Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/817

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, 

Улсын яллагч Б.Ундрах,      

Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :    

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Сонгинохайрхан дүүргийн 00-р хороо Мандал овоо тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Э.   

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч С.Э нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 0000 тоотод 2021 оны 12-р сарын 28-наас 29-нд шилжих шөнө хамтран амьдрагч Н.Дуламсүрэнг хардалтын улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ                          

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч С.Э нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 27-51 тоотод 2021 оны 12-р сарын 28-наас 29-нд шилжих шөнө хамтран амьдрагч Н.Дуламсүрэнг хардалтын улмаас зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :                 

            - гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...нөхөр зодоод байна...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал),

            - хохирогч Н.Дуламсүрэнгийн...2021.12.28-ны өдөр би нэг найзтайгаа уулзаж ганц, хоёр пиво уучихаад 23 цагийн орчимд гэртээ ирсэн. Тэгэхэд манай нөхөр, 4 настай хүүхэдтэйгээ хамт байж байсан ба шууд “хаашаа явж янхандаад ирж байгаа юм, буудал орчихоод ирж байгаа юм уу” гэхээр нь “би чам шиг биш” гэсэн чинь нүүр рүү 2 удаа алгадаад, намайг газарт унагаж, нуруу руу нэг удаа өшиглөсөн, намайг босоод ирэхэд гараа атгаж байгаад миний зүүн талын нүд, зүүн шанаа руу мөн нэг удаа цохиод больчихсон...Би эмчилгээ хийлгээгүй, эмчилгээний баримт байхгүй гэх  мэдүүлэг (хавтаст хэргийн 19, 21 дэх тал),

- гэрч С.Бн...тухайн шөнө би гэртээ зурагт үзээд байж байхад манай зээ гэрт орж ирээд аав ээжийг зодоод байна гэхээр нь яваад ороход охин Н.Дуламсүрэн уйлчихсан, хүргэн С.Э зайл гээд толгой руу нь гараараа 2-3 удаа цохиод, үүд рүү түлхээд унагаасан, Дуламсүрэнгийн нүүр, нүд хөхөрсөн байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29 дэх тал),

- шинжээчийн дүгнэлт : Н.Дгийн биед зүүн нүдний дээд доод зовхи, хацар, шанаанд цус хуралт зөөлөн эдийн няцрал, нуруу, хэвлийд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна (хавтаст хэргийн 33-34-р тал),

- шүүгдэгч С.Эгийн...Тухайн өдрийн оройн 23 цаг өнгөрч байхад эхнэр гаднаасаа ганцаараа жоохон пиво үнэртүүлчихсэн орж ирэхэд миний уур хүрээд “хаагуур янхандаж яваад ирж байгаа юм бэ” гээд маргалдсан. Миний уурлах болсон шалтгаан бол Дуламсүрэн урд өдөр нь бас намайг ажилдаа явсан хойгуур гэрээсээ гараад хүүхэд бэлэг авч өг гэж үлдээсэн мөнгөөр архи уучихсан байсан, тэгээд маргааш нь бас гараад уусан болохоор уурласан, би Дуламсүрэнгийн нүүр лүү нь гараараа хоёр удаа алгадаад, цааш нь түлхэхэд газар унасан...Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг уншиж танилцсан, учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна, нуруу хэвлийнд цус хуралт гэмтэл нь унах үедээ гэмтэл авсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45-р тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2.Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт :  

       

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:    

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан.    

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.  

2.3. Шүүгдэгч С.Э, хохирогч Дуламсүрэн нар нь нэг гэр бүлд хамтран амьдрагчид байх ба тус шүүгдэгч нь хохирогчийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж, улмаар түүний эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдсэн, хохирогч анхнаасаа хууль бус, зүй бус үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэл, баримтгүй байх тул Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлд дэх “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа”-ны хуульчилсан тайлбар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-т тус тус зааснаар шүүгдэгчийг “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдсэн гэж үзнэ.            

Иймд шүүгдэгч С.Эхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

3. Хохирол, хор уршиг:  

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын талаар баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хохирогч гомдол саналгүй болохоо илэрхийлсэн байх /хх-19, 21, 62, шүүх хуралдааны тэмдэглэл/ тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.      

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,   хөдөлмөр эрхэлдэг, түүний хөрөнгө орлого болон ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-46, 51-52, 54, 56, 58, 60, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.    

 

  1. Бусад асуудал

 

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.  

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч С.Эхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.              

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч С.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР