Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 28

 

Г, Г нарт холбогдох эрүүгийн
хэргийн талаар


226/2019/0028/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд, 
Нарийн бичгийн дарга М.Долгоржав,
Прокурор Т.Баярмаа,  
Шүүгдэгч Г, Г, тэдгээрийн өмгөөлөгч С.Нарангэрэл нарыг оролцуулан, 
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г, Г нарын давж заалдах гомдлоор тэдэнд холбогдох эрүүгийн 1839002270114 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын  танилцуулснаар хянан хэлэлцэв.
Хэнтий аймгийн Биндэр суманд 1978 онд төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх З овогт Н-н Г, 
Хэнтий аймгийн Биндэр суманд 1979 онд төрсөн, эрэгтэй, 40 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр баг, Баянбүрд гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх З овогт Н-н Г 
Г, Г нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын “Улиастайн булаг” гэх газраас бусдын олон тооны буюу иргэн Х-ын 7 тооны хонь, 3 тооны ямаа, иргэн Н-ын 28 тооны хонь, 13 тооны ямааг хулгайлан Х-од 650000, Н-д 4170000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:   Шүүгдэгч Занги овогт Н-н Г-ийг бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Занги овогт Н-н Г-ийг мөнгө угаах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тус тус тооцож, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас шүүгдэгч Г-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-т оногдуулсан 2 жилийн хорих ял, Г-эд оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл буюу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Бүгд найрамдах хятад ард улсад үйлдвэрлэгдсэн “Мустанг-5” маркийн улбар шар өнгийн улсын дугааргүй мотоциклыг хурааж улсын төсөвт шилжүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 5/10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үлдээхээр тус тус заан шийдвэрлэжээ.  
Шүүгдэгч Г давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний дүү Г- хулгайн гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй, би ганцаараа явж Х-ын хонь, ямааг тууж авчирсан. Хулгайлсан хонь ямаагаа гэрийн гадаа авчирсныхаа дараа Г-ийг гуйж шинэ им тавиулсан. Миний буруутай үйлдлээс болж гэмгүй дүү маань хорих ялаар шийтгүүлсэнд, мөн ах хүний хувьд дүүгийнхээ амьдралд хар толбо үлдээсэндээ маш их харамсаж байна. 
Миний хувьд 3 хүүхэдтэй өрх толгойлсон эцэг бөгөөд айлын мал хөлсөөр харж хүүхдүүдээ тэжээж, амьдрал ахуйгаа залгуулдаг. Надад гэрээс гарахдаа хулгай хийх зорилго байгаагүй бөгөөд морио хайж яваад Х-ын хоньтой таараад авч анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Иймд ар гэрийн байдал, гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэрэг байдлыг минь харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Миний хувьд хэдэн сарын өмнө ч болов суллагдвал ажил хийж 3 хүүхэддээ тус нэмэр болно гэж бодож байна гэжээ. 
Шүүгдэгч Г давж заалдах гомдолдоо: Миний ах Г 3 хүүхдийн хамт амьдардаг. Амьдрахын эрхэнд хүүхдүүдээ сумын төвд үлдээж өөрөө хөдөө хөлсөөр хүний мал маллаж амьдралаа авч явдаг. 
Тухайн үед мал төллөж байсан болохоор би ахдаа туслахаа очсон байсан. Ах маань адуундаа яваад ирэхдээ хонь, ямаа авчирсан байсан. Намайг тэдгээр хонь ямаанд им тавиад өгчих гэхээр нь би тусалсан. 
Миний бие ахынхаа буруу үйлдэл хийж байгааг мэдсээр байж таслан зогсоогоогүй, тусалж им, тамгыг нь сольж өгснөө хүлээн зөвшөөрч байна. Буруутай үйлдлээсээ болж ах дүүгээрээ хорих ял авсандаа маш их харамсаж байна. Хэрэг шалгагдаж эхэлсэн үеэс миний бие үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлж ирсэн. Мөн хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Анх анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа бөгөөд тус гэмт хэргийг үйлдэхэд оролцоогүй юм. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэжээ. 
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ чин сэтгэлээсээ гэмшиж давж заалдах гомдол бичсэн байна. Миний бие давж заалдах шатнаас өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд хэргийн материалтай танилцсан. 
Шүүгдэгч Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө адуундаа явж байгаад Х, Н нарын 50 тооны хоньтой таарч аваад Г-ээр имийг солиулсан гэж мэдүүлсэн байдаг ба Г- өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч мэдүүлэг өгөхдөө 13 хонь авсан гэж мэдүүлгээ өөрчилсөн. Би шүүгдэгч нараас энэ талаар асуухад Г өмгөөлөгч “...50 хонио багасгаад 13 хонь авсан гэж мэдүүлбэл ял багасна” гэж хэлсэн. Бид нар Г- өмгөөлөгчийн хэлснээр мэдүүлгээ өөрчилсөн гэж хэлсэн. 
Шүүгдэгч нар мөрдөн байцаалтын шатанд 50 хонь авсан гэж мэдүүлсэн атлаа дахин мэдүүлэг өгөхдөө 13 хонь авсан гэж мэдүүлгээ өөрчилсөн шалтгааныг тодруулах үүднээс энэ талаар ярьсан юм.  
Шүүгдэгч Г-ийн хувьд эхнэр нь 2015 онд салаад явсан, 11-16 насны 3 хүүхэдтэйгээ хамт амьдардаг бөгөөд ар гэрээ авч явдаг. Зан байдлыг хувь даруу төлөв, өөрийгөө бусдад ойлгуулах чадвар муу, бичиг үсэг мэддэггүй хүн юм. Анх удаа тохиолдлыг шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, хэрэг шалгагдаж эхлэх үеэс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нарын хувьд нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй, ар гэрийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Г-т оногдуулсан ялыг хөнгөрүүлж нэг жилийн хугацаагаар тогтоолгох саналтай байна.
Шүүгдэгч Г-ийн хувьд ахынхаа авчирсан хонийг имнэсэн, тухайн гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй, анх удаа тохиолдлын шинжтэй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан тэнсэж өгнө үү. 
Шүүгдэгч нарын дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогддог. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч нар нь бүлэглэж, давтан гэмт хэрэг үйлдээгүй юм. 
Шүүгдэгч нар нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, хэрэг шалгагдаж эхлэх үеэс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нарын хувьд нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй, ар гэрийн байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: 
Г-, Г- нарыг бүлэглэж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэн шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, Г-эд 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хүндрүүлж ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. 
Шүүх Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. 
Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан ялын саналын хувьд татгалзах татгалзал байхгүй байна гэжээ. 
ТОДОРХОЙЛОХ нь

