Тэргэлтэй муудалцаад байсан, би анхаараагүй. Би Тайванжаргалтай нэг мэргэжлээр сурдаг болохоор киноны талаар ярилцаж байсан. Тэгсэн Тэргэл, Даваа хоёр хоорондоо зодолдоод нэг нэгнийгээ хараагаад байсан. Тайванжаргал Тэргэлийг болиулаад гэр лүү нь дагуулаад орсон. Тэгээд бид 3 түцний тэнд зогсож байхад Тэргэлийн найзууд нь ирээд над руу дайрсан. Би Төгөлдөрт хүнд гэмтэл учруулна гэж бодоогүй, Төгөлдөр найз нартайгаа нийлээд над руу дайраад байхаар нь би Төгөлдөрийн зүүн хацар руу нь баруун гараараа нэг удаа хүчтэй түлхсэн чинь Төгөлдөр хойшоо 2, 3 алхаад цементний залгаас хагархай дээр өсгийгөөрөө бүдрээд саваад унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 182-183 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээс гадна хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6х/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3х/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

            Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан судлахад тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч болон шүүгдэгч тал аль аль нь согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байдал, хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байна. Тухайлбал,

 хавтаст хэрэгт авагдсан гэрч /Тэргэл, Сүххуяг, Н.Сүхбат, Э.Жавхлантөр/ нар нь  Г.Тэргэлийг “Даваад зодуулсан”  гэсээр гэртээ орж ирсэн гэж мэдүүлсэн, нөгөө талаас шүүгдэгч Б.Өнөболд нь “би Тэргэлийг зодоогүй, би буруугүй” гэж тайлбарласаар байхад /гэрч Н.Сүхбат, З.Содбилэг, Л.Тайванжаргал, М.Даваа, С.Хоролсүрэн нарын мэдүүлэгт дурьдагдсан/ үл ойшоож, энэ талаар тодруулахгүйгээр Өнөболд руу бөөнөөрөө дайрсан, тэр тусмаа хохирогч Ч.Төгөлдөр нь бусдаас илүүтэйгээр шүүгдэгч рүү дайрч давшлах, орилох зэргээр авирлаж байсан  нь шүүгдэгч Б.Өнөболдыг түүний эсрэг хүч хэрэглэхэд хүргэсэн гэж үзэхээр байна. Харин энэхүү хүч үйлчилсний улмаас хохирогч Ч.Төгөлдөрийн биемахбодид хүнд гэмтэл учирсан буюу үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой юм. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Өнөболдын “хохирогч Ч.Төгөлдөрийн зүүн шанаанд нэг удаа цохьсон” гэх үйлдэл нь  хохирогч Ч.Төгөлдөрийн эсрэг чиглэж буй гэм буруугийн шууд санаатай үйлдэл юм.

Иймд шүүгдэгч Б.Өнөболдыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

             Шүүгдэгч Б.Өнөболд нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-127/-аар тогтоогдлоо.

 

             Хохирол төлбөрийн тухайд:

          Хохирогч Ч.Төгөлдөр нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, эмчилгээний зардал гэж нэхэмжилж 2.674.645 төгрөгийн баримт /хх-ийн 77-78, 113-124, 126-129х/ гаргаж өгсөн байх боловч хохирогч нь нийт 4.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Өнөболдоос авсан болох нь шүүгдэгчийн өмгөлөөгчөөс гаргаж өгсөн мөнгөний баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Төгөлдөрийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 164х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр тогтоогдсон ба хохирогч С.Төгөлдөр нь одоогоор нэхэмжлэх зүйлгүй, харин цаашид тус гэмтэлтэй холбоотойгоор эмчилгээ хийлгэх шаардлагатай болвол тухайн үед нь нэхэмжлэлээ гаргаж хохирлоо нэхэмжлэнэ гэх тул хохирогчийн тус хэргийн улмаас эмчилгээ хийлгэхтэй холбоотойгоор гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Б.Өнөболд нь анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, хохирлын хувьд хохирогчид 4 сая төгрөг төлсөн, хохирогч Ч.Төгөлдөр нь шүүхийн хэлэлцүүлэгт “одоогоор гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, шүүгдэгч болон түүний ар гэрийн хүнд нөхцөл байдал, үйлдсэн хэргийн шинж байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс  доогуур хорих ял оногдуулж, дэглэмийг нь хөнгөрүүлэн шийдвэрлэх  нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Шүүгдэгч Б.Өнөболд нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 12 хоног, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 21 хоног, нийт 33 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Еншөөбүү овогт Батсүхийн Өнөболдыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн  551.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өнөболдыг 3 (гурав) жил 4 (дөрөв) сар 5 (тав) хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өнөболдод оногдуулсан 3 жил 4 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өнөболдын цагдан хоригдсон 33 (гучин гурав) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Б.Өнөболд нь хохирогч Ч.Төгөлдөрт хохирол төлбөрт 4.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ч.Төгөлдөр нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдуулан гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.Өнөболдод холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

             7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Өнөболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                    

9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Б.Өнөболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ

                                          ШҮҮГЧИД                               Л.БААТАР

                                                                                          Г.ГАНБААТАР