Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2476

 

 

 

 

 

 

 

 

 

П ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02367 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч П.Бт холбогдох  

 

Даатгалын нөхөн төлбөрт 8 170 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Майзоригийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Мэргэнсанаа

Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Майзориг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч П ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мэргэнсанаа, өмгөөлөгч М.Амарбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Цогт өөрийн эзэмшлийн 22-33 УНЭ улсын дугаартай ВМW Х6 маркийн авто машинаа П ХХК-д даатгуулсан. Гэтэл 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Фолксваген Таурег маркын 98-90 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн А.Күмисгүл манай компанид даатгалтай 22-33 УНЭ улсын дугаартай ВМW Х6 тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан бөгөөд “Бэст Эстимэйт” ХХК-ийн №201312060143 тоот хохирлын үнэлгээний тайлангаар 8 020 250 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож уг хохирлыг П ХХК-иас даатгуулагч Н.Цогтод нөхөн төлсөн. Даатгалын тухай хууль, гэрээгээр даатгалын нөхөн төлбөрийг буруутай этгээдээс шаардах эрх манай компанид шилжсэний дагуу 98-90 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн А.Күмисгүлээс 8 170 250 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар саэын 22-ны өдрийн 4644 дугаар шийдвэрээр н.Күмисгүлийг хариуцах этгээд биш гэж үзэж 98-90 УБП улсын дугааргай тээврийн хэрэгслийн өмчлөгч хариуцна гэж шийдвэрлэсэн. Тодруулвал шүүх 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 4644 дугаар шийдвэрт "...н.Күмисгүлд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Фолксваген таурег маркийн 98-90 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхийг хөндөхгүй...”гэж дурьдсан байна. Иймд Фолксваген Таурег маркын 98-90 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч болох П.Бээс даатгалын нөхөн төлбөрт өгсөн 8 170 250 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Б, түүний өмгөөлөгч Ж.Майзориг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2013 онд болсон зам тээврийн осол, зөрчлийн талаар тодорхой мэдэхгүй бөгөөд П ХХК-иас А.Күмисгүлд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгосон тухай ерөнхий мэдээлэлтэй байгаа. П ХХК нь Даатгалын тухай хууль болон холбогдох гэрээ хэлцлээ үндэслэн нэхэмжлэл гаргажээ. Даатгалын тухай хуулийн 8.7 дахь хэсэгт “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж заасан байдаг. Энэхүү заалтын дагуу даатгагч нь даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх эрхтэй болно. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1996 оны Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Засгийн газрын 2004 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “буруутай этгээд” гэж зам тээврийн осол, зөрчилд буруутай этгээдийг ойлгохоор зохицуулсан байдаг. Харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10.3-т “Замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүргийг тухайн тээврийн хэрэгслийг өмчлөгч буюу эзэмшигч, эсхүл хууль тогтоомжийн дагуу түүнийг ашиглаж байгаа этгээд хариуцна” гэж заасан.

Маргааны гол үндэслэл нь 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр болсон Зам тээврийн ослын улмаас учруулсан хохирлын асуудал яригдаж байгаа. П ХХК нь даатгалын гэрээний үүргийн дагуу шаардлага гаргаж байгаа тул шаардах эрх үүссэнээс хойш 3 жил 6 сар орчмын хугацаа өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дууссан байна. Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг боловч хариуцагчид хамааралгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасанд тооцогдохгүй. Хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан нөхцөл байдал байхгүй. Нэхэмжлэгч шаардлага гаргах эрхгүй. Зам тээврийн ослын улмаас хохирсон этгээд нь Н.Цогт гэж хүн байгаа. Даатгалын тухай хуулийн 8.7-д даатгалын гэрээнд тусгайлан заасан бол буруутай этгээдээс нөхөн төлбөр нэхэмжлэх, даатгуулагчийн эрх, даатгалаар олгосон нөхөн төлбөр, түүнтэй холбоотой гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж заасан. Өөрөөр хэлбэл талууд нөхөн төлбөр өгсөн бол тэр хэмжээгээрээ нэхэмжлэх эрх шилжинэ гэж тохиролцож гэрээндээ заасан бол даатгалын эрх шилжих ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар хэрэгт авагдсан нотлох баримтад “эрх шилжих” тодорхой заалт байхгүй байгаа. Хавтаст хэргийн 78-р хуудсанд “Даатгалын баталгаа” авагдсан. Бид үүнийг хуурамч нотлох баримт гэж үзэж байна.