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г, Г нарт холбогдох эрүүгийн хэргийг түүний давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Г нь 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын “Улиастайн булаг” гэх газраас Х-ын 7 хонь, 3 ямаа, Н-ын 28 хонь, 13 ямааг хулгайлж, Х-од 650000, Н-од 4170000 төгрөгийн хохирол тус тус учруулсан , 
Г- нь өөрийн ах Г-ийн хулгайлсан малыг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор имийг нь өөрчилж мөнгө угаах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь: 
Хохирогч Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 4 дүгээр сарын 21-нд өөрийн болон Н-ын хонь, ямаануудыг бөөнд нь тоолоход 35 хонь, 16 ямаа, нийт 51 тооны бог мал дутсан. О-д байсан манай 7 төлөгний имийг нь өөрчилсөн байсан. О нь 7 төлгийг Г-, Г- нар зарсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 хуудас/, 
Хохирогч Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манайх 35 хонь, 16 ямааг хулгайд алдсан. О-д 7 төлөг байсан. Имийг нь засаж өөрчлөөд Г зарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/, 
Гэрч О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Г нь төлөг зарах гэсэн юм, мөнгөний хэрэгтэй байна гээд, тэднээс 7 төлөг авч, тэр дор нь мөнгийг нь шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. 
Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Г, Г нарын үйлдсэн гэмт хэргийн талаарх нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлтийг хийж, аймгийн Прокурорын газраас Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөнгө угаах гэмт хэрэг гэж үзэн, зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий байх бөгөөд гэмт хэрэг үйлдэхдээ Г-ийн ашигласан тээврийн хэрэгсэл болох мотоциклыг хурааж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.  
Шүүгдэгч гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан 4820000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, Г-т хуульд заасан доод хэмжээний ялыг оногдуулсан байх тул ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгөхийг хүссэн түүний давж заалдах гомдол болон өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 
Харин Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна. 
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь
1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж, шүүгдэгч Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4-т зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг түүнд үүрэг болгож, шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, эрх хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг дурдсугай” гэж өөрчлөн, 4 дэх заалтаас “...хорих ял, ....Г-эд оногдуулсан 6 сарын” гэснийг хасч, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийн шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г- нь шийтгэх тогтоол гарснаас хойш 72 /далан хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай. 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ДЭНСМАА
                                ШҮҮГЧИД                                          Я.АЛТАННАВЧ
                                                                                           Б.СҮХГОМБО