Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/344

 

 

 

 

 

 

 

2022           05           04                                        2022/ШЦТ/344

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Д.Батзаяа,

шүүгдэгч Д.М- түүний өмгөөлөгч Ц.Амар,

хохирогчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас М овогт Д-ын М-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205000001093 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ... -ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механик мэргэжилтэй, .... цэцэрлэгийг ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг ... дугаар хороо ... дугаар байр ... тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүрэг ... дугаар хороо ... дүгээр байр ... тоотод оршин суух,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 421 дугаартай захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, М овогт Д-ын М-.

 

Шүүгдэгч Д.М- нь Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 146 дугаар сургуулийн орчимд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр машинаар шахлаа гэх шалтгаанаар иргэн Б.Х-ын биед халдаж гараараа нүүрэн тус газарт нь цохиж хоншоор ясны хугарал, зүүн дээд 1,2,3,4 дүгээр шүдний булгарал, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х- мэдүүлэхдээ: “02 дугаар сарын 17-ны өдөр би хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөх гээд явж байсан. Тэр зам нь тойруу зам тул баруун талаараа тойрч явдаг. Д.М- нь согтуу, урсгал сөрж ирсэн. Тэр хавийн бүх хүмүүс нэг чиглэлийн урсгалтай гэдгийг мэднэ. Бид хоёр бага зэрэг маргалдаад цаашаа явахад 200 метрийн цаанаас Д.М- хүрч ирээд хаалга онгойлгоод намайг цохисон. Би 30,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний 4 шүд суларсан, дээд туушин яс хугаралттай байна. Би Д.М-тай эмнэлэг цуг явсан. Гэхдээ тэр эмнэлэг өөрийнх нь танил хүний эмнэлэг юм шиг санагдсан. Би өөр олон эмнэлэг ороход миний шүдийг янзлахгүй гэж байсан. Наад хугацаа нь 6-7 сар харж байж, ясыг бэхэжсэний дараагаар шүднүүдийг сугалж аваад, имплант хийх үгүйг тогтооно гэж хэлсэн. Харин М-тай цуг орсон эмнэлэг одоо шууд сувгийн эмчилгээ хийлгээд болно гэсэн зүйл хэлсэн. Тэгэхээр нь эхнэр бид хоёр больё гээд явсан” гэв.

 

Хохирогч Б.Х-ын “ Би 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг өглөө 07 цаг 40 минутын орчимд өөрийн гэр болох Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Давааны 1 дүгээр гудамж 7 тоотоос охин Халиунсор, хүү Эрхэс, дүү Бүжинлхам нарыг хичээлд нь хүргэж өгөх гэж өөрийн эзэмшлийн Prius 20 маркийн 03-32 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сотын ногоон байрны дундах засмал замаар явж байхад цагаан өнгийн Aqua маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж ирэхээр нь би цонхоо онгойлгож яаж яваад байгаа юм, тэнэг юм уу хашаа юм, урсгал сөрөөд явж байгаагаа мэдэж байна уу гэж хэлээд маргалдсан.

... Тэгээд би тээврийн хэрэгслээ хөдөлгөөд явах гэхэд Aqua маркийн тээврийн хэрэгслийн жолооч машинаасаа бууж ирээд миний машины хойд хэсэг рүү гараараа цохихоор нь би тоохгүй яваад өгсөн. 200-300 метр орчим яваад түгжрээд зогсож байхад жолооч талын хаалга гэнэт онгойж Aqua маркийн тээврийн хэрэгслийн жолооч чи муу ямар овоо пизда вэ гэж хэлээд миний нүүр хэсэг рүү нэг удаа цохичхоод яваад өгөхөөр нь би машинаасаа бууж тухайн залууг барьж аваад цагдаад дуудлага өгсөн юм.

... Миний нэг шүд унаж, дөрвөн шүд хөдөлсөн. Үүнээс болж одоогоор 690,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн байгаа. Ер нь бол эмчилгээний зардал гэж 30,000,000 төгрөг нэхэмжилнэ. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7-8 дахь тал/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Халиунсорын “... Тэгээд бид нар хөдөлж ерөнхий боловсролын 146 дугаар сургуулийн баруун талд байрлах засмал зам дээр түгжрээд зогсож байхад нөгөө машины ах араас ирснээ хаалгыг татаж онгойлгосноо нүүр хэсэг рүү 1 удаа цохисон. Дараа нь аав цагдаад дуудлага өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28-29 дэх тал/,

 

Насанд хүрээгүй гэрч У.Бүжинлхамын “... Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сотын байрны ойролцоо явж байхад өөдөөс нэг машин урсгал сөрөөд орж ирэхээр нь хүргэн ах Х- урсгалаараа яваач гэж хэлээд тухайн жолоочтой цонхны цаанаас маргалдаж эхэлсэн. Гэхдээ хэн нэгэндээ тийм аймаар хараалын үг хэлээгүй. Тухайн машин зам тавьж өгөхгүй байхаар нь хүргэн ах Х- зам тавьж өгсөн. Тэгээд бид нар хөдөлж ерөнхий боловсролын 146 дугаар сургуулийн баруун талд байрлах засмал зам дээр түгжрээд зогсож байхад нөгөө машины ах араас ирснээ хаалгыг татаж онгойлгосноо Х- ахын нүүр хэсэг рүү цохичхоод зугтаасан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 33-34 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3146 дугаартай:

“1. Б.Х-ын биед хоншоор ясны хугарал, зүүн дээд 1,2,3,4-р шүдний булгарал, баруун дээд 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ба дөрвөн шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15% алдагдуулах тул 2.3.1, 2.3.2-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 36-37 дахь тал/,

 

Д.М-ын яллагдагчаар өгсөн “... Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 146 дугаар сургуулийн зүүн талд байрлах шороон замаар явж байхад өөдөөс саарал өнгийн Prius 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй таарсан. Би хажуу талаар нь зөрөх гэхэд намайг шахаад байсан. Үүнээс болж тухайн тээврийн хэрэгслийн жолооч болох залуутай маргалдсан. Тэгээд би тээврийн хэрэгслээ замаас гаргаж зам чөлөөлчхөөд эргээд тухайн залуу дээр очиход тухайн залуу намайг ална шүү пизда минь гэж хэлэхээр нь би уурлаж хүн алдаг хэн юм гэж хэлээд нүүрэн тус газар нь 1 удаа гараараа цохичхоод яваад өгсөн. Тухайн залуу араас ирж бид хоёр маргалдаж байхад цагдаа ирж намайг эрүүлжүүлэх байранд хийсэн.

... Би Х-ын биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Мөн Х-ын биед учирсан гэмтлийн хохирол болох 690,000 төгрөгийг шилжүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 67-69 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Д.М- нь Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 146 дугаар сургуулийн орчим Aqua маркийн 37-97 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон явахдаа Prius 20 маркийн 03-32 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.Х-тай Замын хөдөлгөөний дүрэм биелүүлсэнгүй гэсэн шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, хоншоор ясны хугарал, зүүн дээд 1,2,3,4-р шүдний булгарал, баруун дээд 1-р шүдний сулрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулжээ.

          Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Д.М- нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж Б.Х-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулахгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Б.Х-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3146 дугаартай дүгнэлтээр

тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Хэрэгт хохирогч Б.Х-ын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлын баримтаар 690,000 төгрөг тогтоогдсон бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт 30,000,000 төгрөгийг нэхэмжилжээ.

Шүүгдэгч Д.М- зүүн дээд 1,2,3,4-р шүдний булгарал, баруун дээд 1-р шүдний сулрал эмчилгээнд 3,020,000 төгрөг, эмчилгээ болон оношилгоонд 690,000 төгрөг нийт 3,710,000 төгрөгийг хохирогч Б.Х-т төлсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Харин хохирогч Б.Х- нь нэхэмжилж байгаа 30,000,000 төгрөгийн талаарх нотлох баримт хэрэгт байхгүй тул хохирол, хор уршигт тооцох боломжгүй бөгөөд тэрээр эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон цаашид гарах зардлаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Харин хохирогчийн хуул зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ авахдаа өмгөөлөгчид төлсөн 3,000,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Д.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн бусдад учруулсан хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн шүд унасан нь эргэж нөхөгдөхгүй байдлыг харгалзан шүүгдэгч Д.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, Д.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Д-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.М-ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.М- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, Д.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Х- нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