П ХХК нөхөн төлбөрийг Н.Цогтод олгох хууль зүйн үндэслэлгүй байсан. Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2-д даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй гэж заасан. Н.Цогт даатгалын хураамж төлсөн гэж үзэхэд эргэлзээтэй байна. Учир нь: нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт даатгалын хамрах хугацааг зааснаас биш гэрээ байгуулсан хугацааг огт тусгагдаагүй. Гэрээг даатгалын тохиолдол болохоос өмнө байгуулсан уу эсхүл хойш байгуулсан уу гэдэг нь тодорхойгүй. Даатгалын хугацаа 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл гэж заасан байхад “Нөөцийн төлбөрийн хуудас”-д 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл гээд өөрөөр дурдагдсан байгаа. /хх-25, 27х/

Даатгалын баталгаа болон нөхөн төлбөрийн хуудас. Даатгалын хураамжийн хэмжээг 3 528 000 төгрөг гэж тэмдэглэсэн байдаг боловч дансны хуулгад 3 570 900 төгрөг гэж зөрүүтэй шилжүүлсэн. Хураамжийн дүнг харахаар талуудын баталгаанд бичигдсэн дүн, төлсөн дүнгээс зөрүүтэй. Мөн төлсөн хугацаа нь зөрүүтэй. Тэгэхээр хэдийгээр энэ үйл баримтууд даатгалын тохиолдол болох төлбөрийг зохих журмын дагуу төлсөн байсан, талууд гэрээ байгуулсан гэдгийг нотлож чадахгүй байгаа юм. Даатгалын тухай хуульд даатгуулагч нь даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд энэ талаараа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасан. Гэтэл Н.Цогт нэн даруй мэдэгдсэн, эсэх нь тодорхойгүй. Даатгуулагч нэн даруй мэдэгдээгүй бол даатгагч нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгддөг. Осол 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр болсон байхад “нөөц төлбөрийн хуудас”-д осол болсон өдрийг мэдэгдсэн хугацааг 2013 оны 12 сарын 13-ны өдөр гэж тэмдэглэсэн нь 2 долоо хоногийн дараа мэдэгдсэн байна.

Зам тээврийн осолд хэн гэм буруутай вэ гэдэг асуудал яригдах ёстой. Хохирол учруулсан үйл явдалд хариуцагч гэм буруутай гэдгийг заавал тогтоох ёстой. Бид энэ асуудал одоо болтол тодорхойгүй байна гэж үзэж байна. Яагаад гэвэл шинжээчийн дүгнэлтүүдтэй санал нийлэхгүй байна. Яагаад санал нийлэхгүй байгаагаа, эргэлзээтэй гэж үзсэн нөхцөл байдлуудыг тодорхойлох гээд шинжээчийг дуудаж асуусан. Харамсалтай нь шинжээч дийлэнх асуултад хариулах боломжгүй, энэ талаар шинжээчид тавигдсан асуудалд дурдагдаагүй гэх үндэслэлээр асуудлуудад хандлаа. Тухайлбал гэрчийг асууж байхад авто тээврийн осол хийсэн гэрчийн асуултын хариултад бид 2 уулаа зүүн гар тийшээ эргээд, зүүн гар тийш эргэсэн учраас зүүн талаас баруун тийш 1-р эгнээнд шилжих явцад хойноос хурдтай ирж мөргөсөн гэж байгаа. Гэтэл яг шинжээчээс энэ талаар асуухаар бид үүнийг тодруулаагүй, бид нар энэ асуудлыг судлаагүй гэж байна. Осол болсон хэргийн газраас ойрхон зүүн гар тийшээ эргэх тийм зам байгаа юу гэхээр энэ асуудал осолд хамааралгүй гэж байгаа. Хэрвээ зүүн гар тийш эргэсэн бол хөндлөн шугам давж 2-р эгнээнээс 1-р эгнээ рүү шилжих асуудал бодит байдал дээр үүсэх гээд байгаа юм. Гэтэл үүнийг шинжээч тодруулаагүй, хамааралгүй гээд үзчихсэн. Тодруулсан баримт байхгүй. Дараа нь BMW машин хурдаа тохируулж явсан юм уу үгүй юм уу гэдэг асуудал яригдана. Хурд тохируулж явсан, эсэхийг тогтоохоор хурдны хэмжээ, тормозны мөр гээд бусад юмыг үзсэн үү гэхээр мөр байдаг, тасалдсан байгаа, тусгай томёогоор боддог, бид нар бодож үзээгүй гэж хариулсан. Н.Цогтын тээврийн хэрэгслийг жолоодож явсан этгээд хурд хэтрүүлж, 1-р эгнээнээс 2-р эгнээ рүү шилжих аль аль процесс байсан бол магадгүй гэм буруугийн асуудал 50%, 50% байх байсан. Эсрэгээрээ зүүн гар тийшээ эргээд зүүнээс баруун гар талын эгнээ рүү шилжих явцад хурд хэтрүүлээд ч гэдэг юм уу хурд хэтрүүлээгүй тохиолдолд ч гэм буруугийн асуудал Н.Цогтын машиныг унаж явсан хүний тухайд яригдах ёстой. Энэ тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгогдох асуудал бүр огт яригдахгүй. Эцэст нь хэлэхэд шинжээч нарын дүгнэлтүүд эргэлзээтэй байна. BMW маркийн машиныг унаж явсан хүн нь 12 дугаар сарын 05-ны өдөр цагдаад өгсөн тайлбартаа “намайг чигээрээ явж байхад зүүн гар талын эгнээнээс шахаж орж ирсэн” гэж хэлсэн. Энийг Н.Цогт 12 дугаар сарын 13-ны өдөр нөхөн төлбөр авах хүсэлт гаргахдаа “зүүн гар талаас шахаж орж ирсэн” гэдгийг давтаж хэлсэн. Үүнээс өөрөөр хаа ч зүүн гар тийшээ, зүүн гар талаас шахаж орж ирсэн баримт авагдаагүй. Харин ч эсрэгээрээ Таурегын жолооч юу гэж хэлсэн гэхээр “намайг чигээрээ явж байхад хойноос мөргөсөн” гэж зөрүүтэй мэдүүлсэн. Үүнийг шинжээч нар тодруулаад тайлбаруудыг нь аваад чигээрээ явсан юм уу. Зүүн талаасаа шахсан юм уу гэдгээ тодорхойлох байсан. Ингээд тодорхойлсныхоо дараа гэм буруугийн асуудлыг шийдэгдэх ёстой байсан. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч П ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар П.Бээс 8 020 250 төгрөгийг гаргуулж П ХХК-д олгож, нэхэмжлэлээс 150 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145 674 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Бээс 143 274  төгрөгийг гаргуулж П ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Майзориг давж заалдах гомдолдоо: “...Шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй байна. Учир нь маргааны гол үндэслэл нь Зам тээврийн ослын улмаас учруулсан хохирлын асуудал юм. Зам тээврийн осол 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр болсон. Харин П ХХК нь даатгалын гэрээний үүргийн дагуу буюу гэрээнээс үүдэлтэй шаардлага гаргаж байгаа тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар шаардах эрх үүссэнээс хойш 3 жил 6 сар орчмын хугацаа өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дууссан. Иймд хариуцагч тал Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.

Гэтэл шүүх уг хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтыг зөрчсөн. Шүүх хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн үндэслэлээ 2014 онд А.Күмисгүлд холбогдуулан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбон тайлбарладаг. Гэтэл Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "А.Күмисгулд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь П.Бт холбогдуулан шаардлага гаргахад хамааралгүйг дурдах нъ зүйтэй гэж зөв дүгнэлт хийсэнчлэн миний эсрэг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа надад хамааралгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тасалдах үндэслэл байхгүй болно.

Шүүх Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалтыг зөрчиж, буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь нэхэмжлэгчид шилжсэн эсэх нь тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар "Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ" гэж заасан. Нэхэмжлэгч нь даатгуулагч иргэн Н.Цогттой байгуулсан гэрээгээр буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх эрхийг гэрээгээр шилжүүлэн аваагүй болох нь талуудын байгуулсан даатгалын гэрээнээс харагддаг. Ийм байтал шүүх нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзсэнээр Даатгалын тухай хуулийг зөрчсөн.

Шүүх жолоочийн гэм буруугийн асуудал эргэлзээтэй байхад шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн. Хариуцагчийн зүгээс энэхүү шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд эргэлзээ бүхий олон нөхцөл байдал байгааг шүүхэд хангалттай тайлбарласан. Хэдийгээр бид эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор шинжээчийг асуусан боловч шинжээч үндэслэл бүхий хариулт өгч чадаагүй, өөрийн  гаргасан дүгнэлтийг хамгаалж чадаагүй. Иймд бид энэ асуудлаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзсан. Ийнхүү шүүх жолоочийн гэм буруутай эсэх асуудал эргэлзээтэй байхад хэргийг шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн. Шүүх эргэлзээтэй, хуурамч байж болзошгүй нотлох баримтуудыг хууль ёсны гэж үзэж үнэлсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Даатгалын  гэрээнд даатгалын хамрах хугацаа 2013.09.25-2014.09.24 гэсэн бол, нөөцийн төлбөрийн хуудас гэх баримтад даатгалын хугацаа 2013.08.29-2014.08.28-ны өдөр гэсэн байдаг. Эндээс үзэхэд гэм хор учирсан даатгуулагчийн хөрөнгө нь ямар хугацаанд даатгалтай байсан нь тодорхой бус байсан бөгөөд шүүх энэ асуудлыг нарийвчлан тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь бүрэн зөв үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч П.Бт холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 8 170 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасан шаардах эрхийг шилжүүлэх талаарх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, шийдвэрийн үндэслэл болгосныг хэрэгт авагдсан баримтын хэмжээнд залруулан дүгнэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар даатгагч нь автомашинд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг даатгуулагчид буцаан төлснөөр шаардах эрх хуулийн дагуу шилжсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.9 дэх хэсэгт “Хуульд зааснаар буюу төрийн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийн үндсэн дээр шаардах эрхээ шилжүүлэхэд энэ зүйлд заасан журам нэгэн адил хамаарна” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч П ХХК нь дээр дурдсан хуульд зааснаар шилжүүлэн авсан шаардах эрхэд үндэслэж түүний даатгуулагчид эд хөрөнгийн гэм хор учруулахад ашиглагдсан тээврийн хэрэгслийн эзэмшигчид үүсэх үүргийг шаардаж байгаа тохиолдолд мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардлага гаргах эрхтэй.

 

Иймээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа уг шаардлагад хамаарах учиртай. Гэтэл шүүх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийсэн нь хууль хэрэглээний хувьд буруу болжээ.

 

Хэдийгээр нэхэмжлэгч П ХХК нь даатгуулагчид автомашины хохирлын даатгалын нөхөн төлбөрийг төлснөөр уг гэм хорын хохирлыг шаардах эрхийг шилжүүлэн авсан нь даатгалын нөхөн төлбөрт төлсөн мөнгийг бүхэлд нь гэм хорын хохиролд тооцон буцаан шаардах эрхийг хуулиар олгоогүй байна. Гэм хор учирсан хохиролтой холбоотой маргааны хувьд гэм хорын улмаас учирсан хохирлын хэмжээний талаар хохирлыг хариуцвал зохих этгээд маргах эрхтэй бөгөөд хохирол учирсан болон түүнийг арилгахад шаардагдах зардлын хэмжээ тогтоогдсон байх учиртай.

 

Хэрэгт Замын цагдаагийн газрын Зам тээврийн осол, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан байх ба тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийг тодорхойлох хэсэгт “2233 УНЭ улсын дугаартай BMW X6 маркийн автомашинд зүүн урд крыло хагарсан, урд буфер хагарсан” гэж бичигдсан байхад нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн “Бест эстимэйт” ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн үнэлгээгээр ослын улмаас хохирол тодорхойлох хэсэгт баруун урд их гэрэл, баруун урд крыло зэрэг 10 төрлийн эд ангид хохирол учирсан гэж зөрүүтэй бичигдсэн байна. /хх 29, 60/

 

Уг шинжээчийн дүгнэлт нь даатгуулагчийн өмчлөлийн 2233 УНЭ улсын дугаартай BMW X6 маркийн автомашинд учирсан хохиролтой холбоотойгоор нэхэмжлэгчээс шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт биш, эргэлзээ бүхий байхад үүнийг шинжээчийн дүгнэлт гэж үзэж гэм хорын бодит хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй байна.

 

Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн улмаас маргаанд хамаарах үйл баримт буюу хохирлын хэмжээний талаар анхан шатны шүүхэд талууд мэтгэлцээгүй, холбогдох үйл баримт тогтоогдоогүй байна.

 

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02367 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч П.Бийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143 274 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосныг дурдсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН