Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/849

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,   

Улсын яллагч Н.Ундрах /томилолт/       

Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Н.Бд холбогдох 2208 000 000 991 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн  тоотод оршин суух, Хөхийхөн овогт Н.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 30 дугаар гудамж 53б тоотод хохирогч Д.Баасандоржтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгойн тус газарт нь шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                              

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 30 дугаар гудамж 53б тоотод  иргэн Д.Баасандоржтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгойн тус газарт нь шилээр цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :               

- 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-8 дахь тал/

- хохирогч Д.Баасандоржийн...2022 оны 04 дүгээр сарын 25-аас 26-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 2022.04.26-ны өдөр үеэл Бямбасүрэнгийн гэрт би, Бямбасүрэн, Ука гэх залуу бид гурав архи ууж байгаад Ука явсан...Үлдсэн архийг уугаад сууж байхад Бямбасүрэн бид хоёрын дунд маргаан болоход Бямбасүрэн архины шилээр миний толгой тус газарт цохисон чинь би ухаан алдаад уначихсан тэрний дараа юу болоод байгааг сайн санахгүй, гэмтлийн эмнэлэгт сэрсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,  

- шинжээчийн дүгнэлт : Баасандоржийн биед зүүн чамархайн хуйханд шарх, доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2022.04.26-ны өдөр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

- шүүгдэгч Б.Бямбасүрэнгийн...Би тухайн өдөр гэртээ очиход үеэл дүү Баасандорж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Гэрт ус байхгүй, гэрийн эд зүйл эмх цэгцгүй байсан, тэгээд байж байтал Баасандорж доошоо айл руу явчихаад ирье гээд явсан, Баасандоржтой уулзаад группийн мөнгө тал нь орсон байна гэж хэлээд тойрог ороод хоол хүнс, 2 шил архи аваа гэртээ харьсан, бид хоёр хоол унд хийгээд архийг хувааж ууж байхад гаднаас Ука орж ирээд бид хоёртой хамт сууж байгаад Баасандоржтой маргалдсан чинь Ука гараад явсан, хувцас хунарыг чинь угааж өгсөн, одоо чи энэ хувцас хунараа хар л даа, үнэр танар нь дийлдэхгүй гээд над руу янз янзын зүйл хэлээд өдөөд, намайг доромжлоод байхаар нь би ширээн дээр байсан архины шилээр толгой тус газар нь  нэг удаа цохисон, Баасандоржийн толгой хэсгээс цус гарсан, тэгэхээр нь би хоёр удаа алчуур авч дарсан чинь цус нь тогтохгүй болохоор нь айсандаа 103 дугаарт дуудлага өгсөн чинь эмнэлэг, цагдаа ирсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.        

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.       

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-28, шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, түүнээс мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулж, тайлбарласан болно.  

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.  

Тус хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч ба хохирогч нарын согтуурсан байдал мөн тэдний хооронд үүсэн үл ойлголцол нөлөөлсөн байгааг үгүйсгэх боломжгүй болно.    

Иймд шүүгдэгч Н.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

 

  1. Хохирол, хор уршиг:    

Хохирогчийн хувьд хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй /хх-13, 51/ байх тул шүүгдэгчийг уг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-29-30, 35-40, 41-43/ судлагдсан байна.      

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Б нь 2022.6.27-ны өдөр шүүх хуралдаанд согтуу ирсэн үндэслэлээр шүүх хуралдааныг 2022.07.01-ний өдөр хүртэл хойшлуулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгдэгч нь шүүхийн шатанд 4 хоног цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон 4 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 60 нэгжээр тооцож, оногдуулсан торгох ялаас хасч нийт эдлэх ялыг 440 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 440.000 төгрөгөөр тогтоож, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудал     

Уг хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Н.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.        

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бгийн цагдан хоригдсон 4 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нийт 60 нэгжтэй тэнцэх  60.000 төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 440 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 440.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.       

6. Цагдан хоригдож буй шүүгдэгч Н.Бг даруй сулласугай.   

7. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.     

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.       

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Н.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.           

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР