| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/0461/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/820 |
| Огноо | 2022-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ширэндэв |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/820
2022 06 28 2022/ШЦТ/820
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
улсын яллагч Д.Ширэндэв /томилолтоор/,
шүүгдэгч Д.Цнарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Цэвээнжавд холбогдох эрүүгийн 2108027470971 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 21 дүгээр гудамжны 126 тоотод оршин суух, Дорнод аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 01 сарын 13-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, 2005 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 3 сарын 12-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1, 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 5 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, хөнгөн ялыг хүнд ялд багтаан нийт 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлсэн, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3162 дугаартай Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор “2009 оны 7 сарын 09-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 9 хоногийн хорих ялыг өршөөн хасаж суллагдсан,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Цнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт Мандал Овоогийн 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух иргэн Б.Наранбатын гэрт 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэн Т.Д.Отай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж Т.Д.Оын биед дух, хацар, хамар, уруул, амны буланд зулгаралт, чамархай, зулай, уруулд цус хуралт, уруулд язарсан шарх гэмтлийг учруулсан бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Д.Цнь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Мандал Овоогийн 0 дугаар гудамжны 0 тоотод иргэн Т.Д.Оыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
- хохирогч Т.Д.Оын...2021.10.22-ны өдөр би гурвалжин дээр ажлаа хийх гээд очтол зүс таних Наранбат ахтай тааралдаад ганц пиво уух уу гэхэд Наранбат ах “машинтай явж байна, манайх руу очиж ууя” гэхээр нь бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоогийн 10-21 тоот гэрт нь очиж 0,75 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уугаад хэвтэж байтал Наранбат ахын дүү болох Отгонбат, найз гэх Цэвээнжав хоёр гэрт нь орж ирээд үлдэгдэл архиа бид хэд хувааж уусан, архи ууж байгаад Отгонбат нь Наранбат ахтай маргалдаад бие биеийгээ хэл, амаар доромжлоод байхаар нь би “боль” гэж хэлтэл Отгонбат над руу “п...минь, хэзээ ийм болчихсон юм бэ” гээд дайрах үед хажуугаас Наранбат ах намайг салгасан...Үлдэгдэл архиа хуваагаад ууж байтал Ц намайг “чи ах, дүү хоёрыг хооронд нь маргалдууллаа” гэж хэлэхээр нь би "би маргалдуулаагүй, хоорондоо хэрэлдээд байсан шүү дээ” гэж хэлтэл Цэвээнжав миний нүүр рүү гараараа, хөл, гуя руу цохиод, өшиглөөд байсан. Тэр үед миний хамраас цус гарах үед Наранбат ах намайг салгаж авч манайд ирсэн хүнийг зодоод байхдаа яадаг юм бэ явцгаа гэх үед Цэвээнжав, Отгонбат нар гэрээс гараад явчихсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
- гэрч Б.Отгонбатын...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би найз Ц хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Их нарангийн 0 тоотод байрлах гэрт нь 16-17 цагийн орчимд очиход Д.О, ах Наранбат нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан ба тухайн архинаас найз Цэвээнжавын хамт уусан. Тэр үед Д.О, Ц нар архиндаа согтоод хоорондоо маргалдаад байсан яг юунаас болж хоорондоо маргалдсан гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгсэн Ц нь Д.Оын нүүр ам руу нь гараараа 1-2 удаа цохихоор нь би салгаад, Цэвээнжав бид хоёр гэрээс гараад явчихсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
- шинжээчийн дүгнэлт: “...Т.Д.Оын биед дух, хацар, хамар, уруул, амны буланд зулгаралт, чамархай, зулай, уруулд цус хуралт, уруулд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
- шүүгдэгчийн...тухайн өдөр би Д.Оын зүүн талын хацар орчим алгадсан...Отгонбат, Наранбат нар зодож цохисон зүйлгүй...тухай мэдүүлэг /хх-86/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :
Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :
2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн
эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.
2.3. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байх тул тус хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа дахин хийлгэх үндэслэлгүй гэж үзнэ.
2.4. Хохирогч, шүүгдэгч нар тухайн үед хамтдаа согтууруулах ундааны зүйлс бага бус хэмжээгээр хэрэглэсэн, тэдний хооронд үл ойлголцол үүссэн нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон байгааг үгүйсгэхгүй боловч тийнхүү согтуурсан байсан нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй болно.
Иймд шүүгдэгч Д.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
3. Хохирол, хор уршиг:
Хохирогч нь гэмт хэргийн улмаас эмчилгээний зардал төлбөр баримтаар нэхэмжлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байх тул /хх-17, 89/ шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх нотлох баримт бүхий хохирол төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч нь урьд 2005, 2008 онуудад эрүүгийн хариуцлага хүлээж, улмаар тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх /хх-56, 58-62/ тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, түүний хөрөнгө болон ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-47-48, 53, 55, 85, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.
Шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэрэг хэд хэдэн төрлийн сонгох санкцитай, түүнчлэн хохирол төлөгдөх үндэслэлүүд байсаар атал шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг газрын байршил, зорчин явах маршрут зэрэгт хамаарах бүхий л нотлох баримтыг нотолбол зохих хэмжээ хязгаарын хүрээнд зайлшгүй нотлох үүргийг мөрдөгч, прокурор биелүүлэхгүйгээр шүүгдэгчид даалгасан байгаа нь зөвтгөх боломжгүй алдаа болохыг тэмдэглэж, харин тус алдааг шүүгдэгчийн эсрэг, түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болгох үндэслэлгүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Д.Цэвээнжавыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цвыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цд оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР